Бага насны дурсамж сэдрээх хуучны барилгын хамгийн дээд давхарт танил нэгэн аялгуу сонсогдоно. Зорьсон газраа хүрэхэд нүүрэндээ инээмсэглэл тодруулсан нэгэн бүсгүй угтах агаад өөрийнхөө хамгийн хайртай орон зай болох урландаа намайг урилаа. Зүс таних түүний хэд хэдэн бүтээлийг өмнө нь харж байсан удаатай. Гэхдээ зорьж бус санаандгүйгээр л дээ. Одоо бодоход түүний бүтээлийг харсан нь тохиолдлын зүйл биш бололтой. Магадгүй хожим уулзаж ярилцахыг зөгнөн зураачийн өнгийг миний нүдэнд дасгасан биз ээ. Бүтээлч урлангийн эзэн, зураач Т.Соёл-Эрдэнэ бие даасан үзэсгэлэнгээ одоогоос найман сарын өмнө гаргасан. Тохирсон орчинд цөөн тооны бүтээлүүдээ дэлгэхэд зорьж очсон хүн цөөнгүй байсны нэг нь би. Тухайн үед түүнийг би өнөөдрийг маргаашид мартагдуулахгүйн тулд тэмдэглэн үлдээдэг зураач гэж бодсон. Харин одоо бол өөр. Тэр эрлээ үргэлжлүүлсээр байгаа хайгуулч. Урлагийн сайхныг бусдад мэдрүүлэхийг хүсдэг зураач ажээ.
-Зарим зураачийн дүрслэлд оршин буй нийгмийнх нь онцлог туссан байдаг. Та бол өнөөдрийн илэрхийллээ ирээдүйн үзэгчдэд тэмдэглэн үлдээдэг уран бүтээлч. Тиймээс энэ цагийн бодол, мэдрэмжээс тань эхлэн ярилцъя?
-Зураач болгон уран бүтээлийнхээ талаар ярих дуртай байдаг. Гэхдээ ярих эв дүйгээс шалтгаалж өөрийгөө, бүтээлээ бүрэн дүүрэн илэрхийлж чадаж байна уу гэдэг харьцангуй ойлголт. Хүмүүс зураач гэхээр ихэнх цагаа урландаа өнгөрүүлдэг, дотогшоо хүмүүс байдаг гэсэн хэвшмэл ойлголттой. Магадгүй тийм байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ сүүлийн үеийн уран бүтээлчид олон талаар өөрийгөө хөгжүүлдэг болсон. Үүгээрээ юу гэж хэлээд байна гэхээр би ярихгүй байсан ч зураг маань намайг илэрхийлнэ гэдэг тогтсон бодол өөрчлөгдөж байгааг мэдэрсэн хүний хувьд хэлэх гэсэн юм. Таны асуултад хариулахад, би цаг үеэ мэдрээд бөхийхдөө бөхийж, гэдийхдээ гэдийж яваа бусдын л адил хүн. Уран бүтээлчийн өнцгөөс ажиглахад бид амаргүй цаг үед туурвих ажлаа хийж байна. Ялангуяа залуу уран бүтээлчийн хувьд. Уран бүтээлээр амьдралаа залгуулна гэдэг энэ цаг үед ёстой л шандас сорьж байна. Ийм асуудал энэ цаг үед л байна уу гэвэл үгүй. Яагаад гэвэл, аль ч үед ийм зовлон байсан, магадгүй байсаар ч байна. Энэ нь нөгөө талдаа залуучуудыг сориод байгаа ч гэсэн илүү гоо зүйтэй, гэгээлэг, гоё сайхан зүйл рүү тэмүүлэхэд хүргээд байгаа юм уу даа гэж харагддаг. Хэчнээн хүүхдээ дагуулаад явахад гудамж талбай энхэл донхол, утаа түгжрэл гэх зүйл өдөр тутмын амьдралын шалгуур шиг зүйл болсон ч гэлээ цаагуураа залуус галерей ороод үзэх, музей түүх дурсгалаа хүндэтгэн анхаарах соёл алдагдаагүй хөгжиж байгаа нь ажиглагдаж байна. Энэ л хамгийн гоё нь. Бие даасан үзэсгэлэнгээ гаргасны дараа энэ бодол маань улам бат суусан. Зарим хүний яриад байгаа шиг бүгдээрээ гундаад гутарсан зүйл байхгүй. Ямар ч юмны нэг талд бараан нь давамгайлж байхад нөгөө талд нь гэрэл гэгээ байдаг. Ийм дэнсэлсэн байдал манайх шиг саарал хотод илүү тод харагддаг гэж би хувьдаа боддог.
-Би таныг зургаараа тэмдэглэл хөтөлдөг уран бүтээлч гэж бодсон. Ирээдүйн хэн нэгэн таны бүтээлийг хараад энэ цаг үеийн түүхээс харна гэж бодож байна. Ялангуяа сүм хийдийн сэдэвтэй зургууд гүн гүнзгий сэтгэгдэл төрүүллээ?
-Миний сүүлийн үеийн бүтээлүүдэд яалт ч үгүй сүм хийдийн уран барилгууд зонхилсон. Цаг зуурын саад тотгорыг даван туулж тэсээд бидний дэргэд байгаа нь өөрөө гайхамшиг шиг санагддаг. Биет бус өвийг илүү удаан хугацаанд авч үлдэхийн тулд сэргээн засварлах ёстой. Гэхдээ энэ ч бас харьцангуй зүйл. Сэргээж байгаа нь буруу зүйл биш. Засварлахаас өмнө байсан шигээр нь хэзээ ч харах боломжгүй. Чойжин ламын сүм музейг зурсан нь их сонин. Тухайн үед би түүхийн дурсгалыг засварлахаас өмнө цаасан дээр буулгаж аваад үлдье гэж ухамсарлаж хийгээгүй. Уран бүтээлчийн сониуч зангаас төрсөн бүтээлүүд өнөөдөр тэр сүм музейн нэгэн цагийн өнгийг тогтоон авч үлджээ. “Өчигдрийн өнгө” үзэсгэлэнгээс энэ бүхэн тод харагдсан байх.
-Уран бүтээлчид мэдрэмжийнхээ халуун дээр нь бие даасан үзэсгэлэнгээ гаргадаг. Харин та багагүй хугацааны дараа бие даасан үзэсгэлэнгээ гаргасан. Өнгөрсөн хугацаанд өөрийгөө чамлаад байв уу?
-Оюутан байхдаа эрч хүчтэй, багшийнхаа хайртай шавь нарынх нь нэг байсан. Багш нар маань бидэнд уран бүтээлч болж чадна гэсэн итгэлийг өгч сургуулиа төгсгөсөн. Харин миний хувьд сургуулиа төгсөөд том охиноо төрүүлж амьдралын хязгааргүй далайд хөл тавьсан юм. Том охиноо гурван настайд нь дүүг нь төрүүлж удалгүй хоёр ихрээ өлгийдөн авч яалт ч үгүй амьдралынхаа 10 жилийг гэр бүл, үр хүүхэд, хань ижилдээ зориулсан байна. Гэхдээ энэ хугацаанд зүгээр суугаагүй. Нөхөртэйгөө хамт зургийн хэрэгслийн дэлгүүр хүртэл ажиллуулж үзсэн. Энэ талаар одоо бодоход зургаасаа холдохгүй гэсэн санаатай явж дээ гэж бодогддог юм. Би 2013 онд магистраа хамгаалсан. Түүнээс хойш боломж гарвал уран бүтээлээ хийж, захиалгын ажил ч хийж байлаа. Ковидын үеийн хугацаанд сүмүүдээ хөрөг байдлаар зурсан. Тухайн үед цаг үе нь тодорхойгүй байсан учраас үзэсгэлэн гаргана гэж бодоогүй. Ковидын үеийн дэглэм суларч амьдрал эргээд хэвийн байдалдаа ороход үзэсгэлэн гаргах дайны 10 гаруй бүтээлтэй болсон байсан. Тэгээд л өнгөрсөн хоёрдугаар сард “Өчигдрийн өнгө” бие даасан үзэсгэлэнгээ гаргасан даа.
-“Өчигдрийн өнгө” үзэсгэлэн таны хүлээлтэд хүрсэн үү?
-Хүлээлтээс давсан. Анх бол үзэсгэлэн гаргах өдөр ойртох тусам сандрал нэмэгдсэн. Сургуулиа төгсөөд 10 гаруй жил болчихоод ийм үзэсгэлэн гаргах юм уу гэж өөрийгөө чамласан байх. Ингэж бүдчин явах үед надад олон хүн урам зориг өгсөн. Тэдний урмаар тэжээгдэн гарсан үзэсгэлэн надад төсөөлөөгүй мэдрэмжийг авчирсан.
-Одоо та уран бүтээлээ хийхийн зэрэгцээ хүүхдүүдэд зургийн хичээл зааж байна. Ийм ертөнцийг бүтээсний дараа ямар санагдаж байна вэ. Бүтээлийн сэдэв, агуулга улам баялаг болсон уу?
-Би “Шинэ Монгол” сургуульд зургийн багшаар тав дахь жилдээ ажиллаж байна. Эхэндээ хүүхдүүдэд зургийн хичээл зааж чадахгүй байгаа юм биш биз дээ гэж санаа зовдог байсан. Одоо миний анх хичээл зааж байсан хүүхдүүд тавдугаар ангид орсон байна. Тэдгээр хүүхдийн биеэ даасан байдал, зургийн эрэл хайгуулаа хэрхэн хийж байгааг нь харахаар урам зориг авдаг юм билээ. Хүүхдүүдээ хараад төрсөн итгэл үнэмшлийг юутай ч харьцуулшгүй. Тэр утгаараа би өөрийгөө одоо л багш болох гэж байгаа юм болов уу гэж хардаг. Түүнээс биш ийм баялаг ертөнцөд ороод уран бүтээлийн хувьд өөрчлөлт гарсан гэж хэлж чадахгүй. Итгэл үнэмшлээрээ уран бүтээлээ тасралтгүй хийхийг зорьж байгаа болохоос уран бүтээлчийн хувьд өөрчлөлт, хувирал хараахан эхлээгүй байна. Гэхдээ таван жилийн дараа уран бүтээл хийх арга барил, төрөлд өөрчлөлт гарсан байхыг үгүйсгэх аргагүй юм.
-Одоо уран бүтээл тань хаашаа чиглэж байна. Магадгүй шинэ сэдэв олчихоод өдрийн бодол болж явна уу?
-Гоё асуулт байна. Үнэндээ би абстракт төрөлд дуртай. Оюутан байхад эрх дураараа, гал цогтой хүүхэд шиг мэдрэмжээр бүтээлээ туурвидаг байсан байх. Хүн намайг юу гэж хэлэх бол хэмээн санаагаа чилээх шаардлагагүй байсан. Зүгээр л дүүрэн эрч хүч байж. Бүх зүйлийг хийж чадах юм шиг санагддаг байсан. Яг тэр гал цогтой үедээ нэлээд манаргасан ажлууд хийснийг одоо зарим хүн асуудаг. Муугүй бүтээлүүд байсан юм болов уу.
-Одоо эхлүүлсэн ямар уран бүтээл байна вэ?
-Сүүлийн үед тархи толгой болон гараа амраасан байдалтай байна. Ер нь үзэсгэлэнгээ гаргаснаас хойш томоохон хэмжээний бүтээл барьж авч зүрхлэхгүй л явна. “Өчигдрийн өнгө” надад өөрийгөө хөндлөнгөөс харах боломж олгосон. Одоо яг үнэнийг хэлэхэд зогсонги байдалд ороод байна. Хэрвээ бүтээл эхлүүлбэл абстракт цувралууд байх болов уу.
-Аливаа бүтээлийн үнэ цэн хүлээн авагч үзэгч ямар байхаас хамааралтай байдаг. Ер нь үзэсгэлэнг үзэх үзэгчээ өнгөрсөн хугацаанд бид бэлдэж чадсан болов уу. Та юу гэж бодож байна?
-Миний бодлоор бэлдэж чадаагүй. Бас тэдгээр үзэгчийг хаана бэлдэх ёстой вэ. Ерөнхий боловсролын сургуульд байхад нь уу. Эсвэл их сургуульд уу. Үүнийг би хэлж мэдэхгүй юм. Нэг л л зүйл мэдэж байгаа нь урлагийн мэдлэгтэй, мэдрэмжтэй хүмүүсийг бэлдэх нь нийгмээ зөөллөхөд, гэрэл гэгээтэй болгоход олон талын ач холбогдолтой. Тиймээс энэ салбарыг хэзээ ч анхаарлын гадна үлдээж болохгүй. Одоо бол үзэгчийг бэлдэнэ гэхээсээ илүү хүмүүс зөнгөөрөө уран бүтээлд татагддаг гээд хэлэхэд буруудахгүй байх.
-Үзэгчийн асуултыг уран бүтээлийн үнэлгээтэй холбон асуухын тулд тавьсан. Урлагийн мэдлэгтэй үзэгчээ бэлдээгүй учраас үнэлгээ доогуур байгаад байна уу гэж ажиглагддаг?
-“Уран бүтээлийг чинь ойлгох хүн цор ганц л байдаг” гэж манай багш хэлдэг. Багш энэ үгээр тухайн үедээ биднийг зоригжуулахыг хүссэн юм шиг байгаа юм. Оюутнуудаа мохож шантрахаас нэг удаа аварсан байх. Одоо бодоход багш бидний сэтгэл зүйг нэлээд бэлдэж байж. Зурсан зураг болгон чинь үнэлэгдэхгүй шүү гэдгийг эвтэйхэн ойлгуулсан. Одоо нээрэн л тийм юм шиг санагдаж байна. Миний зургийг мэдрээд, юу илэрхийлэх гэснийг нь ойлгоод байгаа хүнд би бүтээлээ зүгээр өгч чадна.
-Одоо таныг хандах чиглэлээ тодорхойлсон байх гэж бодож байна. Гаднын зах зээлд бүтээлээ таниулахад хэрхэн анхаарч байна?
-Хэдэн зургаа хуйлж аваад гадагшаа явмаар санагдах үе гарна аа. Гэхдээ одоохондоо Монголдоо зургаа зурна. Энэ зуур үзэсгэлэнгийн санал ирвэл оролцохоос буцахгүй. Боломж гарвал Европын орнуудаар явж зан заншил, ахуй соёлтой нь танилцмаар байна. Энэ хүслээ биелнэ гэдэгт итгэлтэй байгаа.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №040/24571/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна