АНУ-д цагаачлалын хямрал хавтгайрч, Засгийн газрын нөөцийг хэтрүүлэхэд хүрлээ. Улмаар Жо Байдены Засаг захиргаа гацаанд ороод байгаа юм. Бүгд найрамдахчууд цагаачлалын сэдвийг үе үеийн Ардчилсан намынхны эсрэг чөдөр тушаа болгон ашиглаж ирсэн. Ардчилсан намаас сонгогдсон мужийн захирагчид олон зуун мянган хууль бус оршин суугчдыг алслагдсан хотуудад суурьшуулжээ. Ингэснээр олон арван жилийн турш дарамттай байсан цагаачлалын тогтолцоонд улстөрчид, иргэд дахин анхаарлаа хандууллаа. Конгресс 30 жилийн өмнөх Америкийн эдийн засаг, цагаачлалын чиг хандлагыг шийдвэрлэхэд чиглэсэн хуулиудыг шинэчилж чадалгүй өдий хүрсэн. Мөн байнгын боловсон хүчингүй, дутуу санхүүжүүлсэн орогнол олгох систем хоцрогдсон гэж үздэг. АНУ-ын Иргэншил, цагаачлалын алба, Гааль, Хил хамгаалах алба хамтран энэ оны есдүгээр сарыг дуустал дайчлан баривчилгаа зохион байгуулсан. Энэ хугацаанд 2.3 сая гаруй хууль бус оршин суугчийг баривчилжээ.
“Америк мөрөөдөл” хар дарсан зүүд болжээ
Илүү сайн сайхан амьдрал, илүү их боломжийг эрэлхийлсэн олон мянган цагаач Нью-Йоркийг зорьсноор орон сууцны хямрал эхэлж хотын захиргаанд том ачаа үүрүүллээ. Нью-Йорк хот жилийн хугацаанд 118 мянган цагаач хүлээн авснаас 60 гаруй мянга нь хамгаалах байранд байрласан. Хотын захиргаа тэдний хэрэглээнд зориулж нэмэлт төсөв гаргасан нь оршин суугчдыг бухимдуулжээ. Энд Баруун Африкийн орнуудаас ирсэн хууль бус цагаачид зонхилж байна. Хотын дарга Эрик Адамс үүнийг “Нью-Йоркийг сүйрүүлж болзошгүй хүмүүнлэгийн хямрал. Цагаачдын урсгал 2025 он гэхэд 12 тэрбум ам.долларын хохирол учруулна. Хамгаалах байрыг зөвхөн цагаачдад зориулаагүй. Автомашины зогсоол, аяллын хөлөг онгоцод тэднийг байрлуулахаар судалж байна” гэж нэрлэжээ. Тэрбээр Нью-Йорк мужийн захирагч Кэти Хочултай хамтран гаргасан мэдэгдэлдээ цагаачдын хямралд Жо Байдены засаг захиргааг буруутгасан. Хэдийгээр баячуудын хот гэгддэг ч Нью-Йоркийн захиргаа хүмүүнлэгийн хандлагыг эрэлхийлж, нөөцийн стратегийн хуваарилалтыг судлахад хүрчээ. Цагаачлалын хямралыг яаралтай шийдвэрлэхийг уриалсан жагсаалд оролцсон эмэгтэй “Цагаачдыг албадан гаргахыг шаардаагүй. Бодит шийдэл хэрэгтэй байна. Тэд аймшигтай газраас боломж хайж ирсэн. Яг л олон жилийн өмнөх “Америк мөрөөдөл” шиг. Гэхдээ Нью-Йорк бол амьдралаа шинээр эхлэхийг хүссэн хүмүүст тохиромжтой газар биш. Орон сууцны хямрал цагаачдаас гадна оршин суугчдад нөлөөллөө” гэж CNN-д ярьжээ. Тэгвэл Чикаго хотын метро цагаачдын орогнох байр болсон. Хотын захиргаа хариу арга хэмжээ авахын тулд мужаасаа 160 сая ам.долларын тусламж авч, цагдаагийн газар, түр хоргодох байранд цагаачдыг нүүлгэн шилжүүлж байна. Бүгд найрамдах намаас сонгогдсон Техас мужийн захирагч Грег Эбботт хууль бус оршин суугчдыг албадан гаргахаа мэдэгдсэний дараа 25 мянган цагаач Чикагод иржээ. Ардчилсан намаас сонгогдсон Иллинойс мужийн амбан захирагч Жей Роберт Прицкер “Үймээн самуунаас зугтсан орогнол хүсэгчдийг хаалганы гадна хөлдөхийг зөвшөөрөхгүй" гэжээ. Улмаар цагаачдад чиглэсэн хөтөлбөрүүд боловсруулж эхэлсэн. Тухайлбал, 2000 цагаачийг зургаан сарын хугацаанд амьдруулах өвлийн майхан худалдан авахад 65 сая ам.доллар олгохоор болжээ. Мөн цагаачдыг хүлээн авах төв байгуулахад 30 сая ам.доллар хуваарилсан байна. Орогнол хүсэгчдэд хууль эрх зүйн болон бусад дэмжлэг үзүүлэх үйлчилгээ, ажиллах хүчний хөтөлбөрт 65 сая ам.доллар зарцуулах аж. Энэ мэтчилэн “Америк мөрөөдөл” их хотуудын хар дарсан зүүд болжээ.
Конгресс хуулиа эргэн харна
Цагаачид АНУ-д нэвтэрснээс хойш нэг жилийн хугацаанд орогнол хүссэн өргөдөл гаргах боломжтой. Тус улсад зөвшөөрөлгүй нэвтэрч, орогнол хүсэгчдийн тоо өмнөх оныхоос 63 хувиар өссөн байна. Эх орондоо хавчлага, улс төрийн дарамт шахалтад өртсөн цагаачдад орогнох эрх олгодог 1980 оны хуулийг Конгресс шинэчлэхээ мэдэгдсэн. Хууль бусаар хил давсан хүмүүсийн тал хувь нь тус улсад оршин суух зөвшөөрөл авч, Цагаачлалын шүүхээр албадан гаргах шийдвэрийн эсрэг тэмцдэг. Орогнол хүсэх өргөдлийг Хууль зүйн яамны нэг хэсэг болох Цагаачлалын шүүх, Дотоодын аюулгүй байдлын яамны харьяа агентлаг болох АНУ-ын Иргэний харьяалал, Цагаачлалын алба гэсэн хоёр тусдаа төрийн байгууллагад гаргадаг. Цагаачлалын шүүх нь ихэвчлэн өмнөд хилээр хууль бусаар нэвтэрсэн хүмүүсийн ашигладаг маршрут юм. АНУ-ын ажилчдын 4.6 хувийг зөвшөөрөлгүй цагаачид эзэлдэг.
Сүүлийн үеийн тооцоогоор цагаачлалын шүүхэд дунджаар гурван жил, АНУ-ын Иргэншил, цагаачлалын албанд өргөдөл гаргавал 10 жил хүлээнэ. “Pew Research Center”-ийн тооцооллоор АНУ-д зөвшөөрөлгүй цагаачдын тоо 2021 онд 10.5 саяыг давж нийт хүн амын гурав орчим хувийг эзэлж байна. Энэ бол 1990-ээд оноос хойших хамгийн доод үзүүлэлт юм.
Үүний зэрэгцээ хууль ёсны цагаачдын тоо найман саяар нэмэгджээ.Тооцоололд АНУ, Мексикийн хилийн дагуу цагаачдыг саатуулж, албадан гаргаснаас хойш гарсан өөрчлөлтийг тусгаагүй аж. Хил дээрх цагаачдын мөргөлдөөн түүхэн дээд хэмжээндээ хүрчээ. Дональд Трампын засаг захиргааны үед зөвшөөрөлгүй цагаачдын тоо 1.75 саяар буурсан байна. Зөвшөөрөлгүй цагаачдын олонхыг мексикчүүд бүрдүүлж байна. Мексикээс 2017 оноос хойш 4.1 сая цагаач АНУ-д иржээ. Мөн Эль Сальвадор, Энэтхэг, Гватемал, Венесуэл, Бразил, Гондурасаас ирэх хууль бус оршин суугчдын тоо жил бүр өсөж байна. Төв Америкийн гурван улс болох Эль Сальвадор, Гондурас, Гватемалаас энэ жил зөвшөөрөлгүй хоёр сая цагаач нэвтэрчээ. Төв Америк, Карибын тэнгис, Өмнөд Америк, Ази, Европ, Сахарын цөлөөс Өмнөд Африк зэрэг дэлхийн бараг бүх бүс нутгийн цагаачдын урсгал нэмэгдсэн. Түүнчлэн ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орны иргэд АНУ руу олноор цагаачлах болжээ. Зөвшөөрөлгүй оршин суугчид Флорида, Вашингтонд нэмэгдэж, Калифорниа, Невада мужид цөөрчээ.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №044/24575/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна