Соёрхын Пүрэвсүрэн
Намрын зээргэнэ шиг онгомол ногоон өнгөтэй хуучин зодгийг шүтээн мэт хав дарсан Должин ханиад томуу хүрч, үе мөч янгинан, бие агзайх үедээ хоймрын бор авдраа ухан нөгөөх зодгоо гарган ирж, нүүрэндээ наан шуухиртал хэд сайн үнэрлээд, далд хийнэ.
Санаа дагаад ч тэр үү хамар нармай загатнуулсан шуухитнаа нэг л мэдэхэд ор мөргүй арилж, толгойгоо боосон эрээн алчуураараа хөлсөө арчин тас тас инээж суудаг билээ.
Арц хүжний анхимал үнэртэй холилдон, оноож хэлэх аргагүй эртний хуршмал үнэр үл мэдэг сэнгэнэх Дамба- Очир зааны зодогны бор шаргал бааданг нарийхан сураар жимбийтэл боодог нь хүч тэнхээт зааны ясны хөлс шингэсэн үнэрийг салхинд хийсгэчихээс айдгийнх байлаа.
Өөрөөс нь өөр хүн ялгаж танимгүй хөлсний үнэрийг алдчихаас айж, нар салхинаас хүртэл харамлаж явдаг Должингийн сэтгэлийн мухарт Дамба-Очир зааныг гэх бурхны хутаг оршсон хувилгаан дүр бууж, ер бусын сүсэг бишрэлд автаж явдаг аж.
Боолтондоо үрчийсэн онгомол ногоон зодог үг хэлдэгсэн бол Ламын гэгээний шавийн бөхчүүд, Байдраг, Мандалаар нутагтай Эрдэнэ вангийн хошууны янхир хүрэн эрчүүдийн тухай хууч дэлгэх биз ээ. Нэгэн жарны тэртээх гал ус харшсан хатуу цагийн буулган дор ажин түжин хорвоо цалгиж асан 30- аад оны дундуур юм гэнэ билээ.
Байдрагийн хүрээний идэрхэн хувраг Дамба-Очир заан морь сэлгэн давхисаар гурав дахь өдрийнхөө нар шингэх цагаар юу юугүй цутгах усархаг борооноос урьтаж, голын тохойд зусаж буй Жамбалсанжид өвгөний гадаа ирж дөрөө мултлав.
Азарган борооны давхралдсан хар үүл баруун хойд уулсын араас нүүгэлтэн нүүж, шовх оройт хайрхны дээр хуралдан, гал цахилсан аянга цахилгаан ойр ойрхон цахилах үдшийн тэнгэр сэтгэлд хүйт оргиулах аж. Салхилах салхигүй амьсгал давчдам нам гүм цаанаа л нэг айдас хургам аниргүй агаад удахгүй зад татан буух их усан ёр дагуулах мэт санагдана.
* * *
Угийн гүжирмэг араншинтай омголон эр намрын хайлган цагаар морь унан, ийш тийш давхиж, бараа сураггүй алга болох үе зөндөө гарах тул хийдийн лам нар тоохоо больсон билээ. Арван долоохон настайдаа нагац ах хулгар Бат-Очирыг даган давхиж, Нарбанчин гэгээнтэнд мандал өргөх буяны шим арвижин тэлсэн өдөртэй таширлах уул ус, овоо тахилгын наадамд зодоглон, Засагт ханы догшин хөх эрстэй ана мана, ач тач ноцолдож, унаган бяраа гайхуулан барилдсаар шөвгөрсөн үеэс найр наадам хэсэж явах "хэнээ туссан" түүнийг хорьж цагдах аргагүй.
Харин энэ удаа хүрээ дацангийн хамба, өвгөн багшийнхаа зараалаар довтолгож яваа аж.
Хар ногоон дэвсгэр дээр үсэг бүхэнд есөн эрдэнэ шигтгэж, алтаар товойлгон урласан жижигхэн судар өвөртлүүлэн,
-Шавь минь өнөө шөнө морд. Мөр буруулан давхи. Хувилгаан багшийн минь мутрын хээ энэ сударт оршсон буй. Бүү алдаж гээ. Цаг тавирахаар аажуу уужуу эргэж ирээрэй. Эх нутгийн минь хишиг буяны шүншигтэй энэ судрыг нүдний цэцгий мэт нандигнан хадгал. Цээжилсэн тарни, амны уншлагаа сэтгэлдээ хурааж яв.
Хувраг хүний сахих элдэв цээр хориг яахав. Тэртэй тэргүй чи аль эрт гээсэн. Одоо эхнэр авч, эр хүний ёсоор амь зуу. Харин амьтны амийг л тэвчиж яваарай. Засаг төрийн аяс дагаж номхон хүлцэнгүй бай хэмээгээд
-Цаг алгууралгүй эртхэн морд гэж яаруулсан билээ...
* * *
...Уур нүдүүр шиг толхи араншинтай Жамбалсанжид өвгөн дэнгийн гэрэлд нухацтай хараад,
-Хэн бэ дээ. Дээшээ суу гэхэд
-Амархан сайн байна уу. Би хол нутгийн хүн байна аа гэж аргилдуухан дуугаар хүнгэнүүлэн хэлэв.
-Мэндээ. Амгалан морилж явна уу. Халуун цай уу гээд жижиг шургуулгатай явган ширээнээс бор модон тагш гаргаж нударгаа сэгсрэн арчаад нурманд булсан гуулин данхтай цайнаас аягалан барив.
-Баруун хойноос борооны үүл тунараад, юу юугүй асгарчихаас өмнө амжиж ирлээ гэж яриад халуун цай оочлон суугаа ханхар эрийг хянамгай харсан Жамбалсанжид нэлээн хэрэгт дурлангуй ширтэн,
-Хүүхээ хаанаас хаа хүрч явна даа.
Нутаг орноор зуншлага сайхан уу гэж жижигхэн манан хөөрөг барив.
-Эрдэнэ вангийн хошуу Байдрагийн голын эхээр нутагтай хүн дээ. Газрын гарц овоо л байна. Харин наашаа л гандуу юм уу даа.
Одоо ч Архангай аймгийн Заг сум л гэж ярьдаг боллоо гээд өврөөсөө хөөрөг даалингаа гаргаж тамхилав.
-Шинэ төрийн бодлогоор манай энэ хавийг ч бас л өөрөөр нэрлэх болжээ. Хэдэн зуун жилээр нэрлэж заншсан нутаг усныхаа алдар нэрийг өөрчлөх л ёстой юм байлгүй. Шинэ төрийн номлосон боловсон ёсоор аж төрөх хойч үед л хэрэгтэй юм байлгүй гээд жижиг хувинтай хоол дөхүүлж,
-Хүүхээ борцтой шөл уу. Бор будаатай шөл байна. Хөрчихөө болов уу гэж хэлээд иржгэр шар нүд гарган инээмсэглэв.
-Яг л идэнгэ дээрээ байна. Өдөржин шогшуулаад жаал өлөрхөж явлаа гээд хээ шаагүй зангаар борцтой хоол амтархан идэж суугаа ханхар эрийн эрүү түүшнийг бахдангуй харсан өвгөн,
-Залуу хүү ноцолддог л хүн байна даа гэж Дамба-Очирын хулгар чихийг харж инээвхийлэв.
-Гавьтай барилдаагүй ээ. Ганц нэг овооны наадамд гараад дэнж бэлийн цэцгэн тоос л үргээх юмдаа гээд наг наг инээв.
-Ах нь ч бас залуудаа ноцолдож л явлаа. Нас өвгөрөөд төлөгний шагай шиг бие авччихаад байгаа болохоос тэнхлүүн явахад торомны бяртай л гэгдэж байсан даа гээд санаанд оромгүй чангаар тас тас инээв.
-Хүүхэд хэдэн гунжаа шувтраад орж ирэхээр шинэ цай чануулъя. Хүүхээ бороо орох нь ээ. Эртхэн морьдоо аргамжиж, эмээлээ оруулахгүй бол норж мэднэ. Ойрдоо овоо бороошоод байна гэж хэлсэн өвгөн өөд талархангуй харж,
-Тэгье өвгөн гуай. Би морьдоо чөдөрлөе гээд босов.
Гэрийн тал дүүргэн ханхайх хөглөрсөн эрийн араас бахдангуй харсан өвгөн хүзүүгээ атгалан хэхрээд өөрийгөө голонгуй мушилзаж байв.
Өлөрхсөн морьд тачирхан ногоог ширд ширд хазлан, хаа нэг тургилна. Баруун гарынхаа шуун дээр эмээлээ тохсон Дамба-Очир уяан дээрээс ойртон явааг харсан өвгөн,
-Нуруу ачаатай амбан шар шиг сайхан товир бие хаатай эр юм даа. Овооны наадамд гараад өвдөг шорооддог гэж худал үг. Миний муу боовон чихийг хараад даруу загнаж байгаа нь тэр.
Морьдыг нь аргамжихгүй бол адуу дагаад чөдрөө тасалчихна даа гэж бодоод босов.
-Нэлээн усархаг бороо асгах нь дээ гэж хэлсэн Дамба -Очир өөд инээвхийлэн суран аргамж өгөөд,
-Май хүүхээ. Залхууралгүй морьдоо аргамж. Бага залхуугаас их залхуу гэж үгтэй юм. Өглөө босоод явган алхах хэрэг гарна гэж хэлэв.
Нарийн ширхэгтэй шиврээ бороонд дал мөр нь норсон Дамба-Очир өвгөнтэй хамт алхан, морьдоо аргамжаад буцаж ирэхэд өвгөний охин хэдэн тугалаа хашчихаад сүүгээ хөөрүүлж байлаа.
Түгдгэр нуруутай намхан өвгөний охин гэхээргүй өндөр чилгэр бүсгүй гаднын хүнээс санаа зовон, өтгөн хар гэзгээ сүлжээд мөрөө давуулан шидэх үед Дамба -Очир заан эцэгтэй нь хамт орж ирэв.
Хангайн нуруу шиг дүнжгэр эр хоноглож буйд ялимгүй баярласан өвгөн өнөө өглөө нэрсэн гурван усны нэрмэл аягалан бариад
-Хүүхээ ооччихоод хэвт. Тааруулж хүртвэл ядаргаа тайлна. Хэтрүүлж уувал зүдэргээ нэмнэ. Архи гэдэг ундаа идээний дээж ч гэлээ ааш нь олдохгүй хатуу идээ юм шүү дээ. Над шиг хэтрүүлж хүртвэл өвгөрөөд ирэхээр өвдөг тохойд нь хэм сууж, босох гэж ёолж, борхирч өеөддөг болно гэж яриад инээвхийлэв.
-Аавыг дээ. Чихэр харамлаж байгаа хүүхэд шиг гэж эцгээ зэмлэнгүй харсан бүсгүйн зүг сэмхэн харж,
-За би ч хүртэж сураагүй идээ байгаа юм. Ном сураагүй хувраг, ногт ганзагалаагүй бөх явлаа гэж хэлээд аягатай архийг амсаад эргүүлэн барихыг харсан бүсгүй ханхар эрийн нүцгэн толгойг харж инээд нь хүрэн жуумалзав.
Махлаг ташааг нь даган суялзах өтгөн хар гэзэг, мөр тэгш өргөн цээжээ түрэх бумбагар хөх хийгээд ялимгүй монхор хамар, манигар нүдний дээр нумрах өтгөн хөмсөг тэргүүтэн бүгд нийлээд бүсгүйн гоо үзэсгэлэнг цогцлоон буй мэт санагдах аж.
Удаж төдөлгүй газар цөмөрч тэнгэр нурав уу гэмээр аянга цахилгаан цахиж, тэнгэр нирхийн дуугарахад сүү хөөрүүлсэн ширмэн тогоо ханхийх шиг болов.
-Ээ хайрхаан гэж өвгөн дуу алдахтай зэрэгцэн үнээ тугал мөөрөлдөн нохой гаслах дуулдав.
Хувингаар асгаж буй мэт асгарах мөндөр холилдсон усархаг бороонд нэвт норсон дээврээс дусаал гоожих аж. Жижиг дээл нөмрөн гарсан бүсгүй яаран орж ирээд
-Ааваа Анжаагийнх усанд автчих вий дээ. Би охиноо авч ирье. Үер бууж байна гэж сандрангуй дуугарлаа.
-Бороо жаахан хар. Дуутай бороо хургүй. Цуутай хүүхэн хуримгүй гэж үгтэй юм. Удахгүй татрах байх гэж хэлэхтэй зэрэгцэн дуниартсан шар ногоон гэрэл татаж нирхийсэн дуунд газар доргих шиг болов.
-Би явъя ааваа. Охин минь айчихлаа гэсэн бүсгүйн өөдөөс харж,
-Би хамт явъя. Надад заагаад өг. Ер нь би алхаж очоод тэврээд ирье гэж Дамба-Очир хэлээд босов.
-Өрхний эсгий нөмрөөд яваарай гэж хэлсэн өвгөний харцанд гялсхийсэн совинд хүч нэмэх гэсэн мэт дахиад л тэнгэр нижигнэн дуугарлаа.
Алгын чинээ эсгий өрхөн доор багтах гэж толгойгоо гилжийлгэн явахад хүүхэн хүний анхил үнэр амьсгалыг нь даган сэнгэнэх аж.
-Чи нөмрөөд яв. Би яахав ээ норж үзээгүй биш гэхэд,
-Энэ ширүүн бороонд ядаж нүүрээ хааж яв л даа гэх бүсгүйн үгтэй зэрэгцэн мэлсхийсэн ягаан гэрэл нүүрэн дээр нь манасхийж тасхийн тэнгэр дуугарахад,
-Ээжээ гэж хашхирсан бүсгүй ханхар эрийн цээжинд наалдав.
Өрхний богино оосроор хоёр биенээ ороон зангидаад өрхний сэжүүрийг толгой дээгүүрээ нөмөрч шагайгаар татсан ус туучин алхаж явахад залуу халуун биесийн илч өөд өөдөөсөө төөнөж байлаа.
-Үер буулаа шүү гэсэн бүсгүйн цахиртсан дуу Дамба-Очирт хонхон дуу шиг өхөөрдөм санагдах аж.
Нүх шиг харанхуйг цуу татан аянган гэрэл гялсхийн тунарч тэнгэрийн дуу тархин дээр нь ташуурдах шиг тасхийх тоолон хүүхэн хүний зүрх бөн бөн тонгочиж ханхар эрийн энгэрт нүүрээ наах аж.
Нүүрлүүгээ урсах усыг том алгаараа арчиж хүржигнэн урсах ус туулан хот айлын гадаа ирэв.
-Энэ айлууд яг л үерийн аманд буужээ гэж хэлэх үед хойд уулын жалга уруудан газрын хөрс хагар татах шиг болж, суурь суурь адуу хөөгөөд ирэв үү гэлтэй их усан түрлэг нөмрөн ирж нөгөө хэдэн гэрийг хаман авав.
-Яана аа миний охин гэж хашхирсан бүсгүй нөмөрсөн өрхний оосроо шувт татан тайлаад гүйхэд Дамба Очир ч даган гүйсээр хүрэв. Бариатай гэр эргэлдэн хөвөөд нуран унахад өвгөд хөгшид орилолдон хүүхэд уйлах сонсогдох аж. Хав харанхуй дундаас охиноо тэврэн авсан бүсгүй,
-Цаад хоёр хөгшин чинь хөвлөө гэхийг үл сонсон наминчлан залбирах хоёр хөгшнийг хоёр сугандаа хавчуулан тэвэрч, өвдөг давсан ус туулан тарваганы дош бараадуулан буулгаад буцаад гүйв.
Дуутай бороо өнгөрсөн ч голдоо ортол даарсан хөгшид бөмбөгнөтөл чичирч байв.
Хоёр айлын хөгшид хүүхнүүдийг уруйн үерээс холтгож, зэлтэй тугал бярууг тавьж нааш цааш шавар туучин харанхуйд бүдрэн, унан тусан алхсаар үүр цайлгахад ундуй сундуй авдар сав гэрийн тооно унь эвдэрч хэмхэрсэн хана, турга дээврийг бөөгнүүлж явсаар үүр цайлгав.
Гэнэтийн гай гамшигт өртсөн айлуудад туслахаар саахалтын айлууд үүр цүүрээр давхилдан ирцгээж байлаа.
Газрын хөрсийг хагалан урссан уруйн усанд хөвөн одсон хоёр гэрийн дээвэр туургыг давхарлан боож үүрэн зөөх Дамба-Очир зааны хүч тэнхээг гайхан шагших хүмүүсийн зүг бардамнан харах Жамбалсанжид
-Би юу дутах вэ гэх шиг шавар туучин алхаж даахын хэрээр авдар сав, тогоо шанага үүрч байв.
-За хүү минь чамайг нааш нь бурхны элч болгон илгээжээ.
Манай энэ хүүхний хадмууд ухаантай юм. Хүргэн санаатай хархүү аль эрт төв явж дотоодыг хамгаалах газарт сагсуурч яваа.
Тэр муу золигийн нүгэл хилэнц л эцэг эхдээ ингэж тусаж байгаа хэрэг гэж шүд зуун үглэх өвгөн зээ охиноо тэврэн гэрийн зүг явахад аав охин хоёроо царайчлан харсаар үлдсэн бүсгүй, Дамба -Очиртой хамт шавар туучин өмбөө цөмбөө гудас ширдэг түүж үд хүртэл тамираа тасартал зүтгэв.
Хоёр айлын гэр оронд бүтэн үлдсэн эд хогшил байсангүй.
Хана унь эвлүүлэн шовоохой босгож, усан шалхнаг болсон дээвэр туурга нөмөргөж өгөөд хамтдаа буцан алхахдаа хэзээ язааны найз нөхөд шиг инээж хөхрөн явлаа.
-Чи ч тэнгэрийн дуунаас их айх юм аа. Тэнгэр дуугарах тоолон л хормой доогуур шургачих шахах юм гэхэд ялимгүй ичингүйрхсэн хүүхэн,
-Би хар нялхаасаа л тэнгэрийн дуунаас айдаг юм гээд гижигдүүлсэн мэт инээж явав.
-Энэ хөгшид чиний хадмынх гэсэн үү. Бэр хүүхнээ харамлаж суугаа л байх даа гэж Дамба -Очир хэлээд нухацтай харав.
-Хадам байсан юмаа хө. Миний охины аав нь бид хоёрыг орхиод эхнэр авсан юм. Усанд автсан нөгөө гэр тэднийх. Охиноо эцгийнх нь аав ээжийнд ганц хонуулах гэсэн биш усанд үйчих шахлаа гээд нулимсаа арчив.
-Чи ухаантай хүүхэн юм гэж Дамба-Очир аргадангуй хэлэхэд,
-Хазгар хүүхэн хадамсаг гэгч л боллоо гээд нулимстай нүдээр тормолзон харав.
-Чи өнөөдөр амарч хоноод явах уу гэж нэг л хоргодонгуй хэлснээ,
-Маргааш нөгөө хүн давхиж ирэх байлгүй. Таныг харвал яаж ч мэдэх сагсуу хүн. Энэ нутгийн олон сайхан буянтан тэр хүний гарын шүүс үзсэн.
Та үүрээр мордсон нь дээр гэж хэлээд санаа алдав.
-За арай ч дээ. Эцэг эхийг нь уснаас гаргаж тус болсон болохоор арай ч дээ гэж гайхан хэлэхэд,
-Таны сэтгэлээс сүү шивэрч явдаг бол тэр хүний бодлоос цус дусагнаж явдаг юм гээд уртаар шүүрс алдав.
-Намайг Дамба -Очир заан гэдэг. Харин өөрийн чинь нэрийг мэдэхгүй гэж хэлээд тунарсан харцаар ширтэх гүжирмэг эрийн зүг мятрангуй хараад
-Намайг Даариймаа гэдэг л дээ. Одоо ч нохой Лувсангийн хуучин эхнэр л гэцгээдэг болсон гээд нулимсаа арчив.
-За би шөнө хугаслаад мордъё доо хө. Халхын нутаг уудам, эр хүний замын хүзүү урт билээ. Цаг тавирахаар эргэж уулзах ч юм билүү гээд мөрөөр нь тэвэрч өтгөн хар үсийг нь удаан гэгч үнэрлэхэд чихрээр шагнуулсан хүүхэд шиг жигтэйхэн баярласан бүсгүйн харцанд гэрэл гялсхийх шиг болов.
Шалба норсон гутал хувцсаа дэлгэн хатааж, Жамбалсанжид өвгөнд нэрмэл аягалан барьж, даншгийн арслан заануудтай гар зөрүүлсэн ганц нэг барилдаанаа хуучлан өнжив.
Гэтэл үдшийн бүрий нөмрөх үеэр Даариймаагийн охин дагжтал чичрэн халуурахад том багагүй сандралдав.
-Сангийн бойпроо аваад ир гээд богцныхоо ёроолд хадгаар боож хийсэн багшийнхаа судрыг гарган хичээнгүйлэн уншиж суухад Даариймаагийн нүдэнд гүн бишрэл төрж байлаа. Зулын гэрэл ойж цул алтан судрын үсэг бүрээс гэгээ цацарч харагдах нь бурхан багш морилсон мэт санагдах аж.
Алтан үсгээр гэрэл мандаасан судраар адис өгөөд богцондоо хийхдээ торгон ногоон зодгоо мартан, дан шуудагтай үлдсэнээ анзаарсангүй.
Багшийн судартай богцонд ганц нэг цамц, малгай бүсээ хийж, нөгөө богцондоо шуудгаа хийсэн ажээ.
Алдас болохоос айсан ажгуу.
Үүр хаяарч, одод шуугдахад морьдоо эмээллэн мордохдоо дэргэд нь шананатай сүү барин зогсох Даариймаа бүсгүйн зулай дээр үнэрлэн үнсээд давхиж одов.
-Дамба-Очир заан баадантай зодгоо авдрын булан дээр орхисон байна.
Авдрынхаа ёроолд далдхан хийчих. Эргэж ирэх хувь таарвал авна биз. Сайн бөхийн зодог хадгалбал бөх хүү төрдөг л гэдэг юм гэсэн аавынхаа өөдөөс дальдчин харсаар авдартаа хийсэн ажээ.
* * *
Тийнхүү Должин авгай ээжийнхээ амь шигээ хайрладаг баадантай зодгийг хааяа хааяа гарган үнэрлэж арцны утаагаар ариусган суух үед ач хүү нь аймгийн наадамд түрүүлэв гэсэн алт шиг үгтэй сураг олны салхиар ирэв ээ.
Сайн бөхийн зодог шуудаг олбол хадгалдаг л гэнэм.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №040/24571/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна