Дэлхийн урлагийн өлгий Парист уригдсан алтан зочин


Монголын уран нугаралт сонгодог гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрдөг.  Монгол охид төрмөл өгөгдөл, тэсвэр тэвчээрээрээ энэ оргилд хүрсэн. Тэдний нэг, дэлхийн урлагт монгол уран нугаралтыг танилцуулсан хүн бол  Монгол Улсын Гавьяат жүжигчин Лодойн Энхцэцэг. Парис хотноо болдог өндөр зэрэглэлийн фестивалиас 1983 онд алтан медаль хүртсэн. Тэрбээр 2019 онд тус фестивалийн 40 жилийн ойгоор таван алтан зочны нэгээр уригджээ. 35 жилийн өмнө нугарсан модон ширээн дээрээ, 25 жилийн өмнөх хувцсаа өмсөөд хүү, бэр нь морин хуур эгшиглүүлэн наадмын чимэг болж, монгол нугаралтын зэрэг зиндааг дахин баталсан. Тэмцээний 10 шүүгч, 5000 үзэгч бишрэн суудлаасаа босон баяр хүргэжээ. Энэ бол Монголын уран нугаралтын нэр хүндийг өндөрт өргөсөн үйл явдал байлаа.  Мөн уран нугараачдад тэр бүр олдохгүй боломж. Тэрбээр Улсын циркийн түүхэнд тод гавьяатай уран нугараач. Монголчуудаас анх удаа олон улсын тэмцээнд түрүүлсэн циркийн уран бүтээлч.  Дэлхийн урлагийн тавцан, эх орныхоо аймаг, сум, сангийн аж ахуй, бригад, хот айл, бүр аварга малчны гэрт, ширээн дээр хүртэл нугарч явжээ. Өнөө ч циркээсээ холдолгүй ажиллаж байна. Бурхнаас өгсөн авьяас нь түүнийг аз жаргалтай, эрч хүчтэй болгож, хойч үедээ өвлүүлэх их хүслийг нь оргилуулдаг. Мэргэжлээрээ ажиллаж эхэлсний 45 жилийн ойгоо 2017 оны арваннэгдүгээр сард тэмдэглэв. Ойн тоглолтоороо 6-60 насны үе үеийн нугаараачийг, олон студийн багш, сурагчдыг  нэгэн тайзнаа нэгтгэж, уран нугаралтыг хөгжүүлсэн багшаасаа өвлөсөн чадвараараа энэ урлагаар цангаж байсан  монгол үзэгчдэдээ хүндэтгэлтэй бөгөөд биширмээр тоглолт үзүүлсэн.

 

Өгөгдлийг өнгөлөх хэрэгтэй

 

