Урам зориг өгсөн эмэгтэйчүүд


Дэлхийн томоохон агентлаг, сэтгүүл, сонины редакцууд жил бүрийн арванхоёрдугаар сард оны онцлох хүн, эмэгтэйчүүд, урлагийн алдартан, шинийг санаачлагчдыг нэрлэдэг уламжлатай. Эдгээрээс  улиран буй оны үйл явдалд нөлөөлсөн, хүн төрөлхтөнд урам зориг өгсөн, нийгмээ өөрчилсөн эмэгтэйчүүдийг нэрлэдэг “BBC-100” жагсаалт олон үндэстний төлөөллийг багтааснаараа ялгардаг. Хүйсийн ялгаварлал, хүний эрхийн зөрүүтэй ойлголтын талаарх нийтлэлүүдээрээ алдартай, BBC-ийн редактор Фиона Крекийн санаачилгаар эл жагсаалтыг 2013 оноос эхлэн гаргажээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эмэгтэйчүүдийн төлөөллийг үл тоомсорлодог сөрөг хандлагыг халахад “BBC 100 Women”  чухал үүрэг гүйцэтгэжээ.

 Жагсаалтыг  нийтлэдэг арванхоёрдугаар сарыг "ВВС-ийн эмэгтэйчүүдийн улирал" гэж сэтгүүл зүйн хүрээнд тодорхойлж ирсэн. Нөгөөтэйгүүр, XXI зуунд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн хөтөлбөр гэж үздэг. Энэ жилийн хөтөлбөрт оролцох эмэгтэйчүүдийг 26 үндэстний хэлээр явуулсан санал асуулгаар  сонгож, өнгөрсөн сард болсон бага хурлаар баталгаажуулжээ. Энэ үеэр эмэгтэйчүүдэд тулгарч буй соёлын болон нийгмийн сорилтууд, хөдөлмөр эрхлэлтийн бэрхшээл, феминизм, ээжүүд, шашин шүтлэг зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн. Энэ жилийн жагсаалтад  АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обама, хүний эрхийн хуульч Амал Клуни, “Баллон” шагналт хөлбөмбөгчин Айтана Бонмати, хиймэл оюун ухааны мэргэжилтэн Тимнит Гебру, феминист шүтээн Глория Стейнем, Холливудын од Америк Феррера, гоо сайхны магнат Худа Каттан, Энэтхэгийн гэрэл зурагчин Арати Кумар-Рао, Парагвайн гүйлтийн тамирчин Камила Пирелли, Өмнөд Африкийн чөлөөт усанд сэлэлтийн багш Зандил Ндлову, Пакистаны эх баригч Неха Манкани, Нигерийн сэтгэцийн эрүүл мэндийн өмгөөлөгч Женнифер Ученду, Тайландын уугуул иргэн, ЛГБТК+ эрхийн төлөө тэмцэгч Матча Форнин нар багтжээ.

Мөн Бразилын Засгийн газрын гишүүн Соня Гуажара, Москвагийн гал сөнөөгч София Косачева, цаг уурын асуудал хариуцсан зөвлөх Ирина Ставчук, Кристиана Фигурес нарыг онцолсон байна.  Жагсаалтыг “Соёл, боловсрол”, “Энтертайнмент ба спорт”, “Улс төр”, “Шинжлэх ухаан, эрүүл мэнд, техник” гэсэн дөрвөн үндсэн ангиллаар нийтэлдэг байсан. Энэ жил цаг уурын өөрчлөлтийн эмэгтэйчүүд, охидод үзүүлэх дам нөлөөг харгалзан “Уур амьсгалын анхдагчид” бүлгийг шинээр үүсгэжээ. Хэт халалт, ой хээрийн түймэр, үер зэрэг байгалийн гамшигтай тэмцэх, дасан зохицох нөлөөллийн ажил хийсэн 21 эмэгтэйг уг жагсаалтад онцолжээ. Эдгээр нөлөө бүхий 100 эмэгтэйн тухай баримтат кино, сурвалжилга, ярилцлагуудыг BBC агентлаг цувралаар цацах юм.

