​ Д.Асардарь: Театрт чин сэтгэлээсээ хайртай байж л жүжигчнээр үлддэг



УДЭТ-ын жүжигчин Д.Асардарьтай ярилцлаа. Тэрбээр “Гэгээн Муза” наадмын хүүхдийн жүжгийн төрөлд шилдэг эмэгтэй гол дүрийн шагналын эзэн болсон юм.

  -Д.Асардарь гэдэг нэрийг сонгодог урлаг сонирхогчид  андахгүй. Үеийнхэн тань кино, дэлгэцийн контент бүтээл рүү тэмүүлж байхад та театрыг сонгожээ. Драмын театрт татагдсан шалтгаан тань юу байв?

-Драмын театр миний мөрөөдөл байлаа. СУИС-аа төгсөөд телевизид хөтлөгч редактороор ажилласан юм. Нэг өдөр шинэ киноныхоо нээлтийг хийсэн уран бүтээлчдээс ярилцлага авлаа. Тэр ярилцлагын дараа цээжинд гуниг төрж “Би жүжигчин мэргэжилтэй шүү дээ. Уран бүтээл хийхсэн” гэж бодсон. Тэгээд  Драмын театрт шалгалт өгөх хүсэл, зорилгоо телевизийнхээ удирдлагад хэлэхэд зөвшөөрөөд  нэг сар бэлтгэл хийх чөлөө өглөө. Тэнцвэл мөрөөдлөө дага, тэнцэхгүй бол эргээд ирээрэй гэхэд баярласан. Би тэр нэг сарын хугацаанд хичээсний үр дүнд тэнцсэн. Эцэг театр гэдэг утгаараа УДЭТ уран бүтээлчдээсээ ёс суртахуунтай, академик, соёлын түүчээ байхыг шаарддаг. Театрынхаа нэр хүндийг унагаахгүй юм шүү гэж хичээдэг. Кинонд дүр бүтээсэн ч “Театрын жүжигчин аргагүй ондоо юм аа” гэтэл ажиллахыг эрмэлздэг.

-УДЭТ-аар овоглоно гэдэг  ховорхон боломж бас  их хариуцлага. Олны хэсгээс гол дүрийн жүжигчин болон ахиж дэвшихдээ ямар зарчим баримталж ирэв?

-Театрт чин сэтгэлээсээ хайртай байж л жүжигчнээр үлддэг хатуу хуультай. Студи ангид хоёр жил дадлагажиж, уран чадвараа өсгөсөн эсэхээ дахин шалгуулж байж УДЭТ-ын жүжигчин болдог. Студи ангид тэнцэж ороод олны хэсэгт л гарна шүү дээ. Текст хэлэх аз таарвал сандарна, хамгийн арын эгнээний үзэгчдэд хүртэл дүрээ гаргахсан гэж хичээдэг байлаа. Туслах дүрийг голж болохгүй. Гэхдээ жүжигчин хүн гол дүр авч байж илүү хөгждөг байх.  2019 онд “Надтай үлдээч” жүжгийн гол дүрийг бүтээснээр миний уран чадвар нэг шатаар ахисан. Гол дүр бол жүжгийнхээ ноён нурууг авч явдаг юм байна. Хөшиг нээснээс хаах хүртэл  дүрээ бодно, үзэгчдээ барина гэх зэргээр  хариуцлага үүрдэг. Монгол Улсын Гавьяат жүжигчин Ж.Оюундарь багш минь зааж, зөвлөсний ачаар анхны гол дүрээ авч гарч чадсан. Үргэлж дэргэд байж “Амьд бай, хүчлэх хэрэггүй. Зүрхнийхээ  булгилах мэдрэмжийг тайзны ярианы техниктэйгээ хослуулж чадвал чиний үнэн сэтгэлийг арын үзэгчид мэдэрнэ” гэж хэлсэн. Багшийнхаа хэлснээр гүйцэтгэхэд хамгийн арын эгнээний үзэгчид хүрдэг юм билээ.

-Та анхнаасаа л драм чигийн багш нараар хичээл заалгасан азтай жүжигчин байх нь ээ?

-СУИС-ийг Монгол Улсын Гавьяат жүжигчин  Л.Дэмидбаатар багшийнхаа удирдлага дор 2015 онд төгсөж, жүжигчин мэргэжлийг эзэмшсэн.  Л.Дэмидбаатар багш минь “Надтай үлдээч” жүжгийн нээлтийг хөтөлж билээ. Анхны гол дүр авсан жүжгийнхээ хөшгийг багшаараа нээлгэсэн өөрийгөө их азтай гэж боддог. Хөшиг нээгдсэний дараа “Одоо ингээд чиний ирээдүйн том зам эхэллээ” гэж хэлсэн. Багшаасаа ийм сайхан үг сонссон хүн хичээхээс өөр сонголтгүй. Учраа мэдэхгүй, дөнгөж сургуулиа төгсөөд театрт ирэхэд айж, сүрддэг. Тиймээс залуу жүжигчид театрынхаа мундаг жүжигчидтэй багш шавийн барилдлага тавьдаг. Би 2016 онд Ж.Оюундарь багшдаа сүү, хадаг бариад “Асардарь Оюундарь нийлбэл асар оюунлаг дарь болох бус уу” гэж гуйж байлаа. Багш миний барьсан хадаг, сүүг авч урлагийн төдийгүй амьдралын замыг минь зааж, сургаж ирсэн. Миний багш гайхалтай жүжигчин, мундаг эмэгтэй.

-Жүжигчдийн ажил тайзан дээр өрнөдөг. Тоглолтоос тоглолтын хооронд яарч явдаг та бодит байдал дээр ямар байхыг эрхэмлэдэг вэ. Урлагаас хүртсэн үнэт зүйл тань юу вэ?

-Урлаг намайг тэвчээртэй, тууштай, зоригтой байхыг шаардахын сацуу хүнд сайн сайхныг ерөөдөг  гэгээн бүхэнд сургасан. Урлаг хатуу, хэзээ ч уран бүтээлчээр дутдаггүй. Цаг ямагт л өөрийгөө хөгжүүлж байж үзэгчдийн хүндэтгэлийг хүлээнэ. СУИС-д  шалгалт өгөхдөө эстрад дуулаач, жүжигчний ангид тэнцсэн юм. Тухайн үедээ жүжигчин болох уу, дуучин болох уу гэж бодож энэ сонголтыг хийсэн. Өдий хүртэл тууштай явлаа. Жүжигчний мэргэжил тэтгэвэрт гардаггүй. Цаашдаа тохиолдох ямар ч саад бэрхшээлийг даваад гарна гэж боддог.  Жүжигчдийг  амьдрал дээрээ ч маш сайн жүжиглэдэг байх гэж хүмүүс асуудаг. Гэтэл бид амьдрал дээр хамгийн гэнэн, үнэнч хүмүүс байдаг. Театрын урлаг жүжигчдийг хүртэл донтуулдаг шидтэй. Бэлтгэл, тоглолт, шинэ уран бүтээл гээд бид завгүй амьдралын хэмнэл дунд үнэнч байхыг эрхэмлэдэг. Манай театрт “Чи үхээгүй л бол мөлхөөд ч гэсэн ирэх ёстой” гэсэн хатуу үг үйлчилдэг.  Гал тогоог нэгдүгээр курст ороод л мартсан. Хүсэл, зорилгынхоо төлөө явааг минь мэддэг учраас гэрийнхэн намайг ойлгож дэмждэг. Хүний л амьдрал хойно өвчин, зовлон тохиолдоход гэр бүлийнхэнтэйгээ удаан хугацаагаар хамт байж чаддаггүй.

-“Миний аав супер баатар” хүүхдийн жүжгийн шоргоолж хүүгийн дүрээр  “Алтан  Муза” өргөлөө.  Хүүхдийн тэр дундаа эрэгтэй хүүхдийн дүрийг бүтээхдээ нэлээд судалгаа хийсэн үү?

-Энэ жүжгийг Дорнод аймгийн Хөгжимт жүжгийн театрын найруулагч,  Соёлын тэргүүний ажилтан Б.Мөнх-Амьдрал найруулан УДЭТ-ын тайзнаа тавьсан. Байгаль эхээ хайрлах, хог хаяхгүй байх,  найзуудаа гомдоохгүй, аав ээжийнхээ үгэнд орох зэрэг хүүхдүүдэд сургамж болох санаануудыг ойн жижигхэн шавжуудаар дамжуулан ойлгуулсан хөөрхөн, хөгжилтэй, өнгөлөг тайз засалтай жүжиг.  Би энэ жүжгийн цох охины дүр бүтээж байсан.  Сүүлд 2022 онд тайзнаа тавихад найруулагч надад гол дүрийг өгсөн. “Асардарь шоргоолж хүүд тоглоно” гэж хэлэхэд нь итгээгүй. Яагаад надад эрэгтэй хүүхдийн дүр өгсөн юм гэж бодсон ч энэ жүжигт л авьяасаа гаргахаар өөрийгөө дайчилсан. Эрэгтэй дүүгийнхээ зан, үйл хөдлөлийг ажиглаж, дүрээ гаргасан. Түүнээс гадна би мюзиклд дуулж, бүжиглэхсэн гэж битүүхэн мөрөөддөг. Тэр хүслийг минь бурхан тэнгэр сонссон ч юм уу М.Батболд найруулагч надад шоргоолж хүүгийн дүрийн санал тавьж таарсан.

-Мюзиклд тоглохыг хүсдэг гэлээ.  Танд мөрөөдөж явдаг дүр бий юү?

-Миний мөрөөдлийн дүр бол Кармен. УДЭТ-ын тайзнаа “Кармен” жүжгийг сэргээн тавиасай, гол дүрийг нь бүтээхсэн гэж мөрөөддөг. Гал цогтой хамгийн гол нь дуулж, бүжиглэдэг онцлогтой дүр. Миний дотор тийм халуун цустай испани хүүхний дүр оршиж байгаа. Хувийн зан араншинтай минь ойрхон гэхээсээ илүү Кармен бүсгүйг өөрөөрөө дамжуулан үзэгчдэд хүргэхсэн гэж боддог. Ер нь би мюзиклд авьяасаа сорихыг хүсдэг.  “Шөнө дундын бүжиг” жүжигт туслах дүр бүтээхдээ дуулмаар байсан. Найруулагч надад дуулдаг тавилт өгөөгүй. Бүжиглэсэн ч өөрийгөө харуулах хэмжээний хангалттай байгаагүй. Тайзан дээр бүжиглэж, дуулж, жүжиглэсэн уран бүтээлд тоглохыг мөрөөддөг.

-Өөрийгөө сорихыг хүсдэггүй уран бүтээлч байхгүй. Гадагшаа аялал, айлчлан тоглолтоор явахдаа очсон газрынхаа театрын уран бүтээлийг үзэж, туршлага судалж, шинийг сурдаг уу?

-Манай хамт олон 2016 онд Улан-Үдэд болсон фестивальд оролцсон юм. Гадаадын театрын өөр өнцгөөр дэглэсэн уран бүтээлийг үзэхэд сонирхолтой байсан. “Энэ жүжгийг ингэж тавьж болдог юм байна” гэх зэргээр шинийг сурч мэддэг юм билээ. 

-Урлагт ивээн тэтгэгч байх ёстой гэдэг. Төвийн театр, төсвийн байгууллага учраас санхүүдээ баригдах үе байдаг уу?

-Найруулагч хүссэнээрээ, тултал уран бүтээл хийхэд санхүү чухал. Театр уран чадвартай жүжигчид, хувцас загвар, гэрэлтүүлэг гээд олон сонгодог бүтээлийн чуулбар. Төсөвт баригддаггүй бол шилдэг жүжгүүдийг тавих потенциальтай найруулагчид, уран бүтээлчид, үзэгчид манайд  бий.

-Урлаг хүний амьдралыг гэрэлтүүлдэг. Цар тахлын хөл хорионы үеэр хүмүүс театр урлагаар ангаж цангаж байсныг “Анна Каренина”, “Тамгагүй төр” жүжиг харууллаа.

-Нийгэм урлагаар соён гэгээрдэг. Тухайн улсыг, ард иргэдийг урлагийн хөгжлөөр нь үнэлдэг жишиг олон улсад бий. Улсаа сурталчлахаас гадна үзэгчид амьдралтайгаа ойр зүйлийг, олж чадахгүй байгаа гаргалгаагаа урлагийн бүтээлээс олдог. “Яагаад энэ дүр шиг сэтгэж, буулт хийж, амьдралыг даван туулж болохгүй гэж” гэсэн ухаарал авдаг нэгэн байхад, стрессээ тайлж сэтгэлийн буглаагаа тайлтал уйлаад гарах хүмүүс ч байдаг. Цар тахлын хөл хориогоо сулруулаад удаагүй үзэгчдээс шинэ уран бүтээлийн хүсэлт тасраагүй. Ард түмэн үнэхээр урлагаар цангасан байсан шүү.

-Ярилцсанд баярлалаа.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №036/24567/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 1 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 4 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 4 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 4 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 4 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 4 цагийн өмнө
SDY Calling you... 5 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 5 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 5 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 5 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 5 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22