“Болор цом"-ын тухай бодлын хураангуй


Хан дөрвөн хайрхан, хатан Туулын эзэн савдгууд амирлах хайруу өвлийн эхэн сарын, шинэдийн саран дүүрэн тэргэлтэхэд ямххан дутуу үдэш.   Сэтгэлийн чинаддаа өнийн сарыг, гэгээн нартай зэрэгцүүлэнхэн тэргэлтүүлсэн  найрагчид хийгээд тэдгээрийн шүлэг туурвилыг шимтэн сонсохоор цуглагсад цугаар дэврүүхэн. 41 дэх удаагийн “Болор цом”-ын нээлтийг аниргүйхэн “зарлах эхлэл сонордуулга” шиг тайзны хөшиг алгуур нээгдэв. Хөтлөгчид тайзнаа гарч, дуун сацруулагчийн өмнө зогсох нь нэгэнт эхлэл цагийн тунхаг байлаа. Энэ удаагийн наадмыг Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Бямбаагийн Сарантуяа, МЗЭ-ийн шагналт, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Норовын Гантулга нар хөтлөв.

Одот тэнгэр орчиж
Олон улс хямралдаж
Орондоо орох завгүй
Олзлолдон булаалдаж байв...  хэмээн хөтлөгч он цагийн тэртээ рүү гулсуулж, бас сануулж улмаар  Б.Сарантуяа “Тогосын цөс” романы гол дүр, Юань гүрний үеийн яруу найрагч, Агай гүнжийн сэтгэлийн дууллаар үргэлжлэн , эртний Монголын их хөлгөн туульсч Ванчинбалын Инжинаш, билиг танхай ноён хутагт Дулдуйтын Равжаа, Их Д.Нацагдорж, Бямбын Ринчен, Б.Явуухулан, Д.Пүрэвдорж, Бавуугийн Лхагвасүрэн, П.Бадарч, О.Дашбалбар, Ц.Бавуудорж гээд үе үеийн сайхан найрагчдын эх орон тусгаар тогтнол, элгэн нутгийнхаа төлөө өргөсөн тунамал мөр шадуудаар түрлэг өргөн, Баярхүүгийн Ичинхорлоогийн  
... Миний Монголын тэнгэрийг эсгэх гэж 
Бусдын од харвадаггүй   
Миний Монголын тэнгэрт эрхлэх гэж 
Бусдын од шохоорхдог юм... гэсэн бардамнал аархал, найз нөхдийнхөө дунд Говийн номхон хутагт хэмээн өргөмжлөгдсөн найрагч Арлааны Эрдэнэ-Очирын 
...Цэх зогсоод буудуулавч сум хүрэхгүй
Цээжний алсад эх орон минь бий... хэмээсэн  сайхан шүлгийн шадаар  нээлтийн үгээ “отголов”. Эх орон тусгаар тогтнолын үнэ цэнийг амны зугаа болгон хашхичих бус алс чинадынх гэдгийг тунхагласан ухаарлаар отголсон нь шинэлэг болоод нэгэн бодлын яруу найргийн уламжлал шинэчлэл бас үечлэл харагдах  ч нэхэн бодвоос үе үеийн яруу найрагчид цээжний аглаг сүмдээ эх орноо нандигнан тээж ирснийг сануулав. Нэгийг бодогдуулна. Улс Монголоо тунхагласан тохиолт өдөр билээ. Энэ цагийн сод хоолойтой дуучдын нэг Монгол Улсын Гавьяат жүжигчин,  уртын дууч Г.Энхбаатар “Нарийн сайхан хээр” дуугаар жавар үргээж, яруу найрагчид болон танхимд цугласан олны сэтгэлийг хөглөсөн нь энэ үдшийн яруу зохирол оо. МЗЭ ийн Удирлах зөвлөлийн дарга, Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын хошой шагналт, яруу найрагч Б.Ичинхорлоо ерөөл өргөн, Соёлын яамны дэд сайд М.Батбаяр үг хэллээ. “Болор цом”-ын уламжлалт дэгийн дагуу хорин нэгэн яруу найрагч тайзнаа тухлан шүлгээ уншиж, дүнгээ хүлээж завсарлахад үзэгчдийн таавар, хүлээлт тээсэн шивэр авир яриа идэвхжив. Эхний даваанд уншсан  шүлгүүд дунд тасхийсэн нь ч байлаа, часхийсэн нь ч байлаа, салхийсэн нь ч байлаа. Наадамд оролцогчдын ахмад нь яруу найрагч Д.Галсансүх, залуухан нь М.Дэвээжаргал байв. Д.Галсансүх бол яалт ч үгүй Монголын өнөөгийн яруу найргийн хэл, зохиомж, дүрслэлд шинэчлэл хийсэн эрхэм. 
...Бороо бас хавсарга бүтэн үзэгдэлт жүжгийн тайз-байр
Бүх-хүн-жүжигчид босож сууж сандарч гүйлдэх нь ч хайр
Ногоон туяатай хүрэн жаазыг хөндлөн барьж харваас
Нөгөө олон үзэгдэлт жүжгийн нэг л хэсэг маниус... (Контемпорари дөрвөн улирал) гэж амьдралын гашуун үнэнийг тасхийтэл “шоглож” чадлаа. Эл шүлгийг Я. Баяраа “... Зохиомжийн хичээл заалаа. Зохиомжгүй, зорьсон санаагүй, зормол усан шүлгийн дунд онцгой байлаа. Оршихуй байлаа” хэмээн үнэлсэн. Залуу яруу найрагч М. Дэвээжаргал Ховдын дунд сургуулийн сурагч байхаасаа л утга зохиол, яруу найргийн хүрээнийхний анхааралд өртсөн билээ. Тэрбээр
“...Хүүхэн хэл чимчигнэтэл зүсэж гадагшлах 
Үгсийн хүчийг хүснэм
Хүмүүний дотор амьдралыг ерөөгч 
Хувьт хэлтний минь шуурга бүү намдаасай...”  гэх зэрэг сүрлэг уулсын эрчимт салхи, онгод тэнгэрийн дуудлага, бөөгийн тамлага санагдуулам шүлэг уншиж “часхийв”.  Үгсийн хүчийг эзэмшинэ, эзэмдэнэ гэдэг нь ийм буюу.
Үхэл гэдэг аймшиг биш
Амьдралын үргэлжлэл юм
Амьсгалуулахгүй гэж аман дээр чинь 
Дарж суусан цэг юм
Амьд явсан цаг хугацааг чинь
Тойруулж зурсан тэг юм 
Үхэл гэдэг үнэ цэн
Үрэлгэн Бурхны эцсийн бэлэг юм... (Үхлийн гал тэрэг) 
Ороолонгийн Элбэгтөгсийн энэ шүлэг нэрнээсээ эхлээд амьдралыг гоёчилж харж, ярьж, бичдэг нэгэнд бол баахан бараан санагдах биз. Гэхдээ өршөөлгүй үнэний үнэ цэн гэдэг халирам хатуу билээ.
Зөн мэдрэмжээ би алтан умайдаа нуулаа
Зүрх сэтгэл минь одоо л эрх чөлөөгөө оллоо
Зүсээ хувиргаж хэвлийд минь шургасан үгс минь
Зөндөө удаахан хүлээсэн амь бүлээхэн шүлэг минь...  яруу найрагч Д.Эрдэнэзулайн энэ шүлэг эхний шалгаруулалтын босго давалгүй бүдрэв. Босго давуулалгүй унагачихав.  Наадмын дараа Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, зохиолч Б.Сарантуяа “Болор цом”-ын ганц шигтгээ гэж дуу алдсан. Яруу найрагч гялсхийх эгшин хоромд буусан шүлгийн амь санаа, зөн мэдрэмжээ ямар их нандигнан хайрлана вэ. Хүнд, тэр тусмаа эх хүнд байх хамгийн ариун нандиндаа л дээдлэн залах  санаа сэдэл олж чадсан найрагч өөр хаана хэн байгаа юм бэ. Үүнийх нь төлөө өөлж баалах хэсэг бүлэг ч байх шиг.  Яруу найраг бол томьёонд орлуулан бодож яг таг хариу гаргадаг физик, математик биш гэдгийг эрх биш энэ зууныхан гадарлах болсон л баймаар.
...Дотор зуран нэхэгдэх дурсамжуудыг
Дотогш өнгийж хайрлан нэгжлээ
Алга болоод замхардаггүй
Сэтгэлийн хөндүүр надад бий
Аав минь тэнд суугаад нүдээ аних нь мэдрэгдлээ... 
...Үлгэр хөхөөд өсөхдөө инээмсэглэж байсан хүү нь
Үнэнд цөхрөөд туйлдахдаа уйлахаас өөр шидгүй
Ай, одоо ингээд уулзаж яримаар санагдахуй
Арван өвлийн дараа ч дурсамжаас өөр хэлгүй.
(Арван өвлийн хойно) Б.Алтанхуягийн энэ шүлэг хоёрын даваанд гээгдэж хоцорсон. Араас нь харуусахдаа “босго давуулаад” татчихмаар санагдав. Архангайн адуучин залуу Баасансүрэн “Дөрвөн цагийн аяз” шүлэгтээ хавар, намар, өвөл, зун гэж огт дурдаагүй ч
... Цэцгийн хоосон иш салхи зүсэн үлдлээ... эсвэл
... Бэлийн цахилдаг шар гэрлээ асааж
Бие, сэтгэл салан одохын салхиар угаагднам... гэх зэргээр намрыг зуржээ. Зөвхөн эхний ганц мөрнөөс л намрын уй сэнхийж байгаа биз. Ай сайхан.
Ийм л шүлгүүдийн дараа дахиад  завсарлага. “Залуус хүч түрэн орж ирж байгаа ч бүүдгэр, бараан өгүүлэмж, мэдрэмжтэй шүлэг давамгайлах хандлагатай. Залуу насны дэврүүн эрч хүч, хайрын гэгээн аялгуу хааш одов” гэх үгс ганц нэг хаялах бороон дусал адил аа. Нэг талдаа бодууштай л үгс. Гэхдээ ихэвчлэн 1990, 2000-аад оны залуусын сэтгэлгээнээс бид юу нэхэх ёстой гэж. Бид тэдэнд юу өгсөн бэ. Ураг тээсэн эхийн сэтгэлийн амар амгаланд нөлөөлөх хүчин зүйлс нь ямархан байсан бэ. Цаг үе, нийгмийн орчин нь ямар байсан билээ. Ядаж л ээж нь бүүвэйн дуу аялж өсгөсөн нь хэд бол. Өсөж торнисон хөрс, амьдарч буй нийгэм, ахуй маань гэрэл гэгээг өгч чадаж байгаа билүү. Бид өгөөгүй зүйлээ бусдаас буцааж нэхээд байгаа юм биш биз. Бидний л бэлтгэсэн хөрс шорооноо ургаж төлжиж буй залуусаа өөнтөглөж баалахын эсрэг, тээж явдаг бодол маань сэдрэх тийш болохуй “хазаарлав”. Бодолд ч бас хамжаарга хэрэгтэй.  Дээр дурьдсан О.Элбэгтөгс “Үхлийн галт тэрэг” шүлгээ
...Үхэл зовлон үүд тогштол
Үнэнээс зугтах мохоо зүрхтэй
Хагацлын жамаар бүтсэн өршөөгүй хүйтэн ертөнцөд
Хамгийн дээд суртахуун, өрөөлийг хайрлах ухаан юм... хэмээн төгсгөжээ. Хатуу үнэн, халирам харанхуйгаас ч гэрэл гэгээ, ухаарал түүж чадсан залууд талархнам.
Харин “Цомын эзэн тодрох тохироо хийгдсэн гэнэ лээ...” гэх үгс чих рүү шургалахад хаа нэгтээ хөгжмийн чавхдас тасрахийн  дайтай эмзэглэснээ нуугаад ч яах. “Болор цом”-ын бай шагналыг төрийн өндөр шагналтай дүйцүүлсэн. Энэ нь Соёлын яамтай болсны ач тус гэх таатай үгс тайзнаа албаны хүний амнаас унасан билээ. Бурхан минь, наадмын өмнөх тохирооны тухай үгсэд үнэний хувь үгүй л байгаасай гэх бодол минь улам лавшрав. Бас сайхан шүлэг, уран бүтээлийн төлөө бус өндөр бай шагнал,  “Болор цом”-ын эзэн гэсэн нэр хүндийн төлөө уралдаж, арга саам хайж гүйдэг болох вий гэсэн айдас төрлөө. Хэдий тийм ч эцсийн дүндээ бүх дүн, оноо байр шүүгчийн шударга чанар, шүлэг уран бүтээлийг харж мэдрэх мэдрэмж, онолын мэдлэг зэргээс шууд хамаарч гарна. Шүүх засаглал лугаа адил “Болор цом” хийгээд бусад аль ч наадмын шүүгчид хараат бус байх, ёс зүйтэй байх хэрэгтэй. Тэд аливаад үл автах чанартай байна уу. Сэтгэлгээний хурд, загварыг гүйцэж мэдрэх чадвар  надад байгаа юу хэмээн өөрөөсөө асууж эргэцүүлсний эцэст жилдээ ганц удаа болдог нэр хүндтэй наадмыг шүүн тунгаах шийдвэрээ гаргаж чадаж уу. Мэдээж цөөн боловч тийм чадвартай ёс зүйтэй шүүгч байлаа ч санал дутахын гэм бас буй. 
“Хойтон жилийн наадам хол байна даа” гэх үг буй ч ойр л билээ. “Болор цом” наадам болдгоороо л болно. Шүүлт ч бас болдгоороо л болно. Гагц... За тэгээд олон хэлбэл улиг цөөн хэлбэл “гөлөг” болсон цаг даа. Гүр.Нямдорж нэгэнтээ “...Олон урсгал чиглэл орж ирсэн өнөө үед “Болор цом” маягаар шүлэгт шүүлэг хийж шалгаруулах нь  утга учиргүй болов уу. Модерн шүлгийг хуульч Сандагийн “Үг” маягийн уран шүлэгтэй уралдуулах болж байна шүү дээ. “Болор цом”-д Д.Нямсүрэн чухам ийм шалтгаанаар их доогуур хасагдсан. Харин Гуну, Бишүби гэхчлэн урсгал урсгалаараа “Болор цом” хийж шалгаруулж болох юм...” гэсэн нь бас бодууштай ч юм уу. 

 Ц.Ганболд

Эх сурвалж: Монголын үнэн сонин №045/24576/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 2 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 2 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 2 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 2 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 2 цагийн өмнө
SDY Calling you... 2 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 2 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 3 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 3 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 3 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22