"Хөх Монгол" нүүдэллэхүй


Балчир есийн наахна Монголын хэсэг уран бүтээлч арлын орныг зорихоор зэхэж байна. Нэгэн сэдвийн дор цугласан тэдний оролцох үзэсгэлэн “Хөх Монгол“ нэртэй. Зөвхөн Монголд зочилсноор үзэж харах боломжтой үзэгдэл, дүрслэлүүдийг уран бүтээлчид гол илэрхийллээ болгожээ. Тэдний уран бүтээлд хөх, түүний дагуух өнгөнүүд зонхилсон мэт. Харин зарим нь ажиллах арга барилдаа дулдуйдан олон өнгийг хоршуулахаар зүтгүүлсэн байв. Угаас уран бүтээлчийн арга ажиллагаа, өгүүлэмж бүр давтагдашгүй учир харсан хэн ч үл уйдна.  Хүмүүний хөх тэнгэрийн оронд зочлох хүслийг бадраах өгөгдлөөр баялаг ажээ. Ингэж нэгдсэн уран бүтээлчдийг “Хөх бороо” нийгэмлэг нэгтгэж байна. Энэхүү нийгэмлэг байгуулагдаад удаагүй ч хийсэн ажилтайгаас гадна цөөнгүй уран бүтээлчийг эгнээндээ нэгтгэжээ.

“Хөх бороо” нийгэмлэгийн тэргүүн нь Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач, Дүрслэх урлагийн академийн хүндэт профессор, уран зургийн багш Г.Лхагвасүрэн юм. ОХУ-ын Суриковын нэрэмжит Дүрслэх урлагийн академийг төгссөн тэрбээр 1996 оноос хойш багшилжээ. Өнгөрсөн жилүүдэд мэргэжлийн 200 гаруй уран бүтээлчийг бэлтгэн гаргасан бөгөөд “Хөх бороо” нийгэмлэгт түүнээс номын дуу сонссон хүн олонх нь байх юм. Үүний учрыг лавлавал, “Монгол арт” галерейд өнгөрсөн оны есдүгээр сард Г.Лхагвасүрэн багшийн үе үеийн төгсөгчдийн хамтарсан "Тусгаар нэгдэхүй" үзэсгэлэнг зохион байгуулжээ.  Чухам тэндээс төгсөгчдийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлж улмаар олон улсад чиглэсэн арт хөтөлбөрүүдэд оролцох олон талт ажлыг төлөвлөж эхэлсэн байна. Энэ л үед “Хөх бороо” нийгэмлэгийн тэргүүнээр Г.Лхагвасүрэн, дэд тэргүүнээр Б.Зоригтбаатар, урлаг судлаач Б.Болортуяа нар сонгогджээ.

Одоо энэ нийгэмлэг 50 гишүүн, уран бүтээлчдийн баг бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тэднээс энэ удаа монголчуудын соёлын өв, сэтгэлгээний онцлогийг харуулахаар 20 орчим уран бүтээлч удахгүй Япон улсыг зорих гэж байгаа нь энэ аж. Дүрслэх урлагийн салбарт ид бүтээн туурвиж буй өөр өөрийн гэсэн онцлог арга барилтай зураачдын шилмэл 50 гаруй бүтээлийг “Хөх Монгол” үзэсгэлэнд дэлгэхэд бэлэн болжээ. Өргөн уудам тал нутаг, цэцэгс, шувууд, амьтдын тухай гээд уран сэтгэмжит абстракт, симболизм, реализм, модерн урсгал чиглэлүүдээр бүтээсэн  энэ удаагийн үзэсгэлэнд нэгдэж буйгаараа онцлогтой.

Үзэсгэлэнг Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яамнаас зохион байгуулж байгаа бөгөөд “Хөх Монгол” үзэсгэлэнгийн санаачлагч, куратораар “Монгол арт” галерейн урлаг судлаач Б.Болортуяа ажиллаж байна.

Энэхүү үзэсгэлэнд оролцохоор зэхэж буй уран бүтээлчдээс онцлон Ш.Сүхбатын сэтгэгдлийг сонссон юм. “Хөх бороо” нийгэмлэгийн гишүүн тэрбээр гурван бүтээлтэйгээр арлын орныг зорих гэж байгаа ажээ. Тэрбээр “ “Айсуй”, “Хоёр загал”, “Хөх цадиг” нэртэй бүтээлээрээ “Хөх Монгол” үзэсгэлэнд оролцох гэж байна. Уран бүтээлч бүр өөрийн гэсэн арга ажиллагаатай байдаг. Би ч гэсэн энэ удаа өөрийн арга ажиллагаандаа тулгуурлан зурсан бүтээлүүдээ авч явна. Тэдгээрийн нэг нь “Айсуй” юм. Хурдны морь эргэж байгаа агшныг энэ бүтээлдээ дүрслэхийг зорьсон. Монгол морьд, унаач хүүхдийн цог золбоо, эрэмгий байдал зэргийг миний бүтээлээс мэдрэх боломжтой. Би сүүлийн хоёр, гурван жил энэ сэдвээр голчлон ажиллаж байна. Харин “Хөх цадиг” зургийн зохиомжийг харахад Монгол орны эгэл жирийн толгод, түүний дотор бүх зүйл оршдог гэсэн санаа, бэлгэдлийг олж харах болно.

Би өнгөөр баялаг зурахыг хичээдэг. Миний зураг олон өнгөнөөс бүрдсэн толбонуудтай. Цаашид үүнийгээ онцлог болгохоор зорьж байна. Миний хувьд  2012 оноос хойш дотоод, гадаадын үзэсгэлэнд оролцсон ч Япон руу явах гэж байгаа нь анхны тохиолдол. Манай нэгдлийнхний хувьд ч гадаадын анхны үзэсгэлэн болохоор багаараа зорьсон үзэсгэлэндээ амжилттай оролцоод ирье гэж бодож байна” гэв.    

Б.Болортуяа: Нүүдэлчдийн өв соёлыг орчин үеийн уран зургаар дамжуулан харуулна

 /”Хөх Монгол” үзэсгэлэнгийн куратор, “Монгол арт” галерейн урлаг судлаач/

Орчлон ертөнцийг олж харах хүмүүний сэтгэл, гэрэл гэгээг тольдох сонин содон өнгө төрх, гоо үзэсгэлэнгээс амар амгалан, тайван байдлыг бид өөрийн эрхгүй мэдэрдэг. Энэ л мэдрэмжээр хөглөгдөн гарах уран бүтээлчдийн дотоод ертөнцийн илэрхийлэл болсон байгалийн төгс зохицол, ахин давтагдашгүй нүүдэлчин ард түмний соёлын өв, сэтгэлгээний онцлогийг харуулсан далд утга учир, сэдэл санаа, агуулга дор сүлэлдэх Монголын уран бүтээлчдийн хамтарсан “Хөх Монгол” үзэсгэлэнг Япон улсад зохион байгуулах гэж байна.

Ертөнц бүтээгдэхээс өмнө цаг хугацаа гэж байгаагүй хийгээд бүтээгдсэн тэр туурвилаас ямар нэгэн хөдөлгөөнд орж энэ хөдөлгөөн нь хүн төрөлхтний өөрчлөлтийн агшин болж хувирсан гэж хэлж болох...

Тэрхүү өөрчлөлт хувирлыг гагцхүү уран зургаар дамжуулан эрт эдүгээ түүхийн өгүүлэмжийг утга уянгын халил, үлгэр домог, хийсвэр, далд өгөгдлийн ухамсарт нэвт шингээсэн орчин үеийн уран зургуудаас бүрдэх Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач  Гомбо-Ичингийн Лхагвасүрэн тэргүүтэй “Хөх бороо” нийгэмлэгийн зураач, уран бүтээлчдийн шилмэл 55 бүтээл дэлгэгдэх юм.            

Байгаль дэлхий хүн төрөлхтний төрж өсөж буй цорын ганц өлгий нь хийгээд та бид ертөнцийн юмс үзэгдлийн учир шалтгаан, үүсэл гарал, харилцан уялдаа холбоог танин мэдсэнээр үүх түүх, зан заншил, үнэт зүйлээ ойлгон ухаарах нь дамжиггүй.  Тиймээс ч урлаг өөрөө үнэт зүйл, гүн ухааны ур, сэтгэн бодохуйн цуглуулга басхүү ухамсрын хөгжлийн хэмжүүр цөм нь байдаг. Урлахуйн чадамж, мэргэжлийн хөгөө дэмнэн тэтгэх ид бүтээн туурвиж буй авьяаслаг зураачдийн бодол оюуны өгөгдөл, бүтээхүй дор нэгдсэн олон янзын арга ажиллагаа, урсгал чиглэлээр бүтээгдсэн энэхүү үзэсгэлэнд өргөн уудам газар нутаг, цэцэгс, шувууд, хосгүй хүч чадалт амьтдын тухай гээд хийсвэр уран сэтгэмжүүдийг дүрсэлжээ.

Урлагт  гоё сайхны тухай бус харин асар их энгийн атлаа үнэн зүйлийн тухай яригддаг гэдэг. Тиймдээ ч энэхүү үзэсгэлэнгээс үзэгч та бүхэн уран бүтээлчийн оюун сэтгэхүйгээр дамжин энгийнээр илэрхийлсэн мөнх хөх тэнгэрээс заяат нүүдэлчдийн өв соёлыг орчин үеийн уран зургаар дамжуулан харах буй заа.

“Хөх Монгол” үзэсгэлэнг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн Японы Урлагийн нийгэмлэгт тусгайлан талархал илэрхийлэхийн ялдамд хоёр орны уран бүтээлчдийн соёлын харилцаа, цаашдын урт удаан хамтын ажиллагаа өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна.

Мөн “Хөх бороо” нийгэмлэгийн нийт уран бүтээлчдэдээ бийрийн үзүүр нь хурц, билиг оюун нь мэргэн байх болтугай хэмээн ерөөгөөд дэмжин хамтран ажилласан байгууллага, хувь хүмүүст бүгдэд нь баярласан талархсанаа энэ ташрамд илэрхийлье.


Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №247/24578/


0
angry
3
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 1 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 1 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 1 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 1 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 1 цагийн өмнө
SDY Calling you... 2 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 2 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 2 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 2 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 2 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22