Газын зурваст хүмүүнлэгийн үүднээс гал зогсоохыг уриалсан тогтоолын төслийг НҮБ-ын Ерөнхий ассамблей баталлаа. Арабын 21 орны боловсруулсан тус тогтоолын төслийг НҮБ-ын гишүүн 193 орноос 153 нь дэмжсэн бол 10 нь эсэргүүцэж, 23 улс түдгэлзсэн аж. Тухайн тогтоолд барьцаалагдсан хүмүүсийг нэн даруй, яаралтай ямар нэгэн болзол тавихгүйгээр суллахыг уриалаад байгаа юм. Мөн олон улсын хууль тогтоомжийг, ялангуяа энгийн иргэдийг хамгаалахтай холбоотой хууль эрхзүйн актуудыг даган мөрдөхийг шаарджээ.Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий ассамблей Австри, АНУ-ын саналыг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдээд байна. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Газын зурваст хүмүүнлэгийн зорилгоор гал зогсооход уриалсан тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл батлахад АНУ хориг тавьж байсан юм. Арабын Нэгдсэн Эмират улсын санаачилсан уг төслийг Аюулгүйн зөвлөлийн 15 гишүүний 13 гишүүн нь дэмжсэн бол АНУ хориг тавьж, Их Британи түдгэлзэж тогтоол батлагдаагүй байсан. Эсрэг санал өгсөн Вашингтон энэ асуудалд дипломатын хувьд ганцаардаж эхэлснийг хэвлэлүүд цохон тэмдэглэж байв.
Нэн даруй гал зогсоох шаардлага бүхий тогтоолын төслийг Аюулгүйн зөвлөлд оруулахын өмнө ганц хоногийн дотор 97 улс дэмжжээ. Ийнхүү хоёр сар гаруй үргэлжилж буй дайны улмаас дэлхий дахинаа аюул заналхийлж байгаа талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш албан ёсоор анхааруулан мэдэгдсэний дараа уг санал хураалтыг явуулжээ. Тэрбээр “Бид сүйрлийн ирмэг дээр, туйлын эгзэгтэй, анхаарал болгоомжтой, цаг үетэй тулгарсан учраас НҮБ-ын дүрмийн 99 дүгээр заалтыг үндэслэн Аюулгүйн зөвлөлд захидал илгээсэн. Газын зурвас дахь нөхцөл байдал гамшгийн хэмжээний үр дагавар, аймшигтай зүйлд хүрч болзошгүй. Үүний үр дүнд олон нийтийн хэв журам алдагдаж, хотын иргэдийг Египет рүү бүхэлд нь нүүлгэн шилжүүлэх дарамт илүү нэмэгдэнэ” хэмээн таамаглаж байгаагаа илэрхийлсэн юм. Харин НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгчийн орлогч Роберт Вүүд “ Газын зурвас дахь галыг зогсоох нь дараагийн дайны суурийг тавьж байгаа хэрэг” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Мөн израил, палестинчуудын аль аль нь энх тайван амьдрахыг үргэлж дэмжинэ гэдгийг АНУ мэдэгдлээ. Их Британийн төлөөлөгч мөн АНУ-тай санал нэг байгаагаа илэрхийлжээ. Хятад улсын хувьд энгийн иргэдийн аюулгүй байдалд санаа зовниж байгаа гэсэн мөртлөө гал зогсоох тогтоолд хориг тавьж, авцалдахгүй шийдвэр гаргасанд АНУ-ыг буруутгаж байгаа юм.
НҮБ-д суугаа Израилын байнгын төлөөлөгч Гилад Эрдан “Гал зогсооно гэдэг бол бүх зовлон шаналал хэвээр үргэлжилнэ гэсэн үг. Гал зогсоосноор Газын зурваст “Хамас”-ын засаглалыг бэхжүүлнэ. Түүгээр зогсохгүй гал зогсоохыг уриалах нь олон улсын хамтын нийгэмлэг “Хамас”-ын санаатайгаар үйлдсэн харгислалуудыг уучлан, Газын зурвасын иргэдийг дарладаг байдлыг нь хүлээн зөвшөөрсний дохио болно” гэжээ.
НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгчийн орлогч Дмитрий Полянский “Палестин-Израилын хямралын бүсэд гал зогсоох уриалгад дахин хаалт тавьснаараа АНУ-ын төлөөлөгчид Палестин, Израилын хүүхэд, эмэгтэйчүүд гээд олон мянган энгийн иргэдэд төдийгүй тэдэнд туслахаар хичээж байгаа НҮБ-ын ажилтнуудад “цаазын ял оноолоо”. Вашингтоны энэхүү үйлдлийг түүх шүүх болно” хэмээн ярилаа.
“Хьюмен райтс уотч”, “Оксфам Америка” зэрэг олон улсын тусламжийн байгууллага, хүний эрхийн бүлгүүдийн зүгээс АНУ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолд хориг тавьсныг буруутгаж байна. Тодруулбал, НҮБ-ын дүрмийн 99 дүгээр зүйлд Ерөнхий нарийн бичгийн дарга олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулахад заналхийлж болзошгүй гэж үзсэн асуудлыг Аюулгүйн зөвлөлд сонордуулж байх эрхтэй байдаг. Түүнчлэн 1971 оноос хойш анх удаа НҮБ-ын дүрмийн 99 дүгээр заалтыг хэрэгжүүлж байгаа аж.
Газын зурвасын нөхцөл байдлыг цаг алдалгүй анхаарахгүй бол олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулахад аюул учруулах хэмжээнд ойрхон байгааг НҮБ-ын тэргүүн мөн хүлээн зөвшөөрч байна. Одоогийн байдлаар дайны гал ширүүссэнтэй холбоотойгоор НҮБ болон түүний түнш байгууллагууд Газын зурваст хүмүүнлэгийн тусламжийг үр дүнтэй хүргэх боломжгүй болсон. Учир нь, Египетийн залгаа хилийн “Рафах” боомт олон зуун ачааны автомашинд зориулагдаагүй учир тэнд тусламжийн цуваа гацсан байдалтай байна. Газын зурвас руу хангалттай хэмжээнд тусламж оруулахыг зөвшөөрсөн боловч хүчтэй бөмбөгдөлт, буудалцаан, түлшний хомстол, харилцаа холбоо тасалдсан гэх шалтгаанаар НҮБ болон тусламжийн байгууллагууд энгийн иргэдэд тусламж хүргэх боломжгүй нөхцөлтэй тулгараад байгаа аж. Изриалын дайны ажиллагаа эхэлснээс хойш 17100 гаруй хүн амь үрэгджээ.
Одоогийн байдлаар дайны хөлд Газ хотын боловсролын 339 байгууллага, 26 эмнэлэг, эрүүл мэндийн 56 байгууллага, исламын шашны 88 сүм сүйджээ. Хүн амын 85 орчим хувь буюу 1.9 сая хүн гэр орноосоо дүрвэсэн байна. Газын зурвасын иргэд хоол тэжээлийн дутагдалд орж, өлсгөлөнд нэрвэгдэх ноцтой эрсдэл үүсжээ. Газ хотын хойд бүсийн нийт айл өрхийн 97 хувь нь хангалттай хоол тэжээл авч чадахгүй байгаа аж. Израилд халдан довтолж 1200 хүний амийг хөнөөж, 240 хүнийг барьцаалсан аравдугаар сарын 7-ны “Хамас”-ын халдлагыг буруушаасан заалтыг тогтоолын төсөлд оруулахыг АНУ санал болгожээ. Эргэн сануулахад, үүний өмнө хүмүүнлэг ёсны үүднээс Газын зурвас дахь мөргөлдөөнийг түр зогсоохыг шаардсан Аюулгүйн зөвлөлийн аравдугаар сарын 18-ны тогтоолд Вашингтон хориг тавьж байв.
В.Алтантуяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №047/24578/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна