Бүтээсэн дүр, дуулсан дуугаараа овоглуулж Дуурийн театрын тайзан дээр гялалзсан оддын нэг Монгол Улсын Ардын жүжигчин Ч.Мөнхшүрийг сониныхоо энэ дугаарт ярилцлагын зочноор урилаа. Эрхэм уран бүтээлчийн дуулсан “Тагтаа” дуу, алтан тайзнаа амилуулсан гал халуун Карменыг мэдэхгүй хүн ховор. Ленинградын хөгжмийн дээд сургуулийг төгссөн шижигнэсэн залуусын төлөөлөл болсон түүний амьдралын хагас зуун театр, сонгодог урлагийн хөгжилтэй салшгүй холбоотой бөгөөд тэрбээр өдгөө ч ирээдүйн дуучдыг бэлтгэхэд хувь нэмрээ оруулсаар яваа юм.
-Монголын дуурийн урлагийн дахин давтагдашгүй Карменуудын нэг таны урлагийн хүн болох өгөгдөл хэрхэн илэрч байв. Цаг хугацаа улирах тусам тодордог зүйлийн нэг нь дурсамж учраас миний асуултад торохгүй хариулах байх аа?
-Цаг хугацааны хувьд бид харилцан адилгүй нийгэмд өсөж, хүмүүжсэн. Харин тухайн цаг үеийн байдлыг үнэлэх, дүгнэх талаар яривал өөр шүү. Яагаад гэвэл, би та нарын хувьд нэгэн жарныг элээсэн, хэдэн төрийн нүүрийг үзсэн хүн. Нийгмийн өөрчлөлтийг харж, тэндээ оршиж, одоо ч амьдарч байна. Үүгээрээ миний урлагт сонирхолтой болсон үе, нөхцөл байдал одоогоос тэс өөр байсан гэж хэлэх гэсэн хэрэг. Ер нь хүний ямар мэргэжилтэй болох, юугаар хоолоо олж идэх нь багаас нь харагддаг. Намайг багадаа дуулж, бүжиглэх дуртай, их адтай хүүхэд байсан гэж аав, ээжийнхээ ярилцаж байсныг сонссон. Тэгэхээр би ерөөсөө л урлагийн хүн болох байж. Харин намайг урлагт хайртай болгосон хүмүүс бол яахын аргагүй алтан үеийнхэн маань юм.
Миний урлагийн жимийг Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав багш гаргаж өгсөн
-Бүдэгхэн одны гэгээг нүд гялбатал өнгөлж өрдсөн зүйл нь юу байв?
-Бүх цэргийн дуу бүжгийн чуулгын тайз. Амьгүй зүйлээс юундаа урам авдаг юм бэ гэж бодож байна уу. Үгүй шүү. Тайз амьтай, бүр ярьдаг. Тийм болоод ч би Бүх цэргийн дуу бүжгийн чуулгын тайзан дээрээс урлагийн хүн болох мэдрэмжийг авсан. Бас тэндээс урлагийн хүн ямар байдгийг бага ч атугай ойлгосон юм. Тэнд бүжигчнээр ажиллаж байгаад дуучин болох зам мөр маань нээгдсэн. Миний урлагийн хүн болох жимийг гаргасан хүн бол Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Гонгорын Хайдав. Би энэ агуу хүнээс дуулах ур зүйг сурсан. Үүний дараа тэр болгон тохиогоод байдаггүй боломж олдож ЗХУ-ын Ленинградын хөгжмийн дээд сургуульд суралцсан. Энэ мэтээр тоочвол би урлагийн ертөнцөд 56 дахь жилдээ амьдарч байна.
-Дуулдаг хүн бүжигчнээр ажилд орсон нь сонирхол татлаа. Тухайн үед таныг авах орон тоо байгаагүй юм уу?
-Би Бүх цэргийн дуу бүжгийн чуулгад 16 нас хүрээгүй байхдаа очиж шалгуулж байлаа. Хүн дагаад сонирхож очсон хүүхэд санаандгүйгээр тэнцсэн нь миний хувьд гэнэтийн өөрчлөлт болсон. Тухайн үед чуулгад хөтлөгч хэрэгтэй байсан юм билээ. Юугаа ч мэдэхгүй явсан намайг шалгуулахаар ороход “Мэддэг шүлгээ унш” гэснийг л санаж байна. Ингэж би анх чуулгад ажилд орохдоо хөтлөгч хийхээр болсон. Гэтэл тэнд хөтлөгчийн орон тоо байгаагүй тул намайг найрал дууны ангид, альт хоолойнд суулгачихсан. Бүх цэргийн дуу бүжгийн чуулга Төмөр гэж мундаг дуучинтай. Би тэр хүний хажууд сууж бусдын адил хоолойн дасгалаа уншдаг байлаа. Алтан үеийнхний хажууд суралцаж би энэ мэргэжлийг эзэмшсэн. Хувь хүний төлөвшил, биеэ авч явах чадвар, хүнтэй харилцах харилцаа ямар байх ёстойг хүртэл тэр хүмүүсийг харж сурсан.
-Арван хэдхэн настай охин хагас цэрэгжилтийн байдалд дасан зохицоход хялбар байгаагүй нь лавтай. Шантарч цуцах бол энүүхэнд байсан биз?
-Үгүй шүү. Сурна, хийж чадна гэсэн итгэлээр дүүрэн байсан. Чуулгад ажилд ороод хамгийн түрүүнд цагийг “яс барьж” сурсан. Цаг барина гэдэг хувь хүний соёлын нэгээхэн илэрхийлэл гэж боддог. Тиймээс би одоо хүртэл амьдралдаа энэ дадлаа хэвшүүлсэн хэвээр байгаа.
-Ленинградын хөгжмийн дээд сургуульд хэрхэн суралцсан талаар асууж ярилцлагаа үргэлжлүүлье. Дуурийн театрын нэгэн үеийн залуусыг энэ сургуульд бэлтгэж хожмоо тэдний үр өгөөжийг хүртсэн байдаг шүү дээ?
-Надад их завшаантай хэрэг тохиолдсон. Бүх цэргийн дуу бүжгийн чуулгаасаа би Багшийн дээд сургуулийн хажууд дуулаачийн анги нээгдэхэд элсэн орсон юм. Гэхдээ тэнд нэг л семистр сурсан. Тухайн үед Анастасия Ивановна Филатова шалгалтад нь ирж суудаг байв. Тэр үед миний дуулахыг хараад “Энэ хүүхдийг гадагш нь сургуульд явуулж сурга” гэсэн юм билээ. Тэгээд намайг сургуульд явуулахаар болсон хэрэг. Гэтэл би гэдэг хүн сургуульд явахгүй гээд зугтаж байсан юм даа /инээв/. Энэ сайхан мэргэжлийг эзэмшсэний хүчинд өдийд сурсан мэдсэнээ бусдын үр хүүхдэд заагаад явж байна шүү дээ.
-Хилийн дээс алхаад ёстой л соёлын шоконд орсон байх даа. Бас багш нар “хатуу самарнууд” байсан болов уу?
-1976 онд Ленинградын консерваторид анх ороод үнэхээр сүрдэж байсан. Намайг сурахаар очиход шууд аваагүй. Шалгалт өгч байж тэнцсэн юм. Энэ сургуулийг удирдаач Ч.Жамсранжав, Ж.Бүрэнбэх, Н.Бүтэнбаяр болон найруулагч Л.Эрдэнэбулган нар төгссөн. Эдгээрээс Л.Эрдэнэбулган, Ж.Бүрэнбэх бид гурав нэгэн үед төгсөж ирээд Ж.Бизегийн “Кармен” дуурийг тайзнаа тавьсан. Ингэж нэгэн сургуулийн төгсөгчид дэлхийн сонгодог бүтээлд оролцсоноороо бахархаж явдаг.
Ж.Бизегийн “Кармен” дуурь 40 жил театрын тайзан дээр “амьдарч” байгаа гэж бодохоор ямаршуу бүтээл гэдэг нь харагдаж байгаа болов уу. Дуурийн театр маань удахгүй болох улирлын нээлтээ энэ агуу бүтээлээр хийнэ. Сонгодог урлагийн үрийг тарьж өгсөн агуу алтан үеийнхэн, түүн дээр соёлж ургасан бид, бидний ургуулсан мөчир дээр цэцэглэж байгаа залуучууд маань илүү сайн сайхныг бүтээж их урлагийг авч явна гэдэгт итгэлтэй байна. Надтай адил хоолойтой олон дуучин бүгд Кармены дүрийг сайхан гаргаснаар нь тэднээрээ бахархаж явдгаа энэ ташрамд онцолъё.
Ленинградад сурч байхад ЗХУ-ын Ардын жүжигчин, профессор В.В.Максимово гэж агуу дуучин байсан. Тэр хүн надад “Урлагийн хүн маш нууц байх хэрэгтэй. Ил гарахыг хэзээ ч битгий хүс. Чи маш их арга хэмжээнд оролцоно. Тэгэхэд чи тайзан дээрээ л амьдар. Ялангуяа тайзны хувцастайгаа хүлээн авалтын ширээнд суувал чи хэн ч биш болно” гэдгийг багш маань надад зааж өгсөн. Нэг удаа шалгалт өгөх гээд очихдоо ээмэг, зүүлт гээд олон гоёлын зүйлтэй орсон. Тэгсэн багш “Муу тэнэг, чи энүүгээрээ шалгалт өгөх гэж байгаа юм уу, гайхуулах гэсэн юм уу” гээд хүзүүний зүүлтийг маань татаад авч байсан. Тэгээд “Дуучин болох гэж байгаа бол сайн дуул. Шаардлагагүй зүйлд битгий анхаарал хандуул” гэж хэлж байсныг би одоо хүртэл мартдаггүй. Би багшийн хэлж байсан зүйлсийг одоо ч амьдралдаа хэрэгжүүлдэг. Бас шавь нартаа заадаг юм. Тиймээс би нэг их ил гараад байя гэж боддоггүй.
-“Кармен” дуурийг эх орондоо нутагшуулахад гар бие оролцсон нь нэг сургуулийн гурав байж. Гурвуулаа нэг жил төгссөн юм уу?
-Ленинградын консерваторийг эхлээд Л.Эрдэнэбулган, дараа нь Ж.Бүрэнбэх, тэгээд би төгссөн. Монголд дэлхийн сонгодог урлаг, тэр тусмаа “Кармен”-ийг Л.Эрдэнэбулган, Ж.Бүрэнбэх хоёр баатарлагаар тавьсан гэхээс өөр юу хэлэх билээ. Үзэгчдэд энэ сайхан уран бүтээлийг хүргэж чадсанаараа энэ хоёроороо бахархдаг.
Удирдаач, найруулагчид бол аугаа хүмүүс шүү дээ. Тэдэнтэй юуг ч жишихийн аргагүй. Харин дуурийн дуучин хөгжимтэй хамт амьдардгаараа аугаа байхгүй юу. Тэнд найрал хөгжимчид тоглож байна, дээрээс нь найрал дуучид, мөн хувцас хунар, тайз гэрэл гээд бүх зүйл нийлж байж уран бүтээл үзэгчдэд хүрдэг. Тэгэхгүй хэн нэгэн нь нэг фауз алдахад дараагийн хүн хоцорвол тэр тоглолт утгаараа дуусна биз дээ. Тийм учраас бид маш их хөгжимлөг, хөгжимтэй хамт амьдардаг. Өнөөдөр гурван бадаг дуу дуулахтай адилхан биш. Үүгээрээ хөгжмийн боловсролтой, хэмнэлийн мэдрэмжтэй, сонсголтой, дээрээс нь жүжиглэнэ, дуулна. Энэ бүх үйлдэл хөгжимтэй хосолдгоороо гайхамшигтай юм.
Хүлээн зөвшөөрөх хэмжээний “Кармен”-ыг манай Баадайжав эгч гаргаж өгсөн
-Та тэр бахархлуудын нэг нь. Таны Карменд тоглохыг үзэх гэж хүмүүс театрыг зорьдог байсан гэдэг?
-Би өөрөөрөө бахархаад байх юу байх вэ. Миний өмнө Д.Баадайжав гэж аугаа хүн байна. Баадай эгч бүх сургуулилалтад нь эхнээс нь оролцоод явж байсан. Тэр үед ч хатуу байж. Нэг концерт тоглоход заавал Соёлын яамны хяналтад орж зөвшөөрөл авсны дараа үзэгчдэд хүргэдэг байсан юм. “Кармен” дуурийг ч гэсэн энэ шалгуураар л гаргасан. Эхлээд хяналтын дараа ерөнхий хяналтад орж байж эхний тоглолт болдог байсан. “Кармен” дуурийн ерөнхий хяналтад Баадайжав эгч дуулсан. Харин эхний тоглолтод нь би дуулсан юм. Тийм болохоор би өөрийгөө түрүүлж дуулсан гэж ярьдаггүй. Яах юм бэ, миний өмнө тэр аугаа хүн байгаа юм чинь. Хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний “Кармен”-ыг манай Баадайжав эгч гаргаж өгсөн.
-Монголын Дуурийн театрын тайзнаа дэлхийн сонгодог бүтээл “Кармен” дуурийг анх 1984 онд найруулан тавьсан түүхтэй. Тэгэхээр та түүнээс өмнө Дуурийн театрт оржээ дээ?
-Би 1981 оны зургадугаар сард сургуулиа төгсөж ирчихээд долдугаар сарын 9-нд нь Улсын баяр наадмын хүндэтгэлийн тоглолтод дуулж анх тайзан дээр гарч байлаа. Намайг театрт ороход алтан үеийн уран бүтээлчид байсан. Тэр хүмүүсийн үргэлжлэл болно гэдэг амаргүй даваа. Бидний үед уран бүтээлчид бригадаар явна. Нэг явахдаа хэдэн өдрөөр биш сарын хугацаатай. Одоогийнх шиг олон телевиз байх биш. Сумын төвийн театрт тоглоход хөл гишгэх зайгүй, дүүрэн үзэгчтэй угтдаг. Ямар сайндаа тайзны урд хүртэл хүмүүс суучихсан дээл тэмтэрч үзчихээд “Энэ ямар гоё материалтай юм бэ” гэдэг байлаа шүү дээ. Бид тэнд ганц концертод тоглоод зогсохгүй. Концертоо тоглохоос гадна дуурь дуулна, хүүхдийн жүжиг тоглоно гээд өдөрт дөрвөн хөтөлбөр тоглодог байсан.
-Тайзан дээрх айдсаа та хэрхэн дардаг байсан бэ. Тэр айдасгүй үе гэж бараг байгаагүй болов уу?
-Ямар ч уран бүтээлд тоглосон айдасгүй байна гэж үгүй. Алтан тайзан дээр гарахад л өнөө айдас юу ч үгүй алга болдог байсан. Гэхдээ тайзан дээр гарахаас өмнө хэцүү. Дотор бэлбэгнэнэ. Заримдаа бүр дотор муухай болдог гээд бод доо. Миний театрт тоглосон анхны дуурь бол М.Кобалийн “Чоно ба долоон ишиг”. Тэр үед хүүхдийн уран бүтээл маш ховор байсан цаг. Би уг дуурийн эх ямааны дүрд тоглосноороо маш их бахархдаг. Яагаад гэвэл, биднийг төгсөөд ирэхэд тоглосон бараг анхны хүүхдийн дуурь л даа. Ямар олон хүүхэд тэр дуурийг үздэг байсан гэж санана. Ер нь тухайн үед амьдарч байсан хүмүүс сонгодог урлагийн өндөр боловсролтой. Одоо тэдний төлөөлөлтэй уулзахад дэлхийн сонгодог бүтээлүүдээс үзэж байснаа дурсан ярьдаг.
-Сонгодог бүтээлд тоглох дүр авна, авсны дараа дүрдээ орох гэж махарна. Ногдсон дүр үзэгчдэд хүртэл зүтгэнэ гээд эхнээс нь дуустал ажиллах зайлшгүй шаардлага та бүхэнд тулгардаг. Харин энэ их ажлын ард гараад амьсгаа авах боломжтой байдаг байсан уу?
-Тэгэлгүй яах вэ. Бид тайзан дээр гурван бадаг дуу дуулаад орчихгүй. Бүхэл бүтэн хоёроос гурван цаг дуулна, жүжиглэнэ. Гэхдээ бид энэ онцлогтоо дуртай. Яагаад гэвэл, дуурьт тоглох энэ цаг хугацаанд бид амьдардаг байхгүй юу. Дуурийн театр “Кармен”-ыг тавихаар боллоо гэж бодъё. Тэгэхэд хэн хэний дүрд дуулахыг тодорхойлсон дуудлага гарчихдаг. Жишээ нь, Мөнхшүр “Кармен”-д дуулна гээд нэр нь гарчихна. Үүний дараа хамгийн доод тал нь 15 хоногийн хугацаатай бэлтгэлд гарна шүү дээ. Тэр хугацаанд нь би тухайн дүрээрээ амьдардаг байхгүй юу. Эхлээд тоглох дууриа судална. Дүртэйгээ ажиллана, яг тэмцээнд оролцох гэж байгаа тамирчид шиг биеэ бэлтгэнэ. Түмэн олонд тэр сайхан бүтээлийг танилцуулахын тулд бүх зүйл бэлтгэлтэй байх шаардлагатай. Тэр цоглог сайхан бүсгүйн дүрийг үзүүлэхийн тулд би өөрчлөгдөх ёстой. Хүний амьдралд баяр гунигтай олон зүйл тохиолдоно. Гэсэн хэдий ч удирдаач, оркестртой хамтраад нэг бүхэл зүйл болж тоглох ёстой. Өөрт ногдсон дүрээр амьдрах гэж гэртээ хүртэл идэж, уух хоол ундаа тохируулна. Дээрээс нь унтах нойроо хүртэл зохицуулна. Тэгж байж тэр дуурийг тоглосны дараа сая нэг бүтэн амьсгаа авдаг.
Тайзан дээр оршиход нас хязгаартай байдаг учраас үр хүүхдээс эхлээд бүх л зүйл бидний хувьд хориотой байсан
-Та өөртөө хэр их хатуу шаардлага тавьдаг байв. Тухайлбал, Б.Жамъяндагва гуай балетмейстерээр ажиллаж байхдаа эмэгтэй уран бүтээлчдийг төдөн жилийн дотор хүүхэдтэй болж болохгүй гэсэн шаардлага тавьдаг байсан гэж хүмүүс ярьдаг...?
-Энэ бол ганцхан бүжигчдэд тавьдаг шаардлага биш шүү дээ. Ер нь урлагийн хүмүүст тийм шаардлага тавьдаг байсан цаг үе. Би нэг их олон аборт хийлгэж байгаагүй. Зарим хүн дүр авна, тийм тоглолт хийх гэж байгаа гээд бие сэтгэлээрээ хохирсон тохиолдол цөөнгүй бий. Манай урлагийнхан дотор олон хүүхэдтэй хүн ховор. Насны эцэст цөөхөн хүүхэдтэй, амьдралаараа маш их хохирч байсан юм шүү дээ. Миний ээж “Энэ дэлхий дээр хамгийн том баялаг нь үр хүүхэд” гэдэг байсан. Тэгэхээр үр хүүхдээр ховор хүмүүс насны эцэст ямар байх билээ. Урлаг урт хугацааны мэргэжил биш. Гэтэл ард түмэн, үзэгчид дандаа сайн сайхныг харахыг хүсдэг. Тайзан дээр оршиход нас хязгаартай байдаг учраас үр хүүхдээс эхлээд бүх л зүйл бидэнд хориотой байсан. Урлагийн хүний амьдралыг ойлгож хүлээн авдаг гэр бүл байна. Ойлгодоггүй хүмүүс ч байна. Тэр бартаа болгоныг манай урлагийнхан дамжиж, туулж явж байгаа.
Урлагийнхан дунд баяжъя гэсэн сэтгэлтэй хүн байдаггүй. Мөнгө олъё гэж бодоод дуулж байгаа бол тэр уран бүтээлч биш. Тиймээс манай урлагийнхан дунд мөнгөний хойноос явдаг хүн байдаг гэж би хувьдаа боддоггүй. Дуулъя, дуртай ажлаа хийе. Тэгж байж түүгээрээ сэтгэлийн жаргалыг эдэлдэг юм.
-Гавьяаныхаа амралтад гарсныхаа дараа та театр, тайзаа санаад зүүдэлж байв уу?
-Тэгэлгүй яах вэ дээ. Залуу ч байж. Би жүжиг эхлэхээс хоёр цагийн өмнө театрт ирдэг байсан. Энэ хугацаанд дүрдээ орно, биеэ бэлтгэнэ. Хөшиг нээгдэхээс 15 минутын өмнө тайзаа шалгадаг байв. Шат сул байснаас болж зарим жүжигчин унасан тохиолдол гарсан учраас тэр л дээ. Карменд шатаар гүйж, дамжиж гардаг учраас өөрөө нягталдаг байсан. Үүнийг би хувийн хариуцлага гэж боддог. Жүжиг эхлэхэд бүх зүйл бэлэн байх ёстой гэж боддог байсан. Энэ бүхнийг заримдаа бодитоор зүүдэлнэ шүү дээ.
Би Л.Эрдэнэбулганд загнуулж байснаа ерөөсөө мартдаггүй. Арай ч зодуулж байгаагүй ээ /инээв/. Гэхдээ тэр бүхэн уран бүтээлээ сайн сайхан болгохын төлөө хийсэн зүйл. Уран бүтээлдээ чин сэтгэлээ зориулж чадаж байсан учраас олон дуурь, олон дүрийг амьдруулж чадсан, найруулж тавьсан. Манай Ж.Бүрэнбүх олон дуурийг удирдсан.
-Залуу халуун насаа өнгөрүүлсэн театраа харахаар өөрийн эрхгүй огшдог уу?
-Тэр тусмаа манай урлагийнхан зөөлөн сэтгэлтэй. Ямар сайхан хүмүүстэй ажиллаж, амьдарч байсан юм бэ. Хэсэг хугацаанд нүдээ аниад бодоход л амьдралд болж байсан үйл явдал нүдэнд харагдаж байгаа юм чинь. Энэ орчлонд одоо байхгүй ч тайзан дээр хамт гарч байсан уран бүтээлчдээ бодохоор яаж дуулдаг нь чихэнд сонсогдох мэт болдог юм.
-Сонгодог урлаг залуу насны дайсан. Ид цэцэглэх насан дээр нь өөртөө дурлуулчихаад төд удалгүй алсран оддог нь харамсалтай санагддаг?
-Тийм ээ, бид бусдаас эрт тэтгэвэрт гардаг. Бидний тэтгэврийн мөнгө маш бага. Би улсад олон жил ажилласнаараа гарахад 110 мянган төгрөгийн тэтгэвэр тогтоолгож байсан. Тэгэхэд манай Л.Эрдэнэбулган театрын дарга, найруулагчаар ажиллаж байсан гэхэд 100 мянган төгрөгийн тэтгэвэр авч байсан хүн шүү дээ. Тухайн үед зарим уран бүтээлч бизнес хийхээр гараад явсан. Тэгэхэд бид ажилдаа дуртай болохоороо түүгээрээ амьдарч, жаргаж явсан. Ер нь мэргэжилдээ дуртай хүн ядарна, цуцна гэж байдаггүй. Энэ миний л бодол. Дуртай ажлаа хийснээрээ сэтгэлээрээ цатгалан явдаг хүмүүс чинь урлагийнхан байдаг юм. Сайхан уран бүтээлд дуулчихаад гэртээ очоод “Хоол идье” гэж хэзээ ч бодож байгаагүй. Яагаад гэвэл сэтгэл цадсан. Тэгж л амьдарч өдий хүрсэн дээ.
-Залуу насаа зориулаад үлдсэн нь 110 мянган төгрөг гэхээр танд гомдох сэтгэл төрж байв уу?
-Гомдоогүй. Тухайн нийгэмд 110 мянган төгрөг их биш ч хүрэлцэж л байсан. Одоо бол хэчнээн өндөр цалин авч байгаа ч гэсэн бусад эд зүйлийн үнэ хэтэрхий өндөр болжээ. Тэр үед бид “Бага цалин авч байна” гэж хэзээ ч бодож байгаагүй. Одоо ч гэсэн би бага цалин авч байна гэж боддоггүй. Хүмүүс заримдаа “Та дуулаад өгөөч. Хэдэн төгрөг авах вэ” гэж асуудаг. Би хэзээ ч төдөн төгрөг авна гэж хэлж байгаагүй. Өөрсдөө боломжоороо өг л гэдэг. Яагаад гэвэл би тэр хүнд хэрэгтэй байна. Тэр сэтгэлийг нь үнэлэх боломжгүй юм.
-16 нас хүрээгүй урлагийн байгууллагад ажилласан таны Гавьяатын шагналыг бүр сүүлд өгсөн. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Би 2008 онд Ардын жүжигчин, 1996 онд Гавьяат жүжигчин болсон. Шагналаа оройтож авсан гэж боддоггүй. Шагнал авна ч гэж шунаж байгаагүй. Шагнал бол миний хийсэн хөдөлмөрийн үнэлэмж. Түүнээс биш би Ардын жүжигчин боллоо гээд надад биеэ тоох мэдрэмж төрж байгаагүй.
-Таны үр хүүхдүүдээс мэргэжлийг тань өвлөсөн хүн бий юү?
-Би хүү, охин хоёртой. Миний охин багш мэргэжилтэй. Хүү маань Хөгжим бүжгийн коллеж, СУИС-ийг төгөлдөр хуурч мэргэжлээр төгссөн. Одоо гадаадад амьдардаг. Миний хүү “13 дахь хонх” гэж хамтлагт дуулдаг, дууны хөгжим бичдэг. Би аль хэдийнэ зээнцэртэй болсон. Ач маань Америкт үлээвэр хөгжмийн дугуйланд хичээллэдэг.
-Хүүхдүүдээ өсгөх гэж гэрт орж эм, гадаа гарч эр болж явсан цаг танд бий. Хүүхдүүдийнхээ хөлийг дөрөөнд гарыг ганзаганд хүргээд амьдрал тогтуун болсны дараа юу бодогдох юм?
-Хүн өөрөө өөрийгөө авч явах ёстой. Өрөөл бусдад найдаж болохгүй. Өөрийгөө авч яваад сурчихсан хүмүүс хэр баргийн зүйлд бүдрэхгүй. Уучлаарай, намайг хань ижилгүйгээрээ түрүү барьж гэж хэлж магадгүй. Хүн өөрөө өөрийгөө аваад явж чадаж байвал илүү зүйл шаардлагагүй гэж боддог. Гэхдээ би амьдралыг мэднэ. Хань нөхөртэй ч байж үзсэн.
Ганцаардахын зовлон амсаагүй нь ээжийн минь ухаан юм
-Таны амьдралын хамгийн том түшиг, нөмөр ээж тань байсан. Харин ачийг нь бага ч атугай хариулж чадсан уу?
-Би өргөмөл хүн л дээ. Намайг төрөхөд нагац эгч маань өргөж авсан. Ээж минь намайг эгчээсээ өргөж авсан ч төрсөн ах дүү нараас маань хол өсгөөгүй. Би ах, дүү наймуулаа, ганцаардахын зовлон амсаагүй нь ээжийн минь ухаан юм даа. Нөгөө асуултад нь хариулахад амаргүй юм. Гэхдээ энэ хорвоод ээжийнхээ ачийг хариулж чадсан хүн байдаг болов уу. Би аав, ээжийгээ чин сэтгэлээсээ хайрладаг. Бурхан гэж байдаг бол тэр нь миний хувьд аав, ээж минь. Би тийм л үзэл бодолтой хүн. Гэхдээ санаснаар болдоггүй зүйл олон байдаг. Төв аймгаас төрсөн Гавьяат Г.Батсүхийн тоглолт Дуурийн театрт болсон. Тэр үед намайг тайзан дээр Г.Батсүхийн дууг дуулж байхад миний ээж өнгөрч байсан. Миний ээж тэгтлээ хэвтэрт орж ядраагүй л дээ. Тэр өдрийн өглөө ээжээсээ “Би өнөөдөр тоглолттой. Явахгүй байх уу” гэхэд намайг тоглолтдоо оролц гэсэн. Орой нь дуулах гээд тайзан дээр гарах гэж байх үед тайзны баруун талд манай ах, эгч, дүү гурав орж ирсэн. Манай ах дүү нар шаардлагагүй тохиолдолд хэзээ ч тайзны араар явахгүйг би мэднэ. Ингэж намайг зарлахаас хэдхэн хормын өмнө би ээжийгээ алдсанаа ойлгосон. Амьдрал тааварлашгүй. Баяртай, гунигтай олон зүйл амьдралд тохиолдож байсан. Гэхдээ ийм зүйл ганцхан надад тохиолдоогүй. Манай нэрт удирдаач Ж.Чулуун багшийг тоглолттой байхад ээж нь өнгөрөхөд дохиод л зогсож байсан. Тэр болгоныг бид давж гарч байсан. Чарлаад уйлмаар байсан ч тайзан дээр гарсан бол дуугаа дуулаад дуусгах ёстой.
-Ам нээснийг аавын тань талаар ч асууя. Надаас өмнө хэн нэгэн нь ч асуусан байх аа?
-Би ааваараа бахархдаг, гарал үндсийг нь хэзээ ч нууж байгаагүй. Хэдий үндэс угсаа өөр ч гэсэн миний аав шиг хүн хүний нутагт ирчихээд “Алтангадас” одон хоёр, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонтой хятад хүн тэр үед байгаагүй. Миний аав Мебелийн фабрикийг удирдаж явснаас гадна орос хэлтэй. Бод доо, гучин хэдэн оны үед тийм өндөр боловсролтой хүн ховор байсан. Би тийм сайхан ааваараа үргэлж бахархаж явдаг. Аав маань зөв үзэл бодолтой, “Өндөр цагаан” нэртэй хүн байсан юм.
Миний энэ орчлон ертөнцөд хүн болон мэндэлж өдий зэрэгтэй яваа нь бүгд л аав, ээжийн минь хайр энэрэл юм даа. Миний аав дуулах дуртай, өөрөө ч их гоё дуулдаг хүн байсан. Олон хүүхэдтэй, тэднийгээ нийлүүлж зогсоож байгаад дуулуулах дуртай хүн байсан.
-Таныг сан байгуулсан гэж сонссон. Хүмүүнлэгийн ажил зохион байгуулахад хүмүүс туслах юм уу?
-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр сайхан зарлиг гаргаж Монгол Улсын Ардын жүжигчин, Гавьяат жүжигчинд сар болгон тэтгэлэг олгодог болсон. Гавьяат 150 мянга, Ардын жүжигчин 200 мянган төгрөг авдаг. Гэхдээ эдгээр шагналыг хоёуланг нь авсан бол Ардын жүжигчний 200 мянган төгрөгийг нь л өгдөг. Энэ зохих хэмжээний мөнгө. Би тэр мөнгөө цуглуулж сан байгуулсан. Арваад жилийн өмнө Сүхбаатар дүүргийн Засаг даргатай ярилцаж байгаад нэг эмчид газар авч байшин барьж өгч байсан. Түүний маань хүүхэд том болоод одоо өөрөө гадаадад ажиллаж байгаа гэсэн. Энэ мэт нэлээд хэдэн хүнийг гэртэй болгож, өвчин зовлонтой хүмүүст чадах чинээгээрээ тусалдаг. Түүнээс биш хэн нэгэн хүн надад туслаад айхавтар хийсэн зүйл байхгүй ээ.
-Одоо та юу хийхийг хүсэж байна. Зарим хүн олон орны соёлтой танилцахыг хүсдэг шүү дээ?
-Төр, урлагийн буянаар Дуурийн театрт ажиллаж байхдаа олон газраар явсан. Одоо бол жилд нэг удаа газар үзэх сонирхолтой. Хүүхдүүд маань ч намайг юм үзүүлэхээр явуулдаг. Намайг хүмүүс хоцрогдсон үзэлтэй гэдэг. Яагаад гэвэл, унаж байгаа машинаа ч сольё гэж боддоггүй. Би байгаадаа сэтгэл хангалуун амьдардаг, тийм л хүн дээ.
Нэгэн жарнаар хэмжих цаг хугацааны мөчлөгт урлагт дурлаж, бүтээсэн дүрээрээ одоо хэр нь дуудуулж яваа дуучин Ч.Мөнхшүртэй хийсэн ярилцлага энд хүрээд өндөрлөлөө. Яг л 40 жилийн өмнөх шигээ Дуурийн театрын тайзнаа хэдхэн цагийн дараа “Кармен” дуурь эгшиглэх гэж байна. Уран бүтээлчид хөшиг нээгдэхийг хүлээж, үзэгчид шинэ Карментай танилцах цаг ирлээ.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №036/24567/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна