“Найдандорж ХАРЬЖ яваа найруулагч шүү дээ, Арай л ЗОДГОО тайлчихаагүй байна”


Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Чойнхорын НАЙДАНДОРЖИЙГ “Дугаарын зочин”­оор урьж, ярилцлаа. Хавар нахиалан зун дэлгэрч, намар ганддаггүй нэгэн зуны цэцгийг эрхэм найруулагч бөөцийлөн “ургуулжээ”. Гарын хэдэн шавьтайгаа орчин үеийн сонгодог жүжиг тавихаар зориг шулуудсан түүний хичээл зүтгэл талаар бол­ сонгүй. Театрт нэгэн чанга бүтээл “мэндэлж”, оюутнуудын судлагдахууны жагсаалт ч шинэ жүжгээр баяжлаа.

-Найруулагч аа, таны ургуулсан “Нэгэн зуны цэцэг” ямар өнгөтэй байгаа вэ?-Их өнгөлөг байна. “Нэгэн зуны цэцэг” жүжгийг “Эмоци” продакшныхан 10 жилийн ойдоо зориулан бүтээлгэсэн. Энэ продакшны жүжигчдийн 60, 70 хувь нь миний шавь нар байдаг юм. Тэд л надад “Эмгэнэлт жүжиг хийе” гэсэн санал тавьсныг би дэмжиж, жүжгийнх нь найруулагчаар ажиллалаа. Жүжгийнхээ нээлтийг хийснээс хойш үзвэрийн танхимд хөл хөдөлгөөн тасрахгүй, үзэгчид ч ам сайтай байгаа сонсогдлоо.-Шавь нартайгаа ажиллахад ямархуу байв. Таны илэрхийлэх гэсэн агуулгыг үзэгчдэд хүргэж чадаж байна уу?-Үнэнийг хэлэхэд тэдэнтэй ажиллахад хэцүү байлаа. Яагаад гэвэл, 10 жил хошин урлагаар дагнасан хүүхдүүд шүү дээ. Үзэгчид тэднийг тэр л төрөл жанраар нь хүлээж авдаг. Энэ утгаараа тэднийг эмгэнэлт жүжгийн арга барилд оруулна гэдэг найруулагчийн хувьд амаргүй ажил байсан. Гэхдээ шавь нар маань богино хугацаанд их чармайж миний үгийг хурдан хүлээж авсан. Багш нь болохоор үг хэлээ амархан ойлголцлоо гэж бодож байна. Тиймээс өнөөдөр уран бүтээлээ тод өнгөтэйгөөр үзэгчдэдээ хүргэж байна.

ЖҮЖГИЙН ЗАЛУУ ЗОХИОЛЧТОЙ БОЛЖ БАЙГАА НЬ ТЕАТРЫН ХУВЬД МАШ ТОМ ОЛЗ

-Уран бүтээл үзэгчдэд гологдох эсвэл гологдохгүй байх нь жүжгийн зохиолч, найруулагчийн хоршлоос ихээхэн шалтгаалдаг. Яагаад гэвэл, та бүхний түрүүлж зурсан зургийг жүжигчид баяжуулан амьдруулдаг. Энэ удаа та найруулагчийн хувьд их сонирхолтой хүнтэй хамтран ажил- лажээ. Гар нийлж чадав уу? -Жүжгийн зохиол бичүүлэх захиалгыг Тодко Самсонд “Эмоци”-ийнхон өгсөн юм билээ. Энэ залуу зохиолч бүрэн хэмжээний жүжгийн зохиолоо биччихээд надтай уулзсан. Түүнээс хойш хоёр сар гаруйн хугацаанд яг миний дэргэд суулаа. Жүжгийн бэлтгэлийн явцад бид хэд хэдэн зүйл дээр санал солилцсон. “Ингэвэл яасан юм бэ. Тэгвэл ямар байна. За, тэгвэл больё. Энэ чигээр нь байлгая” гэх мэтчилэн лаборатори ажиллагаа явагдсан гэсэн үг. Тодко Самсон драмын урлагт үнэн голоосоо сэтгэлтэй, авьяаслаг залуу шиг санагдсан. 

Драмын урлагт ийм шинэ залуу жүжгийн зохиолч орж ирнэ гэдэг театрын хувьд маш том олз юм. Тийм ч учраас энэ хүүхэдтэй хамтран ажиллаж чаддаг юмыг нь хийлгэж, мэдэхгүйг нь мэдүүлж, чөмгий нь дундартал ажиллуулсан. Би нэлээд хэдэн зохиолчтой жүжиг уншиж, олон бүтээл тавьсан хүний хувьд хэлэхэд “Нэгэн зуны цэцэг” жүжиг Монголын орчин үеийн сонгодог бүтээл болж чадсаныг би нүүр бардам хэлнэ. Жүжгийн зохиомж, жүжиглэлт, хэлсэн санаа, нийгмээ тусгасан байдлаараа сонгодог бүтээлийн түвшинд хүрсэн. Манайд олон сайн драматург бий. Тэднийг би үгүйсгээгүй. Гэхдээ тэд өнөөдрийн амьдралыг энэ залуу шиг харж, мэдэрч бидний тайзны хэлээр гаргаж, тавилгүй өдийг хүрсэн. Энэ залуу найруулагч миний хувьд, уран бүтээлч хүний хувьд их хүлээж байсан сэдэв, бүтээлийг гаргаж чадсан. “Би ямар азаар энэ жүжгийн анхны найруулагч болов оо” гэж бодож сууна.

