Бүрэнтөгс. Өвөг дээдэс маань хүний нэр бол хувь тавилан гэж ярьдаг. Үнэний ортой ч юм шиг санагдах үе олонтаа. “Дуган хад трэйвэл” ХХК-ийн захирал Л.Бүрэнтөгс аялал жуулчлал, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгч. Бусдын адил тэгээс эхлээд тэхий дунд нь хүртэл торохгүй өгсөж яваа хүчирхэг эмэгтэй. Энэ нийгэмд өөрөөрөө л танигдаж яваа өвөрмөц харизмтай нэгэн. Дэлгэцийн найруулагчийн мэргэжилтэй ч түүгээр дагнан ажиллаагүй, харин амьдралын авьяаслаг найруулагч болж төлөвшжээ. Жижигхэн кафе ажиллуулж хувийн карьераа эхэлсэн ч 20 орчим жил хамтлаг, дуучдыг тогтмол ажилтай, орлоготой байхад хувь нэмрээ оруулсныг түүний ярилцлагаас уншаарай. Аялал жуулчлал гэх амаргүй салбарт зүтгэхдээ байгаль орчноо хайрлан хамгаалж ирсэн түүх бол эл хамт олных. Монголын уулчдын үндэсний холбооны удирдах зөвлөлийн идэвхтэй гишүүн байж хоббигоо хөгжүүлэн, бусдад эрүүл амьдралын хэв маягийг үлгэрлэхдээ эдийн засаг, санхүү, сэтгэл санааны дэмжлэгийг ч харамгүй үзүүлсэн байдаг. Чухамдаа уулчдын гаргадаг амжилт, уулын спорт сонирхогчдын тоо өдрөөс өдөрт өсөж буй явдалд түүний өчүүхэн ч атугай нэмэр буй. Төр түүний урлаг соёл, аялал жуулчлалд оруулсан хувь нэмрийг үнэлж Үйлдвэр үйлчилгээний болон аялал жуулчлал хоёр салбарын тэргүүн, Төв аймгийн шилдэг татвар төлөгч түүнийг “Алтангадас” одонгоор шагнасан юм.
АЯЛАХ ХОББИ ӨВӨГ ДЭЭДСЭЭС НЬ УЛАМЖЛАГДСАН
-Таны бага насны амьдралаас яриагаа эхлэх үү. Фэйсбүүк хуудсандаа аавынхаа тухай дурссан нь их содон санагдсан?
-Бид эцэг эхээс есүүлээ, бужигнасан, дулаан гэр бүл байлаа. Бүл ихтэй учир ээж өдөр тутмын ажил амьдралаа зохицуулна. Аав тээврийн жолооч, цалин сайтай, биднийг юугаар ч дутаахгүй өсгөсөн. Олуулаа учраас үргэлж л хонь гаргаж, боорцог хийнэ. Нэг тийм унд устай айлууд байдаг даа. Аав ээж маань Ховд аймгийн Дарви сумын хүмүүс. 1951 онд гэрлээд хотод орж суурьшаад өнөр өтгөн айл болсон гэдэг. Аав Лханаажав 1924 онд төрсөн, үхэр жилтэй хүн байлаа. Хувь заяаны төөргөөр манай аав хүний нутагт мэндэлсэн тухайгаа ярьж байсан болохоор тэр талаар нь цухас дурдсан. Тухайн үед аавын маань тал боломжийн амжиргаатай, их олуулаа, удаан хугацааанд төлөвлөж байгаад мөргөл хийдэг байж. Одоогийнхоор бол гадаад руу аялахтай адил гэх үү дээ.
-Хаашаа аялдаг байсан бол?
-Утай гүмбэн рүү унаа хөсгөөр явж, мөргөл хийдэг байсан байгаа юм. Хагас жил орчим үргэлжилсэн урт удаан аяны замд аав минь ээжийгээ 50 орчим настайд мэндэлсэн айлын хэнз хүү юм билээ. Аавыг төрснөөс ганц хоёр жилийн дараа эцэг нь өнгөрсөн гэдэг. Бусад ах эгч нар нь сургуульд сураад, хоёр ч ах нь хийдэд суугаад хэлмэгдсэн гэсэн. Аав хэнз хүүхэд учир ганцаараа үлдээд олон жил болсон доо.
-1920 онд мөргөл хийх нь их дайчин хүмүүсийн шинж байж. Таны уул хаданд авирч, аялах дуртай нь өвөг дээдэстэй нь холбоотой ч юм бил үү?
-Бид нар харин тэгж хошигнодог юм. Ер нь гэр бүл, ах дүү нараараа нийлээд өвөлдөө нэг удаа гадагшаа явж, зундаа заавал ч үгүй аль нэг аймгийг үздэг. Надад очоогүй аймаг байхгүй.
-Иймд таныг уулчидтай хаа сайгүй явахыг гайхах хэрэггүй юм байна. Уулын спортыг хэдийнээс сонирхож эхлэв. Спортод бас тодорхой хэмжээний санхүүгийн боломжтой хүн оролцож байж багийн амжилтанд нөлөөлнө гэж үздэг. Энэ тал дээр таны нэмэр хандив бий юү?
-Уулын спортыг сонирхоод долоо дахь жилдээ орж байна. Хүмүүс хөдөлгөөн эрүүл мэндэд тустай гэдэг утгаар нь сонирхож байна шүү дээ. Энгийн нэг алхагч байснаа өндөр ууланд авирах хоббитой болсон. 4000 метрээс дээш, 5000 мянгаас дээш гээд олон удаагийн авиралтад оролцсон. Миний хувьд өөрт байгаа боломжоо өөрийн сонирхолдоо, ижил сонирхолтой хүмүүст зориулъя гэсэн сэтгэлээр ханддаг.
20 ЖИЛ РОК ПОПЫНХОНТОЙ ХАМТАРЧ АЖИЛЛАСАН
-Таны эзэмшсэн мэргэжил найруулагч. Гэхдээ бизнесийг сонгосон. Гараагаа хаанаас эхэлсэн бэ?
-Миний мэргэжил бол дэлгэцийн найруулагч. Соёлын коллежид сураад, дараа нь Радио телевизийн сургуулийг дэлгэцийн найруулагчаар төгссөн. Дараа жил нь хүүгээ төрүүлж, жижигхэн бизнес эхлүүлсэн. Анхны гараа гэвэл 120 мянгат дахь 20 хүний суудалтай жижиг кафе байлаа. Бараг дөрвөн жил кафе ажиллуулж, энэ бизнесийн тухай ойлголт мэдэгдэхүүнтэй болсон. Дараа нь 1999 оноос “Эргэн дурсахуй”-г ажиллуулж эхэлсэн. Хуучнаар Эрүүл мэндийн яамны дэргэд, маш том заалтай танхим байлаа. Ийм том заалыг яаж дүүргэнэ дээ гэж анх бодогдсон. Тухайн үед Night club гэдэг зүйл ховорт тооцогдоно. Хууль дүрэм нь чанга. Гэхдээ 00 цагаас хойш ажилладаггүй байсан. “Алтан үе” гэж болно доо. Эрэлт бол их. Төрсөн өдөр, бүх баяруудыг тэмдэглэдэг, барааны олдоц хүртэл ховор байлаа. Нээгдсэн цагаасаа энтертайментийг борлуулах нь бидний гол зорилго байсан. Барааны олдоц ховор, бөөний худалдаагаар тойрч тойрч виногоо олох жишээтэй. Импортын хэдхэн төрлийн пиво, вино юм л бол тасарчихна. Дотоодын задгай шар айраг үйлдвэрлэгдэж эхэлж байлаа. Алтанговь, Чингис, АПУ-н задгай пиво зах зээлд орж байсан үе л дээ. 2008 онд бууриа сэлгээд одоо 20 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.
-“Эргэн дурсахуй”-г нас тогтсон хүмүүсийн л очдог газар гэдэг юм билээ. Энэ нь таны зорилтот зах зээл байсан уу?
-Манай клуб бол насны хязгаар хэзээ ч заадагггүй. Зорилт гэвэл аль ч цаг үед хит байсан дурсамжийн дуутай клуб болгоё гэж бодсон. 90-ээд онд одооных шиг fм, интернет байсангүй. Хүн болгон хүссэн дуугаа сонсох боломж байгаагүй. Бид бараг хальс, кассетнаас хуулаад, хувилж байсан. Диско гэдэг өөрөө хэмнэл. Энэ хэмнэлийг бид өөрсдөө хадгалж үлдэхийг хүссэн. Европ, латин америк диско өөр өөрийн орон зайтай. Тэр зорилго маань ч биелсэн.
-Та аргагүй Соёлын хүн учраас үүнийг олж харсан байх л даа.
-Манайх анх үүсгэн байгуулагдсан цагаасаа "Өргөө", "Соёл-Эрдэнэ" хамтлагаас авахуулаад л бүх амьд хөгжимтэй хамтлаг, дуучдыг тоглуулсан. Одоо энэ тайзан дээр дуулаагүй рок попын од байхгүй. Хамгийн хэцүү нь Монголд олон хамтлаг байдаггүй юм аа. Нэг улирал болохоор зайлшгүй тоглолт солигдох шаардлагатай. Тиймд сонгодог хөгжмийн, үндэсний хамтлагтай ч хамтардаг. "Жонон" хамтлаг, жааз хамтлаг, үлээвэр хөгжим, цирк, бүжгийн хамтлагууд ч тоглуулна.
-Мэдээж хамтлаг, уран бүтээлчдийн зүгээс талархлын үг хэлдэг байх, байнгын тогтмол орлоготой байх нь манай нөхцөлд бэрх шүү дээ?
-25 гаруй уран бүтээлчид манайхаас тогтмол цалинждаг. Тоглоом шоглоомоор хэлэхэд би олон гавьяатыг цалинжуулдаг болчихлоо л доо. Эднийнхээ тоглолт болгонд чадах чинээгээрээ тусалдаг.
“ДУГАН ХАД”-НЫ АНХНЫ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭЭ БАЙНГА ЯРИХ ДУРТАЙ
-“Дуган хад” амралтын газар энэ жил шинэ бүтээн байгуулалт хийгээд маш сайхан тохижжээ.
-“Дуган хад” амралтын газрыг 2001 онд орон нутгийн өмчөөс худалдаж авсан. Хотоос гаднах аж ахуйнууд хувьчлагддаг байсан үе. Амралт сувиллын газрууд биш хүүхдийн зүслангууд, үхэр, гахайн фермүүд, тахианы аж ахуйнууд хувьчлагдсан. 10-аад жил ажиллагаагүй байсан жижиг аж ахуйнууд тоногдож, үгүй болсных нь дараа хувьчилж эхэлсэн нь том алдаа гэж боддог. Ингэснээрээ улс ч, худалдан авсан хүмүүс ч хохирсон. Зарим нь зарагдаагүй, балгас болоод дууссан. Хурдан хувьчилсан бол хэдэн тэрбумаар яригдах объектыг зөв ашиглаж, амархаан шийдэж болохоор юм шиг санагдсан. Бид бас л тоногдчихсон аж ахуй худалдаж авсан.
Худалдаж авах ганц хөшүүрэг нь тэр сайхан байгаль. Бид хөрөнгийг, тухайлбал байшин, зам, хашаа байшинг барьж байгуулж болно. Байгалийг цогцлооно гэж байхгүй л дээ. Ямар ч байсан энэ хогийг цэвэрлээд, тордохыг нь тордоод болох байх гэсэн үүднээс авсан.
-Сүүлийн үед нэлээн шинэчлэгдсэн гэхдээ өмнө ч гэсэн эко хоолтой, эко орчинтой гэдгээрээ хэрэглэгчдийн таашаалд их нийцэж байсан?
-Манайх айхавтар том компани биш тул анх бараг хогоо цэвэрлээд, тоногдсон байраа цэвэрлэж эхлэхэд мөнгө дуусаж байсан. 2003 он хүртэл хөрөнгө оруулж чадаагүй. 2003 онд харин “Броу Гоулд” компанитай хамтарч ажиллах гэрээ байгуулж, эхний хөрөнгө оруулалтынхаа ажлыг эхлүүлсэн. 2018 оны нэг, хоёрдугаар улиралд гурав дахь удаагийн хөрөнгө оруулалтаар манай амралтын газар бараг 80 хувь шинэчлэгдсэн. Хуучин амралтын байрнаас цөөхөн объект үлдсэн.
-Та бүхэн хөрөнгөө дуустал цэвэрлэсний хэрэг гарсан л байна даа?
-Анхны гэрээ хийсэн хүмүүсээ ярих их дуртай. Бид 2001-2003 он хүртэл ерөөсөө хогийг нь зайлуулаад, газраа эрүүлжүүлэх, нөхөн сэргээх, хашааг нь сэлбэж бүтэн болгох гээд ойр зуурын ажил хийсэн. Тэр үед хөрөнгө оруулах мөнгө үнэхээр байгаагүй. Цахилгаан, дулаан, цэвэр бохир усны асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэг мухардалд орчихсон явсан. 2003 онд бага хэмжээний мөнгөөр халаалт, цэвэр усны асуудлаа шийдээд, 50 хувийн хүчин чадлаар ажиллуулах боломжтой юм байна гэж үзэж сэргээн засаж эхэлсэн. Эхэлж зуны жижиг байшингуудынхаа терразыг нь модоор шинэчлээд, худаг гаргачихсан. Ийм үед “Броу Гоулд” компанитай боломжийн мөнгөний гэрээ хийж, автобус автобусаар манай уурхайчин залуучууд байрлаж эхэлсэн дээ. Тухайн үедээ 80 орчим хүн хүлээж авах чадалтай зуны жижиг байшинд, хоёр ээлжиндээ 150-160 уурхайчин хүлээн авч ажилласан. Өдөр, шөнийн ээлж давхцахгүй учир энэ нь бидэнд таатай боломж байлаа.
Уурхайн сахилга бат, хөдөлмөрийн аюулгүй байдал, дүрэм журам нь үнэхээр цэгцтэй юм билээ. Тийм учир бидэнд ямар ч хүндрэл байгаагүй. 21:00 цаг гэхэд уурхайчин залуус яг цагтаа унтаж амардаг. Өглөөний 5:00 цагт шууд босдог, 6:00 гэхэд цайгаа ууна, 6;30-д автобус нь хөдөлдөг. Тийм нарийн цагийн хуваарьтай уурхайчдын ажлын зохион байгуулалтыг хараад бид үнэхээр бахархаж байсан. Ингэж л ашиг орлоготой, байнгын үйл ажиллаагатай болсон доо. Уурхайчид байрлах зургаан сарын хугацаанд манайхан ч маш сайн зохион байгуулалттай ажилласан. Монгол эрчүүдийн дуртай хүнс, хоолыг байнга нийлүүлэхийн тулд бүтээгдэхүүнээ тасралтгүй татна. 24 цагт 150 уурхайчин ээлж солигдон байрлаж байлаа.
-Дуган хад эрүүл, эко хоолоороо алдартай. Үүнээс хүртэл тухайн бизнес эрхлэгчийн хандлага харагдах юм даа.
-Манайх хүнсэндээ өөрийн үхрийн аж ахуйн шинэ сүү, сүүн бүтээгдэхүүн болох ааруул, өрөм, цөцгий хэрэглэдэг. Мах бол гэрээт газруудаасаа татна. Арваннэгдүгээр сард борцны үйлдвэрлэл явагддаг. Уламжлалт технологиор борц хийдэг газар цөөн. Одоо бараг шарах шүүгээгээр хийгээд байгаа юм биш үү. Үхрийн нойтон махаар хоол хийх өөр, борцоор хоол хийх нэг өөр. Худалдаанд уламжлалт аргаар хийсэн борц гаргахгүй байгаад би их шүүмжлэлтэй ханддаг.
Мах хямдрах үед нь борцоо хийгээд тавдугаар сараас хэрэглэж эхэлдэг. Долоон сарын дараа бэлэн болдог бүтээгдэхүүн л дээ. Энэ нь хоолны нэр төрлийг олшруулах, махыг нөөцлөх нэг арга юм. Таана, хөмүүл, мангир бэлтгэнэ. Зэрлэг сонгино, чацаргана зэргийг хэрэглэдэг. Би говьд явж байгаад мангир хараад, энд хатаасан мангирын үйлдвэр байгуулж болохоор юм гэдэг санаа толгойд зурсхийсэн. Импортын бараа аюултай. Хадгалалтын горим алдагдаж байна. Хүмүүс шинэ хоол идэх дуртай учраас бид тэрийгээ л баримталдаг. Уламжлалт аргаар хийсэн хоолыг хүн бүхэн дуртай иддэг.
Үхэр аваад гаргахад гэдсийг нь яах вэ гэдэг асуудал тулгарна даа. Бид түүгээр нь бууз, хуушуур хийгээд менюндээ оруултал хүмүүсийн хамгийн дуртай хоол болсон. Одоо бол дотор махыг яах вэ гэдэг нь асуудал биш болсон. Энэ мэтчилэн хоёр хонь гаргасан ч бүх юмыг нь ашигладаг. Ямар хоол хамгийн сайн бэ гэвэл шинэ бүтээгдэхүүнээр хийсэн л бол тэр ангилалд багтана.
-Хотоос зайтай учраас бүтээгдэхүүнээ ойр хавиасаа татдаг уу?
-Манайх Борнуур сумын төвтэй ойр оршдог. Төмс, хүнс, нарийн ногоо бол бид нарын хамгийн давуу тал. Өнөөдөр тариаланчид л хамгийн хямд үнэ санал болгодог. Утсаар захиалахад цагийн дараа хүлэмждээ хураагаад бэлдчихдэг юм. Борнуур суманд ногоо тарьдаггүй айл ховор. Жилээс жилд ногооны нэр төрөл олширч байгаа нь олзуурхууштай. Хаш, хулуу, бууцай нь их амттай. Хүлэмжийн нарийн ногоо бол одоо тасарна л даа. Хар чавга, үзэмний шүүс, компот хийхийн зэрэгцээ луувантай янз бүрийн ногоотой нарийн боов, талх үйлдвэрлэдэг.
-Бүрнээ захирал бөөрөнхий хуушуурыг ч янзтай хийдэг шүү гэхийг сонссон. Та энэ бүхнийг хэзээ сурсан бэ?
-Олон жилийн дунджаар хэдэн юм хийж сурсан юм байна лээ. Хөдөө орон нутагт бол хэцүү л дээ. Гэнэт манай тогоочийн ар гэрт яаралтай ажил гарвал хэн нэг нь бэлэн байх шаардлагатай. Хүмүүс амттай хуушуур байна гэж магтдаг нь магадгүй би технологийн горимыг алдагдуулаад арай их орцтой хийчихдэг байж магадгүй. \инээв.сур\
КЕМПИЙН ХУВЬД АГААРААС БУСДАД НЬ МӨНГӨ ТӨЛДӨГ
-Хүний нөөцийн хувьд танайх хэр тогтвортой вэ?
-20 орчим хувь нь таваас дээш жил ажилласан хүмүүс бий. Чадвартай хүмүүстэйгээ урт хугацааны гэрээ хийдэг. Шинэ хүмүүс болохоор тодорхой хугацаагаар дадлагажих, хувь хүн талаасаа удирдлагуудад хүлээн зөвшөөрөгдөх тийм хугацаа хэрэгтэй байгааг ойлгодоггүй. Залуус өнөөдөр 10, 15 жилийн байрны лизингийн тухай яриад байдаг атлаа ажлаа хийгээд тэр хэмжээнд хүрэхээ ерөөсөө тооцоолохгүй байна. Тэр хүн менежер, үйлчлэгч байна уу яг адилхан шүү дээ. Үйлчилгээний байгууллагын үр өгөөж бол ойлгомжтой л доо. Овоо нэг зөөгчийн дөртэй болохоороо ажлаа солиод явчихдаг.
-Танайхан олуулаа. Эгч, дүү нар нь нэлээд дэм болдог шинжтэй дэг ээ?
-Эгч, дүү гурван гэр бүл аж ахуйн маань ажилд тусалж ирсэн нь тогтвортой үйл ажиллагаанд маань маш их тус нэмэр болсон.
-Ингээд харахад таны удирдах арга барилд найруулагч гэх үндсэн мэргэжлээс нь нөлөөлдөг хүчин зүйлс бий юү?
-Найруулагч гэдэг бол амьдрал судлаач л байдаг. Мэргэжлийн багш маань миний ажил үйлсийг хараад “Чи энэ ажил, амьдралыг жинхэнэ найруулж байна аа” гэж хэлсэн. Тэгэхээр миний сонссон номын дуу амьдралд нөлөөлсөн биз ээ. Тухайлбал, хэвшмэл байдалд би дургүй. Хүмүүсийг ер нь жаахан сонирхолтой, хэвшмэл биш амьдраасай гэж санагддаг ч ингэхэд тийм ч их мөнгө орохгүй гэдгийг мэддэггүй.
-Нийгмийн хариуцлагын хүрээнд компаниуд олон талт ажлыг зохион байгуулдаг. Танай хамт олны хувьд?
-Байгаль хамгаалах, спортыг дэмжих, хүмүүнлэгийн үйл хэрэгт оролцох гэх мэт нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн олон ажлыг жил бүр үйл ажиллагааныхаа нэг хэсэг болгодог.
-Татварын орчинд бизнес эрхлэгчид маань шүүмжлэлтэй хандаад эхэллээ.
-Татвар чинь хүнд шүү дээ. Эзэмшил газартаа өөрийн хөрөнгө оруулалт хийгээд үйл ажиллагаа явуулахад агаараас бусдад нь төлбөр төлж байгаа. Нөгөө үндсэн татвараас гадна газрын татвар, байгалийн нөөц ашигласан татвар, хөрсний, гүний ус ашигласны хураамж гээд бүх юманд хураамж төлдөг. Дээрээс нь барьсан байшинд нь татвар төлнө. Гайгүй боловч нэр төрөл нь олон учраас бас л явж өгнө дөө.
-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.
Н.Энхцэцэг
Эх сурвалж: Монголын үнэн сонин №048/24579/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна