Европын холбооны дээд албан тушаалтнууд эдийн засаг, худалдааны хурцадмал байдлыг шийдвэрлэхээр Бээжин хотноо хүрэлцэн иржээ. Айлчлалын бүрэлдэхүүнд Европын комиссын дарга Урсула фон дер Лейен, Европын зөвлөлийн дарга Чарльз Мишель, Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррелл нар багтсан байна. Урсула фон дер Лейен, Чарльз Мишель нар харилцааны шугамыг хадгалахыг эрмэлздэг. Талууд 2019 оноос хойш нүүр тулан уулзаагүй. Энэ удаад стратегийн болон дэлхийн эдийн засгийн асуудлаар санал солилцжээ.
Брюссель худалдааны чухал түнштэйгээ харилцаагаа сайжруулахын тулд тохиролцоонд хүрэх шаардлагатай. Бээжин дотооддоо улам бүр нэмэгдэж буй эдийн засгийн сорилттой тэмцэж байгаа бөгөөд гадаадын компаниудтай харилцаагаа бэхжүүлэхээр эрмэлзэж эхэлсэн. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Европын холбооны албан тушаалтнуудын айлчлалыг “Харилцааг шинэ түвшинд гаргах боломж”гэж тэмдэглээд, ажил хэрэгч хамтын ажиллагаанд анхаарлаа хандуулахыг уриалав. Тэрбээр хамтын ажиллагаагаа хөгжлийг стратегийн өндөрлөгөөс, алс хэтийн өнцгөөс харж, Европын интегралчлалыг дэмжихээ илэрхийлсэн. Европын холбоо Хятад улсын талаар баримтлах бодлогоо өргөжүүлэх хүсэлтэй байгаа. Брюссель Бээжингийн амбиц, эдийн засгийн практикт санаа зовнидог ч нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулахаас зайлсхийдэг.
Худалдааны алдагдлыг Хятадын зах зээлд нэвтрэхэд Бээжин саад болсон гэж Брюссель тайлбарлаж байна. Жозеп Боррелл өнгөрсөн сард Европын холбооны Элчин сайд нарт хандан хэлсэн үгэндээ “Хэрэв БНХАУ энэхүү тэнцвэргүй байдлын бодит байдал, үр дагаврыг үгүйсгэсээр байвал Европод эрсдэлтэй” гэж анхааруулсан. Хятад улс цахилгаан автомашин үйлдвэрлэгчдэд үзүүлж буй дэмжлэгийг шалгасан нь Европын автомашин үйлдвэрлэгчдийг айдаст автуулжээ. Хятад улс цахилгаан автомашины үйлдвэрлэлийн хурдацтай өсөлтийг "Технологийн шинэчлэл, чөлөөт өрсөлдөөн, үйлдвэрлэлийн бүрэн ханган нийлүүлэлтийн сүлжээ"-ээс шалтгаалсан гэж мэдэгджээ. Энэ нь Европын "эрсдэлээс ангижрах" үйл явцыг чангааж, бодлогыг логикгүй, улс төрийн зорилготой гэж шүүмжилсэн дипломат кампанит ажил эхлүүлж, төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шүүмжилсэн. Уулзалтын нэг чухал сэдэв Орос Украины хямрал. Гэхдээ Хятад улсын дарга Европын шаардлагаар Кремлийн тэргүүнийг ятгахгүй. Ши Жиньпиний тухайд энэхүү хэлэлцээр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай хийсэн дээд хэмжээний уулзалтын дараа болж буйгаараа онцлог. Цагаан ордонтой хурцадмал харилцаатай байсан ч цэргийн харилцаа холбоо, байгаль орчныг хамгаалах зэрэг чухал тохиролцоонд хүрсэн юм. Өргөн зургаар харвал, Европтой харилцаагаа сайжруулах нь Ши Жиньпинд чухал байж магадгүй. Тэрбээр Европын холбоог Вашингтоны талд орохоос сэргийлж байгаа ч буулт хийхгүй. АНУ-аас ялгаатай нь Европын холбоо Хятадын компаниудыг хар жагсаалтад оруулахаас өнөөг хүртэл татгалзаж ирсэн.
БНХАУ-ын эрх баригчид Франц, Герман, Испани, Итали, Нидерланд улсын иргэдийг визгүй зорчихыг зөвшөөрсөн. Энэ мэтчилэн талууд ашиг сонирхлоо хамгаалахыг хичээх учир үр дүн хүлээх шаардлагагүйг ажиглагчид онцолж байна. Эдүгээ Хятад, Европын холбоо бол худалдааны түнш. Худалдааны эргэлт 2022 онд 847.3 тэрбум ам.долларт хүрч өссөн. Европоос Хятадад 12.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан нь 70 хувиар нэмэгдэн үзүүлэлт болж, автомашины салбар хөрөнгө оруулалтын халуун цэг хэвээр байна. Хятад улсаас Европод 11.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь 21 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд шинээр нэмэгдсэн хөрөнгө оруулалт шинэ эрчим хүч, автомашин, машин механик зэрэг салбарт төвлөрчээ.
Үүнээс үзвэл Хятад Европын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх боломжтой. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт нь Хятад Европын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны 20 жилийн ой, Хятад Европын дээд хэмжээний уулзалтын механизмын 25 жилийн ойтой давхцаж байна. Талууд зарим асуудлаар ондоо байр суурьтай байдаг. Гэхдээ Бээжин Европын холбоотой ашиг сонирхлын үндсэн зөрчилгүй, харин ч хамтран ажиллах асар их хэрэгцээ шаардлагатай гэж мэдэгдэж ирсэн юм. Байгаль орчин, цаг уур, дижитал, эдийн засаг, худалдаа, стратеги зэрэг салбарын өндөр түвшний яриа хэлэлцээ амжилттай болж, олон салбарын зөвшилцөл ахиц дэвшилд хүрч, хоёр орны харилцааны хөгжилд шинэ түлхэц өгч байна.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №046/24577/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна