​ Бүтээлч, үлгэр жишээч үйлдвэрлэл эрхлэгчид ярьж байна



Чингэлтэй дүүргийнхэн 2023 оныг “Үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон  зарласан.  Үүний  хүрээнд үйлдвэрлэл эрхлэгчдээ  бүх түвшинд  дэмжин, тэдэнд дүүргийн зүгээс бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм. Тэр дундаа  жижиг дунд болон  бичил бизнес эрхлэгчдийг хөнгөлөлттэй, хүүгүй зээлд хамруулах ажлыг шат шатанд зохион байгуулж байна. Дүүргээс дэвшүүлсэн энэхүү бодлого,  зорилтыг Ахмадын хорооныхон идэвх, санаачилгатайгаар дэмжин хамтран ажиллаж буй. Үүний нэг тод жишээ нь “Олон улсын Ахмадын өдөр”-т зориулан  жил бүр уламжлал болгон зохион  байгуулдаг  “Хамтдаа хөгжье”  үзэсгэлэн юм. Энэ хүрээнд  бүтээгч, үйлдвэрлэгч ахмадууд үйлдвэрлэлээ бусдад сурталчлан таниулахын зэрэгцээ туршлагаа хуваалцаад зогсохгүй өрхийн орлогоо нэмэгдүүлдэг.  Чингэлтэй дүүргийн үлгэр жишээч, бүтээлч ахмадын төлөөлөл ийнхүү ярьж байна.

Л.Мягмарсүрэн:  Дүүргийн удирдлагууд, Ахмадын хорооныхон хийж  бүтээж байгаа  ахмадуудаа маш сайн дэмждэг 

/“Модон тавилга”  бүрэн бус нөхөрлөлийн тэргүүн/
-Миний хувьд  техник  мэргэжлийн сургуулийг будагчин, сийлбэрчний мэргэжлээр төгссөн. 1971 онд “Модны хоёр”-т  хээ тавьдаг ажил хийж байгаад нийгмийн шилжилт болж,  ардчилал гарах үед үйлдвэр маань хаагдахад гэр бүлийн хүний хамт өнөөг хүртэл өрхийн үйлдвэрлэлээ эрхэлж, өнөөг хүртэл үргэлжлүүлж явна.  Бидний хувьд гэрийн тавилга хийж байна. Авдар, ор, тогооны сав, шкаф, ширээ, сандал гээд  монгол гэрт байх бүхий л тавилгыг үйлдвэрлэдэг.  Түүнээс гадна захиалгаар бусад төрлийн эд хэрэглэл хийдэг. Охин, хүү хоёр маань аав ээжийнхээ мэргэжлийг өвлөж авсан, хамтдаа ажиллаж байна. Охин маань намайг дагаж,  харж явсаар хээ тавьж сурсан. Бага хүү маань аавынхаа мужааны мэргэжлийг өвлөж авсан. Одоогоор бүтээгдэхүүнээ Англи, Герман, Франц руу экспортод гаргаж байна. Гараар хийсэн цэвэр модон тавилгыг  гаднынхан маш их сонирхдог. Түүнээс автомат машинаар хийсэн сийлбэртэй бол авахгүй талтай. Гараар хийсэн гэрийн бүх төрлийн тавилгыг маань дээрх улсуудад нийлүүлдэг түнш бий, 20 гаруй жил хамтран ажиллаж байна. Уламжлалт сууцны тавилга үйлдвэрлэдэг учраас хөдөө орон нутгийн иргэдээс захиалга их ирдэг.  Жуулчны баазуудаас ч захиалга орж ирнэ. Ер нь  захиалга тасардаггүй учраас бидний ажил  дөрвөн улирлын аль ч цагт өрнөж л байдаг даа.   Дүүргийн удирдлага, Ахмадын хорооны зүгээс биднийг маш сайн дэмждэг. Манайх  2022 онд  анх удаа дүүргээс олгодог хүүгүй зээлд хамрагдсан. Өнгөрсөн хугацаанд энэ төрлийн зээлд хамрагдаж үзээгүй байсан. Ахмадын хорооны удирдлагуудын зүгээс бидэнд анх санал тавьсны дагуу төсөл бичиж оролцсон. Ингээд шаардлага, шалгуур хангасан гэж үзээд биднийг таван сая төгрөгийн хүүгүй  зээлд хамруулсан.  Үйлдвэрлэлийн гол түүхий эд маань банз. Эргэлтийн хөрөнгөдөө тааруулаад банзаа авдаг байсан бол зээл авснаар түүхий эдийн нөөц бүрдүүлж авсан. Одоогоор бид нөөцөлсөн банзаа дуусаагүй байна. Таван сая төгрөг бол бидэнд их мөнгө шүү дээ.  Зээлээ ямар нэгэн хүндрэл чирэгдэлгүй  авсан. Хүүгүй зээлд хамрагдсанаар үйлдвэрлэлийн бүтээмж хоёр дахин нэмэгдсэн. Хүн бол хүний л дэмжлэгээр явдаг амьтан шүү дээ. Дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл болон Ахмадын хорооны дарга  П.Төвсанаа нартаа  танай сониноор дамжуулан баярласнаа илэрхийлье.  Дүүрэг төдийгүй Ахмадын хорооны зүгээс ахмадууддаа хандсан маш олон төрлийн ажлыг зохион байгуулж байгаад баяртай байдаг. Миний хувьд хүн бүр өөрт ногдсон ажлаа хариуцлагатай хийх ёстой,  хүн өөрийнхөө, амьдралынхаа төлөө чадах бүхнээ хийх ёстой гэж үздэг. Өөрийнхөө энэ ойлголтыг хүүхдүүддээ ч зааж сургасан.  Нэг хэсэг  өвгөнөө байхад бид  том чингэлэг дүүрэн тавилга гадагш нь ачуулдаг байлаа. Тухайн үед манайх 13-уулаа ажилладаг байсан. Одоо бол охин, хүү хоёртойгоо ажиллаж байна.  Дүүргээс жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан үзэсгэлэн, худалдаанаас гадна  аливаа сургалт, арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг. Бид ч тухай бүрд идэвхтэй оролцдог. 

Д.Уранчимэг: Үндэсний язгуур урлагийг олонд таниулан сурталчлахад дүүргийн удирдлагууд идэвх, санаачилгатай ажилладаг

/Зураач, уран хатгамалч, зээгт наамлын өв тээгч/ 
-Би ардын гар урлал, монгол зураг, зээгт наамал хийдэг. 54 жил эзэмшсэн мэргэжлээрээ  гар урлал хийж  байна. Зээгт наамал хэрхэн хийхийг анх ээжээсээ сурсан.  Би таван хүүхэдтэй, тэд бүгдээрээ зээгт наамал хийж сурсан. Энэ хугацаанд олон хүнд зааж сургаж,  цөөнгүй шавьтай болсон. Миний шавь нар 21 аймаг, есөн дүүрэгт бий. Тэднээс гурван хүн Гавьяат болсон байна. Зээгт наамал дотроо олон янз л даа. Хөөмөлтэй зээгт наамал, дан зээгт наамал гэж бий. Үүний  зэрэгцээ  олон янзаар зүү ороож зээгт наамлаа баяжуулдаг. Ингэхдээ дан болон давхар, хөөмөлтэй зүү ороох байдлаар сүүлийн  үед бүтээлээ хийж байна. Ялангуяа шашны сэдэвтэй бүтээгдэхүүн урлаж байгаа үед хөөмөлтэй зээгт наамал тун сайхан  зохицдог. Ер нь хувь уран бүтээлч тухайн бүтээлээ эх  загвар, скийзээ өөрийнхөө хүссэний дагуу зохиомжилж хийдэг. Сүүлийн үед зээгт наамлаас гадна үндэсний  тоорцог малгайг зүү ороож оёж байна.  Мөн уламжлалт Юндэн, Нансалмаа малгай ч хийлээ. Миний бүтээлүүд Уран зургийн галерейн сан хөмрөгт олон бий. Манай  хороо болон дүүргийн удирдлага, Ахмадын хорооноос намайг маш их дэмждэг. Жил бүр зохион байгуулдаг ахмадуудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэнд оролцуулж, бүх талын дэмжлэг үзүүлдэгт баярлаж явдгаа илэрхийлье.  Эгч нь 80 хүрэх гэж яваа хүн, хүмүүсийн энэ сайхан дэмжлэгт талархаж явахын зэрэгцээ сэтгэл санаагаар ч өөдрөг байдаг.  Зээгт наамал урлалыг ахмадуудын үзэсгэлэнд оролцуулан онцолж, олон түмэнд түгээж өгдөг. Зээгт наамал бол эрт дээр үеэс өвлөгдөж ирсэн Монголын  үндэсний язгуур урлаг. Нэг хэсэг зээгт наамал хийдэг хүнгүй болж, тасарсан тал бий. Харин сүүлийн үед ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх ёстой юм байна, олон түмэнд түгээх хэрэгтэй юм байна гэж төр засгаас үзэх болсноор дахин сэргэсэнд баяртай байдаг.


С.Түдэвванчиг: Зээлд хамрагдсанаар үйлдвэрлэл маань хоёр дахин өргөжсөн

/“Зургаадай замбаа”  өрхийн үйлдвэрлэл эрхлэгч/
-Миний хувьд өрхийн үйлдвэрлэл эрхэлж эхэлснээр тэтгэвэрт гарсны дараах синдромоо амжилттай даван туулсан хүн.  Би Говь-Алтай аймгийнх. Тэтгэвэрт гараад гэртээ суух болоход л юу хийхээ бодож эхэлсэн. Ингээд арвайн гурил бол монголчуудын уламжлалт хүнс, чухал идээний нэг,  энэ идээг хүүхэд ахуйгаасаа идэж өссөн,  түүнийг аав ээж, ахмад хүмүүс,  ойр дотнын хүмүүс  хэрхэн боловсруулж байгааг  харж өссөн учраас арвайн гурилын үйлдвэрлэл эрхлэхээр шийдсэн. Нөгөө талаас ахмад үеийнхэн бид өв уламжлалаа хойч үедээ таниулан сургах хэрэгтэй, тэднийг дадлагажуулах ч ёстой гэж үздэг учраас  арвайн гурил үйлдвэрлэх нь миний хүсэл сонирхолд яв цав нийцсэн л дээ. Ингээд гэрийн нөхцөлд эхнэртэйгээ хамтраад хийж эхэлсэн. Хэсэг хугацааны дараа эргэн тойрны хүмүүс захиалга өгдөг болсон. Үндсэндээ өргөжөөд  эхэлсэн л дээ. Ингээд л эргэлт буцалтгүй ажилдаа орж байлаа. Хуучин тээрэм цуглуулахаас авахуулаад уур нүдүүр, ширмэн тогоогоо бэлтгээд ажилдаа орсон.  Арвайн гурил үйлдвэрлэх ажлаа үргэлжлүүлж байтал хороо, дүүргийн Ахмадын зөвлөлөөс төсөл бичиж, хүүгүй зээлд хамрагдах боломж байдаг талаар мэдээлэл өгч, зөвлөсөн. Үүний дагуу төслөө бичиж оролцсоноор дэмжлэг авсан. Энэ  зээлийг авахад  тал бүрээс дэмжиж тусалсанд баярлаж явдаг. Зээлийн  шалгуур өндөр байсан. Эргэлтийн хөрөнгөө хэрхэн олох,  зээлийн эргэн төлөлтөө хэрхэн хийх, түүхий эдээ хаанаас, хэрхэн авах вэ гэх мэтээр маш нарийн л даа. Тийм учраас төсөл хэрхэн бичих талаар сургалтад хүртэл хамрагдаж байж зээл авч чадсан.  Энэ ташрамд хэлэхэд, манай  дүүргийн удирдлагууд болон ахмадын байгууллагынхан шат шатандаа сайн ажилладгийг хэлмээр байна. Ахмадуудад зориулж олон талын ажил, арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ оныг “Үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласан. Үүний хүрээнд үйлдвэрлэл эрхэлдэг ахмадуудаа шагнаж урамшуулж байна. Жишээлбэл, дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл манайд сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Энэ бүх хүмүүст  баярлаж талархсанаа илэрхийлье. 2020 онд анх  үйлдвэрлэлээ эхэлсэн. Эхний нэг жил гэрээрээ үйлдвэрлэлээ эрхэлсний дараа төсөлд хамрагдсан. Өөрсдийн нөөц бололцоогоор үйлдвэрлэлээ эрхэлж байхад өдөрт гурав орчим кг гурил гарган авч байсан бол зээлд хамрагдсанаас хойш үйлдвэрлэлээ өргөжүүлсэн. Өдөртөө дээд тал нь долоон кг гурил гаргах боломжтой болсон. Үндсэндээ тээрмийнхээ тоог нэмээд, түүхий эдийн нөөц бүрдүүлчихээр бүтээмжээ нэмэгдүүлчихэж байгаа юм. 


С.Шүрэнцэцэг:  Ахмадууд юу хийж чаддагийг үзэсгэлэнгээр дамжуулан таниулдагт баяртай байдаг

 /Монгол гутал үйлдвэрлэгч/
-Би 1976 онд Нийтийн ахуйн үйлчилгээний техник мэргэжлийн сургуулийн монгол гутлын ангид орж суралцаад, 1979 онд Монгол гутал тоноглолын үйлдвэрт ажиллаж эхэлсэн. Тэндээ 1990 он хүртэл ажилласан. Ингээд ардчилал гарсан 1990 оноос хойш бүгд л хувиараа гутал хийж эхэлсэн дээ. Одоогийн байдлаар монгол болон буриад гутлыг орчин цагийн загварт оруулан  хийж байна. Гар эсгий мөн хийдэг. Түүнийгээ ч орчин цагийн загварт оруулж шинэчилсэн байдлаар хийдэг болсон. Хороо, дүүргийн удирдлагуудын зүгээс ахмадуудад чиглэсэн маш олон төрлийн арга хэмжээг зохион байгуулдаг. Түүний нэг нь ахмадуудын хийж, урласан бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа байдаг. Нөгөө талаас ахмадууд юу хийж чаддагийг, сурсан мэдсэнээ хэрхэн бүтээгдэхүүн болгож байгааг, хэрхэн бусдад зааж сургаж байгааг хүртэл олон нийтэд таниулан  мэдүүлж байдагт талархдаг. Миний хувьд  сурсан зүйлээ бусдад зааж, өвлүүлэх хэрэгтэй гэж үздэг учраас сургалтын төв байгуулсан. Уламжлалт монгол гутал хэрхэн хийх, түүний  технологи, загвар хийцийг хэрхэн орчин үеийн хэв, загварт оруулах вэ гэдгийг залуучууддаа зааж сургадаг. Монгол гутлыг 100 хувь гараар оёдог.  Тийм учраас хийхэд хүнд л дээ. Гэхдээ эзэмшсэн сурснаа цааш түгээх, олонд хүргэх үүднээс  сэтгэлээ гаргаж хийдэг.  Дээлний  загвар их сайхан олон төрөл болчихлоо шүү дээ. Үүний адилаар гутал хийдэг бид ч гутлынхаа хэв, загвар, хэлбэр хийцийг шинэ түвшинд гаргахсан гэж цаг үргэлж хичээж явдаг. Үзэсгэлэн, худалдаанд жил бүр оролцдог. Гутал бол хамгийн гол нь хөлд эвтэйхэн, чийг татахгүй  ээлтэй байх нь чухал байдаг. Цэвэр арьс, хонины ноосоор хийдэг. Монгол гутал хийхэд зургаан төрлийн түүхий эд ордог. Тэр бүрийг л гараар оёж хийдэг  болохоор хүч, хөдөлмөр шаардсан ажил л даа. Бидний энэ үйлдвэрлэлийг дэмжиж, уламжлалт хувцас хэрэглэлийн ач холбогдлыг залуучуудад зааж сургахад үргэлж дэмжлэг үзүүлж, урам өгч байдаг Чингэлтэй дүүргийн  болон Ахмадын хорооны удирдлагууддаа талархлаа илэрхийлье.  


Б.Даринчулуун: Дүүргийн болон Ахмадын хорооныхон сайн дэмждэг учраас ахмадууд урам зоригтой байдаг

/Тариаланч/ 
-Эгч нь 1968-1972 онд Зэвсэгт хүчний 124 дүгээр ангид радио телеграфчин, 1972-2011 онд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-д эдийн засагч, нягтлангаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Гэхдээ өдөр хоногийг идэвхгүй өнгөрөөх хүсэлгүй байсан учраас мод, хүнсний ногоо тарихаар шийдсэн.   Энэ бол олон талын ач холбогдолтой ажил.  Мод, ногоогоо тарьж эхлэхийн өмнө холбогдох гарын авалга, ном сурах бичиг судалж эхэлсэн л дээ.  Сургалтад ч хамрагдаж онолын мэдлэгтэй болж авсан.  Тэр цагаас хойш 25 төрлийн жимс, жимсгэнийн мод, 16-24 нэр төрлийн хүнсний ногоо тариалж байна. Өөрийн  амьдралаас гадна олон нийтэд тустай хөдөлмөр эрхэлж байгаадаа туйлаас сэтгэл хангалуун байдаг. Би өглөөний 06:00 цагаас оройн 21 цаг хүртэл ажилладаг. Эрхэлж байгаа ажилдаа сэтгэл зүрхээ өгөхөөр үр дүн нь аяндаа харагддаг. Эхэндээ мод, хүнсний ногоо тарьж ургуулах амаргүй байсан ч үзсэн сонссон, уншсан мэдлэгийнхээ дагуу уйгагүй зүтгээд байхаар өдөр бүр шинэ мэдлэг нэмэгдээд нэг л мэдэхэд гарт орсон доо. Олон жил хүнсний ногоо тариалсан туршлагадаа үндэслэн сургагч багшаар ажиллаж, хүмүүст өөрийн сурсан мэдсэнээ зааж сургадаг.  Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” тариалах уриалгыг хэрэгжүүлж, 2022 онд 1000 гаруй ширхэг үрсэлгээ бий болгож хүмүүст тараасан.  “Адра” олон улсын байгууллагын сургалтад сайн суусны хүчинд олон талын мэдлэг олж авсан.  Нийслэл,  дүүргийн удирдлагууд маань  ахмадуудаа маш сайн дэмждэг. Тухайлбал, би  2018 онд Чингэлтэй дүүргийн “Хөдөлмөрийн аварга”, 2019 онд нийслэлийн “Тэргүүний тариаланч” цол хүртсэн.  Тэтгэвэрт гарсан ч үйлдвэрлэл эрхэлж, хөдөлмөрлөсөөр байгаа ахмадуудаа дэмждэг санаачилгатай удирдлагуудтай учраас манай Чингэлтэй дүүргийн ахмадууд их урам зоригтой байдаг. 

Эх сурвалж: Монголын үнэн сонин №036/24567/


0
angry
1
care
0
haha
4
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22