Н.Орхон: Хийморь, сүлдгүй зурсан хөрөг амьд харагддаггүй


Төрийн шагналт, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, хөрөг зургийн мастер Н.Орхонтой ярилцлаа. Тэрбээр хөрөг хэмээх сонирхолтой, зураачийн уран чадвар, авьяасыг хөгжүүлдэг, сэтгэл оюуныг нь тэлдэг төрөлд манлайлагч. Орхоны хөргүүд амьд хүнээс илүү амьд байдаг нь дээд оюуны хүч гэлтэй.

-Жинхэнэ бүтээлийн үнэ цэнээс ярилц­лагаа эхлүүлье. Яагаад хүн төрөлхтөн хосгүй бүтээлийг нандигнадаг юм бэ?

-Расул Гамзатов төрөөгүй бол Дагестаныг, Чингиз Айтматов байгаагүй бол Киргиз гэж улс байдгийг мэдэхгүй байлаа. Тэдний ачаар эх орон нь НҮБ-ын гишүүн болсон. Аугаа их хүн гэдэг тийм  хүчтэй, ач холбогдолтой байдаг.  Улсыг бий болгож байна шүү дээ. Хэний улс вэ. Расул Гамзатовын улс. Чингиз Айтматовын ард хэний ч мэдэхгүй киргиз гэдэг үндэстэн байсан. Оросын сүр хүчинд дарагдаж явсан эсгий туургатан. Айтматовын мандсан түүх сонин шүү. Түүнийг Францын  утга зохиол судлаач гаргаж ирсэн. Москвагийн захын дүүргийн номын мухлаг орж л дээ. Худалдагч бүсгүй ч аятай үйлчлэхэд номд нь биш аашинд уяраад нэг ном худалдаж авчээ. Зочид буудалдаа ирээд нөгөө номоо уншиж сууснаа уулга алдсан гэдэг. Францад буцаж очоод “Дэлхийн уран зохиолд шинэ жанр нээлээ” гэж бичээд баруунд шуугиулжээ. Үүнийг уншсан оросууд “Энэ чинь манай ЗХУ-ын зохиолч байна” гээд бичиж Чингиз Айтматовыг гаргаж ирсэн. Киргизийг давхар орос хэлт уран зохиолыг мандуулсан. Гэтэл өнөөдөр манайхан өөрсдийгөө таниагүй байж гадагш сэвдэг, баруун гээд л ярьдаг болж. Уг нь бид олон мянган жилийн төрт ёсны түүхтэй үндэстэн.

-Нээрэн л Чингиз Айтматов киргиз үндэстнийг дэлхийд танилцуулсан зохиолч шүү. Айтматов, Расул Гамзатов нар шиг Монголыг таниулсан хосгүй бүтээл гэвэл та хэний ямар зургийг нэрлэх вэ?

-Ардын зураач, төрийн хошой шагналт Очирын Цэвэгжав багшийн  “Азарганы ноцолдоон” зураг. Миний багш олон үггүй, онцлог заах аргатай байсан. Самбарт ард гэдэг үгийг угалзруулж, таталсан хоёр янзаар бичээд юу ч ярихгүй. Үүний учрыг дараа нь ойлгоно. Уран чадвар эзэмшээд, хурдтай болоод ирсэн цагт хүний сэтгэлийг гэгэлзүүлж эзэмддэгийг таталган бичгээр харуулж байна. Хосгүй бүтээлд тайлбар, яриа хэрэггүй. Хөдөөгийн Пэрлээ, О.Намнандорж, Б.Ринчен, Чой.Лувсанжав нар шиг хүнийг эрдэмтэн гэдэг байх. Дэмий хэнхэглэсэн хүмүүс байна. Өвөг дээдэс, зан заншлаа огоорогчдыг эх орон руу нулимж байна гэж хардаг. Ард түмэн сэргэж дэлхийг таньчихлаа. Зарим талаараа бусдаас илүү гэдгээ харуулж байхад уран бүтээлчид илүү сэтгэх цаг болжээ. Бидний үлдээх бүтээл Монгол Улсын тусгаар тогтнолд хэрэгтэй байх ёстой. “Хөх Монголын үеэс хөгжин мандсан орон” гэсэн Д.Нацагдоржийн шүлгийн мөр их учиртай. Ийм том дэвсгэртэй бид өнөөдөр “Уяхан замбуу тивийн нар” дуугаа задалж чадахгүй, Өндөр гэгээн Занабазарын бүтээлийг ялгаж, үнэлж чадахгүй хоосорчээ. Энэ бол оюуны доройтол. “Уяхан замбуу тивийн нар” дууны шуранхай дээшилсээр дэлхийн татах хүчнээс гарч, хязгааргүй огторгуйгаар яваад эргэж бууж ирдэг. Хүн төрөлхтөнд жам ёсыг ухааруулсан галактикийн дуу.

-Занабазарыг монгол Микеланджело гэдэг. Өндөр гэгээний бүтээлийн үнэ цэнийг уран бүтээлчийн хувьд та хэрхэн дүгнэдэг вэ?

-Гайхамшиг. Хүнийг бурхан­чилж, бурхныг хүнчилсэн уран бүтээлч. Мэлмийн нүд нь эгэл хүнийг биш хорвоогийн жам ёс, хязгааргүй орон зайг болгоож байгаагаараа гайхамшигтай. Өндөр гэгээний бүтээлүүд Монголын мөнхийн хувь заяаг болгоосон.

 

Миний урлаг бол эх орон

 

-Урлаг юуны төлөө байж, хэнд үйлчлэх ёстой юм бол?

-Хүн төрөлхтөн амар амгалан, энэрэнгүй, нинжин, ариун гэгээнийг хүсэж байна. Өнөөдөр хүн ёсны урлаг хэрэгтэй байна. Урлаг сайн сайхны төлөө байх ёстой гэж ойлгодог. Гаж зүйл огтоос хэрэггүй. Солиотой хүнд дургүйцдэгтэй адил  урлагийг гажуудуулж болохгүй. Болхи, бүдүүлэг юм хийснээ мэргэжлийн урлаг маягаар гайхуулах хэрэггүй. Жинхэнэ урлаг, авьяас ондоо байдаг. Угаас хүн төрөлхтөн урлагийн алтан дүрмийг нотолсон. Урлаг хүнд эх орныхоо төлөө амиа зориулах хэмжээний итгэлийг олгодог. Дэлхийн хоёрдугаар дайнд ард түмнийг цэргүүд, урлаг л зоригжуулж байсан. Расул Гамзатовын “Журавли”, “Темная ночь”, “Русское поле”, “Священная война” дууг сонссон цэргүүд шархадсан ч омогшиж, эх орныхоо төлөө босдог байсан гэдэг. Яагаад эцэг орон хэмээлгүй эмэгтэй хүнээр зүйрлэдгийг залуучууд бодох хэрэгтэй.

-Уран бүтээлийн сэдвээс гадна сэдэл гэж бий. Бүтээж, туурвих их эрчмийг хаанаас авдаг вэ?

-Эх орон миний сэдэв бас сэдэл. Миний урлаг бол эх орон. Хүн төрөлхтөнд санаагүйг, хэзээ ч мэдрээгүй зүйлийг мэдрүүлэхийг зорьдог. Монголчууд дэлхийн хамгийн том давлагааг хийсэн. Монголын говиос 30 мянган жилийн өмнө Аляскаг зорьсон их нүүдэл эхний түрлэг байлаа. 1980-аад онд Зөвлөлтийн эрдэмтэн А.Окладников Америкийн судлаач Нильсен нар археологийн малтлагаар үүнийг баталсан. Чулуун зэвсэг нь Монголын говийн хийцтэй төстэй байна. Дараагийн давлагаа бол Атилла. Тэгээд Чингис хаан, Цагаадай, Хубилай хаан, Бат хаан, Хүлэг хааны түрлэг. Эдгээр давлагаа Европод тэсрэлт хийж, европчуудыг лут болгосон. Европчууд их урлагийг хөгжүүллээ. Гегель, Кант, Фейербах  нарын сэтгэгч  “Монголчууд Өрнөдөд оюун санааг авчирсан” гэж бичсэн. Энэ түрлэгийг Ромын пап хүлээн зөвшөөрлөө. Яг одоо монголчууд ихийг эргэцүүлж тунгаах бодлын цэгт байна. “Эрхийг сурахаар, бэрхийг сур” зэрэг хоёр мөртийг судлахад Харвард, Кембрижийн боловсролоор гайхуулах шаардлагагүй. Сайн цаг хаяанд ирж байна. Харин бид улс шиг улс болох хэрэгтэй байдаг. Барууны гүрнүүд мухардалд орж, хаашаа явахаа мэдэхгүй байна.  Товчхондоо дэлхий эзэнгүй болжээ.  Монголчууд дэлхийд нөлөөлөлгүй өнгөрсөн 300 жилийн хугацаанд хүн төрөлхтөн ингэтлээ төөрөлджээ. Ер нь хүн төрөлхтний оюуны чадамж монгол хүний хэмжээнд хүрч байж дэлхий амар амгалан болох байх. Тэр хэмжээнд хүргэх нь миний хүсэл.

-“Миний ард эх орон бий” гэж боддог үндэстэн цөөн байх аа?

-Эх орон миний жанжин шугам.  Социализмын үед намын жанжин шугам гэж байсан. Үүн шиг хүний жанжин шугам нь эх орон байх ёстой болов уу. Үндэстэн бүр эх орноо боддог. Монголчууд хайрцаглагдаагүй задгай сэтгэлгээтэй. Дэлхий нийтээрээ хайрцагт баригдсан, дөрвөлжингөөсөө гарахгүй байна. Хайрцгаасаа гарна гээд гажигтаж болохгүй. Задгай сэтгэлгээ учиртай. Монголчууд ижилгүй бол ганган гэдэг үзэл санаагаар хүмүүжиж байжээ. Хүн дуурайх дургүй, өөрийнхөөрөө байх дуртай. Шарын шашин биднийг хүлцэнгүй болгосон ч оюун санааг боомилж чадаагүй. Манжийн төр ч ялгаагүй. Тэр үед өрх болгон улс, хараат бус байсан. Төр болон шашнаас хамааралгүйгээр тэд бие даасан анагаах ухаанч, гүн ухаанч, гараг эрхэстэй харьцдаг байгаль дэлхийн эзэн байсан. Нэг гэрт бүх юм цогцолсон, хүн төрөлхтний амьдрах ёстой амьдралаар монголчууд л амьдарч байжээ.

-Ямар зан чанар уран бүтээлчийг чимдэг юм бол?

-Уран бүтээлчийн сэрэл мэдрэхүй онгон байдаг. Дөжирсөн,  номлосон, өөрийгөө андуурсан байж болохгүй. Балчир хүүхэд шиг ариун байж гэмээнэ цэвэр ус шиг бүтээл туурвина. Ажиглаад байхад урлагийнхан үхэн үхтэлээ нялх сэтгэхүйтэй байдаг.

 

Урлагт харам, хайртай явахад дээд оюун ухаанаас хишиг хайрладаг

 

-Таны хатдын хөргүүд цаанаа л ихэмсэг, ёстой л талын язгууртны сүр хүч, монголчуудын эдийн соёлыг давхар шингээсэн байдаг. Монгол хатдыг өөрөөр яаж ч илэрхийлэх вэ дээ гэсэн бодол төрдөг шүү?

-Хөрөг зураг бол их урлагийн хамгийн хүнд жанр. Гаднаас нь зурахад л маш олон талсттай. Нүдэнд үл харагдах бодол сэтгэлгээ гаргана. Хатдын хөргөөрөө монголчуудын язгуур угсааг харуулахыг хүссэн. Гаднынхан монголчуудыг XX зууны эхэнд  ядуу буурай хүмүүс байсан мэтээр төсөөлдөг. Монголын язгууртнууд нутаг нутгийн онцлогоо шингээсэн ёс, ая дантай байсныг гаргаж ирэх нь миний зорилго. Намайг хүн  болгосон эх орондоо өрөө төлж, үр удамдаа “Уяхан замбуу тивийн нар” шиг мөнхийн хэрэгтэй бүтээл үлдээгээд ертөнцөөс явахад гомдолгүй. Тэгж чадаагүй амьсгаа байж байгаад явбал хэцүү.  Энэ л санаагаар амьдарч байна. Хийх зүйл их байна. Даанч бие ганц юм даа.

-Та оюун санаагаа олон бүтээлээр гаргасан. “Орхоны хөргүүд онцгой” гэж урлаг судлаач, сонирхогчид дуу нэгтэй хүлээн  зөвшөөрдөг. Харин та “Миний бүтээлүүд яагаад олны анхаарлыг татдаг юм бол” гэж бодож байсан уу?

-Хүн хоёр нүднээсээ гадна тархин дотор далд байдаг мэлмийгээрээ хардаг учраас миний хөрөгт татагддаг болов уу. Хэрвээ хүн гурав дахь мэлмийгээрээ ертөнцийг тольдвол гэсэн бодол төрнө. Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсны хөрөг, “Гүр хаан Жамуха ба ганцаардал” зургаа ингэж зурсан. Амьд хүн сууж байхаас илүү амьд сэтгэгдэл төртөл зурж байж хүнтэй харилцана. Урлаг хүнтэй харилцдаг.  Сайн хөрөг шидтэй мэт хүнд үйлчилдэг, санаанаас нь гардаггүй. Хамгийн гол нь, хүний сэтгэлийг зурах. Харцыг амилуулах юм. Сэтгэлдээ бодож, хүсэж явдаг зүйлийг  харцаар нь илэрхийлнэ. Бавуугийн Лхагвасүрэн агсны хөргийг зурахдаа нүдэнд нь оч гялалзуулахгүй л юм бол тэр хүнийг зурах хэрэггүй. Махчилж зураад яах юм бэ. Ард түмний хүндлэлийг хамт харуулах ёстой.  Хийморь, сүлдгүй зурсан хөрөг амьд харагдахгүй. Хүний сайхан гаднаа байдаггүй. Дотоод эрчмээрээ цог золбоо, хийморь сүлд нь асдаг. Зуруулж байгаа хүний эрчим нөлөөлдөг. Ер нь хүний сэрэл мэдрэмжийг зургаа дахь мэдрэхүйгээр чагнан мэдэрнэ гэдэг зураачийн чадвар. Үхтэл үр харам гэдэг шиг. Урлагт харам, хайртай явахад дээд оюун ухаанаас хишиг хайрладагт талархдаг. Дээрээс өгсөн захиалгыг би гүйцэтгэсэн хэрэг. Нарийн яривал миний ч оюун ухаан биш. Бурхан гэж цэцэрхэхгүй, билгийн чинад дахь ертөнцөөс ирдэг байх. Тэндээс л хүний оюун ухааныг жолооддог юм болов уу. Харин мунхаглал газарт хаашаа ч үгүй шүглэсэн муу муухайгаас гардаг гэж бодно. Дэгж дэрвэж яваа хүүхдийн хөөрхнийг ч таньж, мэдэхгүй бол хүн биш. Би ийм л үзэл санаан дор амьдардаг. Даруухан байж, бусдын анхаарал таталгүй амьдрах дуртай.

 

Чингис хааны хөргийг  тархиндаа боловсруулаад явж байна

 

-Танд их удаан бодож гаргасан хөрөг байдаг уу?

-Одоо  ч бодоод л явдаг нэг хөрөг бий. Чингис хааны хөргийг  тархиндаа боловсруулаад явж байна. Нүдний харц, ухархайг нь олсон. Удахгүй гаргана.

-Сайн анд нь хамгийн том дайсан болж, яаж ч эргэж болох хувь заяаг туулсан Жамухын  хөргийг гаргаж чадсан. Магадгүй хэтэрхий хүндлэн дээдэлдэг учраас Чингис хааны хөрөг дотроос гаралгүй удаад байна уу?

-Жамуха надад өөрөө орж ирсэн. Бас их олон жил бодож явсан. Нэг өдөр таг гээд ороод ирсэн. Жамуха байгаагүй бол Чингис хаан байхгүй. “Монголын нууц товчоо”, “Хөх судар”-т Чингис хааны амьдралын 10 гаруй жил яасан нь мэдэгдэхгүй балархай байдаг. Тэр үед алтан ургийн удам болсон Тэмүжин Зүрчдийн Алтан улсын хааны нүхэн шоронд хоригдсон байх магадлалтай. Тэр үед анд нөхрийн барилдлагатай багын анд Жамуха нь андгай тангаргаа биелүүлэн шоронгоос чөлөөлсөн. Уналтад орсон Тэмүжинийг байранд нь тавьсан хүн бол Жамуха. Тухайн үед нэрд гарсан Тагнын Жадараны Жамуха бол Боданчирын татвар эмээс төрсөн хүүгийн удам. Гэтэл нэг тэнгэрийн дор хоёр хүчирхэг хүн багтаж шингэхгүй болжээ. Яг энэ эгзэгтэй агшинд хоёр анд зовлон жаргалаа ярилцан уйлж дуулж, гурван өдөр, гурван шөнө дарс сөгнөн суухдаа урьдын үл ойлголцлыг таягдан хаяж эвлэрч буй юм шиг мөртлөө, нэгнээ тандан хүлээсэн, гэрэвшин эмээсэн, нэг юм хэлэх гээд дүлэгнэсэн торгон агшныг дүрсэлсэн. Энэ зурагт хүмүүс дуртай байдаг. Олон ч захиалга ирдэг.

-Дахиж зурсан бүтээл анхны хувиа гүйцэх үү?

-Усны дусал шиг адил болохгүй ч зурах тусмаа би сайжирдаг.

-Яруу найрагчид гайхалтай зурдаг. Утга зохиол руу хөрвөсөн зураач нар ч бий. Та шүлэг найраг бичдэг үү?

-Пунцагийн Бадарч гуайг сайхан зурдаг гэж сонссон.  “Талантливый человек талантлив во всем” буюу “Авьяастай хүн бүх зүйлд авьяастай” гэж оросууд ярьдаг. Би шүлэг бичиж сүйд болдоггүй.

-Танай урланд байх төгөлдөр хуур анхаарал татаад байна. Та тоглодог уу?

-Хааяа тоглодог. Аавын талд Гончиг гэж Сайн ноёны хүрээний унзад байсан. Ян татдаг, дан татдаг байж. Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн дүү охинтой ханилсан юм билээ. “33 дууны түүх” номд бичсэнээр Гончиг унзад “Хонин жороо морь”, “Гандий мод”  дууг  зохиосон. Зурагтай адил ая аялгуу цаанаасаа ороод ирнэ. Яруу найрагчдаас дууны ая хийлгэх санал ирдэг. Онцгой, чанартай дуу хийхийг л хүсдэг.


 Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №038/24569/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 1 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 4 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 4 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 4 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 4 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 4 цагийн өмнө
SDY Calling you... 5 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 5 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 5 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 5 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 5 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22