Уран зургийг үсгээр хэлхэж, үгээр ярьдаггүй ч чимээгүй хүүрнэдэг урлаг. Түүхийн цаг үеүдийг өгүүлэх мэт, эсвэл шинэ цагийн монголчуудын өдөр тутмын амьдралын толь шиг чамин хөрөг зургууд С.Заяасайхан мастерын нэрийн хуудас. Зарим бүтээлдээ хөгжмийн зэмсгийн хэлбэр, эмэгтэй хүний дүрслэлийг кубизмын үеийн урлагтай холбон Пикассогийн санааг давтжээ. Нүүдэлчдийн өдөр тутмын амьдралын энгийн хэв маяг, байгальд аж төрөх ёсон түүний бүтээлийн гол сэдэв байсаар ирсэн. Нью-Йоркийн “532 Gallery Thomas Jaeckel” галерейд гаргасан бие даасан үзэсгэлэндээ тэрбээр сүүлийн үеийн цуврал зургуудаа дэлгэсэн. Түүний бүтээлүүдийг "Монголын ард түмэнд зориулсан уран зураг" гэж тодорхойлсон нь учиртай. С.Заяасайханы өнөөгийн сэдэв бол монгол хүний онцлог. Түүний бүтээлүүд хэт уламжлалт бас орчин үеийн ч биш, харин хуучин шинэ урлагийг холбосон гүүр болсноороо ялгарна. Монгол зургийн “сүнс”-ийг Төвөд, Японы уламжлалт урлагийн арга барилтай гайхалтай зохицуулж Заяагийн гэх тодотголтой бүтээлүүд нь түүний өөрийн гэсэн дэг, төрлийг гаргах хүсэл, зорилгын илэрхийлэл болжээ. Ингэхдээ туйлын конформист биш, хэт орчин үеийн ч бус алтан дунджийг барьжээ.
Эмэгтэйчүүд-бурхан
С.Заяасайхан Баянхонгор аймгийн Баацагаан суманд өнгөрүүлсэн хүүхэд насныхаа тухай “Манайх баялаг цуглуулгатай номын сантай айл байв. Ном надад урам зориг өгсөн. Нэг, хоёрдугаар ангиасаа л зурж байснаа санадаг. Тэр үед чөлөөтэй сэтгэж зурдаггүй ч хуулбарлах дуртай байсан. Маркс, Энгельс, Ленин, Сталин, Пушкиний эшлэл, зураг чимэглэл бүхий социализмын үеийн суртал ухуулгын номны зургийг хуулбарлана. Лааны гэрэлд зурсан зургуудыг минь аав хараад урамшуулдаг байсан” гэжээ. Өсвөр насанд нь коммунизмын цензур арилж, нүүдэлчдийн мартагдсан соёл, өв уламжлал, шашин шүтэх эрх чөлөөг хуулиар зөвшөөрчээ. Түүнийг бурхдын хөргийг зурж эхлэхэд шашин, үнэт зүйлээ сэргээх хүсэлтэй хүмүүс дэмжив. Ингээд С.Заяасайхан буддын шашнаар дамжин дүрслэх урлагийн ертөнцөд хөл тавьжээ. Үнэхээр ч буддизм түүнд гүнзгий нөлөөлж, 15 настайдаа лам болохоор шийдэв. Хоёр жил бурхны ном судалсны эцэст шашнаас илүү урлагт сонирхолтойгоо ойлгосон гэдэг. Магадгүй хувраг хүний амьдралын хэв маяг, шашны хатуу дүрэм бүтээлч зантай нь зөрчилдсөн болов уу.
С.Заяасайхан Улаанбаатар хотын Дүрслэх урлагийн коллежид элсэж, монгол зургийн чиглэлээр суралцжээ. Коллежоо төгсөөд 2002 онд Дүрслэх урлагийн дээд сургуульд үргэлжлүүлэн суралцсан байна. С.Заяасайхан бүтээлээ ер бусын тод шугам, хүчтэй, дулаахан боловч бага зэрэг бараан, тод өнгөөр дүрслэх нь элбэг. Зэрлэг араатан эсвэл амьтдыг эмэгтэй хүнтэй хамт зурснаар гоо үзэсгэлэнг байгальтай холбосон далд утга илэрхийлжээ. Эмэгтэйн дүрүүд нь маш сүр жавхлантай гүнж, хатдыг төлөөлдөг. Тэдний хувцас, үс засалт, эдлэл хэрэглэлийг ажиглавал зураач нүүдэлчин язгууртнуудын соёлыг гүнзгий судалсныг илтгэнэ. Тэрбээр "Би жинхэнэ зурах бурхнаа олсон. Тэр бурхан бол бүсгүй хүн. Нарийн тодорхойлбол, байгаль дэлхийтэйгээ ойр, хатуу ширүүн тал нутагт өвөрмөц дотоод ертөнцөө бүрдүүлсэн нүүдэлчин монгол эмэгтэйчүүд. Тэдний тээж яваа зан заншил миний уран бүтээлд сэдэл өгдөг. Монгол эмэгтэйчүүдийн аз жаргал, зовлон зүдгүүрийн тухай нууцыг харуулахыг хичээдэг” гэжээ. Түүний “амьдруулсан” монгол эмэгтэйчүүд урьд өмнө хэзээ ч хүүрнээгүй түүхийг өгүүлдгээрээ онцлогтой юм.
Онгод хөглөх хөгжим
Зураач С.Заяасайхан АНУ руу анх удаа аялахдаа Сан-Франциско хотын галерейд Пикассогийн бүтээлүүдийг нүдээр үзсэн нь орчин үеийн урлагийг таньж мэдэхэд бодитоор нөлөөлөв. Ингээд дэлхийгээр аялан, АНУ болон Европын соёлын мэдлэгээ тэлсэн байна. Мөн Япон улсад олон жил амьдрахдаа монгол хүний онцлог, соёлын эрлийз чанарыг уран зургаар хэрхэн илэрхийлэхээ судалжээ. Тэрбээр 2013 онд Сан-Франциско хотноо "Талын баатрууд" цуврал бүтээлүүдээ танилцуулжээ. Монгол баатар эрсийн төрхийг дүрсэлсэн бүтээлүүдээс Хубилай хааны дайчдын тулалдааныг дүрсэлсэн "Mongolian Invasion" зураг америкчуудын сонирхлыг ихээр татжээ. Түүний уран бүтээлийн онгодыг дуу, хөгжим хөглөж ирсэн. 1991 онд 16 настайдаа “Led Zeppelin”-ий дуунаас санаа авч “Stairway to Heaven” зургаа туурвив. Дараа жил нь "Queen" хамтлагийн Фредди Меркурийг таалал төгсөхөд ХДХВ-ийн халдвартай бүсгүйн хөргөө зуржээ. “Эртний аялгуу” хэмээх 2006 оны бүтээлдээ тэрбээр эмэгтэй хөгжимчдийг, 2008 онд “Алтан ордон” зурагтаа хөгжмийг зохиомжоо болгожээ. Уламжлалт уран зургийг орчин үеийн урлагийн төрлүүдтэй хослуулж өөрийн гэсэн хэв маягийг бий болгожээ. Энэхүү хэв маягийн хослолыг түүний “Гурван дайчин” (2019 он) зургаас ажиглаж болно. Мөн Монголын түүх, Чингис хааны байгуулсан эзэнт гүрний баатарлаг сэдэвт зургууд нь дүрслэх урлагийн зах зээлд эрэлттэй байдаг. “Өвөг дээдэс эргэн ирэхүй” (2022 он) зургаар орчин үеийн хүмүүн өвөг дээдэстэйгээ уулзвал, ямархан бодол, сэтгэгдэл төрж болохыг урлаг талаас нь тайлбарлахыг хичээжээ. “Орчин үеийн байлдан дагуулагч” (2013 он) бол Монголын нийгмийн өнгөрсөн үеийн алдар сууд хэт автсан байдлыг шүүмжилсэн бүтээл. Медалиар орчин үеийн хоосон чанарыг илэрхийлжээ. “Будда” (2019 он) зурагтаа бурхныг бүхэлд нь одон медалиар бүрхсэн нь үнэ цэн, шүтэн бишрэх ба мухар сүсэг, алдар нэр, үл тоомсорлох хоёрдмол байдлыг тусгажээ. Энэ нь бүхэл бүтэн нийгэм гэнэтийн байдлаар шинэ, тодорхойгүй ирээдүй рүү шилжих үед хүмүүсийн туулдаг алдсан мэт мэдрэмжийг илэрхийлсэн байна. С.Заяасайханы бүтээлийг худалдаж авах санал олон ирдэг бөгөөд хамгийн их хөдөлмөр шаардсан, бас өндөр үнэ хүрсэн нь “Эртний нүүдэлчдийн мөр” зураг ажээ. Зарим судлаач бүтээлүүдийг нь монгол зургийн төрөлд итгэл дүүрэн хамааруулдаггүй. Тэрбээр “Би монгол зургаар дагнасан зураач гэж өөрийгөө тодорхойлохгүй. Янз бүрийн арга техникээр ажиллаж байна. Орчин үеийн капиталист нийгмийн сүүдрийг тусгасан хийсвэр контент туршиж үзсэн. Миний бүтээл бол коммунизмын дараах тодорхойгүй байдал, өөрчлөлтийн үед мөн чанарыг олох гэсэн эрэл хайгуулын минь илэрхийлэл. Бид хаанаас ирсэн, юу алдаж хожсон, технологи, массын хэрэглээний эрин үеийн зөрчилдөөн, хоёрдмол байдлыг бүтээлээрээ харуулахыг зорьдог” хэмээн уран бүтээлээ тодорхойлжээ.
Х.Заяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №035/24566/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна