Б.Болортуяа: Дүрслэх урлагийн салбар хурдтайгаар хувиран өөрчлөгдөж байна


БНСУ-ын Гванжу хотод болсон олон улсын урлагийн наадамд манай улсын уран бүтээлчид оролцлоо. Уран зураг цуглуулагч, мэргэжлийн урлагийнхнаас гадна сонирхогчид чуулсан энэ удаагийн наадам өргөн дэлгэр болсноороо онцлогтой. Урлагийн наадамд оролцсон Монголын уран бүтээлчдээс Урчуудын эвлэлийн гишүүн зураач Б.Болортуяаг “Бүтээлч урлан”-даа онцлон ярилцлаа. Дүрслэх урлагийн дээд сургуулийн уран зургийн ангийг төгссөн тэрбээр “Уран зурагт дурлагсад” группийн админ юм.   

         
-Хэдхэн хоногийн өмнө БНСУ-ын Гванжу хотод болсон олон улсын урлагийн наадмаас эхлэн ярилцъя. Манай улсаас хэчнээн уран бүтээлч энэ наадамд оролцов. Таны хувьд ямар сэдэвтэй бүтээлүүдээ олон орны үзэгчдэд дэлгэн сонирхуулсан бэ? 
-“Монголын үнэн” сонины уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Мөн уран бүтээлч бидний оролцсон олон улсын урлагийн наадмыг онцлон ярилцахаар урьсанд баярлалаа. “Gwongju art fair-23” наадмыг 14 дэх удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд МУЭ-ийн шагналт зураач Д.Батмөнх, МУЭ-ийн гишүүн зураач, “Хаан” галерейн куратор Ц.Солонго болон миний бие оролцож, уран бүтээлүүдээ хүргэлээ. Сlaidescope чиглэлээр сүүлийн нэг жилийн хугацаанд хийсэн өнгийн зохиомжит ажлуудаараа энэ удаагийн наадамд оролцсон. Монголын дүрслэх урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй авьяаслаг уран бүтээлчидтэй хамтран олон улсын урлагийн наадамд оролцсондоо сэтгэгдэл маш өндөр байгаа. Бидний оролцсон урлагийн наадамд БНСУ-ын 103, гадаадын 11 галерей, 13 тусгай үзэсгэлэн гээд нийт 600 гаруй уран бүтээлчийн 5000 орчим бүтээлийг дэлгэлээ. Наадамд “Монгол” арт галерей тусгай урилгаар оролцсон бөгөөд манай павильонд гурван уран бүтээлчийн 30-аад бүтээлийг тавьсан юм.  

 -Уран зураг цуглуулагчид болон мэргэжлийн урлагийн мастерууд чуулсан орчноос дүрслэх урлагт гарч байгаа шинэ ололт, амжилтын талаар сонсож мэдэрсэн нь дамжиггүй. Тэдгээрээс манай уншигчидтай хуваалцахгүй юу?-Энэ удаагийн үзэсгэлэнгийн үеэр уран зураг цуглуулагч болон сонирхогчид нэгэн дор чуулснаас гадна мэргэжлийн жинхэнэ уран бүтээлийг худалдан авах, уран бүтээлчидтэй танилцах, урлагийн талаарх сонирхолтой яриа өрнүүлсэн зэргээрээ ач холбогдолтой үйл явдал боллоо. Уран бүтээл гэж юу болох талаар олон нийтэд таниулан ойлгуулах нь тэдний урлагийн боловсролд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт, улс орны бодлого гэж харсан. Ер нь бүхлээр нь харахад улс орны хөгжил дэвшил нь нийгмийн гоо зүйн боловсрол хэрхэн олж авснаас шууд хамааралтай гэж дүгнэж болохоор байсан юм. Техник технологи үсрэнгүй хөгжиж байгаа энэ цаг үед дүрслэх урлагийн салбарт ч гэсэн бүтээл туурвил маш хурдтайгаар хувиран өөрчлөгдөж байна. 

-Олон улсын үзэсгэлэнд дэлхийн шилдгүүдээс хэн хэн ирсэн байв. Ямар бүтээл нь танд гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн бэ?-БНСУ-ын нэрт зураач, хөрөг зургийн мастер Рю Ёнг До-гийн “Love in moonlight” уран бүтээл миний сэтгэлийг үнэхээр их татсан. Тэр хүнтэй танилцсандаа маш их баяртай байна. Түүний уран бүтээлүүд голчлон эмэгтэй хүний гоо сайхан, төгс бие галбир, сэтгэл хөдлөл, биеийн хөдөлгөөн хэлэмжийг орчин үеийн хийсвэр сэтгэлгээний уран зурагтай хослуулан зангидаж өөрийн  арга барилаар бүтээлээ туурвидаг нь үнэхээр гайхалтай санагдсан.

-Монгол Улсаа төлөөлөн оролцсон уран бүтээлчдийн бүтээлийг хүмүүс хэрхэн хүлээн авсан бол?-Маш сайхан хүлээж авсан. “Монгол” арт галерей гэсэн нэртэй павильоныг цаг гарган хайж ирээд халуун дотноор мэндчилж байсан олон сайхан хүнтэй танилцсан шүү. Мэдээж манай павильоны голлох уран бүтээлч бол МУЭ-ийн шагналт зураач Д.Батмөнх юм.Түүний морьдын цуврал зохиомжит ажлууд үзэгчдийн анхаарлыг их татсан. Яалт ч үгүй дүрслэх урлагийн сургуульд олон жил багшилсан, тасралтгүй уран бүтээлээ хийсээр ирсэн үнэхээр авьяастай мундаг хүн шүү дээ. Гадаад дотоодод олон ч удаа үзэсгэлэнд оролцож амжилт гаргасан, салбартаа нэртэй сайн зураач юм.

-Энэ удаагийн үзэсгэлэнгийн хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж олдов уу?-“Монгол” арт галерей нь Монголдоо мэргэжлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг  байгууллага гэдэг утгаараа мэдээж хэрэг албан ёсоор гадаад дотоодын олон галерейтай холбоо тогтоож хамтын ажиллагаа хийх болсонд уран бүтээлчийн хувьд болон урлаг судлаачийн хувьд үнэхээр их баяртай байна. Тэдгээрээс онцлон дурдвал Өмнөд Солонгос, Япон, Сингапур болон БНХАУ-ын Тайванд хүлээн зөвшөөрөгдсөн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг олон газартай харилцаа холбоо тогтоож, цаашид хэрхэн хамтран ажиллах, уран бүтээлчдийн харилцан туршлага солилцох арт аялал, улс орны хоорондын соёлын солилцоо зэрэгт маш өндөр ач холбогдол өгч хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаа нь энэхүү үзэсгэлэнгийн хамгийн чухал ололт нь гэж харж байна. 

-Уран бүтээлчийн хувьд ямар олз омогтой байсан бэ?-Маш их туршлага хуримтлуулсан, уран бүтээлчидтэй холбоо тогтоосон,  бүтээлийн судалгаа хийсэн зэрэг үр өгөөжтэй сайхан үзэсгэлэн боллоо.

-Хийхээр зорьж байгаа бүтээлийнхээ талаар сонирхуулж болох уу?-Уран бүтээлчийн хувьд мэдээж хэрэг ур чадвараа хөгжүүлнэ. Гэхдээ яг тийм бүтээлийг тэгж хийнэ гэж хэлэх боломжгүй юм. Тухайн үеийн сэтгэл хөдлөл, мэдрэмж зэргээс хамаарч бүтээл ямар байх нь тодорхой болдог. Би сүүлийн найман жил монгол банхрын судалгаа хийсэн. Энэ судалгаандаа үндэслэн монгол банхрын гөлгийг сэдэв болгон дагнан зурж байна. Бас өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас Япон улсад амьдарч байгаа нь надад арай өөр мэдрэмжийг төрүүлсэн юм болов уу. Энд ирсэн анхны сэтгэгдэл, олж харсан өнцгөөс шалтгаалж арай өөр сэдэв, чиглэлээр бүтээлээ хийж эхэлсэн. Арай илүү тод өнгө, чөлөөт дүрслэл гээд үнэхээр өөр мэдрэмжийг авсан.


Б.Сийлэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №036/24567/


0
angry
2
care
0
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 1 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 4 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 4 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 4 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 4 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 4 цагийн өмнө
SDY Calling you... 5 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 5 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 5 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 5 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 5 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22