Ж.Ариунжаргал: Би хүссэн замаараа л явж байгаа


Тал нутгийн охиныг ярилцлагын зочноор урилаа. Шинэ үеийн залуучуудын төлөөлөл болж, уран бүтээлдээ шамдан яваа Ж.Ариунжаргалын урлагийн нэр нь Ариу. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноровын отгон охин болж урлагийн гэр бүлд өссөн түүнийг зарим нь аавынхаа нөмөр нөөлөг дор уран бүтээлээ хийж яваа гэх. Гэвч мэдэх нэгэн нь Ариуг хэнээс ч хараат бусаар уран бүтээлээ хийдгийг гадарлана. Өөрийгөө илэрхийлэх жанрыг тэрбээр өнөө хэр нь эрэлхийлж байгаа бөгөөд түүнтэй энэ цаг үеийн бодлоос нь хуваалцахад сонирхолтой байлаа.

      

-Та бие даасан уран бүтээлээ эхлүүлснээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Үзэл бодол нийлсэн урлагийн хүрээлэлд орж, уран бүтээлчийн амьд­ралаар амьдрахад ямар мэд­рэмж төрж байна вэ?

-Аав, ээж маань урлагийн хүн болохоор багаасаа урлагийн хүрээлэлд өссөн. Гэхдээ хэн ч намайг дуучин бол гэж хэлээгүй. Би хүссэн замаараа л явж байна. Бас надад хэн ч энэ замыг засаж өгөөгүй. Бүгдийг эхнээс нь эхлүүлж дуугаа дуулж явна. Хэдхэн жилийн өмнө “Дуучин болно” гэж бодохоор надад гоё санагддаг байсан. Тэр үед би жоохон ч байж. Харин одооноос ямар жанр, ямар байр суурьтайгаар цааш явах вэ гэдэг талаар бодох болсон. Одоогийнх шигээ ямар ч жанраар хамаагүй дуу хийгээд явах юм уу. Тэр дууг хэнд зориулж хийх вэ. Дуугаараа ямар мэссэж хүргэх вэ гэх зэрэг түмэн бодол толгойд эргэлдэж байна. Нэг давуу тал байгаа нь уран бүтээл хийж байгаа над шиг залуучууд олширч, тэд дуу хоолойгоо чөлөөтэй илэрхийлж байна. Тэдгээр залуучууд дунд Ариу өөрийгөө хэрхэн гаргаж ирэх вэ. Ямар жанраар дуулах вэ гэдэг л  миний хувьд чухал асуудал болоод байна. 

 

Би метал рокоос бусдыг нь сонсдог

 

-Зууны манлай, поп дива дуучдын нэгэн үеийн ноёрхол сарниж тэдний эзэлж байсан орон зай одоо хоосон байна. Энэ цаг үеийг мэдэрч, тэсрэлт хийх боломж танд байна шүү дээ?

-Тиймээс л олон зүйлийн талаар бодож байна /инээв/. Бас бага зэрэг айдастай байгаагаа нуухгүй ээ. Хөгжмийн урсгалын хувьд би метал рокоос бусдыг нь сонсдог. Гэхдээ дууны төрлөөс илүү юу илэрхийлж байгаа нь ойлгомжтой, хүмүүс сонсоод  үг, аяыг нь ойлгодог тийм л дуунд дуртай. Бас хүмүүст ямар нэгэн байдлаар мэссэж өгсөн дуунууд гаргахыг хүсдэг.

-Таны дуулсан “Тал нутгийн охин”, “I know how it feels” дууг харьцуулж сонссон. Гэхдээ уучлаарай, “Тал нутгийн охин” таныг илэрхийлж чадаагүй. Товчхондоо тэр уран бүтээлээс та мэдрэгдээгүй?

-“Тал нутгийн охин” дууг би зохиогоогүй. “The Voice of Mongolia” нэвтрүүлгийн финалд тэнцсэн оролцогчдод шүүгч нь дуу зохиож өгөх ёстой байдаг. Төрийн соёрхолт дуучин Болд ахад “Тал нутгийн охин” дууны ая нь бэлэн байсан, ерөнхийдөө яарч хийсэн дуу л даа. Дуугаа нэвтрүүлгийн үеэр дуулах боломж олдоогүй ч Болд ах “Хоёулаа зорьсноороо дуугаа гаргая” гэсэн. “Тал нутгийн охин” дуу бүтсэн түүх энэ. Гэхдээ “Тал нутгийн охин”-ыг жаргаж дуулдаггүй гэвэл бас худлаа болно. Би энэ дууг хэзээ ч халтуурдаж дуулж байгаагүй. Хаана ч дуулсан нүдээ аньж байгаад л  дуулчихдаг. Энэ магадгүй миний эмээгийндээ өссөнтэй холбоотой. Зун болгон хөдөө явах дуртай. Монголынхоо өв соёлыг хүндэлдэг. Тэр сэтгэл намайг “Тал нутгийн охин”-той зүрх сэтгэлээрээ холбогдоход хүргэсэн байх.

-Таныг гаргаж ирсэн монголжингоо дүр төрх дараагийн уран бүтээлтэй харшиж магадгүй гэж таамаглаж байсан уу?

-Тийм болгоомжлол бий. Цаашид хүссэн жанраар уран бүтээл хийх гэхээр анхны дүр төрхтэйгөө харшилдаж магадгүй. Яагаад гэвэл хүмүүс намайг “Тал нутгийн охин”-оор хардаг. Хүмүүсийн Ариуг хүлээж авсан анхны байдал нь намбатай, монголжуу төрх шүү дээ.

-“The Voice of Mongolia”, “The Masked Singer” шоунаас ажиглахад та аль хэдийнэ өөрийн гэсэн орон зайтай болж. Гэвч та урагшлахгүй юм. Эрсдэлээс эмээгээд байгаа юм уу?

-Уран бүтээлээ хүргэж байгаа нийгэм, сонсогчид маань хурдтай өөрчлөгдөөд байгаа болохоор шийдвэрээ гаргахад хэцүү байна. Надад олон нийтэд таалагддаг зүйл таалагддаггүй. Гэхдээ би олон нийтэд зориулсан дуу гаргах ёстой. Үнэндээ энэ байдлаас шалтгаалан би нэг газартаа гацчихаад байна.

-Тэгвэл танд зөвлөгөө өгөх хүн хэ­рэгтэй юм биш үү. Көүч эсвэл ме­нежертэй ажиллаж байж та гацаа­наасаа гарах юм биш үү?

-Үгүй ээ. Харин ч биеэ даасан нь дээр юм шиг санагддаг. Хэн нэгэн хүнтэй ямар нэг гэрээ хийгээд уран бүтээлч болно гэвэл бидний одоогийн нөхцөлд хэцүү. Яагаад гэвэл, гэрээгээ яс мөрдөх боломжгүй. Нийгмийн асуудал, олон зүйлээс хамаарч багагүй асуудалтай тулгардаг. Энэ мэт асуудлаас болоод аль аль талдаа гэрээгээ мөрдөхөд хүндрэл гардаг. Үүнээс шалтгаалан зөрчил үүсэж, цаг алддаг. Ийм байдлаас сэтгэл дундуур үлддэг тохиолдол бий. Тиймээс би чөлөөт уран бүтээлч болох шийдвэр гаргасан. Намайг тусалж дэмждэг хүн олон. Дууны үг бичиж, ая зохиодог найз нөхөд цөөнгүй. Тэдэнтэйгээ хамтран уран бүтээлээ хийвэл надад хамаагүй дээр юм шиг санагддаг юм.

-“I know how it feels” дууны автор нь та байсан. Мэдрэмжээ үгээр илэрхийлэх ямархуу санагдав даа?

-Хүний дуу дуулахаас хамаагүй дээр санагдсан. Үүгээрээ би өөрийгөө бусдаас мундаг гэж хэлж байгаа хэрэг биш. Бичсэн шүлгээ дуугаар илэрхийлэхэд хялбар. Дуулахад, сонсоход, юуны тухай дуулж байгаагаа илэрхийлэхэд амархан байлаа. Тэгээд ч хүнээс дуу авах надад хуучирсан юм шиг санагддаг. Чадвал цаашдаа үг, аяа өөрөө хийгээд явна гэсэн бодолтой байгаа. 

-Та эрсдэлээс эмээдэг үү?

-Одоо эмээх цаг нь өнгөрсөн. Гэхдээ сонголт хийх боломж олон байгаа учраас нэг зүйл дээрээ тогтоход хэцүү. Эмэгтэй  уран бүтээлчид цөөхөн, амжилт гаргахад бэрхшээлтэй байгаа нь нийгэм задгай болсонтой хамаатай. Бас үнэ цэн нь буурсан юм шиг санагдсан. Эмэгтэй дуучин гэхээр заавал хүмүүсийн хараанд өртөх шаардлагатай юм шиг цаг үед бид аж төрж байна.

 

Аав бид хоёр хэн хэнийхээ асуудалд оролцдоггүй, бие даасан уран бүтээлчид

 

-Таны аавын нөмөр нөөлөг өндөр уул шиг түшигтэй байдаг байх?

-Аавынхаа нэрэнд дарагдаад зөндөө удаж байна /инээв/. Гэхдээ ганц давуу нь аав маань миний хийж байгаа зүйлд оролцдоггүй. Бараг тоодоггүй. Харин ч “Өөрөө мэдээд хий” гээд орхидог. Хүмүүс намайг гаднаас харахад аавын нөлөө байгаа юм шиг харагддаг байх. Уран бүтээл хийх, магадгүй хэрхэн дуулахыг нь зааж өгдөг гэдэг ч юм уу. Зарим нь надаас “Аав чинь яаж дуулахыг зааж өгдөг үү. Эсвэл аав чинь чамд дуу зохиож өгдөг үү” гэх мэт сонирхолтой асуулт тавьдаг. Гэвч аав бид хоёр хэн хэнийхээ асуудалд оролцдоггүй. Бие даасан уран бүтээлчид.

-Үнэнийг хэлэхэд таамаглаж байс­наас тэс өөр хүнтэй ярилцаж байна. Уран бүтээлчийн хувьд бие даасан байдал чинь сонирхол татлаа?

-Энэ асуултын өмнөхөн хэлсэн. Би анхнаасаа уран бүтээлээ бие дааж хийсэн. Өмнө нь нас бага байсан учраас өөрийгөө илэрхийлэх талаар дутмаг байсныг үгүйсгэхгүй. Магадгүй айдастай байсан байх. Одоо тодорхой хэмжээнд өөрийгөө илэрхийлээд сурлаа. Хүмүүс ч гэсэн Ариу хэнээс ч хамааралгүй уран бүтээлээ хийж байгаа гэдгийг мэддэг болсон юм шиг санагдаж байна.

-Аавтайгаа зан чанар, дүр төр­хөөрөө адилхан нь хүмүүст өөрийн эрхгүй тийм бодол төрөхөд хүргэдэг юм болов уу?

-Мах цусных нь тасархай юм чинь адилхан байхгүй гээд яах билээ. Тэр хүний хэв маягийг хуулаад авсан байх. Заримдаа ээж маань ч гэсэн “Аав шигээ яриад байна” гэж хэлдэг. Би аавынхаа цэгцтэй ярихыг нь сонсох дуртай. Аав шигээ цэгцтэй ярьж сурахыг хүсдэг. Дээрээс нь би хэнз хүүхэд болохоор, шал өөр үед өссөн болохоор өөрийнхөөрөө байх дадалтай болчихжээ. Тэгээд ч өөрийнхөө амьдарч байгаа нийгэмтэй хөл нийлэхгүй бол болохгүй болчихсон гэдгийг аав маань ойлгосон. “Би энэ хүний хэмнэлийг нь тааруулж мэдэхгүй юм байна” гэдгээ мэдсэн байх.

-Мөрөөдлөө хэр томоор төсөөлж байна вэ?

-Би бүх зүйлийн тэргүүнд нь гарах гэж зүтгэдэггүй. Ингэж хэлэхээр энэ асуултын хариулт ойлгомжтой болох байх. Би тайван амьдралд дуртай. Гэхдээ дуугаа хэзээ ч орхихгүй. Дуу ямар болсон, хүнд хүрэх үү үгүй юү гэдгийг сонсогчид хүлээж авдаг. Тэгэхээр дуунуудаа өөрийнхөөрөө гаргасаар байх болно.

-“Enji’s sisters” хамтлаг таны эрх чөлөөний орон зай юу?

-Миний жаргалтай үеүдийн нэг байсан. Эхэндээ бид үнэхээр гал шиг ассан. Залуухан, цаг зав ихтэй байлаа. Одоо Энжи Германд сурч, амьдарч байна. Жожо маань хувийн карьертаа анхаарал хандуулах болсон. Ерөнхийдөө гурван талд цаг зав муутай явж байна. Одоо хэтэрхий завгүй болсон учраас хамтлаг тарж байгаа гэж ойлгоход буруудахгүй болов уу.

-Таны дуулахыг сонсохоор өнгөт арьстай дуучид шиг сонсогддог. Яг л Бейонсе шиг?  

-Намайг хүүхэд байхад хар хүүхнүүд ёстой үзүүлээд өгч байсан үе. Бейонсе, Мариан Каре гайхалтай дуучид. Өтгөн дуугардаг эффекттэй юм шиг хоолойтой нь надад гайхалтай сэтгэгдэл төрүүлдэг байлаа. Магадгүй би тэднийг дуурайсаар байгаад хоолойныхоо өнгийг суулгачихсан юм болов уу гэж боддог. Ерөнхийдөө миний хоолойны өнгө доогуур. Ярихдаа ч нарийн, цээл хоолойтой биш. Хүний хоолойны өнгө өөрчлөгддөг. Оролдлого хийгээд байвал болохгүй зүйлгүй юм шиг санагдсан. Тиймээс одоо болтол суралцаад явж байна.

-Одоо ямар уран бүтээл гаргахаар ажиллаж байна вэ?

-“Хүмүүс сонсох болов уу” гээд айгаад байгаа дуунуудаа бэлэн болгочихсон байж байна. Миний уран бүтээл хүмүүсийн машиндаа тавиад сонсдог дуу шиг биш. Тиймээс хүнд дуунаас болгоомжилж эхэлсэн. Яг аль дуугаа хүмүүст эхэлж сонсгохоо одоогоор шийдээгүй л явж байна.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №037/24568/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 1 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 3 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 3 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 4 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 4 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 4 цагийн өмнө
SDY Calling you... 4 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 4 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 4 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 4 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 5 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22