Парисын монгол төрх


Давтагдашгүй дүр төрхийг эрэлхийлдэг загварын бизнест эмэгтэй моделиудын төрх тэргүүн үзүүлэлт болдог. Сүүлийн жилүүдэд загварын салбарт ази дүр төрх хүч түрэн орж ирсэн. Тэгш бус хэмтэй, стандарт бус зүс царай  нэгэн үе загварын тайзнаа ноёлсон. Тэгвэл чиг хандлага өөрчлөгдөж, хачирхалтай царайны оронд рояалти фэйс буюу язгууртны царай гэх нэгэн шинэ ангиллаар загвар өмсөгчдийг үнэлэх болжээ. Эл хандлага европ гоо сайхны стандартад нийцэхийг хүсдэг байсан ази бүсгүйчүүдийн сорилтыг өөрчилсөн. Энэ нь үндэс угсаанаас үл шалтгаалах, эрхэмсэг дүр төрхийн тодорхойлолт юм.  Язгууртны гэдэг нь бусдаас ангид мэдрэмж төрүүлсэн, дотогш чиглэсэн нууцлаг харцтай, ухаантай бөгөөд хамгийн гол нь ямарваа нэгэн бүдүүлэг шинж тэмдэггүй, байгалийн царай юм. Хэт их  будаг, гоо сайхны ажилбар, хэтрүүлэн борлосон арьсыг бүдүүлэгт тооцох болжээ. Харин өндөр дух,тэгш хэмтэй шанаа,  бага зэрэг зангидсан хөмсөг бүхий байгалийн, ширүүн төрх загварын сэтгүүлүүдийн хуудсыг дүүргэж, гоо сайхныг шинээр тодорхойлж байна. Нэгэн үе европ бүсгүйчүүдэд л нээлттэй байсан “Victoria's Secret”, “Chanel”, “Gucci” тэргүүтэй брэнд,  “Vogue” зэрэг томоохон сэтгүүлүүд язгууртан төрхтэй ази загвар өмсөгчдийг өндөр цалингаар татаж, өрсөлддөг. Язгууртны гэх төрх ази хүн бүрд заяадаггүй.  Товчхондоо монголжуу төрхтэй охидод загварын тайз улам бүр ойртож эхэллээ. Тэд  байгалийн төрөлх  гоо үзэсгэлэнгээрээ бахархах цаг иржээ. Тийм нэгэн загварын нүүр царайг өөрчилж буй моделиудын эгнээнд О.Өлзийсайхан зүй ёсоор багтана. Загвар өмсөгчдийн мөрөөдөл болсон Парист карьераа амжилттай эхлүүлжээ. “Gucci”, “Givenchy”, “AZ Factory”, H&M, “Rowen Rose”, “lancome”, “Claris Virot”, “Attire” брэндийн нүүр царай болсон тэрбээр Сара нэрээр загварын ертөнцөд хэдийнэ танил болсон. “Би загварын ертөнцийг бус, загварын ертөнц намайг сонгосон” хэмээх О.Өлзийсайхан буюу Сарагийн загвар өмсөгчийн туршлага насандаа баймааргүй арвин аж.

Франц гараа

“Elle Sweden”, “The WOW Magazine”, “Display Copy”, “Pull letter”, “Flanelle Magazine” сэтгүүлд зориулж зураг авахуулсан тэрбээр Монголд  төрж өссөнөөрөө бахархдаг. Залуу  моделиудын дунд зохион байгуулдаг “New Fashion Generation” тэмцээнд 15 насандаа түрүүлснээр загварын ертөнцийн аяллаа эхлүүлжээ. Энэ бол Франц улсад 2014 оноос хойш зохион байгуулж буй загварын томоохон тэмцээн юм. Сара  17 насандаа анхны ажлын саналаа хүлээн авав. Өмнөд Францын Марсель хотод зураг авалтад оролцохдоо моделийн мэргэжилд дурласан байна. Багаасаа л сонирхолтой хүмүүстэй танилцах дуртай түүнд загвар  дэлхийгээр аялах үүдийг нээжээ. Хувцастай холбоотой ажил хийхийг мөрөөддөг байсан түүнд моделийн мэргэжил төгс тохирдог. Италийн тансаг зэрэглэлийн “Gucci” ордонтой хамтран ажилласан Ази модель хуруу дарам цөөн. Топ брэндийн шинэ цуглуулгыг сурталчлахдаа чамгүй туршлага хуримтлуулжээ. Зураг авалтын талбайд ажиллахдаа Сара юун түрүүнд арт директор болон гэрэл зурагчны дотроо бий болгосон төсөөлөл рүү нэвтэрч орохыг зорьж  байв.  Түүнд одоогийн байр сууринд хүрэхэд бүх зүйл дардан байгаагүй.  Загварын ертанцөд хөл  тавиад удаагүй байхдаа өөрийгөө бусадтай үргэлж харьцуулна. Алхам алхмаар туршлагажиж, харьцуулалтаа больжээ. Бусдаас өөр төрх, байдал нь түүнийг  үзэсгэлэнтэй бас онцгой болгосныг ойлгов. Загвар өмсөгчийн карьерынхаа эхэн үед тэр олон төрлийн зураг авалт, сонгон шалгаруулалтад оролцоно. Хүнийг нас, зүс, бие галбираар нь өөлөн хүссэн ч, эс хүссэн ч замын голд хаяж чаддаг загварын ертөнц бол хамгийн харгис салбар.  Парисын тайзны өрсөлдөөн бүхнээс хатуу. 17 настай монгол охиныг өргөн шанаатай, жартгар нүдтэй гэж европ бүсгүйчүүд жиг жуг хийх нь хэцүү санагдана. Салбартаа өндөрт орохгүй (172 сантиметр) өсвөр насны охин сэтгэл зүйн асуудлаа даван туулж чадсан. Загварын ертөнц түүнийг хүчтэй, зоригтой байхыг өдөр бүр сануулна. Тэрбээр “Метрополитан моделс” агентлагт харьяалагддаг. Энэ бол Парис төдийгүй олон улсын нөлөө  бүхий загварын агентлагуудын нэг юм. Мөн   Европын “Next models”, “The Wonders” агентлагт харьяалагдаж  байна. 

Өдөр тутамдаа ч жишиг

Загварын тайзнаас гадна түүний өдөр тутмын стиль, хувцаслалт бүсгүйчүүдийн анхаарлыг татдаг. Инстаграм хуудастаа оруулсан зураг, бичлэгээрээ дагагчдаа Парисаар аялуулна.  Инстаграм загварын ертөнцийг илүү олон нийтэд хүртээлтэй болгож, хүссэн хүн бүрд энэ салбарын үйл явцыг ажиглаж, загварын шоуны эхний эгнээнд суух боломжийг олгосон. Тийм ч учраас загварын салбартай холбоотой хуудсууд хэрэглэгчдийн дунд эрэлтээрээ тэргүүлжээ.  Олон нийтийн сүлжээнд бүртгэлтэй залуучуудын бараг тал хувь нь загварын брэнд, дизайнер, моделиудын хуудсыг дагадаг.  Ялангуяа 25-аас доош насны хэрэглэгчид өдөрт 32 минутыг загварын салбарынханд зарцуулдаг бол 25-аас дээш насныхан ойролцоогоор 24 минутыг зориулж байна. Сарагийн инстаграм  минималист шинжтэй. Тун энгийн, идэвх чармайлт гаргалгүйгээр загварлаг харагддаг. Дэлхийн алдартай моделиуд Бразил улсаас “төрдөг” байсан бол орчин үед гоо үзэсгэлэнд хэмжээ, хязгаар үгүй болж, загвар өмсөгчид дэлхийн өнцөг бүрээс цугларч байна. Монголчууд ногдсон ажлаа хэнд ч гологдохооргүй, илүү хийж чаддаг нэгнээ "ясны" гэж тодорхойлдог. Хэдий хорьхон настай ч  Сара "ясны модедь" болжээ. Өөртөө итгэлтэй, хүссэнээрээ байхыг чухалчилна.   Монголоос цойлон гараад дэлхийн загварын тайзнаа амжилт олж, өөрөөсөө өөр олон мянган хүнийг урамшуулжээ. 


Х.Заяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №046/24577/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Орчин үеийн хот төлөвлөгч 2024/05/17
Д.Амарбаясгалан: Засгийн газар малчдынхаа амьжиргааг дээшлүүлж, үнийн … 2024/05/17
​ Улаанбаатар хотын тодорхой байршилд олон түвшинт гүүр байгуулахад “… 2024/05/17
1085 автобусыг утасгүй интернэтээр тоноглоно 2024/05/17
ОХУ, БНХАУ-ын иж бүрэн түншлэл шинэ шатанд хүрлээ 2024/05/17
Японд стрептококкийн тархалт нэмэгджээ 2024/05/17
Бүтээн байгуулалт өрнөөн Баянзүрх 2024/05/17
Э.Бат-Амгалан: Баянзүрх дүүргийн МАН-ын хороо “Хошой шилдэг”-ээр шалга… 2024/05/17
Э.Халиун: Бяр чадлын хувьд эн тэнцүүхэн тамирчидтай тивийн дэвжээн дээ… 2024/05/17
Ш.Батбаяр: Үхрийн баас цэвэрлэж байхдаа “Би юу хийчих вэ” гэж бодож ба… 2024/05/17
Горилогчдын гороо дуусаж, Ерөнхийлөгч модоо тоолов 2024/05/17
Ж.Тана: Шинэчлэл, өөрчлөлтөд залуучуудын идэвхтэй оролцоо чухал үүрэгт… 2024/05/17
Улаанбаатарт 17 хэм дулаан байна 2024/05/17
Р.Булгамаа: Үр хүүхдээ үл хайхарч байгаа эцэг, эхчүүдэд хариуцлага яри… 2024/05/16
Морин хуурын увдислаг шинжийг судлан докторын зэрэг хамгаалжээ 2024/05/16
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн т… 2024/05/16
Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдлийн талаар мэдэ… 2024/05/16
“Азийн тэсвэртэй хотууд” төсөл Улаанбаатар хотод хэрэгжинэ 2024/05/16
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг баталлаа 2024/05/16
Улаанбаатарт 29 хэм дулаан байна 2024/05/16