“Нээлттэй Хөвсгөл 2023” өдөрлөг Сүхбаатарын талбайд өнөөдөр нээлтээ хийлээ. Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл хамтран “Нээлттэй Хөвсгөл 2023” арга хэмжээг Улаанбаатар хотноо энэ сарын 6,7–ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Өдөрлөгийг нээж Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав “Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа-2050”, Шинэ сэргэлтийн бодлого дахь Хөдөөгийн сэргэлтийг хэрэгжүүлэх хүрээнд Хөвсгөл аймгийн Нутгийн зөвлөлтэйгээ хамтарч “Нээлттэй Хөвсгөл 2023” арга хэмжээг зохион байгуулж байна.
Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан 2023 оныг “Хөвсгөлд зочлох жил” болгон зарлаж, олон эвент арга хэмжээг бид нутагтаа зохион байгуулсан. “Мөсний баяр”, “Цаа, цасны баяр”, “Сарлагийн баяр”, “Алунгоо эхийн сургаалийн баяр”, “Монгол бөхийн баяр”, “Тэсийн голын нүүдэлчид” гээд өв соёлын наадам зохион байгуулсны үр дүнд 120 гаруй мянган дотоод, гадаадын аялагчид жуулчид Хөвсгөл аймагт маань зочилж, аяллаа.
Энэ өдрүүдэд Хөвсгөлчүүд бид нийслэлчүүд та бүхэнд өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ сурталчлан таниулахаар хүрэлцэн ирлээ. Сум бүр өөрийн үйлдвэрлэдэг жижиг, дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, малчин түмний маань үйлдвэрлэдэг цагаан идээ, бусад гар урлалаа та бүхэнд танилцуулж байна. Маргааш Улаанбаатар зочид буудалд “Хөвсгөлийн ирээдүй” хэлэлцүүлэг болно. Хөвсгөл аймаг хэрхэн хөгжиж байгаа, эдийн засгийн ямар үзүүлэлттэй байна, цаашид ямар чиглэлээр хөгжих талаараа энэ хэлэлцүүлгээр тодорхой ярина.
Хөвсгүүлчүүд бид зургаан ястан, зургаан хошуу малтай, улсдаа хөдөө аж ахуйн салбарт тэргүүлж ирсэн аймаг. Цаашдаа ч хөдөө аж ахуйн салбар Хөвсгөл аймгийн эдийн засгийн гол тулгуур байх болно” хэмээн хэлсэн үгэндээ онцлов.
Дараагаар нь “Нээлттэй Хөвсгөл 2023” арга хэмжээг санаачлан зохион байгуулагч, Хөвсгөл аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Ц.Цэцэнзориг “Улаанбаатар хотод Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, 24 сумтайгаа хүрэлцэн ирсэн байна. Хөвсгөл аймаг аялал жуулчлалын салбарт тулгуур төв болон үйл ажиллагаа тэлж байгаа. Энэ цаг үед бид хамтран ажиллаж байж аливаа салбар, бизнесийг хөгжүүлнэ гэдэг зорилготой. Бид өөрсдийгөө таниулахаас гадна хамтран ажиллаж, хөрөнгө оруулалт татах юм.
Хамгийн цэвэр органик хүнс бидэнд байдаг. Энэ онцлогоороо бид улсдаа төдийгүй дэлхийд гайхагдсан бараа бүтээгдэхүүн экспортлох зорилготой. Энэ зорилгоо хэрэгжүүлэхэд шинэ технологи, инновац хэрэгтэй. Тиймээс бид Улаанбаатарчуудтайгаа, монголчуудтайгаа мэдээллээ солилцсноор хөгжилд хүрнэ” хэмээв.
Ийнхүү Сүхбаатарын талбайд “Нээлттэй Хөвсгөл 2023” өдөрлөг үргэлжилж байна. Хоёр өдөр үргэлжлэх энэ арга хэмжээний үеэр
“Нээлттэй Хөвсгөл”-д ирснээр та Хөвсгөл аймгийн онцлогтой танилцаж, урлаг соёлын үзүүлбэр үзэж, Хөвсгөлийн брэнд бүтээгдэхүүн, хүнс, хоолыг амтлах, худалдан авах боломжтой.
Хөвсгөл нутагт ажиллаж амьдрах бүх талын дэмжлэг, боломжийг танилцуулах, аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, бизнес эрхлэгчид, малчид тариаланчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг орон даяар таниулан сурталчлах, борлуулах, бизнесийн түншлэлийг тогтоох, шинэ инновац туршлага судлах, дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэл, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэж байна.
Өдөрлөгт Хөвсгөл аймгийн 21 сумын 200-аад иргэн, аж ахуйн нэгж 250 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр оролцож байна.
Н.Энхлэн
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна