Нүүж буй нүүдэлчин



Монголчуудыг ул мөрөө үл үлдээдэг хүмүүс гэж түүхийн сурвалж бичгүүдэд тэмдэглэсэн байдаг. Тал нутагтаа 800 мянган жилийг туулан өнөөг хүрэхдээ орд харш, хот балгад байтугай байршлаа ч үлдээгээгүй аж. Яг л хэзээ ч, хэн ч амьдарч байгаагүй мэт  байгалийг бидэнд үлдээсэн нь нүүдэлчин ахуйтай холбоотой. Монгол нүүдэлчдийн соёлыг олон улсад өртөөлж яваа Тогмидшийрэвийн Энхболд бол олон улсад нэр нь түгсэн цөөн монгол уран бүтээлчийн нэг юм. Өөрийн урласан монгол гэрээ үрээд Финланд, Голланд, Их Британи, Итали, Хятад, Өмнөд Солонгос, Австралид ахуй соёлоо сурталчилжээ.  Далайн эрэг дээр, явган хүний замаар, музейн гадаа эсвэл хурдны замын хажуухантай гэрээ бариад дотор нь ороод хэвтэнэ, элсэнд нүүрээ шигтгэн бачуурна, зулай дээрээ сүү асгана, тооноос уясан чулууг эргүүлж гарна. Түүний энэ үйлдлийг ялгарах гэсэн оролдлого мэтээр ойлговол гэнэн дүгнэлт болно. Уламжлалт соёл сэтгэлгээ, нүүдэлчин ахуйг орчин үеийн урлагтай сүлсэн, зөвхөн түүнд л хамаарах эл онцгой арга барил нь даяаршсан ертөнц дэх хүний дотоод орон зай, мөн хүрээлэн буй орчны харилцааны тухай асуудлыг дэвшүүлжээ. Өөрөөр хэлбэл,  түүнд л хамаарах онцгой эрэлхийлэл хийгээд илэрхийлэл нь энэ. Тэрбээр “Гэр бол монголчуудын хийсвэрлэлийн тухай ойлголттой холбоотой. Хэлбэр, архитектурын шийдэл нь байгальтай холбогдсон мэт мэдрэмжийг төрүүлдэг. Үл тасрах мөнхийн хөдөлгөөнд орших нүүдэлчдийн соёл бол хүн төрөлхтний байгальтай харилцах харилцаанд гүнзгий суурилсан. Үүнийг бусдад үлгэрлэн харуулах нь миний зорилго. Би гэрийн төв цэг, гал голомтыг сонгож перформанс үйлдэл хийдэг. Ер нь ямар ч газар, ямар ч орон зайд гэр конструкцаа ашиглах боломжтой. Гэхдээ гадаад орон зайд үйлдлээ хийхэд шууд агаар амьсгалах гэх мэтээр байгальтайгаа холбогдох нь илүү байдаг. Чулууг чатаганаас уядаг нь бидний уламжлалт бэлгэдэл зүй. Чагтага бол гэрийн тэнцвэрт байдалд асар их нөлөөтэй зүйл юм. Сүү нь өргөлийн шинж чанартай, ариун зүйл. Ус ч мөн адил, хүн гэдэг устай салшгүй холбоотой, мөн чанарын хувьд маш ариун. Хүн гэдэг устай салшгүй холбоотой. Ус, сүү хоёр бол миний илэрхийлэх гэсэн сэтгэлтэй холбогдож чадсан” хэмээв. Цаашлаад  нүүдэлчид хаана ч дасан зохицож, тэвчээрээ  барагдтал  тууштай байж чаддагийг харуулах мэт. 

 

Егөөдсөн, аминч, бачуу бүхнийг эсэргүүцэн зугтах тэмүүлэл

 

Түүнийг гэртэй инсталляц болон перформансаар нь урлаг сонирхогчид эчнээ танина. Тэрбээр  2019 онд Бусаны  фестиваль, Манчестерийн үзэсгэлэн, Ази Номхон далайн ес дэх триенналь, 2018 онд Иньчуанийн хоёр дахь биенналь, 2015 онд Венецийн урлагийн 56 дахь биенналь, 2011 оны Шанхайн олон улсын урлагийн биенналь зэрэг олон улсын үзэсгэлэнд оролцжээ. Т.Энхболд уран бүтээлийнхээ талаар “Дүрслэл, чимээ болон үнэрээр дамжуулан оюун санааны эргэцүүллийг бий болгохыг хичээдэг. Миний төслийн гол зорилго нь янз бүрийн газруудтай холбоо тогтоон, өөрийн гараар барьсан гэртэйгээ аялан, нүүдэлчний соёлыг танилцуулахад оршиж буй юм. Хүний амьдрах сууц, байгууламжийн тухай ойлголт нь харилцаа, орон зай, үйлдлийн хязгаарлалтуудын тухай эргэцүүлэлтэй холбоотой” хэмээн тайлбарладаг. Түүний гэр инсталляц уламжлалт болон орчин үеийн монгол ахуйтай нягт уялдаатай. Нүүдэлчдийг илэрхийлэх гэр хөл хөдөлгөөнтэй том хотод  өртөг багатай амьдрах цомхон сууц. Тухайлбал, Австралийн Брисбань хотноо болдог Ази Номхон далайн триенналийн нээлтийн үеэр  хийсэн үйлдлийг урлаг судлаачид онцолж байлаа. Хятадын баруун хойд зүгийн Иньчуань хот гол мөрөн хийгээд элсэн цөлийн дунд оршдог. Хамгийн олон үндэстэн ястан амьдардаг, хоёр сая хүн амтай эл хотод 15 мянган м.кв талбай бүхий контемпорари урлагийн музейг хэдхэн жилийн өмнө байгуулж 2016 оноос эхлэн олон улсын биенналь зохион байгуулж эхэлжээ. Иньчуанийн уг биенналийг хэтдээ Азидаа чансаагаараа тэргүүлэх урлагийн наадам болно гэж үздэг. Монгол гэрт буй хүний тухай үйлээр дамжуулан тэрбээр орон зай, нүүдлийн тухай асуултыг үүсгэдэг. Т.Энхболд уламжлалт амьдралын хэв маягийн хүн байгалийн шүтэлцээний хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг болох монгол гэрээр дамжуулан орчин үед тулгамдсан асуудлуудыг хөнддөг. Нүүдэлчдийн амьдралын хэв маяг байгалиас бүрэн хамааралтай, нарийн зохицсон билээ. Энэ нь эргээд асар уудам орон зайд амьдрах, зорчих эрх чөлөөг олгодог. Гэвч бид хавтгай болсон, орон зай улам хумигдан, давчуу, шахагдмал орчинд амьдарч байна. Үүнийг егөөдсөн, аминч, бачуу бүхнийг эсэргүүцсэн, тэндээс зугтах гэсэн тэмүүлэл түүний ажлуудаас мэдрэгддэг юм. Перформанс үйлдэл нь түүний гаргасан үзэл сэтгэлгээний бичиглэл аж. Ингэхдээ хүн, байгаль, экологийн тэнцвэрийг онцолжээ. “Бид амьдрахын тулд байгалиас бүх баялгаа авч байгаа. Гэвч бид байгальдаа ямар байдалтай, ямар араншинтай, яаж хандаж амьдралынхаа цаг хугацааг өнгөрүүлж байна вэ. Хүмүүсийн төвлөрөл, нэг ёсондоо суурьшил нь хязгаарлагдмал байдлыг үүсгэж, хурдацтай өөрчлөлтүүдтэй нүүр тулсан.  Энэ нь тэнцвэр буюу баланс гэх асуудлыг хөндөх шалтгаан болсон. Тиймээс би перформансаараа тухайн хязгаараас гарах тухай, дотогшоо байдаг сэтгэлийн тухай өгүүлэхийг хүссэн. Яг үнэндээ би ч бас өөрөө гэмтэй, маш олон үйлдлийн давтамжтайгаар энэ хязгаарлагдмал орон зайг туулаад ирсэн тул надад ч мөн цэвэрших шалтгаан бий. Нэгэнт л би энэ газар хөрстэй холбоотой байж өссөн орчин минь гэр учраас дотоод зохицол, шалтгаануудыг би мэддэг. Тиймээс энэ архитекторыг сонгож гайхалтай орон зайг нь харуулахыг хүссэн. Өнөөдөр бид жинхэнэ Монгол ахуйтай гэр гэдэг ойлголтоос салж, суурьшмал амьдралд ороод 10-20 жил болсон гэж үзвэл хэв загварын өөрчлөлтөд нэлээдгүй орсон байна. Хэдийгээр суурьшмал амьдралд шилжиж байгаа ч бид үнэ цэнтэй гэсэн зүйлсээ хадгалж үлдэхийн тулд урлагийг ашиглаж байна. Гайхалтай орон зайд дотор өөр нэгэн гайхалтай орон зайг суулгаж өгсөн гэж хэлж болно” гэж перформансаа тайлбарлана. 

 

“Олборлолт” үйлдэл галбиршил 

 

Уран зураг, үйл хөдлөлийн урлаг, инсталляц зэрэг олон чиглэлээр бүтээлээ туурвидаг Т.Энхболд бие даасан үзэсгэлэнгээ шинэ оны эхэнд монголчууддаа толилуулахаар зэхжээ. Уран бүтээлчийн орон зайн тухай, нүүдэлчин соёлын ирээдүйд хадгалан хамгаалахын чухлыг тодотгосон энэхүү үзэсгэлэн нь Т.Энхболдын арав гаруй жилийн туршид гаргаж буй цуврал үзэсгэлэнгийн тав дахь нь юм. Угаас түүний уран бүтээл өвөрмөц хэв маяг хүн байгаль хоёрын нарийн холбоог үйлдлийн болон абстракт угсармал уран зургийн хэллэгтэй. Энэ удаад шинэ санаа арга техникийг хэрхэн хослуулснаа “Олборлолт 2024” үзэсгэлэнгээрээ харуулахыг зорьжээ. Куратор Ж.Ариунаа “Хүн амьтан байгальтай тасаршгүй холбоотой болох хорвоогийн жамыг бидний үеийн үед үлдээх эд зүйлс, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлдэж хийсэн хэргийн ул мөрүүд өөрийн өвөрмөц түүхээр өгүүлнэ. Байгалийн жам, хүмүүний гар урлал, үйлдвэр боловсруулалтын үйл явцад аливаа материалын шинж чанар урвалд орж эцэст нь бодитой чанараас хийсвэр чанар руу хувиран өөрчлөгдөхөд бүтээх, сүйтгэх хүчний шилжүүлэгч хүчин зүйл нь хүн төрөлхтөн өөрөө мөн үү. Хэрэглээд хаях хандлагатай орчин цагийн нийгэмд байгальтай харьцах өв соёл, ёс заншлыг хойч үедээ хүн өөрөө дамжуулан хүргэх нь олборлолтын зогсолтгүй эргэх хүрдийн зайлшгүй нэгэн хэсэг болов уу” гэж энэ удаагийн үзэсгэлэнг тодорхойлжээ.



Х.ЗАЯА

Эх сурвалж: Монголын үнэн сонин №001/24580/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 12 цагийн өмнө
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 20 цагийн өмнө
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… Өчигдөр
Шатар бол цахим спорт Өчигдөр
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… Өчигдөр
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… Өчигдөр
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… Өчигдөр
Товчхон Өчигдөр
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна Өчигдөр
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… Өчигдөр
​ Нүүр тахлах ганц музей Өчигдөр
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… Өчигдөр
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” Өчигдөр
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг Өчигдөр
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг Өчигдөр
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна Өчигдөр
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... Өчигдөр
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ Өчигдөр