Одоо ч эгшиглэсээр...


Театрын хөшиг алгуурхан нээгдэж сонгодог хөгжмийн аялгуу танхим дүүрэн эгшиглэхэд эрдүү тунгалаг хоолой сэтгэл хөвсөлзүүлэн цойлно. Дуу, дуучин, хөгжим, үзэгч цөм нэгэн цул болсон мэт. Дуурийн урлагт бүтээл бүрээрээ гялалзан харагддаг эрдэнийн чулуу мэт дуучин цөөхөн байдаг. Тэдний нэг Монгол Улын Гавьяат жүжигчин, дэд профессор Доржийн Банди юм. Түүний яруу хоолой  Монголын хил хязгаараас халин дэлхийн дайтад уянгалсан, одоо ч эгшиглэсээр. Тэр бол Дуурь, бүжгийн эрдмийн театрын 60 жилийн түүхэнд онцгой үүрэг гүйцэтгэсэн уран бүтээлчдийн нэг. Энэ хугацаанд тайзнаа тавьсан бүх  дуурийн тенор хоолойтныг Монголын үзэгчдэд танилцуулсан.

Дэлхийд уянгалсаар

Дорнын говь нутагт өндөр өндөр битүү загаар хүрээлэгдсэн эгэл жирийн малчин айлын өвөлжөөнд нэгэн хүү дуугаа хадаан мэндэлсэн нь хожмоо олны хайр хүндлэлийг хүлээсэн, дэлхий дахинаа нэр алдраа цуурайтуулсан авьяас билигт хүмүүн болно чинээ хэн санах билээ. Равжаа хутагтын буйран дээр мэндэлсэн Д.Банди 1953 оны намар, аравдугаар ангиа дүүргээд аавтайгаа улсын нийслэл Улаанбаатарыг зорив. Сайншандаас шуудангийн машинаар гарч, зууртаа нэг хоноод Баянзүрхийн товчоо өнгөрөн Туул голын модон гүүрээр гарлаа. Говийн хүүд Туул гол их л соньхон байсан гэдэг. Улсын их сургуулийн монгол хэл, уран зохиолын ангид суралцахаар яваа нь энэ. Гэвч хожимдож ирээд ангидаа орж чадсангүй. Зоо техник, мал эмнэлгийн ангид орох нь тэр. Тэр мэргэжлээр хол явахгүйгээ мэдэж байлаа. Нэгэн өдөр нутгийн эгчтэй таарсан нь түүнийг урлагийн  замд хөтөлжээ.  Театрын мэргэжилтэн багшид сонсгол, ритм шалгуулж тэнцсэнээр эргэлт буцалтгүй орохоор шийдэж их сургуулиа орхин Улсын хөгжимт драмын театрт 250 төгрөгийн цалинтай дагалдан дуучнаар оржээ. Дагалдан дуучин ч удалгүй “Учиртай гурван толгой”, “Жаргалын зам” дуурийн олны хэсэгт оролцох болов. Уран бүтээлийн харгуйд хөл тавьсан шинэхэн уран бүтээлчийг Н.Цэгмид, Д.Ичинхорлоо, Д.Цэрэндулам, Ч.Долгорсүрэн, Э.Оюун, Ц.Дамдинсүрэн, Л.Ванган, Л.Цогзолмаа, П.Цэвэлсүрэн гээд л алтан үеийн алдар цуутнууд угтан авчээ. Тэдний үгийг сонсож, мөр зэрэгцэн ажиллаж байсандаа туйлын ихээр  олзуурхана.  1954 он, ЗХУ-д хөгжмийн сургуульд оюутан элсүүлнэ гэсэн зарлал гарч, “Свердловск хотоос орос багш шалгалт авахаар ирж” гэсэн яриа театраар тарлаа.  Ийн санамсаргүй тохиолоор ЗХУ-ын хөгжмийн дээд сургуульд дуулаачийн мэргэжлээр  суралцахаар 1955 оны нэгдүгээр сард  Уралыг зорив.  Уралын хөгжмийн их сургуулийг мэргэжлийн дуулаачаар төгсөж, эх орондоо ирээд XX зууны манлай хөгжмийн зохиолч, Ардын жүжигчин Л.Мөрдоржийн “Хөхөө Намжил” дуурийн Хөхөө Намжилын дүрд дуулав. Энэ бол түүний бүтээсэн анхны гол дүр байлаа.Театрын их урлагт түүнийг газарчилсан эрхэм бол Төрийн шагналт , Ардын жүжигчин удирдаач Ж.Чулуун. Угаас уран бүтээлчидтэйгээ нягт хамтран ажиллаж, олон зүйлийг зааж сургасан домогт маэстрогоо хүндэлж, хайрлаагүй дуучин нэгээхэн үгүй.  Үүнтэй адил алтан үеийнхэн, нэгэн тайзнаа хамтдаа дуулж явсан уран бүтээлийн нөхөд нь Д.Банди хэмээх дуучны тухай дандаа таатай, гэгээлэг дурсамж хуучилна. Энэ бол оноосон дүрээ цэг, таслалын зүрүүгүй тултал бүтээж, хүнлэг амьдарсны илрэл.  Дуурь, бүжгийн эрдмийн театрын нээлт 1963 онд П.И.Чайковскийн “Евгений Онегин” дууриар эхлэхэд  Ленскийн дүрд  БНМАУ-ын Гавьяат жүжигчин Д.Банди дуулжээ. Хожмоо далан насны босго давсан ч энэ дүрдээ дуулаж, шавь нартаа үлгэрлэж байв.  Тэрбээр Москвагийн их тайзнаа дуулсан хуруу дарам дуучдын тэргүүн эгнээнд багтдаг. Нэр нь хүртэл сүрлэг энэ театрын тайзнаа дуулах боломж баргийн уран бүтээлчид олдохгүй. Тэрбээр ЗХУ-д суралцаж байхдаа нэгэн насны ханьтайгаа учирчээ. Гэргий Маргарита Григорьева нь 1961 онд Монголд ирж, Хөгжим, бүжгийн коллежид төгөлдөр хуурын багшаар багшилсан байна. Тэрбээр “Би хэний ч санаанд оромгүйгээр монгол залууг дагаад Монголд ирсэнтэй адил амьдралд юу тохиолдохыг тааж мэдэхийн аргагүй” хэмээн шавь нартайгаа хуучилдаг байжээ.  Маргарита Григорьева багш Монголын үе үеийн төгөлдөр хуурчдыг сурган хүмүүжүүлсэн. Шавь нар нь “Багш минь хөгжмийн нарийн мэдрэмжтэй хүн байсан. Соёлтой , өргөн мэдлэгтэй, энэрэнгүй , хүнлэг, сайхан эмэгтэй байлаа. Нусны алчуур авч явахаас эхлээд хутга сэрээ хэрхэн зөв барьж хооллохыг хүртэл зааж, сонгодог урлагийн боловсролыг бүрэн олгосон. Ангийнхаа охидыг жинхэнэ хатагтай болгон хүмүүжүүлэх гэж мэрийнэ. Бидний  насан туршийн үлгэр дуурайл, Монголын сонгодог урлагийн төлөөлөл болсон сайхан гэр бүл байлаа” хэмээн дурсдаг.

Мөнхөд үргэлжилсээр

Д.Бандийн яруу хоолой  Монголын хил хязгаараас халин дэлхийн дайдад уянгалсан, одоо ч эгшиглэсээр. Мөнх бусын хорвоод мөнхрөлийн шидийг олно гэдэг хэн бүхний хүсэвч үл олох тавилан. Дурсагдах үйлстэй, ач санан хүндлэх шавьтай хүн л мөнх бусыг үзсэн ч мөнхөд амьдардаг болов уу. Тэрбээр  Монголын урлагт “Бандийн” гэх тодотголтой дэг сургуулийг бий болгожээ. Дуулах эрдмийг бүх хоолойд адил тэгш зааж, сургадаг багш ховор. Энэ хэрээрээ даруухан хүмүүн байжээ. Түүний шавь нарыг мэргэжилтнүүд “Бандийн хөвгүүд” гэнэ. Хэдий тийм ч тоотой хэдхэн эмэгтэй шавь бэлтгэсэн нь Монгол Улын Гавьяат жүжигчин Ө.Уянга, дуучин М.Даримаа нар. Түүний дуулах эрдмээс өвлөн авч, их урлагт хөл тавьсан шавь нар нь өдгөө багшийнхаа суу алдрыг дэлхийн тавцанд өндөрт өргөж явна.  Үе үеийн уран бүтээлчдийн үлгэр дуурайл, бахархал болсон Д.Банди багшийн суу билиг, авьяас, хүн сэтгэл нь мөнхөд үргэлжилсээр. Шавь нар нь багшийнхаа  90 насны ойд зориулан хүндэтгэлийн тоглолт хийх гэж байна. Үйл хөдлөл, дуулах нь, алхах нь хүртэл мастер класс болж ирсэн багшийнхаа тухай тэд  ийн дурссан юм.

Монгол Улсын Ардын жүжигчин, удирдаач Ж.Бүрэнбэх: -Монголд сонгодог дуурийг хөгжүүлсэн анхдагчдын нэг бол Д.Банди багш. Хэдий би удирдаач нь байсан  ч багш гэж хүндэтгэдэг. Гэхдээ би энэ хүнээс их зүйл сурсан учраас багш гэдэг. Манай Д.Банди  олон сайн шавь бэлтгэсэн. Нэгэн үе СУИС-т “Бандийн банди нар” гэж шуугиулж байлаа. Тэд одоо Монголын нэрийн хуудас болсон дуучид болжээ. 

Монгол Улын Гавьяат жүжигчин, дуучин Ц.Ерөө: -Бид 1963 оноос нэгэн тайзнаа дуулсан. 1980-аад оноос мөн л хамтдаа багшилсан. Тенор хоолойтны бүх дүрийг бүтээж нэгэн үе манай театрыг үүрч явсан гавьяатай. Олон сайхан дурсамж үлдэж дээ. Мэргэжилдээ үнэнч, амралтын өдөргүй ажиллаж, судалдаг хүн байж билээ. Дүрдээ хувирахдаа гаргуун.  Театрын хоёр ч үеийн уран бүтээлчийг бэлтгэсэн байна. Шавь нар нь одоо театрын гоцлол дууны ангийг бүрдүүлдэг.

Монгол Улын Гавьяат жүжигчин, дуучин Ө.Уянга: -Дуурийн дуулаачийн эрдмийг заасан багш минь эгэл даруухан, бусдыг гэсэн сэтгэлтэй хүн байжээ. Хүнийг дугаарлаж, зэрэглэл тогтоож харилцаж болдоггүйн ухааныг багшаасаа сурсан. Д.Банди багш “Дуурийн театрын хаалгаар орсон л хүн бүртэй мэндэлж яваарай, миний охин” гэж захисан. Театрт хөл тавьсан анхны өдрөө гадна талбайг цэвэрлэдэг Цэгмэд ахтай таарлаа. Багшийнхаа захиасыг бодон бодон мэндэлсэн. Цэгмэд ах тэр өдрөөс миний фэн болж, тоглолтыг минь алгалсалгүй үзсэн. Тасалбарыг нь хүртэл хадгалж явдаг. Багшийнхаа 90 насны ойг үзэгчидтэйгээ хамт тэмдэглэж байна.  Миний багшийн заасан эрдэм одоо ч эгшиглэсээр. Багшаа дурсахад сайхан байна. Яг хажууд минь дэргэд байгаа мэт санагдана. Таван жил заасан эрдмээр нь би өнөөдрийн карьераа цогцлоосон.

Монгол Улын Гавьяат жүжигчин, СУИС-ийн багш М.Болд: -Театрт орж ирэхэд минь Д.Банди багш намайг тоож, ойр байсан. Би багштайгаа найз шиг нөхөрлөсөн.  Монголын дуурийн урлагт тенор хоолойтны ачааны хүндийг үүрч явсан хүн бол миний багш, мундаг дуучин байлаа. Хожим багшилж, залгамж халаа болсон гайхалтай дуучдыг бидэнд үлдээжээ.

Монгол Улын Гавьяат жүжигчин, дуучин Б.Гомбо-Очир: -Хөдөөнөөс ирсэн оюутан дуурийн урлагийн талаар юугаа ч мэдэхгүй Д.Банди багштайгаа уулзаж байлаа. Тэр мундаг хүнээс номын дуу сонсон, дуурийн дуулаач гэдэг хүн ямар байх талаар маш их зүйлийг сурсан. Д.Банди багш маань Монголдоо хамгийн олон гол дүр бүтээсэн дуучин. Монголын театрын тайзнаа тавигдсан, одоо ч тоглосоор байгаа бүтээлийн 90 хувьд нь дуулсан байдаг.

ДБЭТ-ын гоцлол дуучин Б.Батжаргал: -Аав минь Д.Банди багшийн шавь байсан. Хүүгээ заавал шавь оруулна гэж намайг 2006 онд багштай уулзуулж, шалгуулж байлаа. Бэлтгэл курсээ төгсөх жил багш минь ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн. Жил хүрэхгүй хугацаанд хамт байжээ. Хүнлэг, даруухан, тенор хоолойтны ноён оргил багшаараа бахархаж явдаг.

ДБЭТ-ын гоцлол дуучин Г.Шижирболд: -Д.Банди багш минь олон сайхан дүр бүтээсэн дуучин. Хоолой бүрээс сайхан дуучдыг төрүүлсэн мундаг хүн дээ, бидний багш. Сонгодог урлагийн түүчээ болсон шавь нар нь 90 насны ойгоор нь хүндэтгэл үзүүлж тоглолт зохион байгуулж байна. 


Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №045/24576/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Орчин үеийн хот төлөвлөгч 2024/05/17
Д.Амарбаясгалан: Засгийн газар малчдынхаа амьжиргааг дээшлүүлж, үнийн … 2024/05/17
​ Улаанбаатар хотын тодорхой байршилд олон түвшинт гүүр байгуулахад “… 2024/05/17
1085 автобусыг утасгүй интернэтээр тоноглоно 2024/05/17
ОХУ, БНХАУ-ын иж бүрэн түншлэл шинэ шатанд хүрлээ 2024/05/17
Японд стрептококкийн тархалт нэмэгджээ 2024/05/17
Бүтээн байгуулалт өрнөөн Баянзүрх 2024/05/17
Э.Бат-Амгалан: Баянзүрх дүүргийн МАН-ын хороо “Хошой шилдэг”-ээр шалга… 2024/05/17
Э.Халиун: Бяр чадлын хувьд эн тэнцүүхэн тамирчидтай тивийн дэвжээн дээ… 2024/05/17
Ш.Батбаяр: Үхрийн баас цэвэрлэж байхдаа “Би юу хийчих вэ” гэж бодож ба… 2024/05/17
Горилогчдын гороо дуусаж, Ерөнхийлөгч модоо тоолов 2024/05/17
Ж.Тана: Шинэчлэл, өөрчлөлтөд залуучуудын идэвхтэй оролцоо чухал үүрэгт… 2024/05/17
Улаанбаатарт 17 хэм дулаан байна 2024/05/17
Р.Булгамаа: Үр хүүхдээ үл хайхарч байгаа эцэг, эхчүүдэд хариуцлага яри… 2024/05/16
Морин хуурын увдислаг шинжийг судлан докторын зэрэг хамгаалжээ 2024/05/16
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн т… 2024/05/16
Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдлийн талаар мэдэ… 2024/05/16
“Азийн тэсвэртэй хотууд” төсөл Улаанбаатар хотод хэрэгжинэ 2024/05/16
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг баталлаа 2024/05/16
Улаанбаатарт 29 хэм дулаан байна 2024/05/16