Буриад улсын шилдэг уран бүтээлчдийн “Найрамдал” тоглолт Улаанбаатар хотод болсон. Тоглолтын нэгэн шигтгээ нь ОХУ-ын Ардын жүжигчин Дарима Линховоин байлаа. Сонгодог урлагийн эрхэмсэг хатагтайг монголчууд дуучин Г.Ариунбаатарын багш гэдгээр нь андахгүй. П.Чайковскийн уралдааны монгол түүх түүнтэй салшгүй холбоотой. Хоёрдугаар мянганы босгон дээр буюу 1998 онд дуурийн урлагийн шилдгүүдийн өрсөлдөөний сүүлийн давааг монгол дуучин давсан нь Пүрэвжавын Ганбат байлаа. П.Ганбат агсан тэрхүү уралдаанд тусгай байр, диплом хүртэж дэлхийн дуучин болсон. Монгол Улсын Гавьяат жүжигчин П.Ганбат агсны татсан жимээр үе үеийн монгол баритонууд алхалж байна. Ардын жүжигчин Э.Амартүвшин 2011 онд П.Чайковскийн нэрэмжит XIV уралдаанд хоёрдугаар байр, үзэгчдийн нэрэмжит шагнал хүртсэн билээ. Тэдний амжилтыг 2015 онд “Чингис хаан” одонт дуучин Г.Ариунбаатар ахиулж, тэргүүн байрын шагналыг эх орондоо авчирсан. Ингэхдээ уралдааны түүхэнд анх удаа ихээхэн мөнгөн шагнал дагалдуулсан гранприйн эзэн болсон юм. Дэлхийн дуурийн урлагийг тамгалсан эдгээр амжилт манай тавь гаруй жилийн уламжлалтай сургалт, монгол багш нарын хичээл зүтгэлийн үр шим. Мөн олон улсын тэмцээнд өрсөлдөх үүдийг нээсэн ОХУ-ын Ардын жүжигчин, концертмейстер Дарима Лхасарановна Линховоиныг онцлохоос аргагүй. Тэрбээр П.Ганбатыг П.Чайковскийн уралдааны “шагналтны дөрөө” - нд хүргэсэн бол Г.Ариунбаатарыг тэргүүн байр эзэлтэл сойжээ. Тэрбээр шавийнхаа тухай “П.Чайковскийн уралдаанаас Г.Ариунбаатарын гайхалтай амжилт эхэлсэн. Уралдааны шүүгчид түүнийг нэгдүгээр шатад дуулахыг сонсоод “Энэ залуу түрүүлэх нь тодорхой” гэхийг сонсоод бахархаж байлаа” хэмээлээ. Дарима Лхасарановна гэдэг нэр дуурийн залуу дуучдын амжилтын бэлгэ тэмдэг болжээ.
Санкт-Петербургийн охин
Оросын соёл, урлаг, түүхийн их төв Санкт-Петербург хот Дарима Лхасарановнагийн амьдралтай салшгүй холбоотой. Хуучны Ленинград. Дарима Лхасарановнагийн амьдрал яг л дуурь шиг. ОХУ-ын Буриад улсын дуурийн дуулаачдын дэгийг үндэслэгч, ЗХУ-ын Ардын жүжигчин асан Лхасаран Лодонович Линховоин, Гавьяат жүжигчин Вера Лыгденовагийн охин болон Ленинград хотод мэндэлжээ. Аав, ээж нь Ленинградын консерваторийн оюутнууд байв. Есөн сар хүртлээ оюутны дотуур байранд амьдарсан бөгөөд аав, ээж нь хичээлдээ явахдаа охиноо найзууддаа үлдээдэг байж. Харин нөгөөдүүл нь хичээлтэй бол өөр нэгэнд үлдээнэ. Ингээд орой хичээлээсээ ирсэн залуухан ээж хүүхдээ хайж өрөө хэсдэг байлаа. Консерваторийн багш оюутнууд “Ээжийнхээ хэвлийд бүрэлдэхээсээ л хөгжим сонсож бойжсон учир маргаангүй урлагийн хүн болно” гэж охины ирээдүйг зөгнөн ярилцана. Тэр бяцхан охин хожмоо эл сургуульд 15 жил суралцан “төрөлх” оюутны байрандаа амьдарч, урлагийн харгуйд хөл тавина. Линховоины гэр бүл охиноо өвөө, эмээд нь үлдээгээд сургуульдаа үргэлжлүүлэн суралцав. Ийм учралаар бага насаа Агийн Оронгой тосгонд өвөө, эмээтэйгээ өнгөрүүлжээ. Тэд ач охиндоо буриад зүйр цэцэн үг цээжлүүлж, үндэсний хэв маягаар хүмүүжүүлжээ. Өвөө нь ардын дуу заана. Тиймээс эх нутаг, буриад гэсэн юм бүхэнд хайртай аж.
“Ага нутагтаа авга хөгшин ээж Долгор, хөгшин аав Лодон нь Буриад улсын Гавьяат багш, сэхээтэн улс байв. Харин нагац өвөө Лыгденовынхан Саяан уулын хормойд нутагтай. Буриад орны хадат Саяан, Агийн талаас гаралтай өвөг дээдэс минь намайг ивээдэг. Хөгшин аав, ээжийгээ дурсах дуртай. Амин насны минь сахиусууд болж охиноо тэнгэрийн орноос хамгаалдаг гэж санана. Буриад хүнд сахиус гэж байдаг. Хатуу ширүүн цагт өмгөөлж, буян хишгээ хайрладаг” хэмээсэн. Буриад сургуулийн бэлтгэл, нэгдүгээр ангиа төгсөөд Дарима тосгоны хүүхдүүдтэй тоглож, ой мод, голын хөвөөнд хөл нүцгэн өнждөг байв. Тэр үеийн Ленинградаас өвөө, эмээгийнх нь найзууд шинэ жилээр мандарин илгээжээ. Мандарин идэж үзээгүй түүнд үнэрнээсээ эхлээд л ер бусын бэлэг байв. Одоо ч мандарин худалдаж авахдаа тэрхүү онцгой мэдрэмжийг мэдэрдэг аж.
“Иван Сусанин”-аас эхэлсэн дуурийн амьдрал
Дарима Лхасарановна өөрийгөө азтай хүнд тооцдог. Дуртай мэргэжлээ эзэмшиж, балчир насандаа гайхамшгийг олж харсан дуурийн урлагтай салшгүй холбогджээ. Аав нь гол дүрд дуулсан “Иван Сусанин” дуурийг таван настайдаа анх үзжээ. Гуравдугаар эгнээнд эмээтэйгээ зрэгцэн суун үзэж байсан нь сэтгэлд нь тод үлджээ. Үйл явдлыг нь сайн ойлгоогүй ч хөгжим, дуулалтад сэтгэл нь эрхгүй уярлаар хальж, сүүлчийн ари хүртэл уйлсаар дуусгажээ. Охиноо хараад аав нь “Уяхан сэтгэлтэй хүн болох нь” гэж бодсон гэдэг. Мөнхүү охиндоо хөгжим сургавал ирээдүйтэй санагджээ. Аавын бодол биелэх мэт Ленинградын консерваторийн дэргэд авьяаслаг хүүхдүүдэд зориулсан арван жилийн сургалттай тусгай хөгжмийн сургуульд суралцах хүүхдүүдийг сонгон шалгаруулах зар гарчээ. Сонгон шалгаруулалтыг 1959 онд ЗХУ-ын бүх хотод зохион байгуулжээ. Хөгжмийн талаар мэдлэггүй ч гойд сонсголтой Дарима шилэгдэж тэнцлээ. Яг л “Үнсгэлжин”-гийн үлгэр шиг. Буриадын тосгонд өссөн охины сонгодог урлагийн ертөнц рүү хийх сонирхолтой аялал ингэж эхэлжээ. Ленинград 1960-аад онд Зөвлөлтийн соёлын амьдралын зүрх байлаа. Дайны өмнө эмээ Долгор Линховоин нь энэ хотод суралцаж байжээ. Ленинградад ирсэн өдөр аадар орж байв. Аав нь “Энэ хот чамд аз авчирна” гэж хэлснийг марталгүй санаж явжээ. Римский-Корсаковын нэрэмжит Ленинградын улсын консерваторийн дэргэдэх хөгжмийн тусгай сургуульд 10 жил суралцаад 1970 онд төгсжээ. Энэ бол Москвагийн консерваторийн дэргэдэх тусгай сургуультай эн зэрэгцсэн ЗХУ-ын боловсролын элит төв байлаа. Дарима Лхасарановна дэвшин суралцсаар 1975 онд консерваторио төгсжээ. Нутагтаа буцаж ирээд Г.Цыдынжаповын нэрэмжит Буриадын дуурь бүжгийн эрдмийн театрт ажилласан байна. Дарима Линховоин дотоод хүсэл тэмүүллээ дагаж, томоохон тоглолтын тайзнаа өрсөлдөхөөр шийдэв. Тэрбээр Буриадын театраас олон улсын уралдаанд дуучдыг тогтмол бэлтгэж эхэлжээ. Тэднээс нэрлэвэл, ОХУ-ын Ардын жүжигчин Галина Шойдогбаева, Гавьяат жүжигчин Валентина Цыденпова, Ольга Аюрова, Монгол Улсын Гавьяат жүжигчин П.Ганбат, Г.Ариунбаатар гээд урт жагсаалт болно. Ингэхдээ жинхэнэ амжилт, алдар нэр, урлагт байр сууриа эзлэх их хүсэлтэй залуусыг сонгодог аж. “Дуурь бол их урлаг. Залуу дуучидтай хамтран ажиллаж, том тайзнаа гарахад туслах нь миний үүрэг. Үргэлж ийм л байсан. Шавь нараа дэлхийн хэмжээний дуучин болгохын тулд чадах бүхнээ хийдэг. Мэдээж, би шидтэн биш. Миний өмнө байгалиас өгөгдөлтэй авьяастан, жинхэнэ эрдэнэ зогсож байхад ямар ч асуудалгүй. Гэхдээ авьяас, чадвар бага байх тусмаа сонирхолтой” гэсэн нь чадварлаг багшийн аархал гэлтэй. Г.Ариунбаатар Мариинскийн театрт бие даасан анхны тоглолт хийснийг Санкт-Петербургийн үзэгчид алга ташин хүлээн авсан. Багш нь шавийнхаа амжилтаар бахархаж “Гайхалтай үдэш байсан. Тоглолт эхлэхээс дуустал үзэгчид чив чимээгүй, анхааралтай сонссон. Санкт-Петербургийн оршин суугчид маш няхуур үзэгчид. Д.Чайковский, С.Рахманиновын романсыг захаасаа л дуулж чадах хэмжээний урлагийн боловсролтой.
Энэ тоглолтын дараа надад далавч ургах шиг санагдаж билээ. Бүтэн өдрийн турш би газраас хөндийрсөн мэт санагдаж, инээмсэглээд л байсан. Манай сургуулийг төгссөн олон хүн үзэгчдийн суудалд байлаа. Тэднийг зорьж ирэн үзнэ гэж бодоогүй шүү. Мэргэжлийн түвшинд Г.Ариунбаатарыг үнэлсэн” хэмээсэн нь шавьдаа сэтгэл хангалуун явдаг багшийн үг байлаа. Энэ явдлаас хэдэн жилийн өмнө шавиараа бахархан суусан нь Кардиффт байлаа. “Дэлхийн дээд зэрэглэлийн дуучидтай өрсөлдөөд ялахад ямар ихээр омогшсон гэж санана. Тэр том наадамд Монголоороо дуулж, нутгийнхаа уудам, уужмыг дуугаараа илэрхийлсэн” гэв. Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, хатуу багшаас сэтгэл хөдөлгөсөн сайхан үг өдөр бүр гарахгүй. Түүний хэлсэнчлэн хөгжимчин болно гэдэг жаргалтай хувь заяа. Харин их тайзны хөгжимчин байж, дэлхийн хэмжээний дуурийн дуулаачдад жигүүр ургуулах амаргүй.
Дарима Лхасарановна шинэ зорилго, шинэ санааны төлөө амсхийх завгүй хөдөлмөрлөдөг уран бүтээлч. Шавь нараа ч тийм байхыг шаардана. “Бүтээлч хүн байнга хөгжиж, тэмүүлэх ёстой” гэсэн амьдралын дүрэмтэй тэрбээр тэмцээнээс тэмцээн, тайзнаас тайзны хооронд амьдардаг аж. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард шавь Мария Балданова, Дина Санданова, Самбуугийн Батчимэг нартайгаа хамтран “Дарима Линховоин приглашает” тоглолтоо Улан-Үдэд толилуулжээ. Олон улсын тэмцээнд шавь нараа бэлтгэн сойхоос гадна хэд хэдэн уралдааны хүндэт шүүгч бас зохион байгуулагч. Ленинградын консерваторийн оюутан байхаасаа “Буриад Шаляпин” гэж алдаршсан аавынхаа нэрэмжит тэмцээнийг 1991 оноос тасралтгүй зохион байгуулжээ. Мөн "Гранд классик" төслийнхөө хүрээнд Улан-Үд хотод Оросын залуу уран бүтээлчдийн тоглолтыг зохион байгуулсан нь Буриадын дуучдад туршлага солилцох, хүрээллээ тэлэх боломж олгосон. Монгол, буриад, орос, солонгос дуучид түүний мастеркласст суухыг хүсдэг нь нууц биш. Өдгөө ОХУ-ын театруудад дуулж буй Елена Шараева, В.Албатаев, О.Хингеева, Б.Будаев, Ш.Зондуев, Д.Занданов, Н.Мунхзул нар түүний бэлтгэсэн уран бүтээлчид. Үүнээс Ганбаатарын Ариунбаатар, Аюна Базаргуруева, Савва Хастаев нар Марийнский театрт ажиллаж байна. Шавь нар нь “Юунаас ч бүү ай, уран зөгнөлдөө итгэ, түүнийгээ бодит болго. Хамгийн гол нь хөгжимд үнэнч байх хэрэгтэй. Хайхрамжгүй хандаж огт болохгүй” гэсэн багшийнхаа сургаалаар дэлхийн дуучид болжээ.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №041/24572/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна