Намрын улс төр эхэлж, монголчуудын амьдрал идэвхтэй төлөвт шилжих өдрүүд айсуй. Хичээл, сургуулийн үйл ажиллагаа жигдрэх шатандаа орсон бол ирэх даваа гарагт УИХ-ын намрын чуулган нээлтээ хийнэ. Ингэснээр монголчуудын идэвхтэй амьдралын цикл бүрэн утгаараа эхлэх нь. Энэ удаагийн чуулган олон талын онцлогтой. Учир нь одоогоос ердөө гуравхан сарын дараа сонгуулийн жил эхлэх гэж байна. Энэ утгаараа эрх баригч намын хувьд тун хариуцлагатай чуулган болох нь гарцаагүй. Нөгөө талаас сонгуулийн өмнөх жилийн төсвийг батална гэдэг утгаараа намрын чуулган олны анхаарлаас холдохгүй. Дараагийн нэг асуудал нь орон нутгийн сонгуулийг хэрхэн явуулахыг энэ чуулганаар шийднэ. Тодруулбал, манай улс одоогоор УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийг тусад нь явуулдаг. Тэгвэл 2024 оны сонгуулийг өмнөх жишгээр явуулах эсэхэд холбогдох газруудаас саналыг нь авч эхлээд буй.
Үндсэн хуульд хамгийн сүүлд оруулсан өөрчлөлтийн дагуу манай улс парламентын гишүүдийн тоог нэмэхээр болсон. Ингэхдээ УИХ-ын 126 гишүүнтэй болох нь зүйтэй хэмээн үзэж, хуульчилсан учраас нийслэл, дүүргийн төлөөлөгчдийн тоо энэ хэмжээгээр нэмэгдэхээр болоод байгаа юм. Үүнээс гадна манайх шиг жижиг улс оронд улс төржилт газар авсан нь Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг эргэж харах бас нэг шалтгаан болоод буй. Өөрөөр хэлбэл, сонгуулийн дөрвөн жилийн хугацаанд маш олон удаагийн сонгууль болж байгаа бөгөөд үүнээс үүдэлтэйгээр аймаг, нийслэл, сум, дүүрэг гэх мэтээр бүх шатанд улс төржилт ихсэж байгаа учраас энэ байдлыг өөрчлөх нь зүйтэй гэж олонх үзэх болсон.
Энэ мэт нийгмийн амьдралд хамааралтай олон чухал хуулийг батлах намрын чуулган хөшгөө нээснээр улс төрийн намууд ч хөдөлгөөнд орж эхэлнэ. Тэгвэл сонгуулийн жилийн төсөв ямар байх вэ, ирэх жилийн төсвийг Засгийн газар хааш чиглүүлэх вэ. Энэ асуултад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэдхэн хоногийн өмнө болсон хөгжлийн түншүүдийн уулзалтын үеэр товч бөгөөд тодорхой хариулт өглөө. Тодруулбал, тэрбээр “2023 оны төсөв тэр чигтээ эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн бол 2024 оны төсөв хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах зорилготой” хэмээн тодотгосон. Түүнчлэн тэрбээр төсвийн төслийн хүрээнд цаашид олон зүйлийг өөрчлөх шаардлагатайг дурдаад “Бүх зүйлийг төр хийдэг байдлыг өөрчилнө. Тухайлбал, соёлын төв, спорт цогцолборыг заавал төр барьдаг байж болохгүй. Хувийн хэвшилтэй хамтарч ажиллана. Төр дэд бүтцийг нь шийдэж, газар олгох, татварын хөнгөлөлт үзүүлэх зэргээр хамтарна. Төр хувийн хэвшилтэй өрсөлддөг байдлыг үе шаттай өөрчилж байна, төр цаашид уул уурхайн олборлолт, төрийн эзэмшлийн банкууд, олон улсын онгоцны нислэг гэх мэтээ либералчлах, менежментийг нь дэлхийн ахисан түвшинд нийцүүлэн үндэсний болон олон улсын мэргэжлийн багаар удирдуулах ажлыг энэ жилд багтаан зохион байгуулахаар ажиллаж байна. Иргэд, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийн оролцоо, олон нийтийн хяналттай, үр ашигтай хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд төрийн өмчийн томоохон аж ахуйн нэгжүүдийг нээлттэй хувьцаат компани болгох ажлыг үе шаттайгаар хийнэ” гэсэн юм. Намрын чуулган эхэлсэн эхний нэг сарын турш УИХ-ын гишүүд ирэх жилийн төсвийг олон талаас нь хэлэлцэнэ. Энэ хүрээнд хэлэлцэх бас нэг чухал асуудал нь гаднын банк оруулж ирэх эсэх тухай асуудал юм.
Манай улс гаднын банкны салбарыг нээх тухай олон жил ярьсан ч ажил хэрэг болохгүй байсаар өдийг хүрсэн. Тэгвэл энэ удаад ажил хэрэг болгохоор Монголбанкнаас УИХ-д өргөн мэдүүлсэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд гадаадын банкны бие даасан салбар, нэгжийг ирэх талаар тусгаад байгаа юм. Энэ нь санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилготой гэдгийг холбогдох хүмүүс онцолж буй. Ямартаа ч намрын чуулган эхэлсэн даруйдаа олны анхаарал татсан олон асуудлыг хэлэлцэх нь тодорхой байна.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №036/24567/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна