Г.Энх-Амар: Чингис хааны бага насны тухай дэлхийд өрсөлдөхүйц кино бүтээнэ


“Чингис хааны алтан аргамжийн бодлого, их Монгол Улсын гадаад харилцаа” сэдвээр 2016 онд буюу 28 насандаа докторын зэрэг хамгаалж, улмаар шинжлэх ухааны салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөрөө өндрөөр үнэлүүлж,  2022 онд профессор цол хүртсэн “Мэргэн сайд” төрийн бус байгууллагын тэргүүн, “Монголын нууц товчоо” судлаач,түүхийн ухааны доктор, профессор Г.Энх-Амартай ярилцлаа.

 

-Таны тухай анх сонсоод ахмад хүнээр төсөөлж байлаа. Залуу эрдэмтэн судлаачдын төлөөлөлтэй уулзан ярилцаж буйдаа олзуурхаж байна. Та саяхан БНХАУ-ын “Чингис хаан” киноны гол дүрийн болон бусад жүжигчин, уран бүтээлчийг урьж, хамтран ажиллах тухай санал солилцсон юм билээ. Хамтын ажиллагааны яриа хэлэлцээр бүтэмжтэй юү?

-Бүтэмжтэй. Бид Монгол Улс болон БНХАУ-ын хамтын ажиллагааг хөгжүүлж, өргөжүүлэх хүрээнд кино урлагийн салбарт хамтарч ажиллах зорилгоор нэр бүхий жүжигчин, уран бүтээлчдийг эх орондоо урьсан. Зочдын бүрэлдэхүүнд улсынхаа төдийгүй дэлхийн кино урлагийн салбарт танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн “Чингис хаан” олон ангит киноны ерөнхий найруулагч Ван Вэнжи, гол дүрийн жүжигчин Б.Баасанжав зэрэг нэр нөлөө бүхий хүмүүс багтсан. Олон улсын жишигт нийцсэн кино бүтээхийн тулд бид технологийн хөгжлөөрөө тэргүүлж буй улс орны чадвар, туршлагатай уран бүтээлчидтэй хамтарч ажилладаг байх хэрэгтэй. Тиймээс харилцан туршлага солилцох, хамтарч ажиллах тухай ярилцах, Монгол орноороо аялуулах төлөвлөгөөний дагуу зочид маань өнгөрсөн наймдугаар сарын 30-нд Монголд ирээд 14 хоноод буцсан. Ингэхдээ Соёлын яамны дэргэдэх Монголын Үндэсний кино урлагийн зөвлөлийнхөнтэй хамтарч ажиллах санал солилцсон. Талууд хоёр улсынхаа найрамдал, хамтын ажиллагааг дээдэлж, хуулийн хүрээнд хамтарч ажиллах хүсэл сонирхолтой буйгаа илэрхийлсэн.

-Та бүхэн ямар уран бүтээлээр хамтарч ажиллахаар болсон бэ?

-Бид хоёр орны харилцаанд эерэг нөлөө үзүүлэхэд анхаарч ажиллана. Амьтны тухай кино дэлхий дахинаа сэтгэл их уяраадаг шүү дээ. Тухайлбал, “Хачикогийн түүх”, “Дайны морь” зэрэг киног санаж байгаа байх. Түүнтэй адил бид хамтарч, нүүдэлчин амьдралд амьтан ямар үүрэгтэй вэ, Монгол хүүхэд, нохой, бүргэдийн тухай киноны зохиолууд бэлэн болсон. Ер нь болж өгвөл олон кино хийх тухай ярилцсан. Монгол оронд соёлын сэргэлтийн хүрээнд гадаад орны кино уран бүтээлчидтэй хамтран ажиллахад манай хууль тогтоомж эерэг нөлөө үзүүлсэн. Бидний том зорилго бол Чингис хаан Тэмүжиний бага, идэрхэн насны амьдралыг харуулахаар нэг ангит түүхэн,  дэлхийн хэмжээний уран сайхны кино бүтээхээр зорьж байна. Өөрөөр хэлбэл, Тэмүжинг Чингис хаанд өргөмжлөх хүртэлх хугацааны амьдралыг харуулна. Ингэхдээ Монгол Улс болон БНХАУ-ын жүжигчин, уран бүтээлчидтэй хамтарч ажиллах юм. Тухайлбал, Чингис хаан 30 ангит киноны ерөнхий найруулагч буюу Хятад улсын шилдэг арван найруулагчийн нэгээр гурван удаа шалгарсан, туршлагатай найруулагч Ван Вэнжи зөвлөхөөр, мөн та бүхний сайн мэдэх Бэлгүтэйн дүрд тоглосон Үржилт ах маань Хятад талын найруулагчаар ажиллахаар болсон. Энэ хүн Сергей Бодровын “Монгол” болон бусад олон кинонд жүжигчин найруулагчаар ажилласан. Монгол талаас Япон, Монголын хамтран бүтээсэн “Чингис хаан” киноны найруулагчаар ажиллаж байсан Ч.Батбаяр, ахмад туршлагатай найруулагч зэрэг чадвар туршлагатай хүмүүс кино багийн бүрэлдэхүүнд багтаж байгаа. Монголын 32 түүхч, эрдэмтэн судлаач, гадаадын арав орчим эрдэмтэн зөвлөхөөр ажиллана.  

-Чингис хааны тухай кинонуудад түүний бага насных нь талаар гардаг. Тэдгээрээс ямар онцлог, сонирхолтой агуулгатай байх вэ?

-Монгол болон олон улсад Чингис хааны тухай уран сайхны 18 кино бүтээсэн байдаг. Тэдгээр кинонд ихэвчлэн бага насны амьдралыг цухас дурдаад хаанд өргөмжлөгдсөн үеэс эхэлж үзүүлдэг. Жишээлбэл, манай Монголчуудын бүтээсэн “Мөнх тэнгэрийн хүчин дор” кино Тэмүжиний Чингис хаанд өргөмжлөгдсөн үеэс хойших амьдралын хэсгээс эхэлдэг. Тухайн кинонд бага насных нь талаар огт өгүүлдэггүй. Харин бусад улс орны хувьд Тэмүжиний бага насны тухай тодорхой бус ерөнхийд нь товчхон дүрсэлж харуулдаг. Ингэхдээ бага насандаа өнчирч, зовлон үзэж улмаар эцэст нь хаан болж буй байдлаар дүрсэлдэг. Тиймээс бид хамтарч, Тэмүжиний бага, идэр насыг бүх талаас нь бодитоор харуулсан бүрэн хэмжээний кино хийхээр төлөвлөөд байна.

-Тухайн киногоор Чингис хаан Тэмүжиний бага насны тухай юуг нь илүү тодотгон харуулж, ойлгуулахыг зорьж байна вэ?

-”Монголын нууц товчоо”-нд Тэмүүжиний сайн, муу тал, алдаа, оноо, амжилт бүтээлийг ямар нэгэн нэмэлт хачиргүйгээр үнэн бодитоор нь бичсэн байдаг. Үүнд үндэслэхийн зэрэгцээ монгол судалгаанд тулгуурлаж, жинхэнэ монгол ахуйг харуулахыг зорьж байгаа. Тэмүжин алтан ургийн хүүхэд байсан учраас бага наснаасаа бичиг үсэг, төр удирдах соёл, удирдагч хүнд байх ёстой ёс суртахуунд суралцдаг байсан. Энэ мэтчилэн хувь хүнийх нь гайхамшигт, давуу зан чанарыг тодотгон харуулна. Тухайлбал, “Монголын нууц товчоо”-нд бичсэнээр Тайчуудаас Тэмүжин зугтаж, Тэргүүн өндөр гэдэг ууланд хоол, ундгүй ес хоносон, олон цагаар хүйтэн усанд хэвтэж буй тэр их тэсвэр тэвчээр, найман шарга морио алдаад богино хугацаанд олж авч буй монгол арга ухаан зэрэг гайхамшигт шинж чанарыг нь тодотгон дүрсэлнэ. Тэмүжиний бага, идэр насаар төлөөлүүлэн монгол хүний гайхамшигт чанар, сэтгэхүй, нүүдэлчин ард түмэн хүүхэд ахуй цагаас хэрхэн өсөж торнин ирээдүйд дэлхийд өрсөлдөх хүн болдгийг харуулах, мөн бидний өвөг дээдэс ямар нөхцөлд хэрхэн амьдарч, саад бэрхшээлийг яаж даван туулж, амжилтад хүрч байсан бэ гэдгийг хүүхэд, залуучуудад ойлгуулж, үлгэр дуурайл авахуйц байдлаар киногоо бүтээх нь бидний нэг зорилго. Кино урлаг бол үзүүлэх урлаг тул хүүхэд залуусыг хүмүүжүүлэхэд ч ач тустай байхаар төлөвлөж байна.

-Кино бүтээх явц аль шатандаа явж байна вэ?

-Эхлэлийн шатандаа явж байна.Одоогоор зохиол маань 70-80 хувьтай явж байгаа. Бид саяхан зураг авалтын газруудыг сонгох, хөдөө орон нутагтай танилцах аялал хийсэн нь судалгаанд суурь болж байна. Мөн бид өмнө нь “Монголын нууц товчоо”, Чингис хаан судлаач Монгол Улсын 32, гадаадын арван эрдэмтэн, судлаач хамтарч хувь хүн талаас нь харуулсан “Чингис хааны ертөнц” гэдэг баримтат кино хийсэн. Одоогоор үзэгчдийн хүртээл болгоогүй байна. Энэхүү кино маань Чингис хааны бага, идэр насыг өгүүлсэн кино бүтээхэд томоохон суурь болох юм.

-Ярилцлага эхлэхээс өмнө надад үзүүлсэн “Монголын нууц товчоо”-нд дурдагдсан газар нутгийг олж тогтоон зурагжуулсан цомгийнхаа тухай уншигчдад сонирхуулна уу?

-”Монголын нууц товчоо” судлал манай улсад нэлээд хожуу эхэлсэн байдаг. Богд хаант Монгол Улсын үед буюу 1917 онд Баргын гүн Цэнд гэдэг хүн “Монголын нууц товчоо”-г хамгийн анх хуучин монгол бичгээс хөрвүүлж байсан түүхтэй. Гэхдээ энэ хувилбар хүмүүст хүрээгүй юм билээ. Харин 1947 оноос Ц.Дамдинсүрэн гуай монгол хэлнээ хөрвүүлж, иргэд, олон нийтэд хүргэх ажлыг анх хийж байсан. Ингэхдээ түүхт газар нутаг, хүний нэр, он, сар, өдрийг тогтоох тухайд нэлээд сайн ажилласан байдаг. Үүний дараа Шинжлэх ухааны хүрээлэнгийн даалгавраар 1950-аад оноос судлаач Х.Пэрлэй гуай “Монголын нууц товчоо”-нд гарч буй газар нутгийг судлах ажлыг эхлүүлж, улмаар 1958 болон 1962 онд үүнтэй холбоотой ном товхимол гаргаж байсан удаатай. Түүнчлэн 1968 онд О.Сүхбаатар судлаач энэхүү судалгааг үргэлжлүүлж, засаж сайжруулах ажлыг хийж гүйцэтгэсэн байдаг. Тиймээс манай холбоо анх санаачлан 2020 оноос эхэлж О.Сүхбаатар судлаачтай хамтарч кино зураг авалт хийж эхэлсэн. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын ги­шүүн Ц.Сандаг-Очир, Соёлын сайд Ч.Номин болон тухайн яам­ны­хан, мөн нийслэлийн Засаг дар­гын тамгын газар, Чингис хааны өв соёлын хүрээлэнтэй хам­тарч ажиллан “Монголын нууц тов­чоо”-нд дурдагдаж буй 110 орчим газар нутгаас 96 газрыг тогтоон зурагжуулж цомог болгосон. Мөн эдгээр газар нутгийн тухай өгүүлэх 24 ангитай баримтат кино бүтээх ёстойгоос эхний ээлжид 46-г нь багтаасан 20-28 минутын хугацаатай 12 анги кино хийж, энэ оны улсын баяр наадмын үеэр МҮОНРТ-ээр дамжуулан үзэгчдийн хүртээл болгосон.

-”Монголын нууц товчоо”-нд дур­дагдаж буй 110 орчим газрыг яа­гаад бүгдийг нь зургийн цомог­тоо багтаагаагүй юм бэ. Ямар шалт­гаан, үндэслэлээр тухайн  96 газар нутгийг сонгох болов?

-”Монголын нууц товчоо”-нд нийт 220 орчим газар нутаг, хот суурин газрын нэр ус  гардаг. Үүнээс 110 орчим нь манай Монгол Улсын нутаг дэвсгэрт байдаг. Эдгээрийг бүгдийг нь олж тогтоон, зурагжуулахад нэгдүгээрт, хөрөнгө санхүүгийн асуудал бий. Хоёдугаарт, Судалгаа эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэмтэн судлаачдын хувьд маргаантай зүйл байдаг юм билээ.Тиймээс эхний ээлжид албан ёсоор баталгаажсан газар нутгийг тогтоож, зурагжуулсан.

-Түрүүнд дурдсан түүхэн, ба­рим­тат кинонуудыг бүтээхэд та ямар үүрэгтэй оролцсон бэ?

-Түрүүн хэлсэн 12 ангит болон “Чингис хааны ертөнц” киноны ерөнхий найруулагчаар ажилласан. Түүнчлэн Засагт хан аймгийн Дархан Бэйлийн хошууны захирагч Маньбазар гүний тухай үнэн түүх өгүүлсэн баримтат кинонд зохиолч, мөн ерөнхий найруулагчаар ажил­ласан.

-Чингис хаан ямар хүн байсан тухайд улс орон, судлаач болгон янз бүрээр тодорхойлдог. “Мон­голын нууц товчоо”, Чингис хаан судлаачийн хувьд та энэ хүнийг хэрхэн тодорхойлж байгаа нь сонирхолтой санагдаж байна?

-Миний хувьд Чингис хаан бол дэлхийд энх тайвныг тогтоосон хүн. Монголын нууц товчоонд: 

"Одтой тэнгэр орчиж

Олон улс байлдаж

Орондоо унтах завгүй

Олзлон булаалдаж байв.

Хөрст дэлхий хөрвөж

Хөвчин улс хямралдаж

Хөнжилдөө унтах завгүй

Хөнөөлдөн тэмцэж байв” гэж өгүүлсэн байдаг. Энэ нь дэлхийн бүх улс орон хоорондоо дайн байлдаан, үймээн самуунтай байсныг илтгэж байгаа юм. Тэгээд дундад зуун буюу Монголын эзэнт гүрний байлдан дагуулалтын үеэс Монголд төдийгүй дэлхий нийтэд их амар амгалан оршин тогтносон байдаг.  Чингис хаан Их Монгол Улсаа байгуулж, улмаар улс үндэстнээ хамгаалахын тулд мөн худалдаа, эдийн засгийн хоригийг цуцлах зорилгоор дайн байлдаан хийж байсан. Ингэхэд тухайн улс үндэстэн дотроо хэд хэд хуваагдсан нөхцөл байдалтай байдаг байж. Тийм үед Чингис хаан байлдан дагуулж, улмаар татварыг маш бага хэмжээгээр тогтоохоос гадна ажиллаж амьдрах хамгийн тайван, таатай нөхцөлийг бүрдүүлдэг байсан юм билээ. Тухайлбал, Монгол Венецийн худалдааны гэрээ. Энэхүү гэрээнд Венец хүн Монголын эзэнт гүрний дотор худалдаа арилжаа чөлөөтэй хийж болно. жинчин, худалдаачид нэг л төрлийн татвар төлөх, тэд дээрэм, хулгайд өртсөн тохиолдолд Монголын тал хариуцлага хүлээх гэх мэт урьд хожид гараагүй таа­тай зүйлийг тусгасан байдаг. Ер нь Монгол Улс бүх улс оронтой ийм л зарчмаар харилцаа холбоо тогтоож ажилладаг байсан. Тэмү­жин найман шарга морио алдаж, 15 хоног эрсдэл дунд явж байж олж авсан түүх бий. Үүнээс үүдэн Чингис хаан хулгайг жигшиж, хулгай хийсэн хүний хөрөнгийг хурааж, ар гэр, ах дүү, хамаатан саднаар нь цаазалдаг хатуу хууль хэрэгжүүлдэг байсан. Ингэж их Монгол Улс төдийгүй дэлхий нийтэд хулгай, дээрэм гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн. Мөн шашин шүтэх эсэх нь хүний эрх гэдгийг хүлээн зөв­шөөрүүлж, хилийн хориггүй бол­гож, хүн хүссэн газартаа суурь­­шиж, амар тайван амьдрах нөхцө­лийг бүрдүүлсэн. Энэ мэт монгол арга ухаанаар их амар амгаланг бий болгосон дэлхийн хүн гэж би тодорхойлдог.

-Та цаашдын зорилго, зорил­тоосоо хуваалцаач?

-Би ерөнхий боловсролын сургуулийн сурагч байх үедээ буюу 2004 онд “Чингис хааны эдийн засгийн бодлого”, “Огторгуйн есөн онол” зэрэг судалгаа бүтээл хийж байсан. Ерөнхийдөө би 16 настайгаасаа хойш 20 орчим жил “Монголын нууц товчоо”-г уншиж, судалж өнөөг хүрлээ. Энэ хугацаанд “Монголын нууц товчоо”-нд 840 тайлбартай “Нуман түлхүүр”, 1056 тайлбартай “Нуман түлхүүр-2” ном хэвлүүлсэн. Одоо 1500 тайлбартай “Нуман түлхүүр-3” номоо хэвлүүлэхээр бэлтгэж байна. Цаашид хоёр төрлийн кино бүтээхийг зорьж байгаа.

Нэгдүгээрт, миний төрж, өссөн Улаанбаатар хотын Налайх дүүргийн ойролцоо Түрэг улсын гурван хааны зөвлөх сайд, цэргийн жанжин, мэргэн сайд Тоньюкукийн хөшөө байдаг. Тэр аугаа их хүний тухай уран сайхны кино хийх зорилготой. Манай байгууллагын нэр энэ аугаа их хүний цолоор нэрлэгдсэн юм. Хоёрдугаарт, их Монгол Улсыг байгуулж, Тэмүжинг “Чингис” хаанаар өргөмжлөх эхлэлийг тавьж, хамгийн их дэмжсэн хүн бол Хэрэйдийн Тоорил хан. Энэ хүний гавьяаг бид санан дурсах учиртай тул Монгол Казахстаны хамтын ажиллагааны хүрээнд “Хэрэйдийн Тоорил хан” гэдэг нэртэй уран сайхны кино бүтээх төлөвлөгөөтэй явдаг даа.


С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №037/24568/


0
angry
0
care
0
haha
8
liked
5
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 1 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 4 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 4 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 4 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 4 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 4 цагийн өмнө
SDY Calling you... 4 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 5 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 5 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 5 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 5 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22