Мөр


Цэвэгжавын Ганболд

 


Тэрбээр 1968 онд Мөрөн суманд төржээ. Улмаар Мөрөн хотын найман жилийн хоёрдугаар сургуульд наймдугаар анги, Дарханы Барилгын ТМС (хуучнаар) төгссөн байна. Өнгөрсөн хугацаанд Хилийн цэрэгт алба хаасан. “Хээрийн шүүх”, “Цэцүүхэй”,  “Шувуу зүүрмэглэх зуур” тууж, өгүүллэгийн ном хэвлүүлснийг уншигчид андахгүй...

Өнгөрсөн хийгээд ирээдүй цагийн бурхад эдүгээд учралдан чуулж нэгэн их үйлийг зөвлөлдөнө үү гэлтэй нам гүм. Нар үүлсийн чанадад, салхи уулсын нөмөрт зүүрмэглээстэй...

Аглагийн аглагт, өтөг бууцны бүлээн амьсгаа, аргалын утаа нуугьсан өвөлжөөнд төвхнөөд төдий л удаагүй гэрийн эзний цусанд зүүрмэглэгч дайнч эсүүд шуугиан тарьж эхэлсэн нь ертөнцийн бодгаль бүхэн нам гүмд дотогшоо чимээлдэг гэлтэй. Мөн  дүнсийн хөглийх их нурууны моддыг сүлжих нарийн жимийг бэдчих ан авын хорхойс ойр хавийн эрсийг даллан дуудав. Анхны цаснаар мөр хөөдөг хэдэн эрсийн хэлцэл үгүй дуудлага нь ийн нам гүмд эзлэгдэн бүрхэх билээ... Бодонгийн амь тасдан жирээг нь хуйхлан болгож огтлох хорхойс, хэдэн эрсийн цусанд зүүрмэглэгч эртний дайнч зөнг эерүүлэн сэрээх дөгөө болсныг тэнгэр л мэдэх буй...

Зүрхнээс салаалж зүрхэндээ бэлчирлэдэг судас лугаа нарийн жимээр хагсраасан морьдын эрмэг төвөргөөн тэжир тэжир чимээлсээр өтөг бууцны бүлээн үнэрт шужганаа анирлав. Харснаа онилж онилсноо алддаггүй анч эрсийн чуулаан шивтэр, унгасны үнэр нь галын илчээр улам дүүгэн ханх тавьсан таван ханатад өрнөв. Анч эрс шар тос хөвүүлж халаасан нэрмэлийн охиор дөрөө чангалаад түрхрэлдэн мордож дүнсийгч хөх нуруу руу хөтлөгч морин жимээр будар будар шогшууллаа. Эрсийн нуруунд голыг нь зүлгэж овоо харааг нь цэцэлсэн хурдан буу үүрээстэй. Анч эрсийн түүчээ зунгаг шивтрийн үнэр нь арилаагүй шинэхэн гэрийн эзэн Чагдаржав эмээл дээрээ хөндөлдөн эргэж хараад “Арван долоотойдоо би аавыгаа дагаж анх авд мордоход Гэлцэг ах яг ийм л байсан, хэвээрээ..” гэхүй түүнтэй дөрөө харшуулж явсан Янсанжав адуун шүдээ ярсхийлгэн “Гэлцэг ахыг олон  зүлд хүртэг гээд он цаг, эрлэг хоёр мартчихсан юм”  гээд хүд хүд инээвхийлэхийг сонссон  Гэлцэг хоолой засав. “Хангайн хишгийг хүртэнэ гэдэг бага юм биш шүү хүүхдүүд минь. Ах нь яах вэ, та нарыгаа дагаж малгайн утаа сэргээж яваа шүү ухаантай юм” гэж гоморхонгуй аяс цухалзууллаа. Гэлцэгийн өмнө эмээл дээрээ тээртэйхэн сажлах шавилхан залуу Шинэхүү “Би ч та нарыгаа дагаж хангайн хишиг хүртчих санаатай тэр холоос зорин ирэв. Цаг агаарын мэдээ ч бас л голтой хэлжээ. Баян хангай бага ч атугай хишгээ хайрлах байгаа” хэмээн үнэн сүжиглэнгүй өгүүллээ. Гэлцэг “Танай сургуульд бас сүслэхийг заана аа...” хэмээн хүүг цаашлуулав. Хамт явагсдынхаа дэл сул хөөрөлдөөнийг чих­ний хажуугаар өнгөрөөн дуу­гүйхэн гэлдрэх эр морио давирсхийгээд дөрөөн дээрээ өндөсхийсэн нь аль эрт их нурууны балар ойд тэнүүчилж одсон бодол санааныхаа араас нэхэх гэсэн шиг ээ... Түүнийг Сандчуу гэж хүүхэд үүхэдгүй дуудсаар эцэг эхээс хайрласан нэр нь зөвхөн иргэний үнэм­лэхэд нь л үлдсэн гэхэд болно. Сандчуугийн байдлыг анзаарсан Гэлцэг тээр араас “Манай Сандчуу ч аль эрт бодонгийн жирээ огтлон түүдгийн гэрэлд тамшаалан хэхэрч суугаа биз” хэмээхэд Сандчуу халуун гал дээр нүцгэн хонгоороо суусан мэт бондгосхийлээ. Үнэхээр Сандчуугийн яаран зуларсан бодол аль эрт ойн цоорхойд түүдэг өрдөж баймгай бүдүүн бодон мөчилж жиргэн шарж арааны шүлс асгаруулам үнэр түгээж буй билээ л... Түүдгийн гэрэл тойрон суусан эрсийн нүд ханатал билүүдэж торгон ир суулгасан чинжаал шиг болоод дүрэлзэгч түүдгийн галын дөлийг ч болов хөндлөн хэрчээд авахад зэхээстэй гялалзана. Будрах цасан  өрвөлзөгч түүдэгт залгиулж бүгээн анир цуучих чонын улиан моддын сиймхээгээр түрнэ. Чонын улиан ар шилд часхийж шилэн хүзүү рүү нь бүлээн амьсгаа тургилах шиг болоход халуун цучил дээр нүцгэн тавхайгаараа гишгэлсэн мэт давхийн эмээл дээрээсээ огло харайчих нь халаг боллоо. Эрсийн ард сүүл мушгиж явсан Гэлцэг түүнийг гүйцэж ирээд чихэнд хошуугаа наах санаатай хүзүү рүү нь амьсгаагаараа эрвэгнүүлсэн нь тэр аж. Сандчуу эгдүүцэн “Ээ өлөн чоно оо...” хэмээн уулгадав. Гэлцэг дахин хүзүүгээ сунган зүтгэлж чихэнд нь хошуугаа наагаад “Хүү минь чиний бодлын мөрийг ах нь зөв хөөсөн биз” гээд нуг нуг инээхүй Сандчуу “Хэн тэгж байгаа юм” гэчихээд хэлээ хазан морио ташуурдаад түрүүлсхийн шогшууллаа. Сандчуу тасарсан бодлоо эрж хайх шиг нэг хэсэг мориныхоо хоёр чихний хоорондуур алгуур урсах нарийн жим, моддын мөчрийг харцаараа тэмтчин хэсэг гэлдрүүлсний эцэст “Та нар бүгдээрээ л амь хороож амтлахын хүсэлдээ хөтлөгдөж яваа шүү дээ” гэсэн тайвшралын тун шиг бодол амтлав. Анчид Сандруугийн бодлыг дэмжих мэт чимээ аниргүй гэлдрүүлнэ.  