Уур амьсгалын анхдагчид

Нигерийн сэтгэл судлаач Женнифер Учендугийн үүсгэн байгуулсан залуучуудын “SustyVibes” байгууллага тогтвортой байдлыг хэрэгжүүлэх зорилготой. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын хямрал африкчуудын, ялангуяа залуучуудын сэтгэцийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг судлах болжээ. Тэрбээр  2022 онд Африкийн ард түмнүүдийн байгаль, цаг уурын нөлөөгөөр үүссэн сэтгэлийн хямралд чиглэсэн "Эко түгшүүртэй Африк" төслөө эхлүүлсэн. Түүний зорилго сэтгэлгээг өөрчлөх. Мөн хувь хүн, байгууллагуудтай хамтран ажиллах, цаг уурын сэтгэл хөдлөлийг таниулах аж. Харин Энэтхэгийн гэрэл зурагчин Арати Кумар-Рао уур амьсгалын хямралаас үүдэлтэй ландшафтын өөрчлөлтийг харуулсан бүтээлүүдээрээ алдартай. Энэтхэгийн хойгоор арав гаруй жил аялахдаа гүний усыг эрс шавхах, амьдрах орчныг сүйтгэх, үйлдвэрлэлийн зориулалтаар газар эзэмших нь биологийн олон янз байдлыг сүйтгэж, устгаж буйг баримтжуулсан зургуудаа "Marginlands: India's Landscapes on the Brink" номдоо нийтэлжээ.

Сүүлчийн хоньчин бас хорт хавдартай тэмцэгч

Соёл, боловсролын салбарт шалгарсан эмэгтэйчүүдээс Вахи овгийн сүүлчийн хоньчин Афрозе Нумаг онцолж байна. Тэрбээр гучин жил хонь хариулжээ. Вахи бол Пакистаны Шимшалын хөндийд  мөхөж буй ч олон зуун жилийн уламжлалтай овог аймаг.  Афрозе Нума далайн түвшнээс дээш 4800 метрийн өндөрт хонио хариулдаг аж. Тэрбээр мал аж ахуйгаас олсон орлогыг тосгондоо зарцуулжээ. Хотод худалдсан цагаан идээнийхээ ашгаар зам тавьж, хүүхдүүдийг боловсрол эзэмшүүлэх боломж олгосон.BBC агентлаг түүний тухай баримтат кино хийж байгаа аж. Түүнчлэн энэхүү жагсаалтад Киргизстаны “For Life” оёдлын цехийг үүсгэн байгуулагч Шаирбу Сагынбаеваг багтаасан.  Дөрөвдүгээр шатны хорт хавдрын эрчимт эмчилгээний төлбөрөө олохын тулд оёдлын цех нээжээ. Тэрбээр хорт хавдраа ялан дийлж байгаа бөгөөд бусад өвчтөнд сэтгэлийн дэм хайрлах аяныг санаачилсан. Үндэсний хээгээр чимэглэсэн даавуун цүнхнээс эхлэлтэй үйлвэрлэлийнхээ ашгийг  хорт хавдраар шаналж байсан 34 эмэгтэйд эмчилгээний зардалд зориулжээ. Мөн орон нутгийн өвчтөнүүдэд зориулж  нийслэл Бишкек хотноо  ашгийн бус дотуур байр нээсэн байна.

Тэгш эрхийн төлөө тэмцэгч, К-попын уриалагч

Энтертайнмент, спортын ангилалд багтсан сонирхолтой эмэгтэйчүүдийн нэг бол Ливаны 100 метрийн гүйлтийн амжилтыг эвдсэн Азиза Сбайти. Түүнийг Ливаны түүхэн дэх хамгийн хурдан эмэгтэй хэмээдэг. Азиза Сбайти энэ жил Баруун Ази болон Арабын аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль хүртсэн анхны өнгөт арьст тамирчин болж шуугиан дэгдээсэн. Либери ээж, Ливан аавтай тэрбээр 11 настайдаа Ливанд суурьшижээ. Улмаар арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй нүүр тулсан байна.  Хөнгөн атлетик  түүнийг өөрийгөө нээж, чадавхжуулах зам болжээ. Азиза спортын амжилт, нэр хүндээ ашиглан тус улсад арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг халж, хүртээмжтэй, тэгш байдлын төлөө тэмцдэг. Мөн Ливаны залуучуудад урам зориг өгөхийн тулд ахлах, их дээд сургуулиудтай хамтран ажилладаг байна. БНСУ-ын “Kpop4Planet” хамтлагийн Ли Даёон К-поп шүтэн бишрэгчдийг цаг уурын хямралтай тэмцэхийн тулд цуглуулжээ.2021 онд нээлтээ хийснээс хойш Өмнөд Солонгосын томоохон энтертайнмент болон стриминг үйлчилгээний нөлөө бүхий хүмүүсийг сэргээгдэх эрчим хүчний шилжилтэд нэгтгэсэн. Хог хаягдлыг бууруулах зорилгоор К-поп оддыг цахим цомогт шилжихийг уриалав.  Түүний санаачилга хөгжмийн хүрээнээс хальж,алдартнуудыг нүүр царайгаа болгодог тансаг зэрэглэлийн брэндүүд рүү чиглэжээ.

Япон офицер, Бразилын сайд

Улс төр ба өмгөөлөл гэсэн уламжлалт ангилал хамгийн олон өрсөлдөгчтэй байсаар ирсэн.  Энэ жилийн жагсаалтад багтсан төлөөллүүдээс Японы цэргийн офицер Рина Гонойг онцоллоо. 2011 онд болсон газар хөдлөлтийн  үеэр 11 настай Рина Гонойг нэгэн эмэгтэй офицер аварчээ. Энэ явдал түүний зорилгыг өөрчилж, Японы Өөрийгөө хамгаалах хүчинд алба хаах мөрөөдлөөр жигүүрлэжээ.

Офицер  болсон ч алхам тутамдаа бэлгийн дарамтад өртөж, хүүхэд насных нь мөрөөдөл аймшигт түүх болжээ. Рина Гоной 2022 онд албаа орхиж, хариуцлага хүлээхийг уриалсан олон нийтийн кампанит ажил эхлүүлсэн нь эрчүүд давамгайлсан Японы нийгэмд ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан. Түүний тэмцэл Ерөнхий сайдад хүрснээр цэргийнхнийг дотоод мөрдөн байцаалт явуулах эхлэлийг тавьсан. Эмэгтэй 100  алба хаагчийн гомдлыг хэлэлцсэн байна. Дараа нь Батлан хамгаалахын сайд Рина Гонойгоос албан ёсоор уучлалт гуйжээ. Жагсаалтад  багтсан содон  төрхүүдийн нэг бол Бразилын сайд Соня Гуажараг энэ жил Уугуул иргэдийн асуудал эрхэлсэн анхны сайдаар томилсон. Түүнийг 2023 онд тоЕрөнхийлөгч Лула да Силвагийн түүхэн томилгоо гэж үздэг. Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэхийг тэргүүлэх зорилтуудынхаа нэг болгожээ. Гуажажара Амазоны жижиг тосгоноос гаралтай бөгөөд экосистемийг сүйрүүлж болзошгүй аюулын  эсрэг тэмцлийн тэргүүн эгнээнд явдаг.

Байгалиа харамлаж шүгэл үлээгчид

Шинжлэх ухаан, эрүүл мэнд, технологийн салбарт шинийг санаачлагч эмэгтэйчүүдийг түлхүү багтаадаг. Энэ жил байгальд ээлтэй бүтээгдэхүүн болох уруул өнгөлөгч, саван, баглаа боодол урладаг БНХАУ-ын Хөхнуурт амьдардаг Баяныг онцолжээ. Түүнийг эрүүл мэнд, тогтвортой байдлын төлөөлөгч гэж үздэг. Баян нутгийнхаа усны эх үүсвэрийг хамгаалах, байгаль орчны үйл хэрэгт анхаарал хандуулахыг уриалагч.  2018 оноос хөтөлсөн эко өдрийн тэмдэглэл нь цахимд алдартай. Өдрийн тэмдэглэлдээ орон нутгийн ургамал, амьтны төрөл зүйл, цаг агаарын өөрчлөлтийг заавал дурддаг. Ялангуяа Төвөдийн өндөрлөгт орших Хөхнуурт агаарын температур нэмэгдсэн, мөсөн гол хайлж, цөлжилт эрчимжсэн тухай тэмдэглэлийг нь хэвлэлүүд эшилдэг байна. Колумбийн аяллын хөтөч бүсгүйг мөнхүү жагсаалтад онцолсон байна. Марсела Фернандес орон нутгийн иргэдийн хэрэгцээний  цэнгэг усны эх үүсвэр мөсөн голууд хайлсныг хараад шүгэл үлээсэн.  “Камбрес Бланкас” ТББ-ыг үүсгэн байгуулж шинжлэх ухааны экспедицүүд, уулчин, гэрэл зурагчин, эрдэмтэн, уран бүтээлчдийн багийг цуглуулжээ. Түүний хэлснээр, Колумбийн томоохон 14 мөсөн голоос ердөө зургаа нь үлдсэн байна.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №046/24577/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 16 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 19 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 19 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 19 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 19 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 21 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 21 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 21 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 21 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 21 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 21 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 21 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 21 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 21 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 21 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 21 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 22 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 22 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 22 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 22 цагийн өмнө