Амлалт, амбиц шаардсан COP 28 эхэллээ


НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцид нэгдсэн орнуудын дээд хэмжээний COP28 чуулган Дубайд эхэллээ. Энэ жилийн COP чулуужсан түлшнээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүчний эдийн засагт шилжих эргэлтийн цэг болж буйгаараа онцлог. Нэг удаагийн чуулганаар дэлхийн эдийн засгийг нүүрстөрөгчөөс ангижруулах боломжгүй ч илүү амбицтай амлалтуудыг хүлээдэг. Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо зохион байгуулж буй чуулганд 167 улсын төр, засгийн тэргүүн, хаан, Ромын пап оролцож байна. Иймд НҮБ-ын хамгийн хүртээмжтэй дээд хэмжээний уулзалт гэж тодорхойлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар биечлэн оролцохгүй ч төлөөллөө илгээх юм. COP28 бол температурын урт хугацааны өсөлтийг 1.5 хэм хүртэл хязгаарлах ач холбогдолтой чуулган. COP гэдэг нь 1992 онд НҮБ-ын уур амьсгалын анхны хэлэлцээрт гарын үсэг зурсан орнууд буюу "Талуудын бага хурал" гэсэн үгийн товчлол юм. Ташрамд дурдахад, Их Британийн хаан III Чарльз төлөөлөгчдөд хандан өнөөдөр үг хэлнэ. Түүний илтгэлд ашгийн бус байгууллагууд, олон нийтийн бүлгүүд, судалгааны төвүүд, бизнес эрхлэгчид, шашны бүлгүүд оролцож буйгаараа онцлог аж. Чуулган энэ сарын 12-нд өндөрлөнө.

 

Уур амьсгалын өөрчлөлтөөс чухал геополитик

 

Дэлхийн дундаж температур түүхийн туршид өөрчлөгдсөөр ирсэн. Байгалийн шалтгаанаар өнгөрсөн зууны онцгой хурдацтай дулаар­лыг газрын тос, хий, нүүрсийг орон сууц, үйлдвэр, тээвэрт ашигласантай холбоотой гэж эрдэмтэд тайл­барладаг. Урт хугацааны дулаарал үйлдвэржилтийн түрүү үе буюу хүн төрөлхтөн чулуужсан түлшийг өргөн цар хүрээтэй ашиг­лахаас өмнөхтэй харьцуулахад 1.2 хэм байна. Энэ хэвээр үргэлжилбэл 2100 он гэхэд дундаж температур 2.7 хэмээр дулаарна. Үүнийг 1.5 хэмд барихыг НҮБ зорьж байгаа. Тиймээс 2030 оноос өмнө эрчим хүчний цэвэр эх үүсвэр рүү шилжих алхмыг яаравчилжээ. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зардлыг чинээлэг орнууд бүрдүүлж, хөгжиж буй орнуудад зориулсан шинэ хөтөлбөр боловсруулахыг олон улсын байгууллагууд шаарддаг. Өнгөрсөн жил COP 27 чуулганаар чинээлэг орнууд уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврыг арилгах нөхөн төлбөрийг хуримтлуулах сан байгуулахаар тохиролцсон. Гэхдээ сангийн үйл ажиллагаа тодорхойгүй хэвээр байна. 

2009 онд хөгжингүй орнууд утааг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд бэлтгэхийн тулд хөгжиж буй орнуудад 2020 он гэхэд жилд 100 тэрбум ам.доллар төлөх үүрэг хүлээсэн ч биелүүлээгүй. Үүнд COP 28 ямар нэгэн байдлаар ахиц гаргах эсэх нь тодорхойгүй байна. Уур амьсгалын хохирлыг нөхөн төлүүлэх, олон улсын цаг уурын санхүүжилт геополитикийн үл ойлголцол хэлэлцээрийг сааруулж магадгүй. “Блүүмберг”-ийн мэдээлснээр Цагаан ордны нөлөө бүхий албан тушаалтнууд НҮБ-ын хөтөлбөрт тусгасан шинэ тусламж, санхүүжилтээс зайлсхийх бодолтой байгаа. Тухайлбал, үерийн улмаас 1700 гаруй иргэнээ алдаж, 30 тэрбум ам.долларын хохирол амссан Пакистантай Вашингтон улс төрийн зөрчилтэй. Үүнээс үзвэл цаг уурын хямралын үед санхүү, технологийн тусламжаас илүүтэй улс төрийн зорилго чухал үүрэг гүйцэтгэсээр байна. Байгалийн гамшгийн шууд хохирлоос гадна эрүүл мэнд, боловсролд үзүүлэх нөлөөлөл, ялангуяа уур амьсгалын хариу арга хэмжээ нь эмзэг орнуудын төсвийн бааз, үйлчилгээг санхүүжүүлэх чадавхад сорилт болдог. Шатахууны үнийн өсөлт дэлхийн зарим томоохон эдийн засгийг үндэсний аюулгүй байдал нэрийн дор нүүрстөрөгч багатай эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхэд хүргэсэн. 

 

 “Арилжааны зорилготой” гэж шүүмжлэв

 

НҮБ цэвэр эрчим хүчний хэрэглээг өргөжүүлж, байгальд учруулах хор хөнөөлийг багасгахыг гишүүн орнууддаа уриалдаг. Хэдийгээр ухамсартай зохицуулалтыг шаарддаг ч Парисын хэлэлцээрийн зорилгод хүрээгүй байна. Тиймээс байгаль орчны идэвхтнүүд COP-ын уулзалтыг “Тогтолцоог өөрчлөх зорилгогүй” гэж эсэргүүцдэг. COP28-ыг Дубайд зохион байгуулсан нь олон улсад маргаан дагууллаа. АНЭУ бол газрын тос олборлогч топ 10 орны нэг. Гэтэл Төрийн өмчит газрын тосны “Масдар” компанийн гүйцэтгэх захирал Султан аль-Жаберийг COP28 хэлэлцээрийн ерөнхийлөгчөөр томилсон нь идэвхтнүүдийг бухимдуулжээ. Газрын тос бол байгалийн хий, нүүрстэй чулуужсан түлшид хамаардаг. Эрчим хүч болгон шатаах үед нүүрстөрөгчийн давхар исэл, уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан хүлэмжийн хий ялгаруулдаг. Уг компани үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэхээр төлөвлөсөн учир томоохон агентлагууд COP28-д шүүмжлэлтэй хандаж эхэлсэн. 

Тухайлбал, ВВC агентлаг “Арабын нэгдсэн Эмират улс зохион байгуулагч орныхоо үүргийг газрын тос, байгалийн хийн гэрээ хэлэлцээр хийх боломж болгон ашиглахаар төлөвлөжээ. Чуулганы өмнө сайд нарын түвшний уулзалтыг арилжааны зорилгоор ашигласан. Танилцуулгын баримт бичгүүдийг АНЭУ-ын газрын тосны “Аднок”, сэргээгдэх эрчим хүчний “Масдар” компанид зориулан бэлтгэжээ. Бразилын Байгаль орчны сайдаас Латин Америкийн хамгийн том газрын тос, байгалийн хий боловсруулах “Браскем” компанийг худалдаж авах “Аднок”-ийн тендерт зөвшөөрөл олгохыг хүсжээ. “Аднок” 2.1 тэрбум ам.долларын гол хувьцааг худалдаж авах санал тавьсан. Энэ мэтчилэн COP28-ын зохион байгуулагчид “Аднок”, “Масдар” зэрэг томоохон компанид ашигтай яриаг танилцуулгадаа оруулжээ. ВВС-тэй хамтран ажилладаг Уур амьсгалын мэдээний төвийн хараат бус сэтгүүлчдийн олж авсан баримт бичигт АНЭУ-ын COP 28 баг 27 улсын Засгийн газартай уулзахаар товлосон байна. “Аднок” компани Мозамбик, Канад, Австралид шингэрүүлсэн байгалийн хий нийлүүлэх, Колумбийг чулуужсан түлшний нөөцөө хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлжээ. 

Мөн Их Британи, АНУ, Франц, Герман, Нидерланд, Бразил, Хятад, Саудын Араб, Египет зэрэг 20 улстай хийх уулзалтын өмнө сэргээгдэх эрчим хүчний “Масдар” компанийн арилжааны боломжуудыг ярилцахаар тусгажээ” гэжээ. Гэхдээ нэр дурдсан улсууд эх сурвалжийн мэдээг үгүйсгэж байна. Түүнчлэн “Масдар”-ын хувь эзэмшдэг Норфолкийн Шерингем эргийн ойролцоох салхин цахилгаан станцын талбайг хоёр дахин нэмэгдүүлэхийн тулд COP28-ын уулзалтаар "төрийн дэмжлэг авах" тухай баримтууд ил болжээ. COP-ын уулзалтын үеэр бизнесийн хэлэлцээр хийх нь стандарт зөрчсөн явдал. Стандартыг уур амьсгалын асуудлаарх хэлэлцээрийг хариуцдаг НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөл­тийн суурь конвенцоор (UNFCCC) тогтоосон.

 Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №045/24576/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 16 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 19 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 20 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 20 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 20 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 21 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 21 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 21 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 21 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 21 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 21 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 21 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 21 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 22 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 22 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 22 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 22 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 22 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 22 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 23 цагийн өмнө