Монголын урчуудын эвлэлийн хорооны гишүүн, сийлбэрч-зураач Б.Гонгортой ярилцлаа. Дүрслэх урлагийн дээд сургуулийг төгссөн тэрбээр дипломын ажлаасаа эхлэн олны анхаарлыг татаж “Тайлбаргүй” бүтээлээрээ дэд байрын шагнал хүртсэн нэгэн. Сүүлийн жилүүдэд хийсэн түүний бүтээлүүдээс хэрхэн ур чадвараа ахиулж буй нь харагдах бөгөөд 2017 онд Азийн соёлын өвийн Занабазар академийн шагнал “Эрдэнийн Бэх-Очир” одонгоор шагнуулсан тоотой хэдэн уран бүтээлчийн нэг билээ.
-Модон сийлбэрээр эхэлсэн таны бүтээл цаг хугацааны явцад шинэчлэгдэн өөрчлөгдөж сэдвийн хувьд ч баялаг болжээ. Одоогийн бүтээл хийж байгаа арга барилаа хэдийд олсон бэ?
-Өөрийгөө, уран бүтээл хийх арга барилаа олсон гэж хэлэхэд хэцүү юм. Би сэдэвт баригддаггүй сийлбэрч л дээ. Хиймээр санагдсан юмаа барьж аваад хийчихдэг. Өөрөөр хэлбэл, яг тухайн цаг үеийн сэтгэл хөдлөлөөс хамаарч бүтээлүүд маань төрдөг гэж ойлгоход болно. Уран бүтээлийн санаа сэдлээ ч гэсэн янз янзын байдлаар олдог. Ширээн дээр байгаа энгийн нэг аягыг хараад ч зарим тохиолдолд бүтээлийн санаа орж ирдэг. Эсрэгээрээ хэдэн долоо хоног юу ч хийхгүй явах ч тохиолдол надад бий. Гэхдээ мэдээж зарим талаараа онцлогтой. Хүн бүр өнгө, гэрэл сүүдрийг адилхан хардаг. Харин уран бүтээлч хүн гурван хэмжээст дүрс, орон зайг илүү мэдэрдэг. Байнга эрэл хайгуул хийдгээрээ бид бусдаас ялгарах байх.
-Таны бүтээлийг анхлан харахад хэт хуваалттай, хэтрүүлэгтэй санагдсан. Өөрийн эрхгүй сонирхол татаж байгаа учраас яагаад гэж асуумаар байна. Жишээ нь, одоо хийж байгаа хүннүгийн үеийн домгийн гөрөөсийг яаж төсөөлөөд ингэж дүрслэв?
-Уран бүтээлчид андахгүй. Хүннүгийн үеийн булшнаас олдсон металл дээр хөөмөлдөөд, товойлгож хийсэн ганц эвэрт гөрөөсний дүрслэл байдаг. Түүнийг би 3D болгож хийж үзмээр санагдсан юм. Бодитоор харсан биш, яг л миний төсөөлөл. Энэ ажлаа ямархуу бүтээл болохыг хэлж мэдэхгүй. Би уран бүтээлч хүн байнга эрэл хайгуул, судалгаа хийж байж хөгжинө гэж боддог.
-Урланг ажиглахад таны маш их судалгаа хийж, ном уншдагийг мэдэж болохоор байна. Ямар төрлийн ном уншдаг вэ?
-Би түүх, угсаатны чиглэлийн ном их уншдаг. Яагаад гэвэл XIII зууны баатрыг дүрслэх гэж байгаа мөртлөө Сүхбаатарын үеийн эмээлтэй байж болохгүй. Тиймээс угсаатны зүй, монгол соёл ахуй, зан заншлаа судлах шаардлагатай болдог. Тэр дундаа угсаатны зүй тал руугаа л их судалгаа хийдэг дээ. Сайн судалгаатай бүтээл хийхгүй бол хүмүүс намайг шоолно. Бүтээл үнэн, бодитой байх ёстой. Ер нь сайн бүтээл хийе гэж бодож байгаа бол судалгааг маш өндөр түвшинд хийж байж бүтээл маань илүү сайн болно.
-Хүнээс гадна ан амьтан, араатан жигүүртний биеийн онцлогийг нарийн дүрсэлжээ. Ийм “амьд” бүтээл хийхийн тулд хүн амьтны анатомийг их судалдаг уу?
-Анатомийг дээд сургуульд байхдаа судалж байсан. Ясных нь бүтцээс эхлээд арьс, мах, булчин, шөрмөсийг нэг бүрчлэн судалж, зун дадлагаар явахдаа зурдаг байсан юм. Тэр нь одоо надад бүтээл хийхэд хэрэг болж өмнө нь судалсан мэдлэгтээ тулгуурлан аливаа зүйлийг “эвдэж”, өөрчилж ажилладаг. Залуучуудыг харахад анатомио сайн судлаагүй мөртлөө шууд л хийсвэр бүтээл рүү ороод байна. Гэтэл анатомио сайн мэдэхгүй учраас задаргаа нь бодит биш харагддаг. Анатоми сайн судлахгүйгээр хэтрүүлэгтэй хийнэ гэж хэзээ ч байхгүй. Тиймээс уран бүтээлч хүнийг судлаач гэж хэлдэг байх.
-Одоо та баримлаар дагнан уран бүтээлээ хийж байна. Арга барилаа ингэж өөрчлөх болсон шалтгааныг асууж болох уу?
-Би сийлбэрийн ангийг төгссөн ч модоор бүтээл хийхэд надад хүндрэлтэй байсан. Хүч техник орно, хүнд том моднуудыг өргөхөд нуруунд ачаалал өгнө. Энэ мэт зүйлээс шалтгаалан хоёр, гурван жил өвдөөд бүтээлээ хийж чадаагүй. Тиймээс цаашид хэрхэн уран бүтээл хийх тухай бодож байгаад баримал, холимог техникийн чиглэл рүү орсон. Гэхдээ би барималчид шиг баримлын шавар эсвэл байгалийн шавраар хэвээ авах байдлаар бүтээл хийдэггүй. Шууд шавж, түүн дээрээ сийлбэрийнхээ давуу талыг гаргаж хатахаас нь өмнө зордог онцлогтой. Товчхондоо нарийн багаж хэрэгсэл ашиглан цаг хугацаатай уралдаж бүтээлээ хийдэг гэсэн үг. Хэв авдаггүй болохоор миний бүтээлүүд цор ганцхан хувь гардаг.
-Бүтээлдээ дургүй уран бүтээлч ховор. Гэхдээ тэдгээрээс дурлаж хийсэн нь таны хувьд ямар бүтээл бол?
-“Хүлээлт” юм уу... Хүүгээ хүлээж байгаа эмээг дүрсэлсэн бүтээл байгаа. Тэр сийлбэртээ маш их сэтгэлээ шингээж хийсэн. Яагаад гэвэл тухайн үед миний бие өвдсөн байж таарсан. Сийлбэрээ ч их хүч хөдөлмөр гаргаж хийсэн дээ. “Хүлээлт”-ийг хийхэд нэг ч зүлгүүр ороогүй, зорох техникээр хийснээрээ ялгаатай. Хүн өвдөж, ядрахад хүний жинхэнэ зан чанар нь илэрдэг. Намайг өвдөхөд ч миний дэргэд ээжээс маань өөр хүн байгаагүй. Тийм үед хүн их зүйлийн талаар боддог юм билээ. “Ингээд өвдөөд байвал яана аа” гэж их шаналсан. Бас гоё бүтээл хийж ээжийнхээ ачийг хариулах ёстой гэдгээ ухаарсан.
-Таны эрүүл мэндийн талаар асууж болох уу?
-Тодорхой хэмжээнд болно оо. Би төрөхдөө саажилттай төрсөн. Багадаа Өвөрхангай аймгийн Хархорин сумынхаа сургуульд энгийн хүүхдүүдийн адил ерөнхий боловсрол эзэмшсэн. Арван жилийн сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод ирж Дүрслэх урлагийн дээд сургуульд орох гэсэн ч элсэлтээс нь хоцорсон. Тэгсэн ч өөр сургуульд оролгүй нэг жил хүлээж байгаад хүссэн сургуульдаа элссэн дээ. Тухайн үед миний биеийн байдлыг хараад “Дандаа иртэй багажтай ажилладаг сийлбэрээр ийм хүүхэд сурч чадах уу” гэдэг асуудал үүссэн. Бүр намайг “Уран зургийн ангид ор” гэсэн шүү. Гэхдээ би чадна гэж гүрийсээр байгаад Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цогбаяр багшийнхаа ангид элссэн. Ёстой багшаасаа гуйсаар байгаад л орсон доо.
-Багш хатуу үедээ хатуу, зөөлөн үедээ зөөлөн биз?
-Тэгэлгүй яах вэ. “Чи чадахгүй” гээд загнуулна, үглүүлнэ. Гэхдээ би бууж өгөөгүй. Яагаад гэвэл, сийлбэрч болох ганцхан миний хүсэл биш. Намайг энэ хорвоод төрүүлж өсгөсөн ээжийн минь мөрөөдөл. Хүүгээ уран бүтээлч болгох бодлыг нь гүйцэлдүүлэхийн тулд их хичээсэн. Үр дүнд нь бусад хүүхдүүд шиг сураад мэргэжлийн дипломоо ч авсан. Биеийн байдлаас шалтгаалан уран бүтээл хийх эхэн үед гар чичрэх, хөдлөх асуудал тулгарсан. Ихэвчлэн хурц иртэй багажаар ажилладаг болохоор гараа зүснэ. Гуя руугаа иртэй зүйлээр хатгаж, дүрэх бол энүүхэнд шүү дээ. Сийлбэрийн ажилд цахилгаан багажууд их ашиглана. Тэр болгонд шантрах үе байсныг нуухгүй. Сийлбэрч хүн гараа нандигнах ёстой. Гаргүй бол хэчнээн сэтгэн бодох оюун ухаан байгаад юу ч хийж чадахгүй, тэгээд л дуусна. Тиймээс сийлбэрийн ажлаа багасгасан. Манай улсын сийлбэрчид гадаад дотоодын мөс, цасан баримлын томоохон тэмцээнүүдэд оролцдог. Тэд том “Дружба” хөрөөгөөр ажилладаг. Миний хувьд тэр хөрөөг ашиглахад арай л хүч хүрдэггүй. Биеийн байдлаас шалтгаалан тиймэрхүү тал дээр дутмаг зүйл байгаа ч одоо хийж байгаа бүтээлүүдээрээ бусдаас дутахгүй гэж боддог.
-Багаасаа гарын дүйтэй байсан байх нь. Тиймээс ээж нь хүүгээ уран бүтээлч болгохыг хүссэн байх?
-Арван жилийн дэвтрийн эхний хуудсуудад хичээлээ, арын хуудсуудад нь зураг зурдаг хүүхэд байсан. Ер нь байнга л шахуу юм сараачиж явна. Гудамжныхаа хүүхдүүдэд янз янзын тоглоом, буу хийгээд өгдөг. Эсвэл голын эрэг дээр элс, шавраар байшин, ордон хийгээд суудаг хүүхэд байсан. Намайг аравдугаар ангид байхад хөдөлмөрийн багш Жамбалсүрэн маань сийлбэрийн дугуйлан хичээллүүлсэн. Миний анхны багш л даа. Төд удалгүй болмоор юм шиг санагдаад 3D, 4D дүрслэлд маш их дуртай болсон учраас заавал сийлбэрчин болно гэж бодсон. Тэр үед баримлын талаар ерөөсөө бодоогүй. Тийм ч учраас нэг жил хүлээж байгаад Г.Цогбаяр багшийн ангид орсон.
-Сүүлийн үед захиалгаар бүтээл хийж байгаа юм аа даа?
-Тийм ээ. Залуу уран бүтээлчид ар гэрийн амьдрал, урлангийн түрээс, бүтээл хийх материалын зардлаа халтуурын ажил хийж байж л олно. Захиалгын ажил хийхгүй бол амьдрал зогсоно шүү дээ. Хүмүүс “Тийм, ийм юм хийлгүүлье” гээд ирнэ. Үнэ хөлсөн дээрээ тохирох юм бол хийж өгөөд л явуулдаг. Захиалгын ажлыг тухайн захиалагчийн хүссэнээр хийж өгнө. Харин захиалгын бус ажил хийхдээ чөлөөтэй сэтгэж, санаагаа бүрэн дүүрэн гаргаж чаддаг. Би Дүрслэх урлагийн дээд сургуулиа төгссөнийхөө дараа 2011 онд Занабазарын музейд бие даасан анхны үзэсгэлэнгээ гаргаж байсан. Тухайн үед сийлбэрчид нэг их үзэсгэлэн гаргадаггүй байсан болохоор содон, сонирхолтой байсан байж магадгүй юм. Түүнээс хойш 10 гаруй жил уран бүтээлээ хийж байна. Чадвар маань ч нэлээд өслөө. Тиймээс ойрын хоёр жилдээ багтаагаад бие даасан үзэсгэлэнгээ гаргая гэж бодож байгаа. Эскиз, санаануудаа зурж тэмдэглээд явж байна.
-Уран бүтээлчид их шуналтай хүмүүс. Нэг бүтээл хийсний дараа “Ингэдэг байж, тэгдэг байж” гэж үргэлж боддог?
-Тийм үе олон. Өмнө нь хийсэн ажлуудаа байнга голно. Өмнөх орой нь дууссан бүтээлээ дараа өглөө нь харахад засмаар юм харагдаж л байдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам алдаа нь олон болж харагддаг /инээв/. Тэгээд зогсохгүй өөрийгөө голж эхэлдэг. Уг нь алдаанаасаа суралцаад сайжраад байна гэсэн үг л дээ. Олон жилийн өмнө хийсэн бүтээлээ харахаар санаа зовдог гэж хэлж болно. Түүнээс үндэслээд урлагийн шунал үүсдэг байх даа.
-Улсын сан хөмрөгт бүтээлээ өгөх юмсан гэсэн бодол байдаг биз?
-Бодолгүй яах вэ. Улсын сан хөмрөгт хүрэл цутгуурын, эсвэл эко бүтээлүүд авдаг. Холимог техникийн ажлууд гологдох болов уу гэж бодоод би бүтээлээ өгөхгүй яваад байгаа л даа. Ер нь сан хөмрөгт уран бүтээлээ хадгалуулъя гэсэн бодол уран бүтээлч болгонд байдаг. Юм бүхэн цаг хугацаатай. Би дандаа баримал хийхгүй. Модон сийлбэрээ үргэлжлүүлэх бодолтой байгаа. Энэ нь миний эрүүл мэндэд ч тустай. Магадгүй тэр үед нэг зориглоод үзэх байх. Санаж явбал бүтэх байлгүй дээ.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №037/24568/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна