С.Мөнгөнцэцэг: Одоо улам дотогшоо чимээлж, илүү ихийг хиймээр байна


Жүжигчин болох хүсэлдээ хөтлөгдсөн охин их хотод ирж мэргэжлийн урлагийн сургуулийг зорьсон ч түүний сурахыг хүссэн анги байсангүй. Гэхдээ бусдын зөвлөснөөр дуурийн дуучин болохоор зүрхэлсний дүнд багшийнхаа хайртай шавь, бүр болоогүй хилийн дээс алхаж баргийн хүний тэнцдэггүй сургуульд элссэн нь “Дугаарын зочин”-оор урьсан эрхмийн хувьд заяа төөрөг байсан гэлтэй. Тэнд л тэр дэлхийн дуучин ямар байх ёстойг ойлгож, ирээдүйн ханьтайгаа учирч танилцжээ. Дурдан буй эрхэм уран бүтээлч болох УДБЭТ-ын гоцлол дуучин, Монгол Улсын Гавьяат жүжигчин С.МӨНГӨНЦЭЦЭГ “Богема”, “Чио Чио Сан”, “Тоска”, “Аида” гээд тоочвол хөврөх дэлхийн сонгодгуудын гол дүрийг бүтээсэн нэгэн. Зөвхөн мэргэжлийнхэн л зүрхэлж шандас сорьдог олон улсын дуурийн дуулаачдын уралдааны жимийг гаргасан гавьяатай, Монголын шилдэг сопрануудын нэг юм.  

 

-Театрын нэгэн жарны зааг дээр бид ярилцаж буй нь бэлгэшээлтэй юм. Ялангуяа сопрано хоолойтонд зориулсан дэлхийн сонгодгуудын гол дүрийг бүтээсэн тантай ярилцахад таатай байна.

-Баярлалаа. Энэ жил манай Дуурь, бүжгийн эрдмийн театр үүсэн байгуу­лагдсаны 60 жилийн ой тохиож байна. Улирлын нээлтээс эхлээд театрт маань хөл хөдөлгөөн тасрахгүй, уран бүтээлүүд ар араасаа ундарсаар байна.

-Ийм их халуун дотно уур амьсгалтай үед театрт гурван үеийн төлөөлөл цугласан нь ойн баярын утга учрыг илүү тодотгосон үйл явдал боллоо?          

-Дуурийн театрын уран бүтээлчдийн хувьд бүтэн жарны түүхийг тэмдэглэсэн онцлогтой жил болж байна. Театр маань хэдийгээр түр даргатай хэдий ч ойн баяр хойшлуулшгүй арга хэмжээ байсан учраас маш богино хугацаанд олон ажлыг төлөвлөж, эхнээс нь хэрэгжүүлээд явж байна. Бид өнгөрсөн есдүгээр сарын эхээр задгай талбайд сонгодог урлаг сонирхогчдодоо зориулан томоохон хэмжээний тоглолт хүргэсэн. Аравдугаар сарын 15-нд ахмад уран бүтээлчидтэйгээ хамтран гала концертоо хийлээ. Энэ үеэр улаан хивсний ёслол болсноос гадна XX зууны дуурийн манлай дуучин Ц.Пүрэвдорж гуайн нэрэмжит маркийг хэвлэж 60 жилийн ойдоо бэлэг барилаа. Энэ мэт ойн хүрээнд шат дараалсан арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулж байна.

-Мэргэжлийн театрын бүтээлийн дийлэнхийг сопрано хоолойтнуудад зориулсан гэлтэй. Гол дүрийн нэг нь яалт ч үгүй сопрано хоолойтон байх юм. Үүний учрыг та л тайлах байх?

-Энэ тохиолдлын зүйл биш. Сопрано хоолойтнууд театрын дуулаачдын нүүр царай нь болдог. Гоо үзэсгэлэн, сайхан бүх зүйлийг зохиолчид маань эмэгтэй сопрано хоолойд зориулан бичсэн байдаг. Манай театрын тайзнаа тавьсан бүтээлийн дийлэнх хувьд сопрано хоолой бий. Хэрвээ сопрано ороогүй тохиолдолд меццо сопрано буюу эмэгтэй аргил хоолой байх нь түгээмэл. Магадгүй ийм өргөн агуулгатай учраас примадонна гэдэг үг гарсан байх. Дэлхий дахины хэллэг болсон энэ үгийг утгачилбал нэгдүгээр бүсгүй, тэргүүн дуучин. Үүгээрээ сопрано маш хариуцлагатай хоолой гэдгийг илтгэдэг. Тиймээс ийм бүтээлийг үзэгчдэд хүргэхэд дуучнаас маш их ур чадвар, хариуцлага, хөдөлмөр шаарддаг юм.

 

Би ямар их зоригтой байсан юм бэ

 

-Таныг нэгэнтээ “Дуурийн театрын примадонна” гэж тодорхойлсон нь бий. Болгараас ирсэн даруйдаа том даалгавар авсан нь эх орондоо ирсний дараа хүлээн зөвшөөрөгдөх хамгийн том бөгөөд эхний алхам болсон уу?

-Монголд ирээд, Дуурийн театрын тайзан дээр гараад сонгодог урлаг сонирхогчидтойгоо учран золгосон дүр маань алдарт Ж.Пуччинийн “Чио Чио Сан” дуурийн гол дүр. Тухайн үед надад маш том шалгуур тавьсан мэт санагдаж билээ. Түүнийг л даваад гарах юм бол өөрийгөө харуулж чадна. Чадахгүй нөхцөлд “Энэ ч дээ” гэсэн байдал тогтох эгзэгтэй үе байлаа. Манай монголчуудад нэг муу зан байдаг. Хүнийг хөгжин дэвжинэ гэж бодохгүйгээр нэг л харснаараа дүгнэх гээд байдаг сул талтай. Тиймээс алдаж болохгүй хариуцлага тухайн үед надад ирсэн юм. Одоо бол өөрийгөө “Ямар их зоригтой байсан юм бэ” гэж боддог. Сонгодог бүтээлийн энэ олон дүрийг багаас нь алгуурхнаар эхлэлгүйгээр хамгийн хүндийг нь барьж авч шаргуу, шартай дайрч байснаа залуу, зоригтой байжээ гэж боддог.

-Болгарт дуучнаараа үлдэх боломж  танд байсан. Гэхдээ эх орондоо ирж уран бүтээлээ үргэлжлүүлэхийг илүүд үзсэн нь одоо бодоход зөв сонголт болсон байна уу?

-Хүн аливаа шийдвэр гаргасан тохиолдолд түүнээсээ хазайдаггүй байх хэрэгтэй. Сонголт хийсэн бол сонголтдоо эзэн болох ёстой гэж боддог. Тухайн үед гаргасан миний шийдвэр зөв байсан. Буруу байсан бол өнөөдөр та бид хоёр Монголд ганцхан байдаг сонгодог урлагийн театрын зааланд ярилцаад суухгүй байсан биз дээ. Миний хувьд 2007 оны нэгдүгээр сар амьдралд минь тод үлдэх дурсамжит үеүдийн нэг нь. Учир нь, энэ үед  миний Дуурийн театрт гоцлол дуучнаар ажиллах тушаал гарч байсан юм. Тэр цагаас хойш 16 жил өнгөрсөн байна. Өнөөдрийн театрын уран бүтээлчдийн ахмад гэж хэлдэг хэсэгт нь орчихоод явж байна шүү дээ. Маш олон залуу, авьяаслаг уран бүтээлч түрэн гарч ирж байна. Тэд бидний дуулдаг уран бүтээлүүдийг дуулж ачаа үүрэлцэх хэмжээний болжээ. Бас би өөрийгөө маш азтайд тооцдог. Нэгэн жарныг дуусгахад, дараагийн жарныг эхлүүлэх зааг дээр гоцлол дуучнаар театртаа оршин байгаагаа ховор хувь заяа гэж боддог. Энэ урлагтай холбогдсоноороо би Монголын олон бахархлыг дэргэдээс нь харж, нэг тайзан дээр гарах боломжтой болсон.

-Монголын дуурийн дуучдыг дэлхийд таниулахад таны гаргасан амжилт их. Та жимийг нь гаргасан учраас тэд бусадтай авьяасаа уралдуулж, ур чадвараа олон улсад тунхаглаж байна шүү дээ?

-Намайг өндрөөр үнэлсэнд баярлалаа. Олон улсын уралдааны анхдагч, Монголын нэрийг өндөрт өргөсөн хүнийг би талийгаач П.Ганбат ахыг гэж боддог. Ер нь аливаа зүйлд миний баримталдаг зарчим бол “Хэнээс эхлэлтэй, хаанаас гарснаа хэзээ ч мартаж болохгүй”. Энэ зарчмаа баримтлах дуртай. Аливаа зүйл заавал ундаргатай, булагтай байдаг шүү дээ. Үүгээрээ юу гэж хэлэх гээд байна гэхээр аливаа зүйлийн эхлэлийг хэн нэгэн хүн тавиад өгчихсөн байдаг. Тэр утгаараа би П.Ганбат ахыг энэ ярилцлагадаа дурсаж байгаа юм. Түүнийг Римский Корсаковын нэрэмжит дуурийн дуулаачдын уралдааны дөрөвдүгээр байр, Глинкийн уралдааны гуравдугаар байрыг эзэлсэн гэдгийг сонсоод ямар аугаа дуучин бэ. Ёстой хүрч гаршгүй оргил шиг санагддаг байж билээ. Энэ аугаа хүнийг Монголд ирэхэд нь хүмүүс ямар их хүндэлж харилцдаг байсан гэж санана. Ёстой л хараад шүтэж, биширдэг байсан даа.

-Харин таны хувьд?

-Би Болгарын Хөгжмийн академийг бакалавр, магистр зэрэгтэй төгсөөд тэндээ 10 жил амьдарсан. Тэр хугацаанд сайн сургуулийн мундаг эрдэмтэн доктор багш нараар хичээл заалгаж стандартын талаар багахан мэдлэгтэй болсон хүн шүү дээ. Болгар дуурийн хөгжил, дуулаачдаараа дэлхийн чансаатай газруудын нэгээр тодорхойлогддог. Тэгээд яахав, “Алтны дэргэдэх гууль шарлана” гэдэг биз дээ. Тийм орчин нөхцөлд суралцсан нь надад үр өгөөжөө өгч, хөгжих боломжийг олго­сон гэж боддог. Би Болгарт ажиллаж амьдрах хугацаандаа олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд их оролцдог байсан. Тэнд зохион байгуулагддаг оюутны уралдаанаас эхлээд улсын чанартай уралдаануудад нь хүртэл оролцож явсан. Бүр хил дамнасан уралдаануудад оролцоод улам туршлагажиж юунд өөрийгөө сорих талаар мэддэг, зорилготой болсон байлаа. Түүнчлэн ур чадварын хувьд ямар түвшинд хүрч байж амжилт гаргах хэмжээнд очих тухай тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон байсан. Гэхдээ Монголын нэг номерын театрын гоцлол дуучин болно гэдэг их том хариуцлага. Уралдаанд явна гэдэг хувь уран бүтээлчийнхээ хөгжилд анхаарч өөрийнхөө шандсыг сорьж явж байгаа болохоос биш миний уралдаанд хэдэн удаа явах нь театрт заримдаа хамаагүй юм шиг санагддаг байсан үе бий.

-Таныг нялх биетэй олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд оролцож байсан талаар сонссон. Формдоо ч ороогүй байж их зоригтой байжээ?

-Би 2008 онд том охиноо төрүүлсэн. Охиноо дөрвөн сартай байхад нь Хятадад болсон Нингбогийн уралдаанд оролцохоор явж байсан юм. Уралдааны эхний шатанд тэнцсэн хүн хоёрдугаар шатанд оролцох урилга ирвэл татгалзах аргагүй шүү дээ. Тиймээс зориглоод нөхөр болон Монгол Улсын Гавьяат жүжигчин, төгөлдөр хуурч Б.Солонго багштай хамт явж байлаа.  Одоо бодоход бас л зоригтой байж дээ. Төрөөд удаагүй, формдоо гүйцэд ороогүй мөртлөө уралдаанд оролцохоор явж л байдаг. Тэр үед намайг хань маань ч ямар их дэмждэг байсан юм бэ. Одоо эргээд бодохоор сайхан санагдаж байна.

-Глинкийн наадмаас анхны тэргүүн байрыг Монголдоо авчирсан хүн бол та?

-2009 онд Глинкийн уралдаанд материалаа явуулчихаад хариугаа хүлээж байлаа. Үнэндээ нэг их горьдлого төрөөгүй. Ерөнхийдөө миний хувьд төгсгөлийн зодог тайлах уралдаан байсан юм. Яагаад гэвэл олон улсын уралдаанд оролцоход тодорхой нас заадаг. Тиймээс уралдаанд тодорхой амжилт гаргахгүй байсан ч театртаа дүрүүдээ бүтээж ээжийнхээ үүргийг гүйцэтгэнэ гэсэн бодолтой явсан. Тэр зуур хариу ирсэн ч эргэлзсэн хэвээрээ байсан. Урьд нь маш их өндөр зардалтай ажил хэрэг болгож яваад амжилт гаргаагүй. Гэтэл дахиад төгөлдөр хуурчийнхаа зардлыг даагаад Орос явах хэрэгтэй эсэх талаар их бодсон. Тэгээд сүүлийн уралдаан болохоор оролцоод үзье л гэж бодсон хэрэг. Тэр үед хүүхдээ төрүүлээд багагүй хугацаа өнгөрсөн. Формдоо орсноос гадна ач холбогдол өгч маш сайн бэлдсэн байсан. Ингэж их хичээсэн учраас амжилт гаргасан болов уу гэж боддог юм. Олон улсын жишигтэй уралдааны анхны тэргүүн байр гэдгээрээ их содон, онцгой байсан. Түүнийг сонгодог урлаг сонирхогч, ард түмэн маань онцлон авч үзэж үнэхээр сайхан хүлээж авсан. Одоо болтол өөрөөрөө бахархдаг ганц зүйл маань “Уралдаандаа сайн оролцож амжилт гаргавал улс эх орон чинь үнэлдэг юм байна. Тодорхой хэмжээгээр өөр түвшинд хүлээн авч нөлөөлдөг юм байна” гэдгийг олон залуус тэндээс олж харсан байх. Түүнээс хойш олон улсын уралдаанд зориглоод явдаг хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн. Надаас хоёр жилийн дараа Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар Глинкийн уралдааны эрэгтэй тэргүүн байрыг авах жишээний. Ардын жүжигчин Э.Амартүвшин түүнээс ч өндөр зэрэглэлийн уралдаанд амжилт гаргаад эхэлсэн.

-Сонгодог урлагийн золиос нь залуу нас. Нэгэнт өөртөө дурлуулсан бол орхих боломж олгодоггүй. Дуучныг бүтээлээс бүтээлийн хооронд явуулсаар байгаад хэдэн арван жилийг авч оддог нь нэг талаараа хайран юм?

-Сонгодог урлаг хүнийг донтуулдаг байх. Энэ урлагт насаараа зүтгэлээ гээд бусдаас илүү гарахгүй. Бид төсвийн байгууллагын ажилтны цалингаар бусадтай адилхан амьдарч байна. Тэгсэн ч бид ажилдаа үнэхээр хайртай. Миний хувьд энэ мэргэжлийг эзэмшихийн тулд СУИС-д таван жил, Болгарт долоон жил гээд амьдралынхаа 10 гаруй жилийг дуурийн дуучин мэргэжлийг эзэмшихийн төлөө зориулсан. Ажилдаа маш дуртай болохоор энэ их ажлын ард аз жаргалтайгаар гардаг. Хамт  олонтойгоо нэг дуурийг бүтээгээд  ард нь гарна гэдэг бол нэг сургууль төгссөнтэй адил. “Дуурийн дуучин бол хэзээ ч сурч дуусахгүй мэргэжил” гэж миний багш хэлсэн. Үхэн үхтэлээ суралцана. Багшийн хэлснээр би өнөөдөр ч гэсэн сурч боловсроод дараагийн ажлаа судлаад явж байна. Ийм байдалд байгаа хүний толгой байнга ажиллаж байдаг. Ямар сайндаа манай нөхөр “Та нарын тархи хэзээ ч хөгшрөхгүй байх аа” гэж хэлж байсан. Яагаад гэвэл бид мөнхийн нэг зүйлийн талаар судалж сурдаг.

 

Хүн дуулж байхдаа аливаа зүйлийг сэтгэл зүрхнээсээ мэдэрдэг

 

-Нөгөө талаараа урлаг та бүхэнд уйдах зав өгдөггүй. Байнга шахуу үзэгчдийн өмнө гардаг учраас инээж, аз жаргалтай байхыг шаарддаг тал бий?

-Бясалгалын олон хэлбэрийн нэг нь дуулах юм. Хүн дуулж байхдаа аливаа зүйлийг сэтгэл зүрхнээсээ мэдэрдэг. Тиймээс би дуулах болгондоо өөрийгөө бясалгаж байна гэж боддог. 16 жилийн хугацаанд өөрийн гэсэн фэн, тойрон хүрээлэгчидтэй болсон байна. Тэд нар маань “Дуурь  үзээд та нарын дуулахыг сонсохоор орчноосоо тасарч, өөрөө жүжгийн үйл явдалд орсон мэт мэдрэмж төрдөг. Заримдаа дуунд автаад уяраад уйлчихсан сууж байх юм” гэдэг. Дуулж байгаа хүн хэзээ ч муу зүйлийн талаар боддоггүй. Дуугаар ихэнхдээ сайн сайхныг ерөөж амьдралд байж болох хамаг л сайхан бүхнийг дуугаар илэрхийлсэн байдаг. Тэр болгоныг дуулж байгаа хүн хажуугаар нь муу муухай зүйл бодоод зогсох зав байдаггүй. Тэгэхээр би өөрийнхөө мэргэжлээс маш их аз жаргалыг мэдэрдэг. Мэдэрч байгаа аз жаргалаа бусдад түгээж байгаа хэмээн бодохыг хичээдэг.

-Дуурийн театрын эд эс болсон 16 жилийн хугацаанд тод үлдсэн дурсамж гэвэл юуг онцлон хэлэх вэ?

-Анх Дуурийн театрт  ирэхэд өндөр уулын бэлд ирчихээд дээшээ харж байгаа мэт мэдрэмж төрсөн. Тэгээд уулын оргил руу яаж өгсвөл хүсэл мөрөөдөлдөө хүрч болох талаар их боддог байлаа. Аливаа уран бүтээлд өөрөөсөө гаргаж болох бүхий л зүйлээ өгдөг. Гадуур явахдаа, ууланд алхахдаа, хүүхдийнхээ хоолыг бэлдэж байхдаа ч дүрээрээ, дууриараа өвчилчихсөн. Эсвэл  дууриа сонсоостой, хоол хийж байхдаа хажуудаа дуурийн үгнүүд өрөөтэй байх жишээний.  Ингэж миний байгаа бүх газар гаднын хэл дээр дуулагддаг бүх дуурийн маань орчуулга үг, хадмалтайгаа байж байдаг. Гэр орноо өөрийнхөө  сурч байгаа дууриар амьсгалуулдаг байсан. Одоо бол дууриас дуурьт шилжиж явсаар тодорхой хэмжээний нэг цэгт хүрсэн хэдий ч оргил дахиад  дээр харагдаж байна. Өнгөрсөн хугацаанаас үлдсэн нь би тодорхой арга барил, баримжаатай болсон. Дүрээ яаж шинэчилж,  хүмүүст хүргэж, хүмүүсийн ярьдгаар арьсыг нь арзайлгаж, автуулдаг, дотор нь амьдруулдаг тэр байдлыг яаж байлдан дагуулж эзэгнэх вэ гэдэг ч юм уу одоо бол бүр нарийн зүйлд илүү их анхаарч байна. Анх бол энэ дуурийг  яаж ийгээд дуулаад даваад гарчих юмсан гэж боддог байсан бол одоо улам дотогшоо чимээлж, илүү ихийг хиймээр байна.

Би аливаа уран  бүтээлийн ард гарах болгондоо гишгэсэн мөрөө эргэж хардаг. Ийм зүйл дээр ингэж алдсан байна. Тэгвэл дараа нь энэ  алдаагаа давтахгүйн тулд ингэж ажиллана гэдэг юм уу. Дандаа эргэж дүгнэлт хийж гишгэсэн мөрөө харж явдаг. Тэгээд ч хааны алба халаатай. Мөнгөнцэцэг дандаа тайзан дээр оршихгүй. Цаг нь ирэхээр дуртай дургүй, хүссэн хүсээгүй би тайзнаасаа бууна. Тийм үе ирэхэд би ерөөсөө харамсахааргүй мэргэжилдээ эзэн нь  байж чадсан сэтгэлтэйгээр амьдрах юмсан. Өөрийнхөө эцсийн зогсоол дээр очоод эргээд харахад харамсахгүй, сэтгэл хангалуун байхыг хүсдэг.

-Тайзнаас буусны дараа хийх зүй­лийнхээ талаар бодох юм уу. Эсвэл энэ асуулт арай эртдэж байна уу?

-“Нэг эргээд харсан чинь миний партнёрууд бүгд байхгүй болчихсон. Өөрөөсөө хэд дахин дүү хүнтэй хайр дурлал дуулаад зогсож байсан. Энэ байдал надад зохимжгүй, миний тайзнаасаа буух цаг болсон юм байна гэж бодогдуулсан. Тиймээс дуурийн бэлтгэл хийж байгаад “Турбадур” дуурьт дуулахаас хоёр хоногийн өмнө тасалбар аваад  Герман руу охин руугаа явсан. Тайзан дээрээс өөрийгөө татаж авна гэдэг бол маш том ухаан” гэж зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан багш ярьдаг байсан. Энэ замыг хэн ч тойрохгүй. Надад ч гэсэн ирнэ. Үүнийг эртээс харж өөрийгөө тодорхой хэмжээнд бэлдэх ёстой.

Өнгөрсөн хугацаанд миний шавь болъё гээд хэд хэдэн хүн хандаж байсан. Яг ид дуулж байгаа насан дээрээ багшлахыг би сайн сонголт гэж боддоггүй. Дуулахыг зааж өгөхийн  тулд тэр хүний буруу дуугараад байгааг нь хүртэл засах шаардлага тулгарна. Ерөнхийдөө хоолойн үйл ажиллагаа шаардсан ажил. Бид мэргэжлийн дуучид гэдэг утгаараа хүмүүсийн яаж бэлдэж, яаж ажиллаж байгааг сонссоор байгаад хоолойн бүх үйлдлийг өөр дээрээ тусгаж мэдэрдэг болчихдог. Тийм болохоор би караокед орох дургүй. Хэчнээн сайхан дуулдаг ч хүмүүс хоолойндоо зөв буруу ачаалал өгч дуулдаг. Тэр болгоныг нь бид өөр дээрээ мэдрээд байдаг. Үүнийг дагаад тархи ажиллана. Ялангуяа уралдаануудад шүүгчээр ажиллахад тэгж маш их ядардаг. Яг үүнтэй адил хүнд дуулах арга зүйг заана гэдэг бол бас л хүнийг маш их ядраадаг.

Би аливаа зүйлийг чанартай хийхийг хүсдэг.  Хийвэл хийсэн шиг хийдэг. Түүнээс биш нэр зүүж аргалаад ард нь гарахыг хүсдэггүй. Энэ шалтгаанаар надаар багшлуулах гээд ирсэн хүмүүсийг сэтгэл дундуур буцааж байсан тохиолдол бий. Гэхдээ хүссэн хүсээгүй л багшлах байх.

-Та хөгжимт театрын найруулагчаар дахин суралцсан нь багын мөрөөдлөөс тань үүдэлтэй юү?

-Тийм ээ. Хүүхэд байхдаа драмын жүжигчин болно гэж мөрөөддөг байсан. Дуурийн дуучин болж чадах юм бол миний мөрөөдөөд байсан жүжигчний мэргэжил хослоод явж байдаг юм байна гэснийг мэдэрснээс хойш өөрийнхөө мэргэжилд дурлаж эхэлсэн. Түүнээс өмнө дуурийн дуучин болно гэж бодож ч байгаагүй. Энэ утгаараа дуулахаас гадна дүрийн жүжиглэлтэд маш их судалгаа хийдэг. Дүр талаас нь гаргахыг хичээдэг. Хүмүүс дуурийн дуучдыг ямар жүжигчин гэх юм. Зогсож байгаад дуулчихдаг юм байна лээ шүү дээ гэдэг. Харин би энэ үзлийн эсрэг байхыг хичээдэг. Нэг дуурийн тоглолтод амьдрал, бүхэл бүтэн жүжгийн үйл явдал өрнөж байгаа гэдэг талаас нь хардаг. Намайг ойлгодог, миний ийм бодолтой явдгийг мэддэг хүмүүс найруулагчаар сурах боломж байгааг ойлгуулсан. Тиймээс өөрт байгаа боломжоо алдахыг хүсээгүй. Соёлын яамтай болохтой зэрэгцэн анх удаа СУИС-д хөгжмийн театрын найруулагчаар магистрын зэрэг хамгаалж тэнд суралцах боломжийг надад олгосон. Мэдээж анхны юм алдаатай, оноотой байна. СУИС хөгжмийн театрын найруулагчаар төгсгөж байгаагүй болохоор стандарт, дэлхийн жишигт хүрэхгүй тал байж магадгүй гэж бодоод Болгарын Хөгжмийн  академи руу холбогдсон. Хөгжмийн театрын найруулагч бэлтгэдэг учраас багш нартайгаа холбогдож  тэндээс онлайн сургалт авсан. Ингэж олон талын судалгаа хийсний үндсэнд өнгөрсөн онд магистрын зэргээ амжилттай хамгаалж төгссөн. Одоо тохироо бүрдэх юм бол найруулагчаар ажиллая гэсэн бодол байгаа.

-Юу таны санааг чилээдэг вэ?

-Дуурийн нэг хэсэг, эд эс нь  өөрчлөгдөхөд бүтээлийн өнгө аяс тэр чигээрээ солигддог. Манай зарим сонгодог урлаг сонирхогч маань сонин үзэл баримтлалтай байдаг. Таныг өөрийнхөө тоглох “Чио Чио Сан”-д урих гэсэн юм гэхээр “Би үзчихсэн” гэдэг. Тэгээд хэзээ үзсэнийг нь тодруулахаар хэдэн жилийн өмнө Х.Уртнасан гуайг дуулж байхад үзсэн гэдэг. Гэтэл эсрэгээрээ дуурийн үзэгч ямар хэмжээнд бэлтгэгдсэн байх ёстой вэ. Хэрвээ “Чио Чио Сан” дуурийн хүрээнд дүгнэлт хийх гэж байгаа бол театрт тоглодог бүх Чио Чио Сан, Пинкертон, дохисон удирдаачийн арга барилыг харьцуулж сонсох хэмжээний байх хэрэгтэй. С.Мөнгөнцэцэгийн бүтээсэн Чио Чио Сан тийм онцлогтой, Б.Эрдэнэтуяагийн тоглосон Чио чио Сан тийм байсан гэх зэргээр харьцуулж, тухайн үеийн мэдрэмжээ хүртэл харьцуулж гарган ирж яриад дүгнэлт хийх хэмжээний байх тийм үзэгчийг өндөр боловсролтой үзэгч гэж хэлнэ. Ер нь дэлхийд сонгодог урлаг үздэг үзэгчид тийм хэмжээний байдаг. Тийм болохын тулд хүмүүс театр руу зорьдог, тэмүүлдэг. Тийм ч учраас би хаана ч очсон дуурь үзэхийг хичээдэг. Хэрвээ дуурьгүй үе таарвал симфони оркестр эсвэл балет үзэхийг эрмэлздэг. Түүнийг үзээд ямар нэгэн хэмжээгээр хөглөгдөөд гараад ирдэг. Тийм болохоор  аливаа уран бүтээлийг өмнө нь хэдэн ч удаа үзсэн бай хамаагүй шинэ хүний дуулалтаар дахин үзэхэд өөр мэдрэмж авдаг. Дүгнэлт хийдэг. Дуурийн онцлог нь энэ. Хэн, хэзээ, хэдэн удаа үзсэн ч уйдаадаггүй. Монголынхоо үзэгчдийг тийм хэмжээнд очоосой гэж маш их хүсдэг.

-Цаг наргүй ажлын хажуугаар хувийн уран бүтээлдээ анхаарал хандуулах тийм ч хялбар биш. Таны хувьд өнгөрсөн хугацаанд сонгодог чиг шугамаа алдалгүй нэлээд хэдэн бүтээлийн ард гарсан нь хувийн зохион байгуулалттай холбоотой байх?

-Театрын  ажлын хажуугаар  хувийн уран бүтээлдээ анхаарал хандуулахад маш их сүйхээ шаарддаг. Мөн хувь хүний зохион байгуулалттай шууд холбоотой. Миний хувьд өнгөрсөн 16 жилийн хугацаанд өөр өнцгөөр, өөр өнгө аястай бүтээл хийхийг  зорьсон. Эргээд харахад харамсахгүй гэдэг үүднээс ажлаа баримтжуулж авч үлдэнэ гэдэг бас их том ажил юм байна билээ. 20 жилийн дараа үнэхээр чаддаг байсан зүйлээ чаддаггүй болох үедээ ид дуулж байх үеийн гаргасан бүтээлүүдээ эргэж харахад ямар сэтгэл өег байх билээ. Адаглаад  дараагийн  үедээ сонсох гарын авлагатай, үр хүүхдүүддээ ээжийнхээ түүхийг үлдээх юм болов уу гэдэг үүднээс дан мэргэжлийн түвшний Монголын хамгийн шилдэг зохиолчдын нутаг, эх орны сэдэвтэй есөн дуунаас бүрдсэн “Есөн эрдэнийн эх орон” хос цомгийг гаргасан.  Цомгийн баярын тоглолтоо 2019 онд хийсэн. Харин 2022 онд өөрийнхөө гол дүрд нь дуулсан найман дуурийн аригаар сонгодог пянзаа гаргалаа. Үүнээс цааш төлөвлөсөн ажлууд бас олон байна аа.

 

Салхинд туугдаж байгаа юм шиг маш олон жилийг өнгөрөөжээ

 

-Одоо яг та хүссэнээрээ амьдарч чадаж байна уу?

-Ажил, амьдрал дээрээ маш их нарийн төлөвлөгөөтэй байхыг хичээдэг. Цагийг ягштал баримталдаг. Долоо долоо хоногоор ажлаа төлөвлөж цаг хугацаанд нь ажлаа биелүүлчих юмсан гэж бодож салхинд туугдаж байгаа юм шиг маш олон жилийг өнгөрөөжээ. Би 2018 онд Болгарт  нэг тоглолтод урилгаар дуулчихаад тоглолтын дараа далайн эрэг дээр очсон. Ингэж 10 жилийн дараа би Болгарт буцаж очоод далайн эрэгт  сууж байхад “Хөөх, би энэ 10 жилд яаж амьдарсан юм бэ” гэсэн бодол өөрийн эрхгүй орж ирсэн. Гэхдээ би ажил, гэрээ орхигдуулаагүй гурван хүүхэдтэй болчихсон. Биеэ хэд хувааж хүргээд Мөнгөнцэцэг гэдэг хувь хүнийг золиосолсон, ядраасан мэдрэмж надад төрж байсан л даа. Юуны тулд ингэж амьдарсан юм бэ гээд эргээд харахаар маш богино хугацаанд олон зүйлийг амжуулж чадсан байсан. Гэхдээ би үүнд харамсаагүй.

Тэгээд цаг хугацаатай уралдаж бүх зүйлээ амжуулаад байгаа юм шиг санагддаг байлаа. Хүний амьдрал богинохон. Би харьцангуй эрт ханиа алдсан. Ингээд бодохоор ялангуяа хувийн амьдралдаа  илүү их хугацаа зарцуулах ёстой байсан юм шиг санагдаж байна. Түүнээс биш бусдаараа бол би юунд ч харамсдаггүй. Аль болох өөрийгөө сэтгэл хангалуун байлгахыг, хийхээр зорьсон бүх зүйлээ гүйцэлдүүлэхийг хичээж байна. Өөрөө өндөр урт чацтай хүнийг ч хэлэх үү. Манайхан намайг “Том том алхаад дээгүүр хараад дайрах шахам хажуугаар өнгөрөх юм” гэдэг. Яагаад ч юм, мөнхийн нэг юм төлөвлөчихөөд том том алхаад явж байдаг. Ер нь бол их зав муутай байдаг. Сүүлийн үед өөрийгөө бүр их завгүй байлгахыг хичээдэг болсон.

Тэгээд сэтгэл хангалуун байна уу гэвэл үүнээс ч илүү хангалуун байж болох л байсан гэж хариулъя даа.

-Сүүлийн асуултаа хүсэлт болгоё. Өөртөө цаг гаргаарай, хайртай хүмүүс­тэйгээ дурсамж бүтээгээрэй гэж танаас хүсмээр байна.

-Баярлалаа. Энэ их ажлынхаа хажуугаар үр хүүхдүүддээ цаг зав гаргахыг маш их хичээдэг. Ер нь нэгдүгээрт, гэр бүл, үр хүүхдүүдээ тавьдаг. Бас нөгөө талаас нэгдүгээрт миний ажил явж байдаг. Гэхдээ нас 40 гараад ирэхээр залуу үеийнх шигээ байхаа болиод ядраад байдаг болчихжээ. Тийм болохоор амьдралын минь утга учир болсон гурван хүүхдэдээ Мөнгөнцэцэгийг зориулна даа.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №040/24571/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 1 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 4 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 4 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 4 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 4 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 4 цагийн өмнө
SDY Calling you... 4 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 4 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 5 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 5 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 5 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22