-Театр, урлагийн тогоонд “чанагдсан” таны амнаас шинэ үе гэдэг үг гарсан нь миний сонирхлыг их татсан. Та юуг шинэ үе гэж тодорхойлсноо хэлээч?

-Хүний амьдрал хэмжээтэй. Би л гэхэд 30-55 нас хүртлээ их идэвхтэй ажиллажээ. Энэ хугацаанд миний гол бүтээлүүд гарсан байдаг. Цагийн эрхэнд хүн элэгдэнэ, хуучирна. Амьдрал өөрчлөгдөж байна. Нийгмийн оюун санаа өөрчлөгдөж байна. Бидний хэрэглэдэг, мэдээлэл авдаг хэрэгслүүд улам өргөн дэлгэр болж байна. Бас ертөнц хавтгай болж байна. Энэ бүхэн дараагийн найруулагч, театрыг нуруун дээрээ үүрч явах сэтгэгчдийг нэхэж байгаа байхгүй юу. Гэтэл миний араас найруулагч гарч ирэхгүй бол эмгэнэл шүү дээ. Харин азаар авьяастай, залуу найруулагчид гарч ирж миний сэтгэлийг их өег болгож байна. Би юмыг шинээр хийж гаргаагүй. Нөгөө л алтан үеийнхний үргэлжлэлийн нэг нь. 

Тэдний бидэнд гардуулж өгсөн театрыг унагахгүй, нураахгүй, бас нэг түвшинд нь аваад авчих юмсан гэж мэрийн ажиллаж байсан хүний хувьд дараагийн залуучууд гараад ирэхээр сэтгэл үнэхээр онгойж байна. “Эзэнгүй болчихлоо, надад үхэх эрх байхгүй” гэж бодож суусныг бодоход Э.Ёндоншарав, М.Батболд нар минь гараад ирлээ. Бас Н.Наранбаатар маань байж байна. Н.Наранбаатар чинь Б.Мөнхдорж багш, Б.Баатар найруулагч бид гурвын дунд өсөн бойжиж найруулагчийн түвшинд гарч ирлээ шүү дээ. Гэтэл түүний араас залгаад хоёр залуу ороод ирлээ. Үүнийг яалт ч үгүй шинэ үе гэж хэлэхээс өөр аргагүй. Би “Тамгагүй төр”-ийг тавиад 20 гаруй жил хүлээсэн. “Энэ бүтээлийг ахиад хэн тавих бол. Яаж гоё гаргах бол” гэж бодсон. Тэгээд үздэг л юм байна. Монголын авьяастнууд ар араасаа төрөн гарч байна. Бид азтай үзэгчид. Монголчууд бид их амны хишигтэй юм.

-Хүмүүс анхнаас нь, бүр доо­роос нь эхэлж шатлан ахи­даг бол та тэднээс өөр зам туул­сан. Анхны бүтээлүүд тань та­ныг хаанаас эхлэхийг зааснаар нэг ёсны том шалгуур тогтоож заримдаа тушаад байна уу даа гэж харагддаг. Үүнтэй та санал нийлэх үү?

-Үгүй л дээ. Интернэт, сошиалын буянаар Найдандорж дэлхийн өнцөг булан бүрийн театрын мэдээллийг авч байна. Надад бусадтай л адилхан тархи толгой бурхан заяасан юм чинь тэрийг үзэж харж, бодож сэтгэж байна. Тэгэхээр намайг Дамбадаржаагийн байшиндаа суугаа өвгөн гэж харахад өрөөсгөл болно. Дэлхийд драмын урлаг яаж хөгжиж, ямар технологи орж ирж байна. Ямар сэдэв илүү сонин байна, өнөөдөр дэлхийн найруулагч, жүжигчин, үзэгч ямар түвшинд театрыг авч явж тэргүүлж байна вэ гэдгийг үзэж байна. Тийм учраас би залуучуудыг, нийгмийг ойлгож өнөөдрийн амьдралд ойрхон байхыг хүсдэг. Гэхдээ “Нас бол тоо” гэж ярьдаг нь худлаа. Найдандорж харьж яваа найруулагч шүү дээ. Арай л зодгоо тайлчихаагүй байна.

-Та өнгөрсөн хугацаанд зүгээр суугаагүй нь мэдээж. Гэхдээ ба­риад ирсэн зохиол бүрийг то­соод авдаг найруулагч ч бай­гаагүй?

-Тааралдсан болгоныг хийгээд байх нас ч биш. Загатнаа бол арилсан. Мэдээж чиний хэлсэн шиг шалгуур байлгүй яах вэ. Жишээ нь, ирсэн кино болгонд Найдандорж тоглоод байвал бас хэцүү. Тийм учраас хамтаръя, хийе гээд ирсэн нэлээд бүтээлийг буцаасан тал бий. Гэхдээ яг хийнэ гэснээ бол хийсэн шүү.

-Голдуу театрын бүтээл байв уу?

-Театр, кинонд ажиллах санал ирнэ. Орон нутгаас ч санал тавьдаг. Би орон нутгийн театрт нэг их цензур тавьдаггүй, боломж гарвал очоод хийгээд өгөх юмсан гэж боддог. Яагаад гэвэл, тэднийг дэмжих хэрэгтэй. Тэдэнд мэдээж Найдандоржийн туршлага хэрэгтэй шүү дээ. Жүжиг нь сайн, муу болохоос илүү Найдандоржтой бүтэн сар хамтраад жүжиг дээр ажиллана гэдэг бол орон нутгийн уран бүтээлчдэд хэрэгтэй гэж би биеэ тоодог. Тиймээс орон нутгийн театруудад нээлттэй байхыг хичээдэг. Гэхдээ тоохоосоо тоохгүй нь олон.

-Тэгэхээр та мөнгөнд дургүй хүн байх нь ээ?

-Өнөөдөр тэнэг хүн л мөнгөнд дургүй байна биз дээ. 

-Танд орон зай байсаар байхад өөрийгөө тэтгэвэрт гаргах гээд байгаа юм биш үү?

-Мөнгөнд дургүйдээ биш. Гол нь миний олсон мөнгө надад амттай байх ёстой. Утга учиртай байх нь чухал. Тийм мөнгө миний хувьд үнэ цэнтэй. Түүнээс биш бохир заваан мөнгө энд тэндгүй л хэвтэж байна л даа. Тийм юмаар яах юм бэ, хэрэггүй шүү дээ. Тэгж биеэ үнэлээд хэрэггүй. Хэрэгтэй юмаа хэрэгтэй газар нь, хэрэгтэй хүмүүстэйгээ хийх ёстой. Үнэхээр тийм тохиолдол гарах юм бол мөнгө чухал биш. Би өмнө нь хэлсэн. Орон нутгийн театруудтай хамтран ажилладаг гэж. Тэд тийм баян биш. Ядарч л яваа. Энэ тэндээс хэдэн төгрөг олоод жүжиг хийх юмсан гэсэн хүсэл мөрөөдөлдөө автаад ханддаг. Тэгэхээр хамтран ажиллахад юу нь буруу байгаа юм бэ. Энэ бол өөр ойлголт.

 

Би хийж байгаа ажилдаа их цатгалан явдаг

 

-Хэрвээ та жүжигчний карьераа хөөгөөд явсан бол өнөөдөр арай өөр түвшинд байх байсан болов уу. Одоо байгаа орон зай, хэрэгцээндээ үндэслээд дахин жүжигчнээр гарч ирэх талаар бодсон удаа танд бий юү?

-Надад ингэж гарч ирье, тэгж гарч ирье гэсэн бодол байдаггүй. Яагаад гэвэл, би хийж байгаа ажилдаа их цатгалан явдаг. Цөөхөн ч гэсэн хийсэн хэдэн бүтээлүүд минь намайг цатгалан байлгадаг. Цөөхөн ч гэсэн миний тоглосон кинонууд намайг цатгалан явуулдаг. Найдандорж хийх ёстой юм аа л хийх ёстой. Хэрэггүй зүйлд орооцолдох шаардлагагүй. Манай хүүхдүүд ч гэсэн “Аав та чаддаг юмаа хийгээрэй” гэдэг. Энэ бол үг байхгүй юу. Надад чадахгүй зүйл олон байна. /инээв/

-Шинээр гарч ирж байгаа най­руулагч дунд таны үеийн шаард­лагыг хангасан, тоохоор хүн ха­рагдах юм уу?

-Тэд жүжиг хийж байна. Жүжгийг нь хүмүүс үзэж байна. Тэдний бүтээл хүмүүст таалагдаж байна. Гэхдээ Монголын театрыг ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл Монголын театр их эмзэг.

-Та юуг нь эмзэг гэж хэлж байна вэ?

-Би онолын түвшний хувьд ярьж байна. Монголын үзэгчид бас их эмзэг. Алтан үеийнхэн гэж хүн бүхэн ярьдаг. Улсын драмын эрдмийн театр уламжлалтай байгууллага. Энэ театрыг анх байгуулагдахад Оросоос мэргэжилтэн ирж сур­гаж, зааж, зөвлөсний дүнд 1960-1970-аад оны үед Мон­го­лоос хүчтэй найруулагчид төрөн гарсан. Л.Ванган гуай, С.Гэндэн гуай тэдгээрийн араас Б.Мөнхдорж, Г.Доржсамбуу, И.Нямгаваа, Э.Санчигдан гээд олон найруулагчийг нэрлэж болно. Эдгээр найруулагч “Театр амьд байх ёстой” гэдэг зарчмыг бидэнд өвлүүлж өгсөн юм. Бас жүжигчин, найруулагч, театрын уран бүтээлчид бол хүн судлал, амьдрал судлалын мэргэжилтнүүд гэдгийг заасан. Энэ уламжлалыг өнөөдрийн Драмын театр ч хадгалж явах ёстой. Эмзэг гэж яриад байгаа нь энэ. Түүнээс биш үзэгчдийн нүдийг хужирлаж жүжиг тавих нэг асуудал. Жүжгийг Монголын нийгмийн тодорхой бүлэг хүмүүст зориулан хийнэ гэдэг нэг асуудал. Аль алинд нь зориулж театр байх ёстой түвшинд нь аваачиж жүжиг хийнэ гэдэг бол өөр асуудал юм. Жүжиг хийх нэг хэрэг. Харин театрыг хөгжүүлэх өөр хэрэг. Энэ утгаараа залуучуудыг хүлээж байна, харж байна, ажиглаж байна.

-Таны үеийнхээс театр өөр, хөндий болсон. Уран бүтээлчид нь халгиж цалгиж байгаа зүйлгүй, олонд танигдсан нь карьераа хөөгөөд явдаг болж. Театрын тайзан дээр гарч байгаа нь дэлгэцийн бүтээлд ойр ойрхон гарч дүрийн ялгаралгүй, сэтгэлд үлддэггүй  богино настай бү­тээлийг үйлдвэрлэж байна. Үүнийг завсрын үе гэж бодох уу, дахин сэргэх болов уу. Та юу гэж бодож байна вэ?

-Наадах чинь хамгийн эмзэг асуудал. Чи гярхай олж харсан байна. Ерөөсөө өнөөдөр бүхлээрээ, жүжигчнийг бэлдэж байгаа сургууль, тэр битгий хэл Оросын зарим багш нар ч ялгаагүй академик ойлголтоосоо хөндийрсөн. Энэ байдал XXI зуунд нэгэн үеийнхнийг бий болголоо. Үүнийг төөрөгдөл гэх юм уу бүү мэд. Моод хөөгөөд, янз янзын арга ашиглаж байна. Тэр нь нүд хуурсан. Хүний сэтгэлд удаан хоногшихооргүй, хүнд өгөх өгөөж нь тун бага. Хүний оюун, сэтгэлийн тэжээл болж чадахааргүй зүйл рүү хүн төрөлхтөн хуйларч байна. Энэ бол XX зуунд Европод эхэлсэн салхи л даа. Тэр нь Монголыг тойрохгүй, дайрч байна. Гэхдээ энэ дунд үлдэх ёстой. Би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр Улсын багшийн дээд сургуулийн кино драмын анги, дараа нь СУИС гээд үнэхээр чанга сургалтаар авьяастнуудыг хурцалж, ирлэж, бэлдэж гаргаж байсан. 

Одоо хувь Найдандоржийн бодлоор үүнд эргэлздэг болсон. Энэ чинь хөгжлийг дагаад өөрчлөгдөөд байж болдоггүй академик суурь байх ёстой. Гэтэл түүнийгээ бид алдсан. Үүнийг дургүй нэг нь хөгширсөн хүний үг гэж ойлгож болно. Эмзэглэж байгаа хүмүүс “Найдандорж зөнөжээ” гэж хэлж болно. Миний санаа зовж байгаа зүйл бол уран бүтээлч бэлдэх сургалтаа бид алдаж байна. Үүнийг дагаад театрт ирж байгаа залуу уран бүтээлчдийн оюун сэтгэхүй өөр болж. Хурдхан нэг юманд тоглоод амархан нэр алдарт хүрээд бушуухан хэдэн төгрөг цуглуулах хүсэлтэй байна. Гэхдээ бүгд тийм биш. Тэдний дунд уран бүтээл хийхийн төлөө амьдарч байгаа хэсэг бүлэг байгаа.

 Уран бүтээл хийх гэж бор зүрхээрээ явж байгаа залуучууд бий. Цөөхөн байна. Улс төрд төрийг түшээд явах хүн цөөхөн байгаа шиг.... Харин хуучин цагт ийм залуус олон байсан юм. Алтан үеийнхнээр бидэнд ирсэн уламжлалыг зүрх сэтгэлээрээ дамжуулж, цусаараа мэдэрч зүтгэх оюунлаг хүмүүс ховордсоор байна.

-Орчин цагт найруулагчийн зовлонгуудын нэг нь жүжигчин болсон. Жүжигчний уран чадвар муудсан учраас найруулагч чөлөөтэй ажиллаж чадахгүй байна уу?

-Үнэхээр найруулагч хүн мөн юм бол хүнтэй ажиллах чадвартай байх ёстой. Харин жүжигчний уран чадварын тухайд сургалтад хамаг учир нь байгаа юм. Энгийн нэгэн жишээ, Улаанбаатарт байгаа бүх театр, урлагийн сургуулийн жүжигчнийг бэлддэг сургалтын уран чадварын мэргэжлийн хичээлийн цаг маш бага болсон. Орчин үеийн хүүхдүүдэд хэлэхээр л болчихдог гэнэ ээ. Тэднийг олон цагаар сургуулилалт хийлгэх хэрэггүй гэж байна. Хоцрогдсон миний ойлголтоор жүжигчин бол мэргэшиж төгсдөг мэргэжил. Сурах бус эзэмшдэг мэргэжил бол жүжигчин. 

Хүнд мэргэжлийг эзэмшүүлнэ гэдэг нь дуу хоолой, сонсгол, биеийн хэлэмж, эвсэл, явдал хөдөлгөөнтэй нь багш ажиллах ёстой байдаг. Дээр нь тухайн хүний ертөнцийг үзэх үзэл, философи сэтгэлгээтэй багш ажиллана. Тийм учраас жүжигчний уран чадварын багш бол оюутнуудтайгаа маш олон цаг ажиллах шаардлагатай.

 Гэтэл өнөөдөр цаг өөр болсон. Ертөнц хөгжсөн гээд жүжигчний уран чадварын хичээлийн цагийг хассан. Тэр битгий хэл зарим сургуулийнхан “Найдандорж багш аа, та илүү цагаар ажиллахгүй шүү. Оюутныг зовоож болохгүй шүү” гэсэн шаардлага тавьж байна. Тэгсэн хэрнээ маш бага цалинтай. Өөр чадвартай хүмүүс тэнд багшлахгүй болохоор бараг туршлагагүй шахуу хүмүүс багшилж эхэлж байна. Тэд дарга, захирлын үгэнд орохдоо илүү сонсголтой. Тэгэхээр энэ нийгэмд олон зүйл шалтгаанаас болоод жүжигчний сургалт мөн чанараа алдаж эхэлж байна.

-Асуудал дунд байсан хүн учрыг нь олоход хялбар байдаг. Энэ буруу зүйлийг залруулахын тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай гэж та бодож байна вэ?

-Анхаарах ёстой төр засаг нь энэ асуудлыг анхаарлаасаа аваад хаячихсан. Сургуулийн захирал хийх дуртай нь захирлаа хийгээд, мөнгөтэй нэгэн нь сургууль байгуулаад байна. Энэ асуудлыг төр анхааралдаа авч нэг талд нь гаргах байх. Тэдний хийх ажил болохоос минийх биш шүү дээ. Бид  ийм л нийгэмд амьдарч байна. Харин миний үзэл бодол надтай цуг дуусна.

Гэхдээ миний сая ярьснаас сургалтын хувьд арай чанартай үед төгссөн хүмүүс бий. Жишээ нь, найруулагч Н.Наранбаатар. Жүжигчнээр төгсөөд найруулагч болж олон жүжиг тавьж байгаа хүн. Тэгэхээр энэ бүх хүнд ачаа энэ хүний нуруун дээр очно гэсэн үг. Тэр дутуу боловсорсон боловсон хүчнүүдийг болгох, дахин боловсруулах гэж махаа иднэ. Хэрүүл хийж, хүмүүсийн ад болохоос өөр аргагүй байдалд Монголын театр ирээд байна. Энэ бол өнөөдрийн Монголын театрын хамгийн эмзэг асуудал.

-Н.Наранбаатар найруулагч таны үеийнх шиг театраа авч явж чадах болов уу. Үеийнхнээс чинь сонсоход та тэдэнд нэлээд хатуу шаардлага тавьдаг байсан гэдэг биз дээ?

-Хэрвээ Н.Наранбаатар тэгж ажиллах юм бол шоронд орно. Алтан үеийнхний бидэнд уламж­луулсан этик, ёс зүйг би барьснаас шинээр юм хийгээгүй. Би яргалал хийгээгүй. Ганцхан театрын этик, ёс зүйг барих ёстой гэсэн шаардлага л тавьсан. Өөр ямар нэг хөдөлмөрийн хууль, хүний эрх бол уучлаарай шүү дээ. Театр өөрийн гэсэн дэг, ёс зүйтэй. Хагас цэргийн зохион байгуулалттай ч гэж хэлдэг тийм байгууллага байхгүй юу. Тэгж байж тэндээс уран бүтээл гардаг. Одоо би театрт очвол урдаас хүний эрхийн талаар ярих байлгүй дээ. Тэгэхээр нь аягүй бол би “Солиор” гэнэ.

 

Амьдралыг амтаар нь амталж амьдраад өдий зэрэгтэй явцгааж байна

 

-Цалин бага ч  үнэлэмж одоо­гийнхоос дээгүүр байсан байх?

-Цалин бага байсан ч би амьд­раад байсан. Юун амьдралаа голох дуртай юм. Болж л байна шүү дээ.

-Уран бүтээлчид цалин бага мөртлөө олон цагаар ажиллуулж байна гэдэг?

-Тэгвэл өөр мэргэжил сонгохгүй яасан юм бэ. Драмын театрт байх хэрэггүй, мөнгөтэй ажил хийгээд яв л даа. Жүжигчнээр ажиллах хүсэлтэй бол Драмын театрын ёс зүйгээр ажилла. Өөрөө мэргэжлийн түвшинд бай. Уран бүтээлч хүн шиг амьдар. Шаардлага бол ерөөсөө л энэ шүү дээ. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй бол Драмын театрын босгоор давж ороод “Би ингэмээр байна” гэж хуцах хэрэг юу байгаа юм бэ. Энэ чинь уламжлал, ёс зүй, сахилга баттай 90 гаруй жилийн түүхтэй байгууллага.

 Сонгодог жүжгээрээ Азидаа толгой цохидог театр. Монголчуудын оюун санаанд үсрэнгүй шинэчлэлийг авчрахад гар бие оролцсон урлагийн байгууллага. Тэгээд энэ  уламжлалаа алдана гэж юу байдаг юм бэ. Хэрвээ ерөнхий найруулагч Н.Наранбаатарын тавьж байгаа шаардлагыг биелүүлж чадахгүй бол зайгаа тавьж өг. Театрыг цэвэрлэ. Би тэдэнд ингэж л хэлнэ.

-Сэтгэлд ойрхон хүмүүсийнхээ талаар ярьж ярилцлагаа үргэлж­лүүлье дээ. Жишээлбэл, таны сурсан УБИС-ийн Кино драмын анги зориудаар цуглуулсан гэ­мээр уран бүтээлчдийг бэлдэж гаргасан байдаг?

-Манайх шиг анги урьд өмнө нь байгаагүй. Хожим хойно ч дав­тагдаагүй тийм л анги. Монголын театрын түүхэнд асар том байр суурийг эзэлдэг Б.Мөнхдорж найруулагч 30 гаруйхан настай байхдаа бидэнд багшилсан. Тэр хүн Монголын жүжигчний урлагийн сургалтад, театрын жүжигчний дэг,  аргачлалд шинэчлэл хийсэн хүн. Судлаачид үүнийг онолын түвшинд бичиж мэддэггүй юм уу, чадахгүй байна уу бүү мэд. Сайхан жүжиг тавьсныг нь хүлээн зөвшөөрдөг болохоос Монголын театрын урлаг шинэ агаар оруулж ирсэн гэдэг талаар нь бичсэнийг өнөөдрийг хүртэл би олж уншаагүй байна. Миний мэдэхийн багш маань тийм л хүн.

Манай ангийнхны хувьд өнөөдрийн та нарын сайн таних Д.Сосорбарам, Батмөнх Даян хаанд тоглодог Ж.Сүххуяг, Дорноговь аймгийн театрт байсан найруулагч Э.Сан­чигдан, “Гарын таван хуруу”-нд тоглодог Я.Оюунцэцэг, “Гарын таван хуруу” киноны том ахад тоглодог Баярсайхан, бас энэ кинонд тоглодог Хөвсгөлийн театрын жүжигчин найруулагч байсан Ганхуяг, Баянхонгор айм­гийн “Тэмүүжин” театрыг үүсгэн байгуулсан Соёлын гавьяат зүт­гэлтэн Ганчимэг, одоо Радио те­левизийн дээд сургуульд байгаа Оюунчимэг, “Их засаг” сургуулийн Театр, урлагийн сургуулийн захирал Оюунсүрэн гэх мэтчилэн манай ангид маш олон хүчирхэг хүүхдүүд цугласан. Б.Мөнхдорж найруулагчийг ирлэсэн тонгорог шиг байх үед нь бид суралцаж байснаараа омогшдог юм. 

-Та их махруу, хор шартай хүү­хэд байсан шиг санагдлаа. Ма­гадгүй энэ их эрч хүч өнөөд­рийн Найдандоржийг гаргаж ирсэн байх?

-Мэргэжилдээ үнэнч байсны үр дүнд өнөөдрийн Найдандорж бий болсон. Дээр нь жүжигчний урлагийн онолын учрыг олъё, ойлгоё гэж би их боддог байв. Тэгэхийн тулд орос хэл миний гол түлхүүр байх ёстой. 

Ер нь явж явж Оросод очиж суралцъя гэсэн шуналдаа хөтлөгдөж хойшоо сургуульд явсан. Түүнийхээ учрыг олох гээд одоо хүртэл явж л байна. Тийм учраас маргадаггүй. Сургуулиудыг үүсгэн байгуулсан, энд тэндхийн сургуулиудыг удирдаж яваа хүмүүст миний яриа таалагдахгүй. “Энэ зөнөсөн тэнэг, 60 гарчихаад яршиг даа. Шинжлэх ухаан мэдэхгүй байна” гэж тэд хэлнэ. Тэгж хэлэх ч эрх бий. Надад ч гэсэн өөрийнхөө бодлыг хэлэх эрх байгаа. Үүнийг дотроо хадгалж шаналаад явах надад хэцүү байна. Харин боломж гарч танай сониноор дамжуулан сэтгэлээ онгойтол ярилаа.

-Хүүхэд нас, аав ээжийнхээ талаар та төдийлөн ярьдаггүй. Магадгүй дурсамж сэргэхэд сэтгэл эмзэг болдог байх?

-Би эхээс зургуулаа. Намайг дөнгөж өлгийтэй байхад хөдөө­нөөс хүүхэд өргөж авахаар хүн ирж л дээ. Тэр үед “Эрэгтэй бол Найдандоржийг, эмэгтэй бол эгчийг нь аваад яв” гэж хэлсэн гэдэг. Тэгж дөнгөж ор түшээд зогсдог үе дээр нь эгчийг маань хүн өргөж авсан.  Тэгэхээр надад өөр айлд өргүүлэх боломж байсан юм билээ. Өнчин өрөөсөн өссөн болоод ч тэр юм уу бид зургаа их ах дүүсэг. Бие биеийнхээ дэмээр өнөөдөр өдий зэрэгтэй сайхан амьдарч байна. Хүнээс илүү гарахгүй ч бас дутахааргүй амьдарч байна. Амьдралыг амтаар нь амталж амьдраад өдий зэрэгтэй явцгааж байна даа.

Би амьдралдаа талархдаг. Надад гомдож гонсойгоод, бас илүү гараад баярхах юм юу ч байхгүй. Би хүн шиг амьдарч байна. Бид энэ амьдралаа хөдөлмөр, авьяас зүтгэл, ухаанаараа бий болгосон.

-Таны үр хүүхэд дунд урлагийн хүн бий юү?

-Би хоёр хүүтэй. Хоёулаа ур­лангийн хүн болоод хувийн ажлаа хийгээд явж байна. Тэдний ажилд би ерөөсөө оролцдоггүй.

-Таныг хөндлөнгөөс харахад ууртай, хатуу ширүүн харагддаг. Энэ нь найруулагч болсноос хойш тогтсон төрх үү эсвэл төрөлх зан чанар юм уу?

-Миний байж байгаа нь л энэ. Би 55 наснаасаа хойш жүжиг хийхдээ уурлахаа ухамсартайгаар больсон. Түүнээс өмнө хашхирдаг, харааж загнаж, доромжилдог байсан. 55 наснаас хойш нийгэм ч өөр болсон. Би ч нас тогтож ухаажсан юм байгаа биз. Уурлаж уцаарлахаа бүр больсон. Гэхдээ тун тэсэхгүй бол бас хэлнэ ээ. Ер нь бол уурлахаа больсон. Уурлана гэж өөрийгөө л зовоохын нэмэр юм байна гэдгийг ойлгосон.

 Дэндүү олон хайрыг мэдэрсэн би баян хүн

-Одоо танд юу хиймээр санаг­даж байна. Магадгүй өнгөрсөн хугацаанд хийх боломжтой ч зарим зүйлээс шалтгаалан хойш тавьсан зүйл танд байдаг байх?

-Би олдсон боломж болгоноо ашигласан гэж боддог. Надад “Одоо тэгчих юмсан” гэж шунаад байх зүйл алга. Би номоо бичээд, байшингаа бариад, үр удмаа төрүүлээд, модоо тарьсан. Одоо ч тарьсаар байна. Хүний хэрэгцээ бага. Би нэг их гайхуулмаар гоц гойд амьтан биш. Би Монголын алтан үеийнхний театрыг нуруун дээрээ үүрсэн үү үүрсэн. Үүрэх хугацаандаа би хангалттай үүр­сэн гэж боддог. Би театраа гундаагаагүй, хөл дор оруулаагүй, ёс суртахуунаар ялзруулаагүй, би муу бүтээл хийгээгүй. Хөндийрөх үедээ ч хөндийрч чадсан. Эргээд очих үедээ би очсон. Тэтгэвэрт гарах насандаа би суусан. Би хэнтэй ч арцалдаагүй. Надтай хэн ч арцалдаагүй. Чадахгүй юм чинь. Одоо би юуны талаар бодож байна гэж санана?

-Юу?

-Амар тайван. Одоо надад их гоё байна. Ковидын буянаар хоёр жил гэртээ, залгуулаад тэтгэвэртээ суусан. Одоо гэр амьтай болсон. Эхнэртэйгээ гэртээ хоёулахнаа амьдрах чинь их сайхан юм байна шүү дээ. Их дажгүй хүүхэнтэй сууснаа мэдлээ. /инээв/

Би уран бүтээл гээд гэр бүлээ хойш тавьж явсан байна. Одоо их амар тайван амьдарч байна. Тэтгэврийнхээ хэдэн төгрөгийг авна. Хааяа биллиард тоглож биеийн чилээгээ гаргачихна. Юунд шунах вэ дээ. “Нэгэн зуны цэцэг” жүжгийн төгсгөлд  “Хүний амьдралын элсэн цаг дуусахын цагт /нас барах/ энэ ертөнцөөс авч явдаг цорын ганц зүйл бол хайр л юм байна” гэж хэлдэг. Хүн энэ ертөнцөд ирээд эхийн хайр, эцгийн хайр, ханийн хайр, ард түмний хайр, мэргэжил нэгт нөхдийн хайр энэ бүхнийг мэдэрч амьдарсан бол болоо шүү дээ. Өөр юу хэрэгтэй юм бэ. Үүнийгээ аваад л би дараагийн төрөлдөө явна. Би баян. Яагаад гэвэл би дэндүү олон хайрыг мэдэрсэн.

-Сүүлд нь тэнэг гэмээр асуулт асууя. Та Хөдөлмөрийн баатар болмоор байна уу?

-Болмоор байна. Хүний авдаг юмыг би яагаад авч болдоггүй юм бэ. Гэхдээ надад өгөхгүй л дээ. Хөдөлмөрийн баатар болох хэмжээний ажиллах ёстой. Өгвөл ямар гоё юм бэ, алгаа тосоод авна биз дээ. Би Хөдөлмөрийн баатар биш, авахгүй гэж хэлэхгүй. Тийм гэгээрсэн амьтан ч биш. Цагаа тулахаар гүйж очоод дуртайяа авах байх аа. Би шагнал, нэр алдарт дуртай. Гэхдээ би шударгаар авна. Би  арын хаалгаар эсвэл зальдаж  ийм шагналд хүрэхгүй. Таних нэгэн нь намайг таньдаг л байх. Хүндлэх нэгэн нь хүндэлдэг л байх. Найдан дурак гэж хэлэх нь хэлдэг л байх. Хүн сайн, муу хэлүүлж л амьдарна. Заримд нь ад болдог биз. Болж л байг, яадаг юм. Энэ орчлонд хар цагаантай хамтад нь амьдарна аа.  

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №041/24572/


0
angry
0
care
0
haha
5
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Орчин үеийн хот төлөвлөгч Өчигдөр
Д.Амарбаясгалан: Засгийн газар малчдынхаа амьжиргааг дээшлүүлж, үнийн … Өчигдөр
​ Улаанбаатар хотын тодорхой байршилд олон түвшинт гүүр байгуулахад “… Өчигдөр
1085 автобусыг утасгүй интернэтээр тоноглоно Өчигдөр
ОХУ, БНХАУ-ын иж бүрэн түншлэл шинэ шатанд хүрлээ Өчигдөр
Японд стрептококкийн тархалт нэмэгджээ Өчигдөр
Бүтээн байгуулалт өрнөөн Баянзүрх Өчигдөр
Э.Бат-Амгалан: Баянзүрх дүүргийн МАН-ын хороо “Хошой шилдэг”-ээр шалга… Өчигдөр
Э.Халиун: Бяр чадлын хувьд эн тэнцүүхэн тамирчидтай тивийн дэвжээн дээ… Өчигдөр
Ш.Батбаяр: Үхрийн баас цэвэрлэж байхдаа “Би юу хийчих вэ” гэж бодож ба… Өчигдөр
Горилогчдын гороо дуусаж, Ерөнхийлөгч модоо тоолов Өчигдөр
Ж.Тана: Шинэчлэл, өөрчлөлтөд залуучуудын идэвхтэй оролцоо чухал үүрэгт… Өчигдөр
Улаанбаатарт 17 хэм дулаан байна Өчигдөр
Р.Булгамаа: Үр хүүхдээ үл хайхарч байгаа эцэг, эхчүүдэд хариуцлага яри… 2024/05/16
Морин хуурын увдислаг шинжийг судлан докторын зэрэг хамгаалжээ 2024/05/16
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн т… 2024/05/16
Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдлийн талаар мэдэ… 2024/05/16
“Азийн тэсвэртэй хотууд” төсөл Улаанбаатар хотод хэрэгжинэ 2024/05/16
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг баталлаа 2024/05/16
Улаанбаатарт 29 хэм дулаан байна 2024/05/16