Монголын соёл урлагийн салбарт болсон онцлох үйл явдлуудыг нэрлэж байна. Хэл, соёлоос үл хамааран сонсох, харах, мэдрэхүйн урлагаар дамжуулан даяаршсан ертөнцөд тод үзэгдэх тэдгээр сэтгэгч, уран бүтээлчдийн оюунаас ундарсан бүтээлийг дэлхийн олон улс оронд хүлээн авч, үзэж сонирхжээ.
Монголоос тодорсон дэлхийн дуучин
Монгол Улсын Ардын жүжигчин, дуурийн дуучин Э.Амартүвшинийг Италийн дуурь болон симфони хөгжмийн холбооноос зохион байгуулсан найм дахь удаагийн "International opera awards (The Lyric’s Oscars) арга хэмжээний "Шилдэг баритон” шагналын эзнээр тодрууллаа. Италид төвтэй “Oscarlirica” олон улсын дуурийн холбооны албан ёсны цахим хуудаст энэ тухай мэдээлсэн бөгөөд Э.Амартүвшин энэхүү шагналын эзнээр хоёр дахь удаагаа тодорч буй юм. Ардын жүжигчин, дэлхийн шилдэг баритон Э.Амартүвшин ирэх оны гуравдугаар сард эх орондоо ирж, УДБЭТ-ын тайзнаас Монголын үзэгчдэдээ дуу хоолойгоо өргөх болсон билээ.
“Тамгагүй төр” жүжгийн нээлт Лондонд болов
Монгол Улсын Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн бүтээл “Тамгагүй төр” жүжиг “Монгол хаан” нэртэйгээр Лондонд нээлтээ хийлээ. Вест Эндийн "Колесиум" театрт нээлтээ хийсэн уг жүжиг энэ сарын 2-ныг дуустал тавигдсан юм. Английн Лондон хотын 800 жилийн түүхтэй уламжлал болсон "Lord Mayor's" баярын парадад "Тамгагүй төр" буюу "The Mongol khan" жүжгийн жүжигчид оролцож Монгол Улсаа сурталчиллаа. "Тамгагүй төр" жүжгийг өнгөрсөн онд УДЭТ-ын тайзнаа 117 удаа тоглож, үзэгчдээс өндөр үнэлгээ авсан. Тухайн үед нийт 40 мянган хүн үзсэн болохыг уран бүтээлчид онцолж байсан бөгөөд энэ хугацаанд 4.2 тэрбум төгрөгийн орлого олжээ.
“Морин хуурын чуулга”-д “Чингис хаан” одон хүртээлээ
Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг энэ жил Монгол Улсын Морин хуурын чуулгад хүртээсэн билээ. Үүгээрээ тус байгууллага энэхүү одонг хүртсэн хоёр дахь байгууллага болсон юм. 1996 оноос хойш энэ цагийг хүртэл Морин хуурын чуулга Япон, БНХАУ, Буриадын бүгд найрамдах улс, ӨМӨЗО, Хойд Солонгос, БНСУ, Австри, Швейцар, Канад, Турк, АНУ, Франц, Макао, Герман, Итали, ОХУ, Вьетнам, Бельги, Португал, Казахстан зэрэг олон орны ард түмэнд монгол хүний түүх, ахуй амьдрал, соёл, сэтгэлгээний эгшгэн илэрхийлэл болсон хуурын аялгууг хүргэжээ. Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулга өнгөрсөн аравдугаар сард Францын Парис хотын Версалийн хааны дуурийн театрт “Монголын сайхан орон” тоглолтоо толилуулсан юм.
Дэлхийд шилдэг балетчидын нэг нь Ө.Мөнхжин
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тэргүүн гоцлооч Ө.Мөнхжин өдгөө АНУ-ын “Атланта” балетын компанид ажиллаж байна. 1929 онд байгуулагдсан, дэлхийд алдартай балетын компаниудын нэг “Атланта”-гийн шинэ уран бүтээлд манай улсын балетчин сонгогдон тайзнаа гарч байгаа юм. Ө.Мөнхжин АНУ-д болсон олон улсын USAIBC тэмцээнд амжилттай оролцож, шилдэг дөрвөн бүжигчний нэгээр шалгарч байв. Тэрбээр оны шилдэг уран бүтээлч шалгаруулах “Мөнгөн мод”-ыг 14 дэх жилдээ зохион байгуулахад шилдгээр нь тодорсон уран бүтээлч юм.
Дэлгэцийн бүтээлүүдээс “Трио”-г онцоллоо
Жүжигчин Д.Баттөмөрийн найруулсан "Трио" уран сайхны кино олон улсын наадмуудад амжилттай оролцож байна. Уг дэлгэцийн бүтээл Америк, Канад, Франц, Итали, Египет, Солонгос, Энэтхэг, Польш, Эстони, Тайланд, Монгол зэрэг дөрвөн тивийн 10 гаруй улсаас шагнал хүлээн аваад байна. "Трио" уран сайхны кино 2023 оны хоёрдугаар сарын 24-нд Монголд нээлтээ хийсэн. Монголын кино урлагийн түүхэнд дауны хам шинжтэй хүүхэд анх удаа кинонд тоглож, хүний эрх, хөгжлийн бэрхшээл, хүртээмжтэй нийгэм, байгаль эх, тогтвортой хөгжил, үндэсний өв уламжлал, нүүдлийн соёл, буддын шашин, үндэстний ижилсэл гэсэн сэдвийг энэ кинонд хөндсөн юм. “Мөнгөн мод” наадмын кино урлагийн шилдэг бүтээлээр тодорсон “Трио” уран сайхны киног Дэлхийн дауны хам шинжийн өдрөөр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 52 дугаар ээлжит чуулганы хүрээнд толилуулсан билээ.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №048/24579/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна