Зураг дээр: "Ассошиэйтед Пресс” агентлагийн Фатима Шбайр “Газын зурваст”
ОЛОН УЛСЫН ТОЙМ
Жилийн сүүлчийн сар эхэлсэн долоо хоногт олон улсын судалгааны хүрээлэнгүүд, шинжээчид, хэвлэлүүд дэлхийн эдийн засаг, геополитик, халуун цэгүүдийн үйл явдлыг хэрхэн дүгнэснийг тоймлолоо. Хятадад дэгдсэн амьсгалын замын өвчлөл Азийн мэдээнүүдийг хайлтаараа тэргүүлж байна. Хүүхдүүдийн дунд өвчлөл ихэссэн нь эмнэлгүүдийн ачааллыг нэмэгдүүлжээ. Эрх баригчид ард иргэдээ тайван байхыг уриалж, удаан үргэлжилсэн хөл хорионы дараах нийгмийн халдварт өвчний давлагаатай холбон тайлбарласан. БНХАУ-ын төрийн болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр эмнэлгийн тасаг дүүрсэн тухай мэдээлжээ. “Глобал Таймс” сонинд бичсэнээр Бээжингийн хүүхдийн эмнэлэг өдөрт 9378 өвчтөн хүлээн авч байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “Бээжин, Ляонин тэргүүтэй хотод оношлогдоогүй уушгины хатгалгаагаар өвчилсөн тохиолдол нэмэгдэж байна” гэжээ. Киргизстаны парламент төрийн далбаагаа өөрчлөх тухай тогтоолыг дэмжлээ. 1992 онд тусгаар тогтнолоо зарласны дараа баталсан далбаанд монголчуудын ноёрхлыг эсэргүүцсэн киргиз овог аймгуудыг нараар төлөөлүүлжээ. Одоогийн далбааг үндэсний соёлд хувирамтгай байдал, боолчлолын бэлгэдэл болсон гэж үздэг. Тэгвэл Афганистаны Боловсролын сайд асан Рангина Хамиди охидын сурах эрхийг сэргээхийн тулд улс орнууд Талибантай харилцаж, зарим хоригоо цуцлахыг хүслээ. Афганистан бол охидын сурах эрхийг хуулиар хязгаарласан цорын ганц улс. Мөн "жендерийн апартейд" бодлогыг хэрэгжүүлж, эмэгтэйчүүдийг хөдөлмөр эрхлэх, олон нийтийн ажилд оролцохыг хориглодог. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа үргэлжилж байна. Бүгд найрамдахчууд одоогийн Ерөнхийлөгч Жо Байдентай өрсөлдөх нэр дэвшигчээ сонгох ёстой. Нэр дэвшигчдийн нэг Никки Хейли хорь гаруй жилийн турш консерватив үйл ажиллагааг санхүүжүүлж ирсэн хүчирхэг хандивлагчийн баазтай холбоотой хэмээн дуулиан тарилаа. Тэрбумтан Чарльз Кохийн сүлжээ Бүгд найрамдахчуудыг Дональд Трампаас салгахаар ажиллаж эхэлжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Генри Киссинжер 100 насандаа таалал төгссөн байна. Гадаад харилцааны реализмийг тууштай хэрэгжүүлэгч тэрбээр Нобелийн энхтайвны шагнал хүртэж, дайны гэмт хэрэгтэн хэмээн буруутгагдаж байлаа. Киссинжер АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Төрийн нарийн бичгийн даргын хувиар ЗХУ, БНХАУ-тай харилцаагаа зөөлрүүлэх бодлогыг хэрэгжүүлсэн. Мөн 1973 оны Араб-Израилын мөргөлдөөн, Парисын энхтайвны хэлэлцээр, Вьетнамын дайныг зогсоох дипломат ажиллагааг удирдсан юм. ОХУ-ын цэргийн тусгай ажиллагааны дараа Европын орнууд хүйтэн өвлийг давах эрчим хүчний хямралтай нүүр тулсан. Үүнээс үүдсэн инфляцын өсөлттэй одоо ч тэмцсээр байгаа. Испанийн парламент Педро Санчесийг Ерөнхий сайдаар томилохоор санал хурааж, сонгуулийн үр дүнд сунжирсан мухардлыг эцсэллээ. Тохиролцоонд хүрч, намуудын дэмжлэгийг авахын тулд Испани даяар эсэргүүцлийн жагсаалыг өдөөсөн Каталоны салан тусгаарлагчдад өршөөл үзүүлэх тухай маргаантай хуулийн төслийг баталхаа ч Санчес амлав. Шашин шүтлэг Европын холбооны гишүүн орнуудын шүдний өвчин болсон. Брюсселийн эрх баригчид төрийн албан хаагчдаа шашны итгэл үнэмшилтэй холбоотой шинж чанарууд, тэр дундаа бурка, хижаб өмсөхийг зөвшөөрсөн Европын холбооны шүүхийн шийдвэр гаржээ. Түүнчлэн Их Британийн агаарын тээврийн “Virgin Atlantic” компанийн “Boeing 787 Dreamliner” онгоц тогтвортой агаарын тээврийн түлш ашиглан Лондонгоос Нью-Йоркийн чиглэлд анхны нислэг хийлээ. Нислэгт ашигласан түлшийг хүнсний хаягдал тос, амьтны гаралтай өөх тосноос гарган авч бага хэмжээний синтетик керосин нэмжээ.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №045/24576/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна