Д.Алтанхуягийн “Цөмөөхэй” хайр, гэрэл түгээнэ


Динн... динн.... динн... Ханын цаг ид шидийг өгүүлэн шөнө дунд болсныг мэдэгдлээ. Царай муутай, модон Цөмөөхэйг хэн хайрлаж чадна, тэр шинэ жилийн гайхамшигтай учирна. Германы зохиолч Хоффманы “Хулганы хаан” үлгэрээс сэдэвлэсэн энэхүү бүжгэн жүжгийн хөгжмийг П.Чайковский бичсэн бөгөөд 1892 оны арванхоёрдугаар сарын 6-нд ОХУ-ын Марийнский театрт анх үзэгчдийн хүртээл болсон түүхтэй. Харин монголчууд 1982 онд “Цөмөөхэй”-тэй танилцсан. Багачуудын хайрыг татсан уг балетыг дэлхийн театрууд шинэ жилийн баяраар тоглодог уламжлалтай. Өөрөөр хэлбэл, арванхоёрдугаар сард сонгодог урлагийг шимтэн үзэгчид “Щелкунчик”-ээр амьсгалдаг. Манайд ч энэ уламжлал тогтоод буй. Монголын балетын хөгжил сангаас найруулан тавьж буй “Цөмөөхэй” балет ДБЭТ-ын тайзнаа өнөөдөр амилна. Үлгэрээс уншсан төсөөллөө бодит болгож чаддагаараа “Цөмөөхэй” шидтэй. Эрэлхэг, сайхан сэтгэлт Клара охин болон дайчин Цөмөөхэйн Амттаны орныг зорих адал явдалт аялал, цасны орны гайхамшигт үзэсгэлэнт хатад, өхөөрдөм бяцхан хүүхэлдэйнүүд, тэнгэрийн дагинас, сахиусан тэнгэрүүд, хорон санаат Хулганы хаан таныг хүлээж байна.

 

“Нийгэмд гэрэл гэгээ цацруулж, сэтгэл зүрхийг дулаацуулж, хайр мэдрүүлдэг, магадгүй бидний амьдрал дахь цорын ганц зүйл бол урлаг”

 “Щелкунчик” балетыг Монгол Улсын Гавьяат жүжигчин, Монгол Улсын Соёлын элч Д.Алтанхуяг "Цөмөөхэй" нэрээр 2014 оноос найруулан тавьжээ. Тэрбээр монгол үзэгчдэдээ зориулан найруулахдаа хэд хэдэн шинэчлэлт хийснийг дурдах нь зүйтэй. Шинэ жилийн сүлд модыг ДБЭТ-ын тайзанд тохируулж, гадаадын томоохон театруудад ашигладаг цас оруулалтыг нэмжээ. Бүжгэн жүжгийн дүрүүдийн нээлттэй сонгон шалгаруулалт есдүгээр сард болсон. Шалгаруулалтад балетаар хичээллэдэг болон хичээллэдэггүй наймаас дээш насны хүүхэд багачууд оролцон өөрийгөө сорьсон байна. Энэ тухай “Урлаг хүүхдэд чадна гэсэн итгэл, төлөвшлийг бий болгодог. Ялангуяа сонгодог урлаг бол асар үнэ цэнтэй. Хүүхдүүд аль нэг дүрд тоглоод бүтэн хоёр цагийн балетыг бий болгосон гэж баярладаг. Энэ жил балетын 31 жүжигчин, сонгон шалгаруулалтаар тэнцсэн 150 хүүхэд, найрал дууны хамтлагийн 16 хүүхэд оролцож байна.Тоглолтод оролцсон хүүхэд тухайн дүрд тоглосноор заавал балетчин болох албагүй. 200 хүүхдээс ердөө ганц нь л балетчин болж ч магадгүй. Хамгийн гол нь тэр хүүхэд бидэнтэй тоглосноор тайзны ард ямар амьдрал явж байгааг харах боломжтой. Балетын урлагийг танин мэдүүлэн нийгмийг соён гэгээрүүлэх, Монголын зуу, зуун хүүхдийн мөрөөдлийг биелүүлэх цорын ганц зам нь “Цөмөөхэй” болж байгаа юм. Дүрээ өөр өөр талаас гаргахыг зорьдог учраас манай залуу жүжигчдэд арвин туршлага болж чаддаг” гэсэн юм. Клара охины дүрд Монголын балетын үндэсний сургуулийн сурагч З. Анирлан, С. Халиун, “Сильфида” балет, төгөлдөр хуурын сургуулийн сурагч М.Номин жүжиглэх юм. Амттаны дагинад Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлооч, Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Саруул, Г.Нямцэрэн, Б. Халиунаа, Цөмөөхэйд Х.Галтулга, Б.Дөлгөөн, авга Дроссельмейерт Монгол Улсын Гавьяат жүжигчин Х.Мөнгөнхөлөг нар тоглоно. Туслах найруулагчаар Монгол Улсын Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг ажилласан бол Монгол Улсын Гавьяат жүжигчин Ч.Ганчимэг, Соёлын тэргүүний ажилтан М.Од нар багшилжээ. Мөн хүүхдийн бүрэлдэхүүний багшаар Монгол Улсын Гавьяат жүжигчин Х.Мөнгөнхөлөг, Ц.Жаргалан, А.Лхагватуяа, С.Есөнзаяа нар ажилласан байна. ДБЭТ-ын найрал хөгжмийг удирдаач Соёлын тэргүүний ажилтан Т.Гэрэлцэцэг удирдах юм. Уламжлал ёсоор Монголын балетын үндэсний сургууль, Монгол Улсын Консерваторийн сурагчид оролцон тайзнаа гарах гэнэ. Мэргэжлийн балетчидтай, үндэсний театрын тайзан дээр гарч, дэлхийн одтой хамт үзэгч олондоо баярын уур амьсгал бэлэглэнэ гэдэг үнэхээр жилд ганц л тохиох боломж. Иймд дүрүүдийн сонгон шалгаруулалт хэрхэн өрнөдөг нь хэн бүхний сонирхлыг татдаг. Тэгвэл шалгаруулалт тун энгийн. Үндсэн шалгуур бол хүүхдийн эвсэл, сонсгол. Хэдий балетын сургуульд сурдаггүй, бүжиглэж чадахгүй байсан ч гэлээ байгалиас заяасан авьяас­тай хүүхдүүдэд боломж олгохыг чухалчилдаг гэнэ. Д.Алтанхуяг “Хүн том зорилго тавьж, түүндээ хүрэх гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй байж хөгжиж, дэвжиж чаддаг” гэсэн зарчмаар бяцхан авьяастнуудыг сонгодог.Тиймээс мэргэжлийн сургууль, сургалтад хамрагдаагүй олон хүүхдүүд оролцоно. Үнэндээ балетын сургалт өндөр өртөгтэй. Тэгвэл жил бүрийн шалгаруулалт авьяасаа тодруулах, мэргэжлийн баг хамт олон руу орох хүсэлтэй хүүхдүүдэд гарц болдог. Тиймээс Д.Алтанхуяг хүүхдүүдээс “Бидэнтэй хамт түүх бичилцэхэд бэлэн үү” гэж асуудаг байна. “Цөмөөхэй” балет жил бүр хүүхдүүдэд урам зориг өгч, зорилго тэмүүллийг өдөөгөөсэй гэж Монголын балетын хөгжил сангийнхан хүссэн юм. Магадгүй сонгодог урлаг сонирхогчид “Алдартай, бүжигчний уран чадвар шаардсан олон балет байхад “Цөмөөхөй”-г онцолж олон жил, тасралтгүй тавьсан юм бол” гэж боддог биз. Чухам яагаад шидэт ертөнцөөр аялуулдаг, онцлон сонгодог шалтгаанаа “Айл гэр бүхэнд халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, “Сайхан сэтгэл ямагт ялна” хэмээх итгэлийг түгээх зорилготой. “Цөмөөхэй” балетыг Монгол Улсад тоглох болсон шалтгаан гэвэл бэлтгэлийн үйл явц, тохижилт гээд тус балеттай холбоотой бүхэн нийгэмд сайн сайхан, баяр баясал, хайрыг түгээх юм. Энэ балет хүн бүрийн доторх хүсэл мөрөөдлийн очийг асааж, аз жаргалыг бэлэглэдэг. Тэр ч утгаараа жилийн турш ажилдаа дарагдан толгой өндийх завгүй явдаг иргэдэд зориулан арванхоёрдугаар сард тоглож, нийгэмд гэрэлт өнгийг нэмнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн тайлбарлав. Түүний найруулсан “Цөмөөхэй” балетын тасалбар хамгийн түрүүнд дуусдаг. Энэ эрэлтийг “Урлаг бол хүн төрөлхтнийг төгс төгөлдөрт илүү ойртуулж, өчигдөр байснаасаа нэг алхам ахиулах, мэдрэмжтэй байх, сайжрахыг шаарддаг. Нийгэмд гэрэл гэгээ цацруулж, сэтгэл зүрхийг дулаацуулж, хайр мэдрүүлж байдаг магадгүй бидний амьдрал дахь цорын ганц зүйл урлаг байх” гэсэн нь уран бүтээлчийн хариулт байлаа. 

 

“Сонгодог урлаг хаяанд бий”

 Д.Алтанхуяг бол Монгол Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театр, Япон улсын “Комаки”, “Асами Маки”, АНУ-ын “Бостон” балетын академи Италийн “Ла Скала” теат­руудад ажилласан балетын туршлагатай жүжигчин. Бас “Балетаар суралцаж байгаа л бол олон улсын театр, сургуулиу­дын сонгон шалгаруулалтад орол­цох хэрэгтэй” гэх зарчимтай уйгагүй уран бүтээлч. Тэрбээр олон нийтэд сонгодог бүжгийн урлагийг сурталчлах, сонгодог бүжгийн сургалт зохион байгуулах, залуу боловсон хүчин бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Монголын балетын хөгжил санг 2010 онд байгуулжээ. Сангийн зорилго бол Монгол Улсад балетын урлагийг хөгжүүлэх. Сонгодог урлагийг сурталчилах, үзэгчдийг татахын тулд юу хийх хэрэгтэй вэ. Монгол Улсад балетын урлагийг хөгжүүлэх, олон улсын чанартай фестиваль, тоглолт, тэмцээн уралдааныг эх орондоо зохион байгуулах зорилготой ажиллаж байна. Нийгэмд урлаг яагаад хэрэгтэйг ойлгуулах гэсэн бүтээлч зорилгынх нь илэрхийлэл бол “Цөмөөхэй” аж. Үнэхээр Цөмөөхэй ханхүү бол түүний уран бүтээлийн замнал дахь давтагдашгүй амжилт нь аж. Тэрбээр 2007 онд “Бостон” балетын “Цөмөөхэй” бүжгэн жүжигт арваннэгдүгээр сарын сүүлчээс эхлээд 51 удаа тоглож байжээ. “Зарим хүн сонгодог урлагийг мэдэхгүй, ойлгохгүй гэцгээдэг. Харин би яг хаяанд чинь байна гэж хэлдэг. Хэрвээ бид нийгэмдээ энэ урлагийг сайтар хөгжүүлж чадвал хэн ч Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзан дээр гарах боломжтой. 21 аймагт энэ урлагийг хүргэхийг хүсдэг. Энэ чиглэлээр хамтарч ажиллахад Монголын балетын хөгжил сан нээлттэй. 

Манай сан үйл ажиллагаа явуулаад 13 жил болжээ. Энэ хугацаанд 30 гаруй тоглолт арга хэмжээ зохион байгуулж, балетын хувцас хэрэгслийн стандарт бүхий төрөлжсөн дэлгүүр нээж, бүх насны хүнд балетын боловсролыг олгож таниулах Монголын балетын үндэсний сургуулийг үүсгэн байгуулсан” гэсэн юм. Түүний ажилладаг Бостоны балетын сургууль Хойд Америкт шилдэгт тооцогддог. Уг сургуулийн ололт амжилт, алдаа дутагдлыг судалсны дараа олон улсын түвшинд үнэлэг­дэхүйц балетын жүжигчдийг эх орондоо бэлтгэхийг зорьжээ. Монголын балетын үндэсний сургуулийг үүсгэн байгуулж жил бүр 200-300 хүүхдэд балетын урлагийг түгээж байна. Хүүхдүүд урлагаас гоо зүйн асар өндөр мэдрэмжийг олж авч байгаа учраас эх орныхоо ирээдүйг үргэлж гэрэл гэгээтэйгээр хардаг аж.


 Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №048/24579/  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Орчин үеийн хот төлөвлөгч Өчигдөр
Д.Амарбаясгалан: Засгийн газар малчдынхаа амьжиргааг дээшлүүлж, үнийн … Өчигдөр
​ Улаанбаатар хотын тодорхой байршилд олон түвшинт гүүр байгуулахад “… Өчигдөр
1085 автобусыг утасгүй интернэтээр тоноглоно Өчигдөр
ОХУ, БНХАУ-ын иж бүрэн түншлэл шинэ шатанд хүрлээ Өчигдөр
Японд стрептококкийн тархалт нэмэгджээ Өчигдөр
Бүтээн байгуулалт өрнөөн Баянзүрх Өчигдөр
Э.Бат-Амгалан: Баянзүрх дүүргийн МАН-ын хороо “Хошой шилдэг”-ээр шалга… Өчигдөр
Э.Халиун: Бяр чадлын хувьд эн тэнцүүхэн тамирчидтай тивийн дэвжээн дээ… Өчигдөр
Ш.Батбаяр: Үхрийн баас цэвэрлэж байхдаа “Би юу хийчих вэ” гэж бодож ба… Өчигдөр
Горилогчдын гороо дуусаж, Ерөнхийлөгч модоо тоолов Өчигдөр
Ж.Тана: Шинэчлэл, өөрчлөлтөд залуучуудын идэвхтэй оролцоо чухал үүрэгт… Өчигдөр
Улаанбаатарт 17 хэм дулаан байна Өчигдөр
Р.Булгамаа: Үр хүүхдээ үл хайхарч байгаа эцэг, эхчүүдэд хариуцлага яри… 2024/05/16
Морин хуурын увдислаг шинжийг судлан докторын зэрэг хамгаалжээ 2024/05/16
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн т… 2024/05/16
Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдлийн талаар мэдэ… 2024/05/16
“Азийн тэсвэртэй хотууд” төсөл Улаанбаатар хотод хэрэгжинэ 2024/05/16
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг баталлаа 2024/05/16
Улаанбаатарт 29 хэм дулаан байна 2024/05/16