Баяр, гуниг хосолсон өдрүүд


Он солигдох сүүлчийн өдрүүд хатуухан байна. Нийгмээрээ бухимдсан, нийтийн зам нь нам гацсан, хүйтний эрч чангарч, хичээл сургууль цахимд шилжсэн, шатахууны дараалалд зогсож, шатталаа уурласан, дугаарын хязгаарлалт тавигдаж, дураараа зорчих эрх хаагдсан, нүүрсний тэрбумтнуудын нүүр царайг илчилсэн ширүүхэн долоо хоног өнгөрөв. Нүүрсний хулгайч нар төрийн мөнгийг хувийнхаа хадгаламж руу хүртэл шилжүүл­дэг албан тушаалтнууд, өөртөө л ашиг унагах гэж улс орноо хүртэл зарахаас сийхээ байсан улстөрчдийн үнэн дүрх гарч ирлээ. Засгийн газар “шүгэл” үлээгээгүй бол, “Манай намын, манай засгийн нэр төр сэвтэнэ” гэж айж эмээлгүйгээр нүүрсний хэргийг сөхөж гаргаагүй бол энэ хулгай луйвар дахиад хэдэн жил ч үргэлжлэх байсныг таашгүй. Олон муу мэдээг цайруулах ганц үнэн зүйл энэ л байв. Бид худлыг мэдэж өнөөдөр бухимдаж байна. Гэвч үнэнийг хайж эхэлсэн учраас илүү сайн цаг ирэх биз гэсэн найдвар олон хүнд төрснийг нуугаад яах вэ. 


УИХ-аар Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв 2020 онд ойролцоогоор 500 тэрбум төгрөг байсан бол өнөөдөр хоёр их наяд төгрөгт хүрсэн” гэдэг таагүй мэдээллийг дуулгалаа. Монголчуудын дунд өвчлөл нэмэгдсэн, эм тариа, эмчилгээ үйлчилгээний зардал энэ хэрээр өсөж улсын төсвийн 20 орчим хувийг зарцуулж байгаа нь ч тодорхой болов. УИХ өнгөрсөн долоо хоногт ундааны татварыг хэлэлцэв. Энэ үеэр чихэрлэг ундааны борлуулалт нэмэгдэж байгаа, гол хэрэглэгчид нь хүүхдүүд гэдгийг эрхэм гишүүд онцолж байлаа. Ямар ч шимт бодисгүй хэрнээ таргалалт үүсгэдэг чихэрлэг ундааг онцгой албан татвартай болгох энэ санал анхны хэлэлцүүлэгт орохоор Төсвийн байнгын хороо руу шилжлээ.  

 Монголчууд хэдхэн сарын дараа УИХ-ын сонгуульд саналаа өгнө. Улс төрийн намууд энэ удаад элдэв хэрүүл, мэтгэлцээн багатайгаар сонгуулийн тойргоо хувааж байна. Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойргийг бүсчилсэн хэлбэрээр тогтоох асуудлаар парламентад суудалтай улс төрийн намууд зөвшилцөн санамж бичиг байгуулж, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нар гарын үсэг зурлаа. Улс төрийн намууд ирэх сонгуулийг бүсчилж явуулахаар ярьж байгаа бөгөөд одоогийн байдлаар баруун бүс хоёр тойрог, хангайн бүс хоёр тойрог, төвийн бүс хоёр тойрог, зүүн бүс гэж хуваахаар ярьж байгаа юм.  


Өнгөрсөн долоо хоногт Засгийн газар хуралдаж, “Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөө” баталлаа. Монголчууд бид 2023 онд  түүхэндээ байгаагүй олон жуулчин хүлээж аваад байгаа юм. Аялал жуулчлалын салбараа  илүү хөгжүүлэхийн тулд агаарын тээврийн МИАТ компанийн нислэгийн дундаж үнийн 25-40 хувийн хөнгөлөлтийг хадгалж, зочид буудал, жуулчны бааз, амралт, сувиллын газрууд өвлийн улиралд төлбөрөө 50 хүртэлх хувиар бууруулах боломжтой гэж Засгийн газар үзжээ. Үндэсний болон спортын  бусад төрлийн тэмцээн, уралдаан, мөн “Мөнгөлөг шагшуурга”, “Хөх сувд” мөсний баяр, Бүргэдийн баяр, Түмэн тэмээний баяр, тэмээн поло, Цааны баяр, Нүүдэлчдийн өвөл-Цагаан сар зэрэг үндэсний эвентүүдийг зохион байгуулахаар аялал жуулчлалын хөтөлбөрт тусгасан байна. Энэ жил өвөлжилт хаа сайгүй хүндэрч Улаанбаатар хотод хүртэл зуд нүүрлээд байна. Тиймээс Засгийн газар тогтоол гаргаж малын тэжээлийн экспортыг 2024 оны гуравдугаар сарын 1 хүртэл зогсоосныг 2024 он дуустал сунгасан байна. Мөн өвөлжилт хүндэрч, малчид их хэмжээгээр мах бэлтгэж байгаа юм. Тиймээс Засгийн газар нөөцийн мах худалдан авах шийдвэр гаргаж, энэ ажилд 100 тэрбум төгрөг зарцуулахаар болжээ.  

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлээд хоёр жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд монголчууд бид 41.5 сая мод тарьсан гэдэг тооцоог Байгаль орчны яамнаас гаргажээ. Их л тоо. Гэхдээ тэрбум мод тарих том зорилго бидний өмнө байгаа гэдгийг мартаж болохгүй биз. АН-ын бүлэг хурал зарлаж, шатахууны хомстлыг арилгаж чадахгүй байгаа Ж.Ганбаатар сайдыг огцруулахыг шаардсан албан бичиг Ерөнхий сайдад гардуулснаа мэдэгдэв. Хил гаалийн асуудал, ОХУ-д үүссэн үймээн самуун зэрэг олон шалтгаанаас үүдэн шатахуун түлш ховордож, монголчууд хаа сайгүй зутруухан байна. Тиймээс АН-ын УИХ дахь бүлгээс тавьсан энэ шаардлагын хариуг Ерөнхий сайд хэрхэн шийдэх нь тодорхойгүй байна. Шинэ жилийн баярууд хаа сайгүй үргэлжилж, шилдгүүд шагналаа гардаж, оргилуун дарс буудуулж байна. Гэхдээ баяр ёслол дагасан гуниг ч бас биднийг тойрсонгүй. Алтантэвшийн хөндийд өдөр бүр шахуу хялмаа хаяж, Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар шил толь шиг гялайтлаа мөстсөн замаа цэвэрлэх ажилтай өнгөрсөн долоо хоногийг үдлээ. Хөрсөн дээрх агаарын хэм -40 зааж, давс бодис хэчнээн цацаад ч замын цасыг хайлуулж чадахгүй байгаа учраас халтиргаа гулгаа нэмэгдсээр байна. Ганцхан долоо хоногт 600 гаруй хүн бэртэж гэмтсэн гэдэг таагүй мэдээг Гэмтэл согогийн үндэсний төвөөс өглөө. Ирэх долоо хоногоос хүйтний эрч суларч “жавар өвгөн”-ий ааш аяг засарна гэж цаг уурчид мэдээлсэн. Гэхдээ л монголчууд бид зам дээрээ зориулалтын бус хужир шүү цацаж, аргацаадаг үе өнгөрсөн шүү гэдгийг сүүлийн хэд хоногийн цочир хүйтэн сайтар ойлгуулав. Өнгөрөгч долоо хоногийн хамгийн тааруухан мэдээг Онцгой байдлын Ерөнхий газраас дуулгалаа. Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дахь Сутай хотхонд гал гарч, 2, 5, 10 насны гурван хүүхэд, дөрвөн том хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Гал унтраах гэж явсан Онцгой байдлын алба хаагч угаартаж нас баржээ. Гацуур модны гэрлээс үүдэлтэй энэ ахуйн осол биднийг анхаарал болгоомжтой байхыг сануулав. 

Ийнхүү 2023 оны сүүлчийн өдрүүд хэл ам, хэрүүл тэмцэл, гомдол бухимдал, баяр хөөр зэрэгцэн үргэлжилж байна. Хэдхэн хоногийн дараа 2024 оноо бид угтаж авна. Эрхэм танд шинэ жилийн мэнд хүргэе.

 Б.Нүүдэл

Эх сурвалж: Монголын үнэн сонин №048/24579/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22