Л.Энхцэцэг 1963 онд Ховд аймгийн Цэцэг суманд мэндэлжээ.  Есөн хүүхэдтэй айлын зургаа дахь охин. Лодойнх гэдэг айл 1966 онд Улаанбаатарт шилжиж, Яармагт суурьшив. Түүнийг зургаатайд 1969 онд ах нь биеийн тамирын хичээл дээр заасан дасгалыг хийж чадалгүй муу авчээ. Гэртээ ирээд нөгөө дасгалаа давтахад дүү нар нь хараад  дуурайв. Хүүхэд л болсон хойно үсэрч цовхорч,үегүй мэт  өнхрөх  тонгорох Энхцэцэг охины авьяасыг ах эгч нь анзаарлаа.  Хүүхдүүдээ нуруугаа гэмтээж, бэртэл авахвий гэж айхдаа аав, ээж нь хориглоно. Төвөггүй зовиургүй дасгал хийх охиноо хараад “Манай гэр бүлд авьяастай охиныг бурхан бэлэглэжээ” гэж ээж, аав минь баярласан. Гэсэн ч охин гэртээ нугарсаар л байлаа. Яармагийн Соёлын төвийнхөн охиныг сайн дурын уран сайханчдын тоглолтод оролцуулдаг болов. Ингэж явсаар 1971 онтой золголоо. Бүх ард түмний урлагийн үзлэгийн алтан медалийг долоон  настайдаа хүртэж, мэргэжлийнхний хараанд өртөж эхлэв. Төрийн шагналт, Ардын жүжигчин Б.Норовсамбуу охиныг Т.Цэнд-Аюуш багштайгаа танилцуулжээ. Цэндээ багш  “Ямар жижигхэн биетэй юм бэ, яасан сайхан авьяастай юм бэ” хэмээн өхөөрдөөд шавиа болгожээ. Багшийнхаа өрөөнд цоо шинэ хивсэн дээр ганцаараа өдөрт хоёр цаг бэлтгэл хийнэ. Эргээд бодоход ганцхан хүүхдэд өдөрт хоёр цаг зарцуулсан гэхээр Т.Цэнд-Аюуш багш түүнийг ясны уран бүтээлч болгохыг хүсжээ. Бас циркт зүрх сэтгэлээ зориултал нь хүмүүжүүлсэн. Ийнхүү даргар арьс шиг охиныг торго шиг болгоход багш нь олон жил зарцуулжээ.  Сайн багштай учрах  нэгэн насны ерөөл. Бурхнаас заяасан авьяасыг нь зүлгэж, өнгөлж гялалзуулсан хүн бол Төрийн шагналт, Ардын жүжигчин Т.Цэнд-Аюуш. Түмэндээ “Мадам” хэмээн хүндлүүлсэн багшдаа найман насандаа шавь оров. Улсын циркийн тулгын чулууг тавьж, монгол уран нугаралтыг брэнд болгосон багшид шавь орсноо бяцхан охин яаж мэдэхэв. “Бас ч гэж уян нуруутай, шөрмөслөг гартай, байгалийн өгөгдөлтэй хүүхэд шүү” гэж багш нь хэлнэ. Урлагийн гоо зүйг багшаараа заалгуулж авьяас эрдмийг хослуулж чадсан нь яах аргагүй багш шавийн үнэнч холбоос, хүндэтгэлийн илрэл юм. Монгол охидын тэсвэр тэвчээр, биеийн онцлог, газар нутгийн байгалийн онцгой өгөгдөл гэж бий. Энэ тухай Л.Энхцэцэг гавьяат “Холын цэнхэр Ховд нутагтаа монгол гэрт төрж,  хөл нүцгэн хонь, малдаа гүйж өссөн  минь намайг эрүүл чийрэг, тэвчээртэй болгосон. Монгол орны сайхан байгаль, нүүдэлчин ахуй амьдрал дэлхийд ховордсон. Ийм удам ахуйгаас уран нугараач хүүхдүүд гарч ирж байна шүү дээ. Гадаадын мэргэжилтнүүд уран нугаралтын өлгий нутаг гэж Монголд зорьж ирдэг” гэсэн юм. 

 

Улсын циркээс дэлхийн тайзыг эзлэв

 

Мэргэжлийн нугараачийн хувиар 13 настайдаа циркийн манежнаа гарснаа мартдаггүй.  Багштайгаа олон жил бэлтгэсэн  аягатай нугаралтын үзүүлбэрээ толилуулахаар 1976 онд анх гарчээ. Толгой дээрээ таван аяга тавиад нэг гар дээрээ нугарна. Жаахан тэнцвэр алдвал аягаа унагаана.  Бэлтгэлийн үеэр унагаасан аяга тоогоо алджээ. Хоёр жилийн дараа хилийн дээс алхаж Кубад болсон Дэлхийн оюутан залуучуудын XI наадамд оролцов. Энэ үеэс л гадаадын тэмцээн уралдаануудад тасралтгүй оролцож, чадвараа ахиулсаар байлаа. Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт Б.Норовсамбуу эгч нь түүний алтан партнер. Хайртай эгч нь хааяа “Би л чамайг Яармагийн соёлын төвөөс олж ирсэн шүү дээ” гэнэ.  Б.Норовсамбуу эгчтэйгээ 1981 оноос хос нугаралтын үзүүлбэр бэлтгэжээ. Түүний хос нугаралтын замнал ингэж эхэлсэн. Тэд 1981 онд Москвагийн Их театрт, 1985 онд Латин Америкийн орнуудаар  зургаан сарын аялан тоглолт хийжээ. Уран нугаралтыг хөгжүүлэх, чансаатай номер гаргахыг эрхэмлэдэг Цэнд-Аюуш багш нь 1987 онд нэгэн шинэлэг санаа хэлсэн нь төрсөн дүүтэйгээ хослон нугарах. Эгч дүүсийн хамтрал хос уран нугаралтын содон шийдэл байлаа. Тэд “Duo Lodoi” нэрээр 1988-2002 онд хилийн чинадад үзүүлбэрээ толилуулсан юм. Лодойн Энхцэцэг, Тунгалаг нар  1992 онд Хятадын Ухань хотод болсон олон улсын циркчдийн тэмцээнд хос нугаралтын номероор оролцож “Мөнгөн арслан” шагнал, 1995 онд Шведийн Стокгольм хотод болсон эмэгтэй циркчдийн наадмаас "Мөнгөн гүнж" цом, 1999 онд Европод тоглодог номеруудаас шалгарч шилдэг уран бүтээлийн шагнал, Белгийн Льеж хотод болсон олон улсын фестивалийн алтан медалийг хүртжээ.

 

“Мадам” Энхцэцэг

 

Парисын 1983 оны фестивалиас аягатай ганцаарчилсан үзүүлбэ­рээрээ алтан медаль хүртээд эх орондоо ирлээ. Францад алтан медаль авсан гэрэл зураг тухайн үедээ дэлхийг шуугиулсан гэдэг.  Манай Элчин сайдын яамнаас тусгай студид зураг авахуулсан аж. Тэр зураг 40 орны алдартай сонин, сэтгүүлд хэвлэгдэж “Монголын уран нугаралт гайхамшигтай үзүүлбэр хийлээ. Хүний бие ийм уян налархай” хэмээн онцолж байжээ.  Монгол Улс урлаг, спортын аль ч төрлөөр  олон улсаас алтан медаль хүртээгүй байсан цаг. 19 настай охины авьяас, хөдөлмөрийг Ю.Цэдэнбал дарга үнэлж  Улсын гавьяат жүжигчин цол, гурван өрөө байраар шагнав. Ингэж  Улсын гавьяат жүжигчин, шинэ хороололд гурван өрөө байртай болжээ. Тухайн үеийн төр засаг циркийн урлаг хөгжүүлэхэд бодлогоор анхаарч байсныг хүн бүр дурсдаг. Гэхдээ Улсын циркийн уран бүтээлчид  гадаадад арилжааны тоглолтуудад гэрээгээр оролцож улсын төсөв бүрдүүлж явсныг тэр бүр  мэдэхгүй биз ээ. Тэдгээр уран бүтээлчийн тэргүүн эгнээнд уран нугараач Л.Энхцэцэг байсан юм.  Улсын төлөвлөгөөг таслах ёсгүй. Хувийн амьдралаа хойш тавина. Засгийн газар хооронд өндөр үнийн  дүнтэй гэрээ хийсэн бол хэдэн сараар ажиллахаас өөр сонголтгүй. Эх орны нэр хүнд нэгдүгээрт бас улсад мөнгө хэрэгтэй цаг. Ийм зарчмаар хөл хүнд байхдаа Парист  гурван сар завсарлагагүй нугарчээ. Жин нэмэхгүй гэж маш бага хоол идэж, ядарч байсан ч гүрийхээс аргагүй. Жирэмсний таван сар хүртэл нугарахад тийм  ч амар байгаагүйгээ Л.Энхцэцэг гавьяат дурссан юм. Нөхөр нь мөн л циркийн уран бүтээлч. Нэгэн тоонотод багтсан циркчид. Ё.Батболд Улсын циркийн жүжигчин байхдаа дэлхийн  дээд амжилтыг олон  удаа тогтоосон шилдэг жүжигчдийн нэг байсан юм. Хэвлийд байхаасаа л тайзан дээр торниж, циркт өссөн хүү нь өдгөө “Angels Mongolian Modern Circus Theatre”-ыг удирдаж байна. Охин Б.Золжаргал нь ээжийнхээ мэргэжлийг өвлөн уран нугараач болжээ. Өдгөө охин нь “Angels Mongolian Modern Circus Theatre”-ын Европын салбарыг хариуцсан менежрээр ажиллаж, Герман улсад амьдарч байна. Циркийн тайзыг чимэж явсан охин нь түүний бахархал аж. Тэдний сүүлийн амжилтаас дурдвал  Будапештын “Капитал” улсын циркт  зургаан сар тогложээ. Софи хотод болсон олон улсын наадмаас “Nomads Archers Girls” номероор мөнгөн медаль хүртсэн баярт мэдээтэй.  Тэмцээний нэр нөлөө бүхий 10 орны шүүгчид нум сумтай есөн уран нугараачийн номерын найруулга, шинэлэг байдал, монгол охидын авьяас чадварыг үнэлж, суудлаасаа босон алга ташсан нь монгол уран нугаралтад үзүүлсэн асар том хүндэтгэл юм. “Angels” циркийнхэн хэдхэн хоногийн дараа БНХАУ-ыг зорино. Дэлхийн А зэрэглэлийн чансаа өндөр циркийн фестивальд оролцоно. Ийм авьяастнуудыг нээж, уран бүтээлчийн цээнд хүртэл нь багшилсан Л.Энхцэцэг гавьяатыг дэлхийн циркийн мэргэжилтнүүд, олон тэмцээний шүүгч нар мадам гэж  хүндэлж биширнэ. Түүнээс өмнө Монголын циркийн мадам багш Т.Цэнд-Аюуш нь байсан юм.  


Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №037/24568/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 1 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 3 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 3 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 3 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 4 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 4 цагийн өмнө
SDY Calling you... 4 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 4 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 4 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 4 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 5 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22