Дэлхийг өөрчилсөн монголчуудын өв


Чингис хаан, Монголын түүхийг сонирхогч, судлаачид Францын  Нант цайзыг зорьж байна. Өрнө дорнын ард түмний  худалдаа, шинжлэх ухаан, урлагийн солилцоог цэцэглүүлж, дундад зуунд даяаршлын хэлбэрийг бий болгож, торгоны замд ноёрхлоо тогтоон харилцан үйлчлэлээрээ монголчууд дэлхийд хэрхэн нөлөөлснийг өгүүлэх  үзэсгэлэнгийн нээлт маргааш болно.  “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг Монгол Улс, Франц улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байна.  Эртний олдворуудын энгийн үзэсгэлэнгээс хальж эр зоригоороо домог туурвисан үндэстний түүхийн эргэлтийг хүүрнэх аж. Оргил үедээ монголчууд дэлхийн эх газрын 22 гаруй хувийг эзэлсэн. Чингис хаан болон түүний залгамжлагчдаас өмнө  ийм аугаа  эзэнт гүрнийг байгуулсан нь үгүй. Үүнтэй дүйцэх утга агуулгыг шингээсэн томоохон баримттай үзэсгэлэн Франц төдийгүй бусад орнуудад  дэлгэж байгаагүй билээ. Олон өнгийн улсыг хураан нэгтгэсний эцэст Пакс Монголика гэх энх цагийг бий болгосон. Хуурай газрын хамгийн том эзэнт гүрнийг байгуулж, дэлхийн энхтайван Пакс Монголикаг түгээн дэлгэрүүлсэн их хаадын суу билгийг хүн төрөлхтөн энэ цагт эргэн санах болсон. Нантын цайзад ирэх оны тавдугаар сар хүртэл монгол судлалын сонирхолтой лекц, семинар, концертуудыг  зохион байгуулах бөгөөд  уламжлалт музейн хязгаарыг давсан хэмээн хэлж болохоор байгаа юм. Үзмэрүүдийг Чингис хаан, XIII зуунаар хязгаарлалгүй хүрэл зэвсгээс  эзэнт гүрэн хүртэлх  түүхийн урт хугацааг хамруулснаараа онцлогтой. Чингис хааны дүрийг цуст байлдан дагуулагчийн хар домгоос салгахыг монгол судлаачид эрмэлзэх болсон. Тийм ч учраас соёл иргэншлийн онцлог, боловсронгуй байдал, дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг нь ойлгоход үзэсгэлэнгийн зорилго оршино. Зургаан жилийн өмнөөс бэлтгэсэн үзэсгэлэнд 450 гаруй эд зүйл, баримт бичиг, архивын эх сурвалжийг  танилцуулахаар зэхжээ. Үүнд Францын Үндэсний архив,  Үндэсний номын сан, Лувр, Гимет, Севр, Клуни музейд хадгалж буй  эд зүйлс,  Монгол Улсаас олдсон археологийн ховор дурсгал, Луврын музейд хадгалж байгаа ваар сав, Ил хаадын үеийн хөшөөнд зориулсан суурь чулуу, таваг, Хархорум хотын дурсгалт зүйлс, Чингис хааны музейд хадгалж буй алтан эмээл, Берлиний музейн сан хөмрөг дэх  баримт бичиг багтжээ. Тухайлбал, Чингис хааны залгамжлагч Ил хаан Өлзийт, Аргун нараас  Францын IX Людовик, Филипп Ле Бел нартай солилцсон дипломат захидлын эх хувийг дэлгэх юм. Эдгээр үзмэр нь дэлхийн түүх, урлаг, соёл, шашин, шинжлэх ухаанд оруулсан монголчуудын нөлөөллийг ойлгох түлхүүр гэж хэлж болохоор... Магадгүй найман зууны дараа Монголын эзэнт гүрний дурсгалуудыг нэг дор цуглуулсан ховор үйл явдал болов уу. Үзэсгэлэнгийн нээлтэд зориулж Монгол Улсын Морин хуурын чуулгын уран бүтээлчид тоглолтоо толилуулна. Энэ үеэр Нант цайзад Монгол соёл, ахуйг сурталчилсан 24 уран бүтээлчийн үзэсгэлэн гарах аж.  Эрдэм шинжилгээ, түүх, соёлын чухал ач холбогдолтой уг төсөл нь олон хүний уйгагүй хамтын ажиллагааны үр дүнд ажил хэрэг болсон юм. Тухайлбал, Монгол судлаач, Нантеррийн их сургуулийн профессор, “Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнгийн шинжлэх ухааны куратор хатагтай Мари Фабру, олон улсын эрдэмтэд хамтран ажиллаж үнэтэй хувь нэмрээ оруулсан бөгөөд Гадаад харилцааны яам, Монгол Улсаас Франц Улсад суугаа Элчин сайдын яам холбогдох дэмжлэгийг үзүүлж, хамтран ажиллаж байна. Төслийн зохион байгуулагчаар Нантын музейн захирал Бертран Гуилет, Монголын түүхийн багш Мари Фавру,  Франц-Монголын археологийн төлөөлөгчийн газрын захирал асан Жан-Пол Десрош нар ажиллажээ. Мари Фавру бол  Монголын эзэнт гүрний үеийн түүхийн судалгаагаар дагнан ажил­ладаг бөгөөд 2021 онд “Алтан Орд: Монголчууд дэлхийг  өөрчилсөн нь” (The Horde: How the Mongols changed the World)  номоороо судлаачдын дунд төдийгүй барууны нэр хүндтэй хэвлэлийн газруудын анхаарлыг татсан билээ. 

Энэ бол  Монголын эзэнт гүрний тухай 2006 онд ХБНГУ-д гарсан үзэсгэлэнгээс хойших хамгийн далайцтай үзэсгэлэн. Нант бол Францын үе үеийн язгууртнуудын амьдарч ирсэн  цайз. Монголчууд хүн төрөлхтөнд энх амгаланг хэрхэн тогтоосон, Европ, Ази тивийг яаж холбосон, хүн төрөлхтөнд цэрэг болон бичиг хэргийн урлаг, Ази, Европын эдийн засаг, худалдааны солилцоонд ямар үүрэг гүйцэтгэсэн баримтуудыг өнөө үед харуулж буй нь чухал ач холбогдолтой. 2006 онд Европын  орнуудад “Их Монгол” үзэсгэлэн гаргаж шуугиан дэгдээсэн. Тэрхүү үзэсгэлэнг үзсэн хүний тоо тухайн үед музейн дээд амжилт тогтоож байв. “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг Монгол Улсад ирэх жил гаргахаар төлөвлөжээ. Тэр цагт  Монголын их хаадын захиа, зарлиг бичгүүд найман зууны дараа эх нутагтаа эргэн залрах юм. Түүнчлэн монголчууд Европын улс орнуудад хадгалагдаж байгаа эзэнт гүрэнтэй ховор нандин дурсгалуудыг үзэх боломж бүрдэх юм. Шинжлэх ухааны ач холбогдлоос гадна эл  үзэсгэлэн Монгол Улсыг  дэлхийд сурталчлах том үүд болно. Мөн “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг гаргах саналаа  Чехийн үндэсний музей, Швейцарын Рийтбергийн музей, Канадын Монреалын музей болон Европын зарим улсаас ирүүлжээ.


 Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №038/24569/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 1 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 3 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 4 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 4 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 4 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 4 цагийн өмнө
SDY Calling you... 4 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 4 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 5 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 5 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 5 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22