О.Анужин: Чин сэтгэлээсээ дурласан хүмүүс л удаан хугацаанд балетаар хичээллэж мэргэжлийг нь эзэмшдэг


Энэ цагийн сонгодог урлагийн түүхэнд нэрээ бичүүлж, бусадтай зуузай холбож яваа дуурийн дуучин, балетын жүжигчид манай улсад цөөнгүй бий. Хэн дуртай нь хүрдэггүй, хүссэн бүхэн нь гардаггүй тайзан дээр гарч алдар нэрээ дуурсгасан уран бүтээлчдээс энэ удаа УДБЭТ-ын тэргүүн гоцлооч, Монгол Улсын Гавьяат жүжигчин О.АНУЖИНГ онцлон уулзлаа. Хэсэг хугацаанд нам жим байсан тэрбээр саяхан Л.Минкусын “Дон Кихот” балетын Китрийн дүрээр тайзнаа гарч үзэгчидтэйгээ мэндэллээ. Зөвхөн түүний бүжиглэхийг харах гэж сонгодог урлагийг зорин ирсэн хүн цөөнгүй байв.

  

-“Дон Кихот” балетын Китрийн дүрээр тантай дахин уулзаж байна. Бэлтгэл сургуулилалт хийгээд ачаалалтай байв уу?

-Тийм ээ,  ачаалал ихтэй байлаа. Хэсэг хугацаанд амарч байгаад улирлын нээлтдээ оролцохын тулд маш их бэлтгэл хийсэн. Үүний үр дүнд бид үзэгчдэдээ балетаа амжилттай хүргэлээ.

-Зөвхөн Анужинг үзэх гэж сонгодог урлагийг зорин ирдэг үзэгч олон бий. Үүнийг та тайзан дээрх уур амьсгалаас мэдэрсэн байх?

-Тоглолт болохоос өмнө хүмүүс хэзээ бүжиглэх талаар асуусан. Зарим нь инстаграмм болон фэйсбүүкээр холбогдож байсан нь надад их гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлж байлаа. Намайг тайзан дээр бүжиглэхийг харах гэж тасалбар авч театрыг зорин ирдэг хүн олон болсонд үнэхээр их баярлаж байна. Яагаад гэвэл, тэр хүмүүс тусгайлан зорьж ирээд цаг хугацаа, мөнгө төгрөгөө зарцуулж байгаа учраас би сайн бүжиглэхгүй бол болохгүй шүү дээ. Үзэгчдийн энэ их хүлээлт надад урам зориг өгч байна.   

-Та хэсэг хугацаанд гол дүрүүдэд гараагүй. Нууц биш бол ямар шалтгаанаар уран бүтээлээ түр завсарласан юм бэ?

-Би өнгөрсөн жилийн аравдугаар сараас энэ оны хоёрдугаар сар хүртэлх хугацаанд Канадын Ванкувер хотод хувийн асуудлаас шалтгаалж хэсэг хугацаанд байлаа. Амьдралын минь нэг хэсэг болсон тайзнаасаа холдоход өөрийн эрхгүй үгүйлдэг. Монголд өнгөрсөн хоёрдугаар сард ирээд театрынхаа тайзан дээр эргэн гарлаа. Харин коронавируст цар тахлын үед хөөрхөн хүүтэй болсон. Одоо хүү маань хоёр нас арван сартай. 

-Балетын жүжигчний тайзан дээр өнгөрүүлдэг цаг хугацаа богино, золиос ч их. Тиймээс үнэхээр балетад дурласан хүн энэ замаар явдаг гэж боддог. Энэ талаарх бодлоосоо та хуваалцаач?

-Мэргэжил бүхэн өөрийн гэсэн онцлог, эрсдэлтэй. Балетын урлагт биеийн хүчний ачаалал их. Дээр нь оюуны ачаалал ч их авдаг. Тиймээс чин сэтгэлээсээ дурласан хүмүүс л удаан хугацаанд балетаар хичээллэж мэргэжлийг нь эзэмшдэг хэмээн би хувьдаа боддог юм. Нөгөө талаар тайз өөрөө уран бүтээлчээ татдаг увдистай. Тайзан дээр гарах мэдрэмжийг мэдэрсэн хүн салж чаддаггүй. Бас хэдийгээр балетын сургуульд сураад тайзан дээр бүжиглээгүй ч гэсэн зүрх сэтгэлээрээ холбоотой хүн олон байдгийг энд дурдах нь зүйтэй болов уу. Багшлах, тоглолт зохион байгуулах гэх мэтээр балетын урлагтай холбоотой хүн олон бий.

-Сургуулийн заалнаас сонгодог театрын тэргүүн гоцлооч болтол багагүй зүйлийг үзэж туулсан байх. Энэ хугацаанд хамгийн их дурсамжтай, сэтгэлд үлдсэн нь юу байх юм?

-Хөгжим бүжгийн коллежид сурч байсан үе юм уу даа. Яагаад гэвэл тэнд эрх дураараа, найзуудтайгаа хөгжилдөж, илүү дутуу зүйлд санаа зовдоггүй байж. Театрын уур амьсгалыг мэдэрч үйл ажиллагаанд нь оролцоод ирэхээр үүрэг хариуцлагын талаар бодож эхэлдэг. Ялангуяа балетад гоцлох даалгавар авахад дасгал сургуулилалтаас өөр зүйл толгойд бодогдохгүй. Дээрээс нь гэр бүл зохиож, үр хүүхэдтэй болохоор ажил цаанаасаа ундардаг юм байна. 

-Энэ жил Дуурь, бүжгийн эрдмийн театр үүсэж, хөгжсөний 60 жилийн ой тохиож байна. Балетын ангийнхан түүхт ойгоороо  үзэгчдэдээ ямар бэлэг барихаар бэлтгэж байна вэ?

-Манай театр ойн баяртаа зориулан олон ажил зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь гала концерт юм. Хүндэтгэлийн  энэ тоглолтод театрын хамт олон маань дэлхийн шилдэг уран бүтээлүүдийн хэсгээс тоглож үзэгчдэдээ бэлэг барилаа. Хуваарьт тоглолтуудын тухайд “Щелкунчик”,  “Бахчисарайн оргилолт булаг”, “Уран хас” зэрэг балетыг үзэгчдэдээ хүргэхээр бэлдэж  байна. Би 10 жилийн өмнө театрын 50 жилийн тоглолтод оролцож байсан. Цаг хугацаа хурдан юм, саяхан л юм шиг санагдаж байна. Одоо тэгсэн чинь аль хэдийнэ 10 жил өнгөрчихжээ.

-Балетын ангийг ахмад үеийн уран бүтээлчидгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэдний зарим нь танд багшилж байсан байх?

-Багш нар маань голдуу театрт бүжиглэсэн хүмүүс байдаг. Миний анги даасан багш Монгол Улсын Гавьяат жүжигчин Т.Туул гэж гайхалтай сайхан хүн бий. Би багшийнхаа заасан бүхий л эрдмийг долоон жилийн хугацаанд сурах гэж хичээсэн. Багш маань балетын урлагт бүхнээ зориулсан гайхалтай хүн. Би тийм хүний шавь нь болсноороо их бахархдаг. Хөгжим бүжгийн коллежоо төгссөний дараа Монгол Улсын Ардын жүжигчин О.Ганбаатар, Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг нар Дуурь, бүжгийн театрын үндсэн багш байсан. Тэднээс би их зүйл сурсан. Мөн Д.Дашлхагва багшаас хувиараа бэлтгэл авч өнөөдөр би өөрийгөө бүтээсэн юм. Багштайгаа олон уран бүтээл, тэмцээний ард гарсан даа. Ингэж дурдаж байгаад хүн үлдээчих гээд байдаг тал бий. Тиймээс театрынхаа үе үеийн болон одоо багшилж байгаа багш нар маань ч гэсэн адилхан сэтгэл зүрхээ зориулаад явж байгаа гэж хэлэх нь зөв байх.

-Та 20 гаруйхан насандаа гадаад, дотоодын уралдаанд амжилттай оролцож 23 насандаа Монгол Улсын Гавьяат жүжигчин болсон. Ийм түүхийг бичихэд хамгийн их тусалсан хүн хэн байв?

-Хамгийн их тусалсан хүмүүс гэвэл мэдээж гэр бүлийнхэн маань. Мөн багш нарынхаа тус дэмгүйгээр өнөөдөр би өөрийгөө төсөөлөхийн аргагүй. Тэр хүмүүсээр удирдуулж байж л зөв буруугаа мэднэ шүү дээ. Учир нь, хүн өөрийгөө бүрэн дүүрэн харж чаддаггүй. Тэгэхээр амжилтад хүрэхэд багш нар маань чухал үүрэг гүйцэтгэсэн. Түүнээс гадна надад хамгийн их тусалж дэмжсэн хүн бол Д.Дашлхагва багш. Тэмцээнд оролцоход дандаа тусалж, шинэ бүжиг дэглэж өгч байв. Түүгээр ч зогсохгүй эрүүл мэнд, сэтгэл зүйн тал дээр ч гэсэн багшаараа зөвлүүлж өнөөдрийг хүрчээ. 

-Одоо та хөөрхөн хүүгийн ээж болсон. Бас найруулагч болохоор суралцаж байгаа. Тэгэхээр хувийн амьдралын хувьд ч багагүй өөрчлөлт гарчээ. Цаашид театртаа найруулагчаар ажиллах бодолтой байна уу?

-СУИС-д сурч найруулагч болоод удаагүй байна. Энэ мэргэжлээрээ ажиллана гэсэн бодол ч одоогоор алга. Бүх зүйлээ өөрөө хийж, бодож, сэтгэдэг учраас найруулагч болохын тулд өөрийгөө илүү боловсруулах хэрэгтэй. Гэхдээ түүнээс өмнө тайзан дээрээ байж бүжиглэх хүсэл дүүрэн байна.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №038/24569/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 7 цагийн өмнө
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 14 цагийн өмнө
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… Өчигдөр
Шатар бол цахим спорт Өчигдөр
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… Өчигдөр
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… Өчигдөр
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… Өчигдөр
Товчхон Өчигдөр
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна Өчигдөр
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… Өчигдөр
​ Нүүр тахлах ганц музей Өчигдөр
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… Өчигдөр
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” Өчигдөр
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг Өчигдөр
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг Өчигдөр
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна Өчигдөр
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... Өчигдөр
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ Өчигдөр