​ Монголоос үлээх “Сэр сэр салхи”



Монгол кино дэлхийн үзэгчдэд ойртлоо.  Үе үеийн киночдын мөрөөдлийг биелүүлсэн “Сэр сэр салхи” уран сайхны кино Торонто, Венецийн наадамд амжилттай оролцоод иржээ. Энэхүү бүтээлийн эзэд хэдхэн жилийн өмнө Монголын байтугай Азийн уран бүтээлчдийн зорилго байсан улаан хивсэн дээгүүр алхаж, “Алтан арслан” өргөлөө. Угсаа гарвал, хэл соёл, шашин ондоо хүмүүсийн сэтгэлд хүрсэн дэлгэцийн бүтээлүүдэд түлхүүр хэл гэж бий. Онгод тэнгэрийн ивээл болон бүдэг бадаг ирээдүйн дунд өөрийгөө хайх 17 настай бөө хүү Зэгийн тухай өгүүлдэг “Сэр сэр салхи” бол залуу найруулагч П.Лхагвадуламын бүрэн хэмжээний анхны  кино. Венецийн кино наадмын “Дарсен” их танхимд нээлтээ хийхэд 8000 гаруй үзэгч, сэтгүүлч, кино шүүмжлэгч, уран бүтээлч үзэж орчин үеийн монголчуудын үнэт зүйлийг хамтдаа эрэлхийлжээ. Киноны тухай “IndieWire”, “CineEurope”, “The Film Experience”, “Screen International”, “Variety” сэтгүүлд шүүмж, нийтлэл гарчээ. Тус киног Монголын “Гуру Медиа”, Францын “Аврора Филмз”, Португалын “Uma Pedra nо Sapata”, Голландын “Volya Films”, Германы “27 Films”, Мобинетийн VOO компаниуд хамтран бүтээжээ. Ингэхдээ Монгол, Франц, Португал улсын Кино урлагийн зөвлөлийн тэтгэлэг,  олон улсын кино наадмын дэргэдэх сангийн дэмжлэгээр бүтээснийг дурдах нь зүйтэй. Улаанбаатар хотод болсон зураг авалтад Монгол, Франц, Португалын 80 гаруй уран бүтээлч ажиллан, 200 гаруй гол ба туслах дүр, олны хэсгийн жүжигчид, урлагийн сургуулийн оюутнууд оролцон тоглосон байна. Тус киноны гол дүрд залуу жүжигчин Б.Тэргэл, А.Номин-Эрдэнэ нар тоглож, Монгол Улсын Ардын жүжигчин Г.Мягмарнаран, жүжигчин Ц.Ганзориг, Н.Цэнд-Аюуш, Ч.Булган нар туслах дүрийг чадамгай бүтээсэн бол ерөнхий зураглаачаар Португалын Вашко Виана, ерөнхий зураачаар  Н.Болор-Эрдэнэ, хөгжмийн зохиолчоор Португалын Вашко Мэндонса, гэрэл, техникийн багийн ахлагчаар Б.Түвшинтөгс, Монгол талын ерөнхий продюсероор “Гуру Медиа” студийн продюсер Ц.Ариунаа, гүйцэтгэх продюсероор мөн студийн продюсер Х.Оюундарь нар  ажиллажээ. 

П.Лхагвадулам: “СЭР СЭР САЛХИ” Миний эх орныхоо төлөө өргөж буй ерөөл юм

Кино ертөнцийн тухай дагнан бичдэг Английн “Screendaily” сэтгүүл 2023 онд хамгийн их хүлээлттэй 18 залуу найруулагчийн нэгээр П.Лхагвадуламыг онцолсон.  Тэрбээр “Есдүгээр сарын цас” бүтээлээрээ 2022 онд Венецийн  наадмын шилдэг богино хэмжээний кино ангилалд “Алтан арслан” шагналыг хүртсэн. Энэ жил “Сэр сэр салхи”-аараа дебют хийж байна. П.Лхагвадулам киноныхоо тухай  “Сэр сэр салхи” бол миний эх орныхоо төлөө өргөж буй ерөөл. Энэ бол өвөг дээдэс, онгод тэнгэрийн ерөөл болон бүдэг бадаг ирээдүйн дунд өөрийгөө хайсан залуу зайрангийн эгэл түүх юм. Нэг талаас өнөөдрийн Монголын маш хурдацтай өөрчлөгдөж буй нийгэмд залуус соёлоо хэрхэн тээж,  амьдарч буйг харуулахыг зорьсон.  Нөгөө талаас орчин үеийн олон талт байдал, зөрчлийг гаргахаасаа  илүү янз бүрийн амьдралын түүхээр дамжуулан Монголын нийгмийн нийлмэл дүр төрхийг өгүүлэхийг  хичээсэн. Киноны санаагаа 2014 онд олсон. Магистрт сурч байхдаа 2017 оноос зохиолоо бичсэн. Төслөө таван жил бичиж, төлөвлөөд үр дүнд хүрэхгүй бол орхихоо 2018 онд өөртөө амласан юм. Таван жил гэдэг дэлхийн жишигтэй харьцуулбал богино хугацаа. Би өөрийгөө азтай найруулагч гэж боддог. Намайг энэхүү төслөө эхлүүлэхтэй зэрэгцэн манай улсад Кино урлагийн зөвлөлийг байгуулсан. Энэ бол кино бүтээгчдэд тохироо нь бүрдсэн завшаантай явдал. Цаасан дээрх төслийг минь үнэлж итгэл хүлээлгэсэн продюсерууд, Кино урлагийн зөвлөл, Кино сангийн хамт олондоо баярлалаа. “Сэр сэр салхи” дууны аялгууг киноныхоо хөгжмөөр сонгосон. Киногоо найруулах явцад энэ дуу чихэнд минь сонсогдож, зүрхэнд эгшиглэдэг байлаа. Гол дүрийн нэрээр “Зэ” гэж нэрлээд байсан төслөө эцсийн мөчид “Сэр сэр салхи” болгон өөрчилсөн. Би киноныхоо нэрийг бодож байгаад сүүлд нь өгдөг. Торонто, Венецийн кино наадамд оролцож, бүтээлээ танилцуулсан. Торонто бол хүн зон бужигнасан их хотын кино наадам байлаа. Канадад амьдардаг монголчууд манай киног олноороо ирж үзээд бидэнд баяр хүргэсэн. Венец бол тусдаа жижиг арал дээр болдог киночдыг үзэгчидтэй холбож, нэг бүхэл болгодог онцгой наадам. Бид үргэлжлүүлээд Бусан, Хонконг, Улаанбаатар, Гамбург, Маракешийн кино наадамд оролцоно”  хэмээлээ. 

