Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг УИХ-аар баталсантай холбогдуулан Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайвантай ярилцлаа.
-Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг УИХ-аас баталлаа. Ирэх жил баримтлах мөнгөний бодлогын хувьд гол онцлог нь юу байна вэ?
-Монголбанкнаас ирэх онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд хэд хэдэн чухал заалтыг тусгалаа. Нэн түрүүнд инфляцыг дунд хугацаанд + 2 нэгж хувийн интервальд зургаа орчим хувьд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогыг тууштай хэрэгжүүлнэ. Хоёрдугаарт, гадаадын банкны бие даасан салбар, нэгж байгуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх ажлын үргэлжлэл болгож салбар, нэгжид тавигдах нөхцөл шаардлага, зохицуулалтуудыг өмчлөлийн төрөл, бизнес загварт нь тохируулан ялгаатай тогтоож, зохицуулалтын орчныг боловсронгуй болгох чиглэлд анхаарч ажиллахаар тусгалаа. Гуравдугаарт, ногоон хөгжлийн зорилтуудыг хангах, тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх хүрээнд Монголбанкан дээр хөгжүүлж эхлээд байгаа их өгөгдлийн суурь дэд бүтцийг ашиглан ногоон зээлийн үр дүнг хэмжих, тайлагнах, баталгаажуулах нэгдсэн системийг шат дараатай хөгжүүлж эхлэхээр төлөвлөөд байна. Үүнээс гадна, уул уурхайн бус экспортыг дэмжих зорилгоор энэ чиглэлийн бизнес эрхлэгчдийн орлогоо хүлээн авах төлбөр тооцооны хэрэгслүүдийг хөгжүүлэх, финтект суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжлийг дэмжихэд онцгойлон анхаарч ажиллахаар төлөвлөөд байна. Энэ удаагийн үндсэн чиглэлийн хамгийн гол шигтгээ нь санхүүгийн зах зээлийн либералчлал буюу гадаадын банкуудыг Монголд орж ирэхийг төрөөс дэмжиж буй зорилт юм.
-Гадаадын банкны салбар манай улсад үйл ажиллагаа явуулснаар дотоодын эдийн засаг болон банкны салбарт ямар эерэг үр дагавар үзүүлнэ гэж харж байна вэ?
-Монгол Улсын хувьд дотоодын зах зээлдээ гадаадын банкийг нэвтрүүлэх нь эдийн засагт шаардлагатай хөрөнгийн шинэ эх үүсвэрийг бүрдүүлэх, санхүүгийн салбарын интеграцад нэгдэх, салбарын хөгжлийг хурдасгах ач холбогдолтой. Олон улсын судалгаануудаас харахад банкны салбарт гадаадын банкны оролцоо нэмэгдсэнээр эрүүл өрсөлдөөнийг эрчимжүүлж, банкуудын үр ашгийг сайжруулан, зээлийн хүүг бууруулахаас гадна зээлийн эх үүсвэр нэмэгдэн, санхүүгийн хүртээмжийг сайжруулж, банкны салбар дахь төвлөрлийг бууруулах зэрэг давуу талтай байдаг. Тодруулбал, гадаадын банкны салбар нэгж нь эх үүсвэрийн зардал багатай, өндөр технологид суурилсан, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгож, банкны салбарын тогтвортой өсөлтийг дэмждэг. Түүнчлэн банкны удирдлагын чадавхыг бэхжүүлэх замаар нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжиж байгаа банкны салбарт засаглалын хувьд сайн нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Үүний зэрэгцээ корреспондент банкны үйлчилгээний зардал өссөн өнөө үед гадаадын банк Монгол Улсад салбараа нээснээр гадаад гуйвуулгын шимтгэлийн зардал тодорхой хэмжээнд буурна гэж харж байна.
-Мөнгөний бодлогын хүрээнд ирэх онд эдийн засгийг хэрхэн дэмжих вэ. Монголбанкныхан саяхан УИХ-тай хамтран бизнесийн салбарынхантай хийсэн уулзалтаар тэдний зүгээс ямар байр суурийг илэрхийлсэн бэ?
-Дэлхийн төв банкуудад хэрэгжиж байгаа бодлогын хэрэгслүүдэд олон нийттэй харилцах асуудал чухал байр суурийг эзэлж байна. Монголбанкны хувьд ч ялгаагүй мөнгөний бодлогын хэрэгжилтийн үр нөлөөтэй байдлыг нэмэгдүүлэх, хүлээлтийг удирдахад мэдээллийн ил тод нээлттэй байдлыг хангах, олон нийттэй харилцах сувгуудыг хөгжүүлэхэд анхаарч ажилладаг. Үүний нэг хэлбэр нь төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслийг 2017 оноос олон нийтэд нээлттэй хэлэлцүүлдэг болсон явдал юм. Энэ жилийн хувьд анх удаа УИХ-д өргөн мэдүүлэхээс өмнө эдийн засагч, судлаачид болон олон улсын байгууллагуудад төслөө танилцуулж, тэдний санал зөвлөмжийг тусгасан. Мөн анх удаа УИХ-тай хамтран ажлын хэсгийн санаачилгаар эдийн засгийн гол хөдөлгөгч хүч гэдэг утгаар бизнесийн байгууллагуудын гишүүдтэй уулзалт хийж, МҮХАҮТ, АНУ-ын худалдааны танхим болон Монголын бизнесийн зөвлөл зэрэг байгууллагын нийт 200 гаруй гишүүнд төслөө танилцуулж, санал, шүүмжийг нь сонслоо. Цар тахлын хөл хорионы үе, үргэлжлээд геополитикоос үүдэлтэй гадаад орчны тогтворгүй байдал зэргээс хамаарсан өндөр инфляц, мөн төсвийн тэлэлт зэрэг нь мөнгөний бодлогыг хатуу төлөвт барихаас аргагүй нөхцөл байдалд хүргэж байна. Энэ нь ялангуяа, бизнесийн орчинд таатай бус байна. Санхүүжилтийн эх үүсвэрийн хүү өндөр, олдоц нь ч муу байгаа нь аж ахуйн нэгжүүдэд хүндээр тусаж буйг хэлж байна. Засгийн газар ирэх оны төсвийг ДНБ-ий 30 гаруй хувьтай тэнцэх хэмжээний зарлагатайгаар баталсан нь хатуу бодлого дахиад үргэлжлэх нөхцөлийг бүрдүүллээ. Тиймээс төсөв талдаа хэр сахилга баттай байна нөгөө талд мөнгөний бодлого зөөлрөх орон зай үүснэ. Иймд гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд төрийн дэмжлэг хэрэгтэй гэдэг байр сууринаас бизнес эрхлэгчид хандаж байна.
-Тэгвэл инфляцыг онилсон зорилтдоо хүрэхийн тулд дэмжлэг болох нөхцөл нь юу байх вэ?
-Монголбанкны төсөөллөөр инфляц энэ оны эцэст нэг оронтой тоонд, ирэх оны хоёрдугаар улирлаас зорилтын дээд интервальд ирж тогтворжих хүлээлттэй байна. Гэхдээ үүнд хэд хэдэн хүчин зүйл чухал нөлөөтэй. Нэгдүгээрт, хэрэглээний сагсны тал орчим хувийг импортын бараа, бүтээгдэхүүн бүрдүүлдэг манай улсын хувьд гадаад үнэ инфляцад өндөр нөлөөтэй. Түүнчлэн, цаг агаарын эрс тэс үзэгдэл, олон улсын мөргөлдөөн, геополитикийн зөрчилдөөний асуудлууд үргэлжилсээр байгаа нь дэлхийн зах зээл дээрх хүнсний үнэ өсөх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Саяхан л гэхэд Израил-Хамас бүлэглэлийн мөргөлдөөний дараа дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ өссөн, цаашид ч өсөх эрсдэл бий гэдгийг шинжээчид анхааруулж байна. Энэ мэтчилэн гадаад орчны эрсдэлүүдийг бид яагаад ч дангаараа шийдвэрлэх боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Дотоод орчин талаас төсвийн бодлого инфляцад чухал нөлөөтэй. Ялангуяа төсөв, мөнгөний бодлогын оновчтой хослолыг хэрэгжүүлэх явдал юм. Мөнгөний бодлого хатуу үед төсвийн хэт тэлсэн бодлого үргэлжилсээр байх нь мөнгөний бодлогын үр нөлөөг сулруулж, инфляц зорилтдоо хүрэх хугацааг хойшлуулдаг. Иймээс инфляцыг тогтворжуулахад төсөв талаас бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай. Үүнээс гадна нийлүүлэлтийн доголдлоос шалтгаалаад түр зуурын шинжтэйгээр үнэ нь өсдөг бараа бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлийг багасгах нь инфляцын зорилтыг хангахад мэдээж томоохон дэмжлэг болно. Энэ хүрээнд нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой, саадгүй байдлыг хангах нь зүйтэй юм.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №044/24575/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна