Тэжээсэн бяруу


Уншигч та бүхэндээ Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Магваны Эрдэнэбатын “Тэжээсэн бяруу” өгүүллэгийг хүргэж байна.  Зохиолч М.Эрдэнэбат нь “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадамд тэргүүн байр эзэлж, шилдэг бүтээлийн “Алтан өд” шагналыг 2003, 2013 онд тус тус хүртсэн. Тэрбээр шинэ оны босгон дээр “Хүйтэн бороо” түүврээ хэвлүүлэн уншигчдадаа хүргээд байгаа юм.

Ойдов сая л нэг нутгийн бараа харж сэтгэл уужирлаа. Гурван жилийн өмнө өвчин зовлонгийн өмнө өвдөг сөхөрч хэдэн малаа зарахыг нь зарж үлдсэнийг нь найдвартай гэж туслах малчиндаа захиж үлдээгээд хэзээ, хэрхэн эргэж ирэх төсөөлөлгүй явж байсансан. Гэтэл өнөөдөр эргээд ирж байдаг. Тэртээ ханаран харагдах Баян бууралын нурууны цас цоохортож, аараг толгод, тал газраар нялх ногоо цухуйхчаа аядаж байлаа. Жалга судгуудаар шар усны үер хоржигнон урсаж чухам л хангай нутгийн зун цагийг санагдуулам. Ойдов машин зогсонгуут шалавхан бууж олон цаг хөдөлгөөнгүй суусан биеийнхээ чилээг гаргах зуураа тамхиа хүчтэй сорж бие сэтгэлийн таашаал авч байлаа. Жолооч хархүү,

-Ах нутагтаа ирэлгүй уджээ дээ. Цаанаа л нэг нутгаа санасан шинжтэй байх чинь гэж анир чимээгүйг эвдэн асуув.

⁃За бараг гурван жил гаруй боллоо. Удсан ч юм шиг удаагүй ч юм шиг. Цаг хугацаа ч хурдан юмаа. Нэг мэдэхнээн гурван жил өнгөрч дээ.

⁃Одоо бүр эргэж ирж байна уу?

⁃Хэдэн малаа юуны өмнө эргээдэхье. Зунаас бүрмөсөн нүүж ирнээ гэж байв. Хэрэгт дуртай залуугийн асуулт дуусав бололтой машинаа асаалаа. Цааш давхилаа.

“Гэрэл сүүдэр хоёроор нь багшлуулсан болохоор

Гэнэхэн энэхэн орчлонд  өртэй юм бий

Өөрийн бүхнээ та нарт дуу болгон нисгэлээ шүү

Үлэмжийн хорвоог туулахад тань нөмөр  болсон  бол баярлалаа

Аашаар засардаггүй орчлонг

Аргадах гэж дуулдийм би

Дулаахан сэтгэлийн минь мөнхийн анд гэж итгээрэй” хэмээн сайхан  дуу эгшиглэж сэтгэлийг нь хөвсөлзүүлэн явах ажээ. Ойдовыг дахиад ам нээхгүй болохоор жолооч залуу дуугаа хураан урдах замаа ширтэж явна. Ойдов,

⁃Гурван жилийн өмнө эхнэр маань хүндээр өвдөөд сүүлдээ нөгөө айхавтар “хавдар” гэдэг нь оношлогдоод бид хот бараадаж нүүсэн юм. Хэдэн хүүхдийнх нь буян, миний амны хишиг юм байлгүй муу авгайгаа хөл дээр нь босгоод авлаа. Алтан гартай эмч нарын л ач буян юм даа. Жолооч хархүү,

⁃Өө сайхан. Одоо энэ хорт хавдар гэдэг айхавтар өвчин чинь улам нэмэгдээд байгаа юм уу? Өмнө нь оношилж чаддаггүй байсан юм уу? Сүүлийн үед өвдсөн хүн болгон л хорт хавдар гэх юм.

⁃Ёстой мэдэхгүй дээ. Аз байвал ард нь гардаг л юм байна гэж ах нь хувьдаа их баярлаж явна. Жолооч хархүү,

⁃Азтай, азтай гэж удаанаар хэлээд юунд ч юм санаашран санаа алдав.

⁃Та нар гадаадад эмчлүүлэв үү? Монголдоо эмчлүүлэв үү?

⁃Монголдоо Монголд. Хэдэн малаас өөр өмчгүй бид яаж тэр өндөр үнэтэй гадаад орон луу явж чадах уу? “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ ээ”гэж эх орондоо л байлаа.

⁃Ёстой мэдэхгүй юм. Энд сайн л гэх юм муу л гэх юм. Янз янзын л юм дуулдах юм.

⁃Янз янз л байхаа даа. Өвчин зовлон ярьж гурван жил хот хүрээнд шигдлээ. Сонсоогүй ч юм алга, мэдээгүй ч юм алга.

⁃Одоо чинь тийм болсон ш дээ. Юм мэддэг ч хүнгүй, мэддэггүй ч хүнгүй болсон цаг даа. Хотод дасаж байна уу?

⁃Дасахгүй юм байна. Эрхгүй Монголдоо байгаа тулдаа л боллоо. Одоо ч хурдхан буцаж ирэх минь.

⁃Манай эмнэлэг ч цагаа тулахаар сайн юм шиг байгаа юм аа.

⁃Сайн сайн. Алтан гартай эмч нар их байна. Гадаадын тэр эмнэлгүүд чинь багаж төхөөрөмжийн хүчээр л хийгээд байх шиг байна. Харин манай эмч нар бол ур чадвар, ухаанаараа л хүн эмчилж байх шиг байна шүү.

⁃Одоо гадаад дотоодгүй адилхан нарийн багаж төхөөрөмжтэй болсон байх аа.

⁃За даа ямар ч гэсэн эмч хүн ямар мундаг болохыг л нүдээрээ харлаа.

⁃Аа ёстой янз янз л байх. Цэнддоо зохиолч “Голын бургас урттай богинотой Говь-Алтайхан сайнтай муутай гэсэн байх чинь билээ. Тэрүүн шиг л байх.

⁃Уулын мод урттай богинотой       Олон хүн сайнтай муутай гэдгийг л Говь-Алтайнх болгож л дээ. Тэр Цэнддоо гэдэг чинь хоржоонтой бичдэг хүн билээ. Хотод сая хэдэн жил болохдоо ном уншиж сурлаа. Насаараа ном шагайж үзээгүй хүн уйдахын эрхэнд хэдэн ном уншлаа. Нүд ядраад байх болохоос зүгээр юм байна лээ шүү. Тэр Цэнддоо зохиолчийн нэг номыг уншсан. Тэрэн дээр нь бол тийм юм байгаагүй дээ. Олон л номтой байх л даа.

⁃“Ерээд оны тунгалаг тамир” гэдэг номонд нь бий.

⁃За ганц Говь-Алтайсаад байх юмгүй, хаа газрын хүмүүс адилхан даа.

⁃Тиймээ тийм. Та эмзэглэх хэрэггүй. Уран зохиолын хошигнол л биз. Түүнээс ганц Говь-Алтайхныг онцолж гоочлоод байв гэж!

⁃Нээрэн тийм л байх даа

⁃Ах сумын төв дээр бууна биз дээ. Би замаас хазайж чадахгүй шүү.

⁃Тэгье тэгье. Суманд хоноод өглөө л дараагийнхаа ажлыг бодохоос гэсээр тэр хоёрын яриа хэсэг намжлаа. Жигдхэн хурдлах машины мотор дуулдах төдий. Нөгөө машины хөгжим

⁃“Гэзэгний чинь үзүүр сэрэл хөдөлгөөд байна аа хө” гэсэн утга ч үгүй уянга ч үгүй балай дуу чихэнд хадна. Өөрийнхөө машинд яваа бол дууг нь хаачихмаар. Даанч хүний эрхэнд яваа хүн яалтай билээ. Иймэрхүү дууг нэг чихээрээ оруулан нөгөө чихээрээ гаргаж явлаа.

Ойдовын нойр хулжжээ. Сумын төвийн ноход хар яр хуцаад унтуулах ч янз алга. Өдрийхөө явдалд ядраад нам унтах байх гэсэн тэгсэнгүй. Гармаа хэдэн малыг минь яажшуухан өсгөө бол? Өсгөж үржүүлэх нь ч тэрний ажил. Өсгөсөн бол Гармаад л ашигтай. Анхнаасаа л тоо толгойгоор нь байлгаж байгаарай. Үр төл, ашиг шимийг нь чи аваарай л гэсэн. Бог бод нийлсэн 600 малын ашиг шим, үр төл гурван жил овоо л юм байгаа даа. Манайхаас олон малтай болсон байж ч магадгүй. За яахав яахав. Хүнд буян болж явбал ажил бүтнэ. Буян нь ирнэ. Сая авгайг өвдөөд хэвтэхэд олон түмэн их л тус боллоо. Олонтойгоо хувааж идэж явсны ач буян. Ер нь хар элгийн хүн муухан хамаатнаас дээр гэдэг. Муу Гармаадаа үлдээсэн нь болсон юм. Хар багаасаа л манайхыг бараадсан. Сая гурван жил хоолоор таслаагүй ээ хөөрхий. Одоо ч нас тогтоод өөрийн гэсэн ухаантай сайхан малчин болох нь шиг байна гэсэн шүү  юм бодсоор хэвтлээ. Гэрт хүйт орж эхэллээ. Цаг ч яагаа ч үгүй байна даа гэж бодогдоно. Идээшиж дассан нутаг усандаа ирж өөрийн тааваар хэдэн малаа хариулан жарган сууна гэхээс баяр бахдал нь төрж ийнхүү нойр нь хулжсан байлаа. Хот хүрээнд гурван жил суухдаа огт идээшиж дасаагүй билээ. Айлд суудаг хүүхэд шиг цаанаа л нэг хүнийрхүү. Муу хань минь ч нутгаа их санаж байх шиг байна лээ. Нутагтаа ирээд улам сайхан болно доо гэж бодохоос сэтгэл яаравч цаг зогссон мэт ганц шөнө ч барагдахгүй урт ажээ. Ингэж ингэж үүрээр нэг юм унтахчаан аяджээ. Өглөө эрт хүргэн дүүгээрээ хүргүүлэн Гармаагийнд ирлээ. Гармаагийнх өөрийнх нь хаваржаан дээр буужээ. Тэгэлгүй ч яахав дээ. Төл малын дуу цангинаж гэрт ганц нэг хэнз ишиг хурга тоглоод нэн таатай. Идээшиж дассан нутаг ус, өвөлжөө хаваржаа, гүвээ толгод нь хүртэл инээж ч байх шиг санагджээ. Өөрийн юм ийм сайхан. Золтой л нулимс унагасангүй. Гэрт уураг сүүтэй цайны үнэр хамар цоргиж нэн тааламжтай. Харин Гармаа ирсэн гийчдийг төлийлөн хүндэтгэлтэй угтсангүй. Мэнд ус мэдэж золгосон болоод гараад явчихлаа. Хэсэг байсны дараа орж ирээд их тавгүй байгаа бололтой ойрхон ойрхон тамхи баагиулна. Шувууных шиг ёлтгор шар нүдээр хүн хүн рүү харах боловч харц нь тогтож ядах нь нэг л ёозгүй. Гэрт байх хүмүүс цай уух зуур Гармаагийн эхнэр борц нүдэж хоол хийхээр зэхэж байлаа. Гармаа сая нэг ноднин хавраас хойш хайч хүргээгүй загзгар толгойгоо өргөж,

⁃Дулмаа эгчийн бие сайн уу хэмээн асуулаа.

⁃Сайн сайн. Овоо боллоо. Бид хэд энэ зунаас наашлах санаатай. Нутаг усаа бараадъя. Та хэдийн нурууг ч амрааж хэдэн малаа ч авъя гэв. Гэтэл Гармаа газар ширтсэн хэвээрээ

⁃Ойдов ах минь одоо ч танай мал гээд байх юм үлдээгүй дээ.

⁃Юу? Юу гэнээ чи?

⁃Танай мал гэх юм үлдээгүй ээ. Сүүлийн гурван жил хатуу ч өвөл боллоо. Та хэд ч хот руу ширүүхэн зөөлөө.

⁃Үгүй ерөө! Чи чинь?

⁃Та одоо манай хотонд ороод хар. Танай мал гэх юм ер байхгүй л болов уу? Зуу хүрэхтэй үгүйтэй бог үлдсэн байх. Тэрийг харин би мах болгоод намар оруулаад өгнө. Үхэр гэвэл Дулмаа эгчийн ганц алаг үнээ л байгаа байх. Нуулгүй хэлэхэд тэмээний чинь барааг ганц хараагүй шүү. Та надад 50 гаруй тэмээ байгаа л гэсэн. Тэр намар гурван сар хайгаад олоогүй. Дэмий л сумын цагдаад тэмдэглүүлээд орхисон.

⁃Иш Гармаа минь дээ! Чи чинь юу яриад байна? Энэ бүгдийгээ чи надад хэлж байхгүй яасан юм?

⁃Өвчин зовлонтой хэцүү байхад чинь санаа сэтгэлийг чинь давхар зовоогоод яах вэ гэж бодсон юм аа.

⁃Гармаа минь дээ! Чи надад ийм ч юм ярьж суух гэж дээ ?

⁃Та намайг буруутгаад яах вэ? Хэдэн малыг чинь харж та хэдийг өвчтэй зовлонтой байхад чинь хоол ундаар таслаагүй өдий хүрсэн нь харин үнэн байх шүү. Олон түмэн харж л байгаа. Ойдовын дотор нь харанхуйлж голоос нь нэг юм гогдоод байх шиг боллоо. Тэрбээр хурдхан босож гадаа салхинд гарлаа. Хөл нь гуйваад болсонгүй. Хүний тэнцвэр итгэл найдвар дээрээ тогтож байдаг юмсанжээ. Итгэл найдвар дууссан газар хүн шургачин унадаг болохыг сая ойлголоо. Харин хүний мөс чанар аль хэдийнэ дуусаад хууль хяналт, гэрээ хэлцэл чухал болсныг энэ хөдөөх өвгөн одоо ойлгоод ч нэгэнт оройтсон бололтой.


2023 он

Эх сурвалж: Монголын үнэн сонин №247/24578/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Орчин үеийн хот төлөвлөгч 2024/05/17
Д.Амарбаясгалан: Засгийн газар малчдынхаа амьжиргааг дээшлүүлж, үнийн … 2024/05/17
​ Улаанбаатар хотын тодорхой байршилд олон түвшинт гүүр байгуулахад “… 2024/05/17
1085 автобусыг утасгүй интернэтээр тоноглоно 2024/05/17
ОХУ, БНХАУ-ын иж бүрэн түншлэл шинэ шатанд хүрлээ 2024/05/17
Японд стрептококкийн тархалт нэмэгджээ 2024/05/17
Бүтээн байгуулалт өрнөөн Баянзүрх 2024/05/17
Э.Бат-Амгалан: Баянзүрх дүүргийн МАН-ын хороо “Хошой шилдэг”-ээр шалга… 2024/05/17
Э.Халиун: Бяр чадлын хувьд эн тэнцүүхэн тамирчидтай тивийн дэвжээн дээ… 2024/05/17
Ш.Батбаяр: Үхрийн баас цэвэрлэж байхдаа “Би юу хийчих вэ” гэж бодож ба… 2024/05/17
Горилогчдын гороо дуусаж, Ерөнхийлөгч модоо тоолов 2024/05/17
Ж.Тана: Шинэчлэл, өөрчлөлтөд залуучуудын идэвхтэй оролцоо чухал үүрэгт… 2024/05/17
Улаанбаатарт 17 хэм дулаан байна 2024/05/17
Р.Булгамаа: Үр хүүхдээ үл хайхарч байгаа эцэг, эхчүүдэд хариуцлага яри… 2024/05/16
Морин хуурын увдислаг шинжийг судлан докторын зэрэг хамгаалжээ 2024/05/16
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн т… 2024/05/16
Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдлийн талаар мэдэ… 2024/05/16
“Азийн тэсвэртэй хотууд” төсөл Улаанбаатар хотод хэрэгжинэ 2024/05/16
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг баталлаа 2024/05/16
Улаанбаатарт 29 хэм дулаан байна 2024/05/16