Аминаас үнэтэй бичгээрээ амьсгал түгжин сийлэв

unen
10 цагийн өмнө

Монгол оюунаар бүтсэн бичиг соёлын гайхалтай нандин өв бол монгол бичиг юм. Үүнийг бидний монгол үндэстэн байхын ялгарал хийгээд оюун санааны үргэлжлэл гэдэгтэй хэн ч маргахгүй буй за. Чингис хаан 1206 онд Их Монгол Улсыг байгуулан монгол угсаатныг дахин сэргээн мандуулж, эдүгээ хүртэл оршин байх үндсийг бататгасан билээ. Тулгар улсын алив хэргийг явуулахын тулд Уйгур үсгээс Тататунга нэрт бичгийн хүн Монгол үсгийг зохиожээ гэж зарим эрдэмтэд үздэг. Үүнд төрийн албан ёсны бичиг болгосон хэмээх санааг XVII зууны Лу. Алтан товчид дурдсаныг эш болгодог.


Энэхүү үндэсний бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэх, улмаар төрийн бичиг болгох асуудал яригдаад удсан. Монгол бичгийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд монгол хэлний багш нар оройлон оролцдогч, талархан дэмжигч, сонирхогчид ч олон болжээ. Тэдгээр талархан дэмжигч, сонирхон судлагчдын нэг монгол бичгийн уран бичигтэн, уран бичээч залуугийн урлангаар бид зочилж сурвалжилсан юм. 

Түүнийг Нямбаатарын Балжинням гэдэг. Тэрбээр “Болор цом”яруу найргийн тэмцээний 2015 оны тэргүүн байрын шүлгийг монгол бичигт буулган, Төв номын сангийн нэрэмжит уралдаанд сойн гуравдугаар байр, монгол туургатны “Миний монгол бичиг”улсын анхдугаар уралдаанд уран бичлэгийн төрөлд 2016 онд тэргүүн байр,”Хүмүүн бичиг” сониноос зарласан уралдаанд 2017 онд насанд хүрэгчдийн ангилалд тэргүүн байр тус тус эзэлж байжээ. Н.Балжинням одоо “Анима” дүрслэх урлагийн коллежид монгол бичгийн багшаар ажиллаж байгаа юм.
Багшийн урлан “Хархорин” захын ард байх угсармал есөн давхар барилгуудын нэгэнд байх агаад орон сууцны нэг өрөөг тохижуулж авчээ. Ханаар дүүрэн нарийн бийрээр уран тансаг бичсэн бичвэрүүд байх аж. Бурхны гүнгэрвааны ард байрлуулсан жаазанд “Монголын нууц товчоо”-г нарийн бийрээр хар өнгийн дэвсгэр дээр алтан боронзоор бичиж байрлуулсан байх ба “Мөнх тэнгэрийн бичиг” хэмээх ерөнхийлөгчийн ивээл дор болдог үзэсгэлэнд оролцсон бүтээл аж. Мөн хажууд нь Өндөр гэгээн Занабазарын зохиосон “Адистадын дээдийг хайрлагч эх” хэмээх судрыг голд нь төвөд үсгээр бичин зохиомжилж урласан байна. Монголчууд дор бүрнээ энэ судрыг түмэнтээ уншваас их эв найрамдлыг олж, гадна дотнын дайсан сэтгэлтэнд үл ялагдахын бэлгэдэл оршсон буй гэнэ. Мөн хажууд нь говийн догшин ноён хутагт Д.Данзанравжаагийн “Үлэмжийн чанар” дууг уран чаминаар бичиж байрлуулжээ. 

Н.Балжинням багш энэ дууг бичиж залсан учраа “Энэ дуунд таван махбодийг дүрслэн өгүүлсэн буй. Эхнийх нь мөрөнд “Үлэмжийн чанар төгөлдөр өнгө тунамал” хэмээн дүрсийг өгүүлж, “Хөшүүн сэтгэлийг уяруулагч хөхөө шувууны эгшиг” хэмээн дуу чимээг өгүүлнэ гэх мэт дүрс, дуу, үнэр, амт, хүрэлцэхүйг өгүүлж байдаг” хэмээн тайлж байна. Мөн ханын шүүгээгээр дүүрэн хуйлмал цаасан, торгон дэвсгэр дээр уран нарийнаар бичсэн үгс болоод ерөөлүүд хураажээ. Ер энэ өрөө бүхэлдээ бурхан тахил, хуйлмал бичиг, дэлгээтэй бичвэрүүд нийлэн цогц байдлаараа ямар нэгэн шүтлэг бишрэлийн мэт орчин бүрдсэн нь хүндлэн бишрэх сэтгэлийг өөрийн эрхгүй төрүүлнэ. Н.Балжинням багш Монголын бурхан шашинтны төвийн шашны дунд сургуулийн дүүргэсэн хүн гэнэ. Шашны дунд сургуулиа дүүргээд Энэтхэгт үргэлжлүүлэн суралцсан боловч дэлхий нийтийг хамарсан цар тахал гарч сургуулиа орхиж ирэхээс аргагүй болсон ажээ. Хэзээнээс монгол бичгийг сонирхон судлах болсон тухай нь асуувал “Би бүр багаасаа л хэл бичгийн соёлыг сонирхон судлах сонирхолтой байсан. Хятад, англи, хинди, төвөд хэлүүдийг сонирхон судлах ч юм уу, тэр дундаа монгол бичгээ онцгойлон сонирхож судалж эхэлсэн. Монгол бичиг маань бидний үндэстний сэтгэлгээний дархлаа болж явдаг гэдэг утгаараа онцгой юм” хэмээн өгүүлээд “Би их сургуульд төвөд хэл судлалын ангид сурч байлаа. 

Миний багш төрийн бичээч Б.Алтантуяа гэж багш бий. Тэр сайн багшийн шавь болох хувьтай төрж, бичгийн сууриа маш сайн тавиулсан болохоор нүүр бардам байдаг юм. Каллиграфи насан туршдаа л суралцах урлаг. Энэ бол зураасны урлаг. Ерөөсөө орчлон ертөнц, амьд байгаль, мод хад, хүн хүртэл зурааснаас бүтдэг шүү дээ. Бид өөрсдөө зураасны ертөнцөд амьдардаг” гэнэ. Тэрбээр XVI-XVII зууны үеийн судар номын тэг хичээнгүй бичгээр бичихийг эрхэмлэж явдаг. Хэт их авьяасдаа эрдээд би бичиж чадна гэж муйхраар зүтгэж монгол бичгийн үндсэн ойлголтыг ухаж үзэхгүйгээр үгийн утгыг алдуулах, ямар нэгэн дүрс үүсгэх гэж хайрцаглах зэргийг зохистой гэж үздэггүй. Уран бичлэг гэхээрээ л хаа хамаагүй сараачихын нэр биш, эхлээд үгийнхээ язгуурыг судалж мэдээд дараа нь урлаг болговол зохилтой. 
Уран бичлэгийн зураас бүр тухайн цаг мөч, бичээчийн амьсгалыг хүртэл авч үлддэгээрээ онцлогтой. Цаасанд бийр хүрсэн л бол дотоод эрчмээ шингээн маш хурдтайгаар татаж дуусгах л хэрэгтэй болдог. Уран зургийг буруу зураас татлаа гэхэд янзалж болдог бол уран бичгийг бийр цаас нийлэх тэр торгон мөчөөс эхлээд эргэж засах боломжгүй зураас татагдаж эхэлнэ. Жишээ нь: “Үлэмжийн чанар” гэх үгийг нэг л удаа нэг янзаар бичиж болно. Гурван удаа бичвэл гурван өөр бийрийн зураас, амьсгаа бичиглэл гарч ирж байдаг. 
Өдгөө цагт монгол бичгийг хэрэглээнд оруулахын тулд зөвхөн өв соёлын хэмжээнд харж сонирхон судлахаас илүү хүүхэд залуусын сурах сонирхлыг өдөөж өгөх уралдаан тэмцээн олныг зохион байгуулах хэрэгтэй юм байна даа гэж Н.Балжинням багшийн урланд сууж байхдаа бодогдож байв. Монгол бичгээр хичээнгүй бичнэ гэдэг бясалгалын түвшинд аваачдаг гэж түүний нэгэн сайтад өгсөн ярилцлагыг би харж сууна. Нээрэн л анхаарал төвлөрөх, цэгцтэй бичих хичээнгүйн дасгал бясалгалд оруулдаг байх. Урлангийн тохижилтыг хараад хамгийн түрүүнд орж ирсэн бодлоо түүнээс асуулаа. 

Таны шүтлэг бишрэл, монгол бичгийг дээдлэн үзэх үзэлтэй ямар нэг байдлаар холбогдох уу гэвэл “Аливаа улс орны шашин, шүтлэг бишрэл нь тухайн улс орныхоо өв соёлыг өөртөө шингээн тээж, уламжлан дамжуулагч болж явах нь олонтаа. Барууны оронд бол христийн шашин нь Ойрхи Дорнод, Хойд Африкаар муслим шашин нь тухайн орныхоо бичигсоёл, ёс заншлыг хадгалан уламжлагч болсон байх нь бий. Яг үүнтэй адил монгол буддистууд дээл өмсөж, ээтэн хоншоорт жийж, хэвийн боов хийх зэргээр мөн л өв соёлын тээгч болж явсаар л ирсэн. Энэ утгаар нь харвал тийм. Нөгөө талаараа бийрийн уран бичлэг бол дорнын соёл. Азийн Хятад, Япон, Солонгос улсад бийрийн каллиграф урлаг их хөгжсөн байдаг”гэдэг түүний хариулт маш их таалагдлаа. 
Түүхийн хувьд Монголчууд бичиг үсгээ "Уйгаржин бичиг" гэж нэрлэдэг үе байсан. Онцлог шинжүүд болоод бусад монгол түүхэн бичгүүдээс ялгах зорилгоор босоо бичиг, хуучин монгол бичиг, худам монгол бичиг гэж олон янзаар нэрлэж ирсэн байдаг.
Монгол хэлээр бичигдсэн монгол бичгийн анхны дурсгал нь XIII зуунд урласан Чингисийн чулууны бичиг юм. Уг бичиг нь зөвхөн босоо чиглэлд бичдэгээрээ онцлог. Мөн үгийн эхэн дунд адагт буй үсгийн хэлбэр нь өөр өөр хэлбэртэй. Монгол бичиг нь Баруун Монголын ойрад аялгад тулгуурласан тод бичиг, буриад аялгад ойртуулсан вагиндрагийн үсэг гэх мэт хэд хэдэн хувилбартай.
1587 онд Аюуш гүүш энэтхэг, төвөд хэлнээс шашны судрыг монголчлоход бурхан сахиусны нэр, тарни, хүний нэр, газрын нэр зэргийг монгол бичигт зөв буулгахын тулд Али-гали үсэг зохиожээ. Али гэдэг нь эгшиг, гали гэдэг нь гийгүүлэгч гэсэн утгатай самгарди үг юм. Энэхүү зохиосон галиг үсэг болох Али-гали нь уйгаржин үсгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан бөгөөд уг үсгээр монгол хэлнээс гадна төвөд, самгард, хятад хэлний үгийг тэмдэглэх өргөн боломж нээгдсэн.
1616-1911 оны хооронд тогтож ирсэн Манж Чин улсын албан ёсны бичиг болох манж бичиг монгол бичгээс үүссэн байна. Манжийн төрийг үүсгэн байгуулагч Нурхачи хааны зарилгаар Эрдэнэ багш, Гагай заргач хэмээх хоёр хүн 1599 онд монгол бичгийг манж хэлэнд тааруулан, дусал бинт нэмэх зэргээр өөрчлөн зохиосон ажээ.
Харин үүнийг "мөхсөн" Уйгураас бичиг үсэг авсан байх үндэсгүй өнөөгийн Тажикийн өвөг дээдэс Согдоос Уйгуртай зэрэгцэн аль эрт бичиг үсэгтэй болсон байх боломжтой гэж олон эрдэмтэн (Шаравын Чоймаа, Ц.Шагдарсүрэн, ) өөрөөр тайлбарладаг. Уламжилж ирсэн бичгийг Чингис хаан нэгдсэн төрийн албан ёсны үсгээр зарлигдсаныг тэр цагаас үүссэн мэтээр тайлах нь буруу гэх эдгээр судлаачид үздэг. Үүний нэг баримт нь Чингис хааныг нас барахаас өмнө ба дараа бичигдсэн "Чингисийн чулууны бичиг", "Монголын нууц товчоо"-нд бичиг үсгийн нэлээд урт хугацааны боловсорсон төлөв илэрхий ажиглагдаж байдаг ажээ. Гэвч Чингис хаан Найман аймгийг нэгтгэсний дараа олзлогдсон бичээч Тататунга нь эртний Иран дахь Согд бичгээс үүссэн хуучин Уйгур бичгээр үндэс болгож зохиосон гэдэг үзлийг баримтлах явдал бас байсаар байдаг. Тататунга төрийн албан бичгийг улам хөгжүүлэх үйлсийг эрхэлсэн байж болох юм.


 Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №047/24578/


0
angry
3
care
0
haha
3
liked
14
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.117.242
2023/12/26
2
0
Гайхамшигтай дулаан энергитэй мундаг авьяас билгэтэй дүү минь шүү дээ
Хариулах
94.30.144.44
2023/12/26
2
0
Баярлалаа
Хариулах
202.55.188.36
2023/12/26
2
0
Мундаг шүү
Хариулах
59.153.112.233
2023/12/26
2
0
Ямар гоё юм бэ , сайхан хүн байна даа
Хариулах
59.153.112.233
2023/12/26
2
0
Сайхан ярилцлага болжээ
Хариулах
Шинэ мэдээ
Орчин үеийн хот төлөвлөгч 2024/05/17
Д.Амарбаясгалан: Засгийн газар малчдынхаа амьжиргааг дээшлүүлж, үнийн … 2024/05/17
​ Улаанбаатар хотын тодорхой байршилд олон түвшинт гүүр байгуулахад “… 2024/05/17
1085 автобусыг утасгүй интернэтээр тоноглоно 2024/05/17
ОХУ, БНХАУ-ын иж бүрэн түншлэл шинэ шатанд хүрлээ 2024/05/17
Японд стрептококкийн тархалт нэмэгджээ 2024/05/17
Бүтээн байгуулалт өрнөөн Баянзүрх 2024/05/17
Э.Бат-Амгалан: Баянзүрх дүүргийн МАН-ын хороо “Хошой шилдэг”-ээр шалга… 2024/05/17
Э.Халиун: Бяр чадлын хувьд эн тэнцүүхэн тамирчидтай тивийн дэвжээн дээ… 2024/05/17
Ш.Батбаяр: Үхрийн баас цэвэрлэж байхдаа “Би юу хийчих вэ” гэж бодож ба… 2024/05/17
Горилогчдын гороо дуусаж, Ерөнхийлөгч модоо тоолов 2024/05/17
Ж.Тана: Шинэчлэл, өөрчлөлтөд залуучуудын идэвхтэй оролцоо чухал үүрэгт… 2024/05/17
Улаанбаатарт 17 хэм дулаан байна 2024/05/17
Р.Булгамаа: Үр хүүхдээ үл хайхарч байгаа эцэг, эхчүүдэд хариуцлага яри… 2024/05/16
Морин хуурын увдислаг шинжийг судлан докторын зэрэг хамгаалжээ 2024/05/16
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн т… 2024/05/16
Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдлийн талаар мэдэ… 2024/05/16
“Азийн тэсвэртэй хотууд” төсөл Улаанбаатар хотод хэрэгжинэ 2024/05/16
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг баталлаа 2024/05/16
Улаанбаатарт 29 хэм дулаан байна 2024/05/16