Ц.Баясгалан: Моно жүжгийг хүсэл эрмэлзлээр дүүрэн, тууштай хүн л барьж авдаг


Монголын драмын урлагийн тайзнаас олон арван дүрээрээ үзэгчидтэйгээ мэндэлсэн эрхэм уран бүтээлчдийн нэг Монгол Улсын Гавьяат жүжигчин Ц.Баясгалантай ярилцсанаа хүргэе. Ганц хүний жүжгийг Монголд хөгжүүлэх ажлыг уйгагүй хийж яваа тэрбээр өнгөрсөн хугацаанд дэлхийн 20 орчим орны тайзанд гарч, Монголын сонгодог урлагийг сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулсаар яваа нийтэд зарлаагүй соёлын элч юм.

 

-Байгаль дэлхий “цагаан дээл”-ээрээ гангарч, гурван есийн жавар тачигнасан ийм нэгэн үед бид ярилцаж байна. Хүн бүрийн өвөл өөр өөрийн түүхтэй байдаг. Танд өвөл ямар дурсамжийг агуулдаг вэ?

-Би Увс аймгийн Улаангом хотын арван жилийн сургуулийг төгссөн. Увс нуур Улаангом хоттой их ойрхон. Өвөл болохоор нуур манантай байдаг учраас тэндхийн хүүхдүүд ороолт малгайнаасаа огт салдаггүй. Ороолтоороо амаа дөнгөж хаан нүд харагдах төдий л сормуус цантдаг тийм өвөл ой тойнд минь тодхон үлджээ. Миний багад харсан шиг цастай, манантай, дун цагаан өвлийг би сүүлийн жилүүдэд хараагүй. Магадгүй газар нутгийн байдал, улирлын онцлогоос төрсөн нутагт маань тийм байгалийн өнгө, араншинг харуулсан өвөл болдог юм болов уу. 

-Шинэ оны эхэнд дүгнэж цэгнэсэн бас хийхээр байгаа ажлаа төлөвлөчихөөд явна уу?

-Тийм ээ. Энэ жил хийхээр төлөвлөж байгаа хэд хэдэн ажил бий. Улсын драмын эрдмийн театрынхан маань 2024 онд гаднын улс орнууд руу жүжигчдээ явуулж тоглуулах төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ гадагшаа явж тоглох жүжигчдийн бүрэлдэхүүнд намайг багтаасан эсэхийг би сайн мэдэхгүй юм. Миний хувьд моно жүжгийн төвийн тэргүүн учраас энэ төвийнхөө хүрээнд нэлээд хэдэн ажил хийхээр төлөвлөөд байна. “Ялагчдын цуваа” олон улсын фестивалиа ирэх есдүгээр сарын эхээр зохион байгуулна. Энэ жил манай Моно жүжгийн төв байгуулагдсаны 10 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбоотойгоор Моно жүжгийн төвд хамрагддаг жүжигчидтэйгээ гаднын хэд хэдэн фестивальд оролцохоор төлөвлөсөн. Жүжигчдийнхээ заримыг нь уралдаант фестивальд оролцуулна. Үүний зэрэгцээ туршлага солилцох боломжтой олон улсын наадмуудад ч уран бүтээлчдээ хамруулах бодолтой явна. Ирэх гуравдугаар сард “Монгол эмэгтэй” төслийн хүрээнд Моно жүжгүүдээ эмэгтэй уран бүтээлчидтэйгээ хамтран хийнэ. Долоо хоногийн хугацаанд үргэлжлэх уг төслийг Соёлын яамнаас дэмжинэ гэдэгт бид итгэлтэй байна. Энэ төсөлд нийслэлийн уран бүтээлчдээс гадна хөдөө орон нутгийн жүжгүүдийг оролцуулна. Ингээд эмэгтэй уран бүтээлчид өдөрт хоёр жүжиг тавих төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Мөн ирэх гуравдугаар сард орон нутгийн эмэгтэй жүжигчдэд Моно жүжгийн төвөөс сургалт явуулахаар төлөвлөж байгааг энэ ташрамд дуулгая.

-“Ялагчдын цуваа” олон улсын наадам Монголын ганц хүний жүжгийн төрлийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Та тун зоригтой юм, энэ их ажлыг ганцаараа олон жил хийж байна шүү дээ?

-Монголын моно жүжгийн төв байгуулагдсанаас хойш найз нөхөд маань их дэмжлэг үзүүлсэн. Дэмжин ажилладаг компаниуд ч байдаг. Тухайлбал, олон улсын фестивалийн ширэн дээр урласан талархал өргөмжлөлийг “Мон тулга” компани жил бүр хийж өгдөг. Энэ мэт олон хүний дэмжлэгтэйгээр бид олон улсын наадмаа зохион байгуулаад 10 жил болсон байна. Моно жүжиг айхавтар их зардал шаарддаггүй. Зөвхөн ганц хүн тайзан дээр тоглоод явчихдаг болохоор хөдөө орон нутагт хөгжүүлэх боломжтой. Сонгодог урлагийн энэ төрлөөр жүжиг бэлтгэдэг олон жүжигчин байх тусам илүү хөгжинө. Тиймээс “Гамлет”, “Ромео Жульетта” жүжигт дүр бүтээхийг мөрөөдөөд суух бус өөртөө хөрөнгө оруулалт хийж ганц хүний жүжгийг бэлтгэснээр уран бүтээлчид маань хаана ч хүрч тоглож чадна.

Моно жүжиг манайх шиг хүн ам цөөн, нүүдэлчин ард түмэнд илүү таарч тохирсон төрөл. Тиймээс төр, засгаас дэмжээд өгвөл Улаанбаатараас алслагдсан хаана ч иргэд ганц хүний сонгодог бүтээлийг үзэх боломжтой юм. Одоо Моно жүжгийн төв олон гишүүнтэй болсон. Бидний зохион байгуулж байгаа ажилд орон нутгийн жүжигчид идэвхтэй оролцож байна. Тиймээс эхэлж байсантай харьцуулахад одоо би ганцаардахааргүй болсон. Фестивалиа олон жүжигчинтэй хамтран хийх боломжтой болсон учраас сэтгэл өег байна. Дээр нь МҮОНРТ-ээс биднийг дэмжиж асуудлыг шийдвэрлэхэд тусалсан болохоор надад үнэхээр сайхан байна. Бидний хамтын ажиллагаа цаашид үргэлжилнэ.  Удахгүй Моно жүжгийн олон улсын уралдаан үндэсний олон нийтийн телевизээр гарна. Үүний үр дүнд олон нийт Моно жүжиг гэж юу байдгийг мэдэж, бидний уран бүтээлүүдийг шимтэн үзнэ гэдэгт итгэлтэй байна.

Бид өнгөрсөн жил фестивалиа Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрынхантай хамтарч өндөр хэмжээнд зохион байгуулсан. Фестивалийг зөвхөн Улаанбаатарт хийх бус орон нутгийн театруудад зохион байгуулах боломжтойг ойлгосон. Тиймээс жүжигчдийнхээ зардлыг гаргаж чадвал орон нутгийн театруудад фестивалиа зохион байгуулах бодолтой байна.

-Нэг ажигласан зүйл нь та хясаан дотор нуугдсан сувднуудыг олж гарган ирж байна. Орон нутгийн театруудад ур чадвар, авьяасын ямар их уурхай байгааг биеэр харуулж байна. Хамгийн сүүлд гэхэд та Өмнөговь аймгаас жүжигчин Б.Ариунтуяаг гаргаж ирлээ?

-Авьяастай хүмүүс ганцхан Драмын театрт байдаг юм биш. Орон нутгийн театруудад ч бий. Моно жүжиг тавихад зарцуулах тамир тэнхээ, ур чадвар, туршлага жүжигчин

бүрд байна гэдэг юу л бол.  Гэтэл хөдөө орон нутагт өөрийн гэсэн туршлагатай, авьяастай хүн олон байна. Моно жүжгийг хийхэд сэтгэл зүрх хэрэгтэй. Хийе гэсэн хүсэл эрмэлзлээр дүүрэн байх нь хамгийн чухал. Тийм болохоор тууштай зүтгэдэг, Моно жүжгийн төрөлд ажиллах сонирхолтой уран бүтээлч л барьж авсан жүжгийнхээ ард гардаг.

-Та орон нутгийн театруудад хийж байгаа сургалтуудаа үргэлжлүүлэх үү. Эсвэл хувийн уран бүтээлээ эхлүүлэхээр зэхэж байна уу?

 -Сургалтаа үргэлжлүүлнэ. Цаашид моно жүжгийг барьж авч ажилладаг олон уран бүтээлчтэй болоосой гэж хүсэж байна. Тухайлбал, Б.Ариунтуяа бол 2022 онд Өмнөговьд очиж хийсэн сургалтаас гарч ирсэн жүжигчин. Тэр олон жил бүжигчнээр ажилласан, их мэдрэмжтэй. Түүний сонгосон Моно жүжиг нь ч их гоё. Насан туршдаа, хаана ч, аль ч улсад тоглоход нүүр бардам, хэний ч өмнө тоглож болох гайхалтай бүтээл болж чадсан. Б.Ариунтуяагаас гадна Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын жүжигчин Ч.Дунгаамаа гэж их авьяастай охин байдаг. Бас Дорнод аймгийн Т.Халиунсор гэдэг нэртэй жүжигчин бий. Тэд орон нутгаас түүчээлэн гарч ирж байгаа ажил хэрэгч, зорьсон зүйлдээ тууштай зүтгэдэг. Би тэдэн шиг жүжигчин олон байгаа гэдэгт итгэлтэй байна. Ирэх гуравдугаар сард болох тоглолтод  олон аймгаас авьяаслаг уран бүтээлчид хүрэлцэн ирж гайхалтай тоглолтуудыг үзүүлэх болно. Аймаг аймгийн эмэгтэй жүжигчдэд сургалтаа түлхүү зориулна. Мэдээж эрэгтэй уран бүтээлчид ч гэсэн хамрагдаж болох ч энэ удаагийн сургалтдаа эмэгтэйчүүдийг түлхүү хамруулах юм. Би орон нутагт амьдран суугаа хот айл хүртэл моно жүжгийг үзэхээр хүсэн хүлээдэг байгаасай гэж хүсэж мөрөөддөг. Энэ мөрөөдлөө биелэхэд их ойрхон байгаа гэдэгт итгэлтэй явдаг.    

-Жүжигчин Б.Ариунтуяа та хоёр Испани улсад ганц хүний жүжгээ толилуулаад ирсэн. Хүлээлтийг давсан тоглолт болсон уу?

-Бид “Бүсгүйчүүд ярьж байна” гэдэг найман орны эмэгтэйчүүд оролцсон наадамд оролцсон. Эмэгтэйчүүдийн эрх, тэдэнд тохиолддог асуудлын тухай уран бүтээлээрээ дуу хоолойгоо хүргээд ирлээ. Б.Ариунтуяагийн жүжиг сайн байсан учраас тоглолтын дараа уулзах хүсэлтэй хүмүүс олон учир ярилцах цагийн хуваарь гаргасан. Ингэж үзэгчид түүнтэй маш халуун яриа өрнүүлж байв. Б.Ариунтуяа Испанид олон фэнтэй болсон бөгөөд ирэх жил дахин зочлохыг урьсан. Тийм болохоор Б.Ариунтуяагийн үзүүлбэр Монголд төдийгүй хаана ч очиж тоглосон хүлээлтээс давсан жүжиг болж чадсан гэж бодож байна.

-Өнгөрсөн 30 орчим жилийн хугацаанд та Драмын театрын тайзан дээр “амьдарлаа”. Одоо өөр зүйлд хүчээ сориод үзье гэж бодох юм уу?

-Театр бол миний 30 жил ажиллаж байгаа талбар. Би гарцаагүй театртаа хайртай. Гэхдээ хүн л юм хойно өөр ажил сонирхох үе байна. Түүнийг цаг хугацаа л харуулна даа.  


Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №001/24580/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 1 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 1 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 2 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 2 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 2 цагийн өмнө
SDY Calling you... 2 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 2 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 2 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 2 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 3 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22