Ц.Ганзориг: Кино зохиол анхнаасаа миний сонирхлыг татсан

Туслах дүр бүтээсэн жүжигчин Ц.Ганзориг “Алсуураа монголчуудын нэгэн уламжлалыг тээж буй бөө мөргөлтэй холбогдсон кинонд хамтран ажилласандаа баяртай байгаа. Уран бүтээлч бас зайран хүний хувьд  бөө мөргөлийг хүмүүст зөвөөр ойлгуулахыг зорьдог. Тэр хүсэл, зорилготой минь энэхүү киноны урилга давхцаж зол боллоо. Кино зохиол анхны уншилтаар л таалагдсан. Би онгод тэнгэрээ аваад 18 жил болж байна. Насанд хүрч, амьдрал ойлгох хэмжээнд хүрсэн хойноо зайран болсон ч эхэндээ хэцүү  үе байсан. Гэтэл өөрийгөө ч бүрэн олоогүй өсвөр насны хүү онгод тэнгэрээ зөв залж явах амаргүй. Тийм хүүхдүүд, эцэг эхийн  эмзэглэлийг харуулахыг хичээлээ. Зураг авалтаа эхлүүлэхээсээ өмнө  онгод тэнгэрүүдээс зөвшөөрөл авсан. Зураг авалтын үеэр дандаа ерөөлийн үг хэлж, сайн сайхан бүхнийг зөгнөж ярилцаж байлаа” хэмээв.


А.Номин-Эрдэнэ: Жүжигчиндээ эрх чөлөөг нь олгодог найруулагчийн арга барил таалагддаг

 Харин Маралын дүрийг залуу жүжигчин А.Номин-Эрдэнэ бүтээжээ. Тэрбээр жүжигчин С.Ариунбямбын охин юм. Түүнтэй дүрийнх нь тухай ярилцахад “Сонгон шалгаруулалт удаан үргэлжилсэн. Тэнцээгүй байх вий гэж айж, түгшиж байлаа. Дулмаа (П.Лхагвадулам) эгчийн “Есдүгээр сарын цас” богино хэмжээний кинонд ажилласан. Жүжигчиндээ эрх чөлөөг нь олгож ажилладаг найруулагчийн арга барил нь таалагдаж, дахин хамтарч ажиллахыг хүсэж байлаа. Марал бол миний хоёр жилийн хөдөлмөр, эд эсээ шингээн туршлага хуримтлуулсан дүр. Хамгийн хайртай дүр минь болж үлдэх байх. Кино зохиолоо бүрэн уншаагүй, дүрийнхээ хэсгийг л мэдэж байсан. Сүүлд нь киногоо бүрэн үзээд “Өө ийм кино байсан юм уу” гэж гайхаж билээ. Тэр хүртэл би хайрын тухай кино гэж бодож явсан. Венецийн кино наадмын улаан хивсэн дээгүүр алхах мартагдашгүй байлаа” гэсэн юм. 


Б.Тэргэл: Венецийн кино наадам онцгой сэтгэгдэл үлдээлээ

Венецийн кино наадмын “Оризонти” хэсэгт Шилдэг эрэгтэй жүжигчинд олгодог “Алтан арслан”-гийн эзэн болсон Б.Тэргэл “Санаандгүй тохиолоор сонгон шалгаруулалтын санал авсан. Эхэндээ эргэлзэж байсан ч азаа үзэхээр шийдээд очсон. Зураглаач болох  бодлыг минь энэ кино бүрэн өөрчилж жүжигчний замналд хөтөллөө. Венецийн кино наадам онцгой сэтгэгдэл үлдээсэн. Анх удаа онгоцонд сууц, гадаад оронд зорчиж үзлээ. “Оризонти” хэсгийн шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал авснаа сонсоод итгээгүй. Ээж аавдаа хэлэхэд бас л итгээгүй. Фэйсбүүкээр зураг хараад итгэсэн. Итгэл хүлээлгэсэн найруулагчдаа баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

 Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №035/24566/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 1 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 4 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 4 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 4 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 4 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 4 цагийн өмнө
SDY Calling you... 4 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 4 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 5 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 5 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 5 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22