Шинэхүү “Бүгдээрээ ингээд л яваад байх уу” гэж нам гүмийг эвдлээ. Дүнсгэр тэнгэр адил эрсийн харц нэгэн зуур сэртэсхийсэн ч Чагдаржаваас бусад нь ам нээсэнгүй. “Яваад байна аа, хө. Дүү хүү жаахан яараад байна уу даа. Энэ их ой үдэш эсвэл үүрээр цасанд хучигдаж  шив шинэхэн дэвтрийн хуудас шиг л болно. Тэгээд л чамд ан авын анхны “А”-г заана даа. Анх сурагч болох анд явах хоёр угтаа яг адил шүү дээ...” гэж нот итгэлтэй өгүүлсэн түүний үгс Шинэхүүд сонин содон, амтлаг сонсогдлоо. Ойн гүн рүү, олзны тэнгэртэй олон эрсэд цор ганцаар шавилан төсөөлөлд багтаагүй номын “анхны А” заалгахаар яваадаа сэтгэлд хангалуунаар инээвхийлэхэд цас будрах шиг санагдлаа. Нам гүмийн гүн дэх ойн цоорхойд буудалласан анчид нам гүмхэн зүүдний ертөнц рүү шургалсны дараахан Шинэхүүгийн инээвхийлэлд үзэгдсэн цасан, бүрхэг тэнгэр ширхэг ширхгээр элтэрэв үү гэлтэй бударч эхэллээ. Дэг дуг сэрвэлзэн хөрвөөх Гэлцэг “Үгүй муу Сандчуу бас “өлөн чоно оо” гээд байгаа юм даа гэсэн эгдүүцлээ “өөрийнх нь бодлыг зөрүүгүй хэлчихсэнд эгдүүцэж байгааг нь ээ.! Бүүр нэг байгаа юм даа...” гэсэн бодлоор арчаад инээвхийллээ. Тэгээд “Цас ч ордгоороо орлоо доо” гэж бодсоор ахуй ертөнцөөс анир чимээ хулжсан юм шиг шөнийн тэнгэр дор хэц дэрлэн дугжирлаа.   Нэлэнхүй гиймэл гэгээнээр бүгд сэрцгээж унаа морьдоо эмээллэж буугаа агсав. Шинэхүү ихэд догдлон төсөөлж байгаагүй хэрэг зоригийнхоо төлөө явж буйдаа өөрөөрөө бахархмаар санагдлаа. Шивээлсэн жад мэт балар ойн гүнд хамгийн түрүүнд ямар араатны мөр  цаснаа дурайн анч эрсийг араасаа дагуулахыг таах нь Шинэхүүд хэлж боломгүй төсөөлөл мөнөөсөө мөн буюу. Хэзээний догь анч эрсийн харцанд зүсэн зүйлийн араатан гүйлдэж араас нь уулгалан хөөх морьдын туураар шидлэх цас гинших шиг санагдах нь нэгэн зуурын төсөөлөл өө...!!! Анчдын түрүүнд мордсон Сандчуу балар ширэнгэн дундуур, эмээл дээрээ бөгтөлзөн гараад ойн цоорхойд гарч тэрүүхэн дороо хэдэнтээ эргэлдчихээд мориндоо ташуур өгөв. Гэлцэг “Мань хүн ч нэг мөрөөр орох нь орлоо. Юу л тарьж манан татуулдаг бол. Явсхийнэ байгаа” гээд дөрөөн дээрээ өндөлзөхөд бусад эрс ч мөн морио шавдууллаа. Ойн цоорхойд гарч Сандчуугийн эргэцсэн мөрийг хальт ажиглаад “Гурван боохой, холгүй дэг ээ” гэх Гэлцэгийн үг Шинэхүү болон бусад эрсэд “Аюутугай” гэх шиг сонсогдон түүний эрхшээлд эрхгүй дагаар орлоо. Сандчуугийн араас уулгалан төдөлгүй нэгэн цагаан хамар өөд гарч ирэхүй буун дуу тасхийж цуурайтан модод гинших шиг болов. Цас бургиулан нумарч, тэлэн дүүлж зүг буруулсан гурван чонын нэгийнх нь араас Сандчуу эмээл дээрээсээ нисчих нь үү гэлтэй хоёр гараа дээш нь сарвалзуулан эргэж хараад ам нь ангалзан цогиулж харагдав. Бодвол тэрбээр ямар нэгэн юм хашхирч буй бололтой. Гэлцэг түүний араас харж “Сандруу сандруу гэхэд арай ч ингэж самардаггүй сэн. Яах нь энэ вэ” гэж халаглана. Чагдаржав Сандчуугийн цасанд шидсэн бууг эмээл дээрээсээ шүүрээд Шинэхүүд атгуулахад бүрхэг тэнгэрийн чанадаас “Ороо гөрөөс авлаваас алснаа авагтун” хэмээн зарлигдах шиг болж зүрх нь булгилав. Янсанжав Цохиот цагаан хамрыг хэдэрсхийн чоныг амдах аятай давхисаар давж одлоо. Шинэхүү тэжигнэлдэн одсон эрсийн араас шогшуулсаар Цохиот цагаан хамар өөд гарахын алдад дахин буун дуу тасхийлээ. Морьтон эрс цугаар мориноосоо буун тойрч суужээ. Гэлцэг, Янсанжав хоёрын толгой гал авалцан уугьж буй мэт тамхиных нь утаа  суунагтана. Шинэхүүг очиход хээрийн боохой нэгэнт амь тавьсан байлаа. Тасар татахын ид хавт араа соёо хэлээ тас зуухаас наахнуур ярзайх нь айдас төрөм. Загзгар толгой, үс нь боссон түхгэр сэрвээ нь цастай хутгалдсаныг ажихуй хэдэнтээ тонгорцоглосон болов уу...  Хондон улаан цус цаснаа нүүж хайлмагтуулаад улмаар зах хүрээг нь улаан буурал өнгөөр сүлжээ. Элгэн хаднаа онгойж харлах нүхнээс гарч ирсэн Чагдаржав “Ойрын зуун жил амьд амьтан энэ агуйд мөрөө гаргаагүй байх. Наашаа амь тавин зулрахыг бодоход зүг л бууруулсан вий” хэмээн тээхэгнэн алхахдаа мөлт гишгэн тэнцвэр алдаж эмс охид адил “Эцэг чинь...” хэмээн уулгадаад нэгэн зүйл цаснаас тэмтчин авч шидсэн нь үхсэн чонын толгойг түгхийтэл онолоо. Ямар гээч хэрмэл нь ойн гүнд хоосолж орхисон юм бүү мэд. Манайхны нэрлэж хэвшсэнээр “Хар Чингис”-ийн шил чонын загзгар толгойноос ойгоод хадны ирмэг дээр тогтов. 

Шинэхүүд бүх зүйл морьдын төвөргөөний хэмнэлээр хоромхноо өрнөж өнгөрсөн тул гомдолтой санагдав. Тэрбээр ан авын анхны хичээлээ ийм хэмнэлээр заалгана гэж төсөөлөөгүй билээ. Шинэхүү гомдлын мөрт Цохиот цагаан хамраас нааш эрээлжлэх мөрийг хараад “Өөрсдөө ангийнхаа мөрийг будилаанттал тэжигнэж ирэв дээ” гэсэн гоморхол тээв. Үхсэн чонын амь авсан сумны нүхээр урсах цус эргэн тойрноо бялдсаныг анзаарч огиудас нь хүрсэн нь ч бага хэрэг болов. Улаан утас хөвсөн юм шиг зурайх цусны мөрийг хөөн ажвал нэгэн дүрсэт хонхрыг дүүргэн тунарчээ. Архины шил эргэлдэн тогтсон хадыг хонхойлж тогтсон тодорхой дүрс эгээгүй хүмүүний нүцгэн тавхайн мөр байлаа. Элин галавын мөрийг эдүгээд улам тодруулах гэсэн шиг хөлийн мөрийг эмжсэн цас улбартах нь үгүй цавцайна. Тэрхэн зуур эртний уран зохиолын хичээл дээр “Чингис хааны язгуур дээд тэнгэрээс заяат Бөртэ чоно ажгуу. Гэргий нь Гоо Марал ажээ...” хэмээн дуржигнуулах багшийнхаа өөдөөс Шинэхүү “Чоно эр зоригийг, буга гоо сайхныг бэлгэдсэн ёгт илэрхийлэл бус уу” хэмээн мэтгэлцэж байсан нь зурсхийв. Бүрхэг тэнгэрийн хярхгаас их бүрээ татах мэт дуун түгээд үл мэдэг салхин сэвэлзэхийн төдийд хальж нөхөцсөн чонын үс сэвэгнэх нь дах нөмөрсөн хүмүүнийг санагдуулж анч эрс цугаар чоно адил оцойн суугаад нэгэн хэмээр улилдах шиг болохуй Шинэхүү буу, цулбуураа хоёр тийш шидчихээд аймсан хашхирч цас манарган газрын уруу харайлгалаа. Цохиот цагаан хамар хаяалдсан моддын завсраар гунигтай ширтэх усгал хар нүд марал бугынх байлаа.

Огт санаандгүйгээс үйл бүрдэх нь төдий авч онхид мартагдсан ч бидний дунд байсаар л байх алив бүхнээс орчлон бүрэлддэг юм сан уу.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №038/24569/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 1 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 3 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 4 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 4 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 4 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 4 цагийн өмнө
SDY Calling you... 4 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 4 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 5 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 5 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 5 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22