Уран зургийн галерей хүүхдийн дуунаар сэрлээ


Хүйтэн өвлийн урьтал намрын сүүл сар сэрүүхэн ч өнгө нь баялаг, аялгуу нь тайван байдаг. Модод навчсаа гөвөн сэтгэл гэгэлзүүлсэн бямба гаргийн өглөө эртлэн Монголын Уран зургийн галерейг зүглэн охинтойгоо алхлаа. Амралтын өдрийн гэрийн даалгавар “Намрын үдшийн галерей”-гаас зургаан настнаа таних аялал минь эхэлсэн юм. Их хотын завгүй амьдралд өөртөө, гэр бүлдээ зориулж цаг зарцуулах газар Улаанбаатарт хэд билээ. Хүмүүс цэцэрлэгт хүрээлэн, Туул голын хөвөө, Богд ууланд алхах, цэвэр агаарт гарах зэргээр амралтын өдрийг өнгөрүүлнэ. Тэгвэл хүүхдийнхээ сэтгэлгээг таньж, авьяасыг нээх цөөхөн газрын нэг бол галерей аж. Уран зургийн галерей, музей, театрт зочлох нь байгальд аялсантай дүйцэхүйц таашаал мэдрүүлдэг гэж хаа нэгтээ уншсан минь үнэн байлаа. Зорьсон газраа ирвэл хүүхдээ хөтөлсөн эцэг эхчүүд тасалбар аван дугаарлаж, “Намрын үдшийн галерей”-д болзохоор товлосон залуус нэгнээ хүлээн зогсоно. Тасалбарын үнэ тун боломжийн, том хүн 15 мянга, хүүхэд дөрвөн мянган төгрөг.

 

Сонгодог хөгжим хүүхдэд хамгийн ойлгомжтой урлаг

 

Ардын хувьсгалаас өнөөдрийг хүртэлх уран зураг, уран баримал, хөөмөл, зээгт наамал зэрэг дүрслэх урлагийн бүхий л төрлийн 4000 гаруй бүтээлийг хадгалдаг Монголын цорын ганц төрийн өмчит галерейгаар аялах тийзээ авсан зорчигчид шатаар өгсөн хоёрдугаар давхарт гарлаа. Эцэг эхчүүд урлагийн сод бүтээлд гар хүрч болохгүй гэх зэргээр хүүхдэдээ галерейд хэрхэн биеэ авч явахыг хэрэндээ л зааварлаж байв. Хүүхэд болсон хойно ангийнхнаа дуудаж, инээлдэнэ. Тэдний инээд хөөр галерейг гүн нойрноос сэрээх мэт. Бас үргэлжийн нам гүмийг эвдэх мэт. Пянз тоглуулагчаас эгшиглэх сонгодог аялгууг сонссон хүүхдүүд хоёрдугаар давхрын үзэсглэнгийн танхим руу гүйцгээв. Харин энэ бүхэн томчуудад гоц гойд санагдахгүй байгаа бололтой зураг үзэн алхаацгаана. Японы эрдэмтдийн хийсэн нэгэн сонирхолтой судалгаа санаанд оров. Хүүхдүүдэд янз бүрийн хөгжим сонсгоход Бетховений тавдугаар симпони тэдний сэтгэлийг хамгийн их хөдөлгөж байжээ. Өөрөөр хэлбэл, томчуудын ойлгохоос төвөгшөөдөг сонгодог хөгжмийг хүүхэд хамгийн сонирхолтойд тооцдог аж.

Сонгодог урлаг хүүхдэд  ойлгомжтой урлаг байх нь гэсэн бодол тээсээр гуравдугаар давхрын гол танхим руу өгсөв. Хүүхдүүд цоо шинэ  орчинд ирсэндээ ч тэр үү эцэг эхтэйгээ хамт  амралтын өдрийг сонирхолтой өнгөрүүлж байгаадаа ч тэр үү нүд нь аз жаргалаар гэрэлтэнэ. Галерейн нэрийн хуудас  болсон алдартай бүтээлүүд гуравдугаар  давхарт байрладаг.  Энэ давхарт "Оны шилдэг бүтээл 2023", "Модернизм Монголын дүрслэх урлагт", “Монголын алдартай уран зургууд” гэсэн сэдэвчилсэн гурван үзэсгэлэнг дэлгэжээ.  Зураг бол хүний дотоод сэтгэлд  хүрэх  хамгийн дөт зам. Суут зургуудыг хүүхдийн сэтгэлгээнд нь тааруулж үлгэрчлэн тайлбарлавал илүү үр дүнтэй гэнэ. Монгол Улсын  анхны  Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн “Өвгөн хуурч” зургийг мангасыг дардаг монгол  домогтой хослуулан тайлбарлахыг багачууд анхааралтай сонсож байлаа. Тайлбарлагч хүүхдүүдээс хуурч өвгөний харагдах байдлыг асуухад “Чингис хаан шиг байна” гэцгээх нь сонгодог бүтээлийг гярхай ажигладгийг баталсан хариулт. Үнэхээр ч  Ардын зураач Ү.Ядамсүрэн энэ бүтээлдээ Чингис хааны дүрийг мөнхөлсөн гэдэг. 


Урлагийн сэдэвт яриатай, арт терапитай хөтөлбөр

Энэхүү эвентийг мэргэжлийн урлагийн байгууллагуудын нэгдсэн соён гэгээрлийн төсөл гэхэд буруудахгүй. 2019 оноос хойш жил бүр зохион байгуулсан “Намрын үдшийн галерей” энэ жил цар хүрээгээ тэлэн, хөтөлбөрөө төрөлжүүлжээ. Уран зураг, балет,  яруу найраг, дуу хөгжим, урлагийн тухай яриагаар галерей гурван өдөр “амьсгалж” хүний  мэдрэмж, сэтгэл хөдлөлийг хөндсөн бүхнийг багтаажээ. Уран зургийн ертөнцөөр аялуулаад л өдрийн хөтөлбөр дууссангүй. Хүүхдийн төв номын сангийн ажилтнууд “Өнхрүүш” үлгэрээр дамжуулан багачуудыг муу хүмүүст хууртахгүй хэрсүү байж, ээж аавынхаа үгэнд орохыг захисан юм. Энэ жүжгээрээ хүүхдэд зүрх сэтгэлийн хүмүүжил олгохыг зорьжээ.  Хүнд  олон хэрэгцээ бий. Үүнээс оюуны хэрэгцээ хамгийн чухал. Монголчууд энэ цагт хоол хүнс, өмсөх зүйхээр дутаагүй. Харин зүрх сэтгэлийн боловсрол, бие биеэ хайрлах, ойлгох, эерэг хандлага, сэтгэлгээ дутмаг байгааг хөтөлбөрт оролцсон уран бүтээлчид онцолж байлаа. Урлаг судлаач М.Аминаа Монголын урлаг дахь уламжлал, шинэчлэлийн хувьслын оньсыг тайлж, монгол гэх айдентитгээ хамтдаа эрэлхийлсэн сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлсэн  юм. Жазз дуучин Энхжаргал, регги дуучин Macho, Jijah, реппер Desant, Davaidasha, Don Dior, Mo'G, WOLFIZM  нар орчин урлагийн талаар яриа дэлгэв. Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчдийн үзүүлбэр үдшийн галерейн оргил цаг байлаа. Ардын зураач До.Болд,  А.Ууганбаяр нарын мастер классыг мэргэжлийн сургуулийн оюутнууд зорин иржээ. Урлагийн сэтгэл заслын хөтөлбөрүүд буюу арт терапийг мэргэжлийн соёлын газрууд зохион байгуулах болсон. Арт терапи буюу урлагаар эмчлэх арга нь сэтгэл зүйн сөрөг асуудлыг хамгийн богино хугацаанд шийдэж чаддаг бөгөөд эм тарианы үйлчилгээнээс дутахгүй өндөр үр дүнтэй гэдгийг нь эрдэмтэд баталсан эмчилгээ аж.  Энэ жил сэтгэлзүйч М.Мөнхбат “Хосын урлагийн сэтгэл засал” гэсэн онцгой хөтөлбөртэй оролцсон нь учиртай. Эмчилгээний энэхүү аргыг Монголд түгээн дэлгэрүүлэх зорилготой ажээ. 


Хүүхэд бүхэн зураач

Хүүхдүүдэд бүтээл туурвих анхны ойлголт олгох зорилгоор цаас, харандаа зэхжээ. Хүүхэд болгон зураг зурах дуртай. Зурсан зургаар зан чанарыг тодорхойлох боломжтой гэдэг. Насны онцлогоос шалтгаалаад хүүхэд эхэндээ үл ойлгогдох мурий сарий шугам зурж, аажмаар илэрхийлэх гэсэн санаагаа зурцгаана. Тэдний зурсан зургийг шүүмжлэлгүй, харин ч дэмжээд туслахыг галерейн ажилтнууд эцэг эхчүүдэд зөвлөв. Хүүхдийн зургийн авьяас, төсөөлөн бодох чадварыг хөгжүүлэхээр хичээх багш нар  “Муухай болно гэж айлгүй будаарай”, “Чи чадаж байна”, “Ямар гоё зураа вэ” гэж бяцхан зураачдыг урамшуулж байлаа. Хүүхдүүд ч хэм хэмжээнд баригдахгүйгээр,  чөлөөтэй сэтгэж, бодсоноо зургаар илэрхийлцгээв. Тэд ийн зурсан дурсамж дүүрэн зургаа тэвэрсээр харьцгаасан юм. Хүүхдийг уран зураг, баримал зэрэг урлагийн зарим бүтээлтэй танилцуулах нь гоё сайхныг мэдрэх, дуурайж хийж бүтээхийг оролдох, ойлгосноо болон тухайн бүтээлийн талаар бодол санаагаа илэрхийлэх боломж олгодог. Магадгүй  “Намрын үдшийн галерей”-д зочилсон багачууд ах эгчдээ, багшдаа, найздаа, бяцхан дүү нартаа, эмээ өвөөдөө “Өвгөн хуурч”-ийн домгийг хуучилсан биз ээ.  Дараа жилийн үдшийн галерейд зочлоорой. Намар цаг домог болон үлдэнэ ээ...


 Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №040/24571/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 1 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 4 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 4 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 4 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 4 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 4 цагийн өмнө
SDY Calling you... 4 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 4 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 5 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 5 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 5 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22