Монголын охидын зөвлөлийн ахлах зөвлөх Б.Ану-Үжинтэй ярилцлаа. Байгуулагдаад удаагүй ч энэхүү ашгийн бус байгууллага охидын дуу хоолой болж, тэднийг нэгтгэхийн зэрэгцээ цөөнгүй ажлын ард гараад амжжээ.
-Нийгэм, олон нийтэд охидын дуу хоолойг хүргэх зорилгоор нэгдсэн залуус Монголын охидын зөвлөлийг байгуулснаас хойш сайн дурын нэлээд хэдэн ажлын ард гарчээ. Энэ зөвлөлийн үндэс суурь хаана, хэзээ тавигдсан юм бэ?
-Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 2.7.3.1-д “Залуучуудын хөгжлийн төвийг байгуулан, өсвөр үе залуучуудыг сөрөг зан үйл, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, хувь хүний хөгжлийг дэмжих, амьдрах ухааны чадвар эзэмшүүлэх ажлыг шат дараатай зохион байгуулах”, 2.7.3.2-т “Зорилтот бүлгийн залуучуудын амьдралын чанарыг сайжруулах, нийгэмшүүлэх хөгжлийг дэмжих, арга хэмжээг авч хэрэгжүүлэх” зэрэг заалтыг үндэслэн охидын зөвлөл 2022 онд байгуулагдсан. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 9-11 дүгээр ангийн сурагч охидын дуу хоолойг иргэний нийгэмд хүргэх, жендэрийн мэдрэмжтэй залуу үеийг бэлтгэх, нийгэмд үзэл бодлоо зөвөөр илэрхийлэх, өсвөр насны охидод тулгамдаж буй асуудлыг илрүүлэн, шийдвэр гаргах түвшинд танилцуулах, охидын идэвх оролцоог нэмэгдүүлэх нь охидын зөвлөлийн зорилго юм.
-Монголын охидын зөвлөлд хүссэн хэн бүхэн элсэх боломжтой юу. Эсвэл тодорхой шаардлага хангаж та бүхний нэг болох уу?
-Охидын зөвлөл бол хүүхдийн өөрөө удирдах байгууллага учир ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийн бүх эмэгтэй сурагч элсэх боломжтой. Одоогоор нийслэлийн хэмжээнд 90 гаруй сургуульд 2000 гаруй гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
-Гишүүдийн насны хувьд харилцан адилгүй ч зохион байгуулж байгаа ажлыг харахад нийгмийн олон салбарыг хамруулжээ. Тэр дундаа ерөнхий боловсролын сургуулийн сурагчид танай зөвлөлөөс зохион байгуулж байгаа ажилд идэвхтэй оролцохыг хараад бахархах сэтгэл төрлөө?
-Аав ээж, багш нараасаа “Ийм зүйлд оролцоорой” гэж хэлүүлэх биш үеийн найзуудаасаа мэдээлэл авч олон нийтийн ажилд хамрагдаж байгаа учраас хүүхдүүдэд их ойр дотно санагддаг байх. Gen Z болон Alpha үеийнхэнд найз нөхөд болон үеийнхэн нь их нөлөөлдөг.
Нөгөө талаасаа зохион байгуулж байгаа арга хэмжээнүүдээсээ хүүхдүүд өөрсдөө суралцан хөгжиж, мэдэхгүй зүйлээ мэдэж нэг нэгэндээ хэлснээр зөвлөлийн үйл ажиллагаанд оролцох хүүхэд нэмэгдэж байна.
-Хамгийн сүүлд та бүхэн өвлийн өвөөгөөс бэлэг авахыг хүсэж байгаа зорилтот бүлгийн хүүхдүүдэд сэтгэлийн бэлгүүдээ гардуулжээ. Харин энэ жил ямар төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зорьж байна вэ?
-Жил бүр тодорхой нэг чиглэлийн хүрээнд сайн дурын үйл ажиллагаанууд зохион байгуулахыг зорьдог. Хүүхдүүд их хэрсүү болж байна. Өвлийн өвөөгөөс өөрсдөө бэлэг авахаасаа илүүгээр надаас боломжгүй олон хүүхэд байгаа, тэр хүүхдүүдэд бэлэг өгмөөр байна гэж хэлсэн. Бас хийж хэрэгжүүлж буй сайн дурын үйл ажиллагаанаас хүүхдүүд маань бид л боломжийн амьдраад, сурч хөгжөөд нийгэм хэцүү нөхцөлд байвал улс эх орон хөгжихгүй гэх мэт маш их зүйл ойлгож мэдэж авдаг. Энэ жилийн хувьд зөвлөлийн охидоо чадавхжуулах, сурч хөгжихөөр зорьж байгаа чиглэлээр нь сургалтад хамруулах бодлого барьж байна.
-Зарим хүн нийгэмд тустай, сайн дурын ажил хийснээ “Би ийм ажил хийлээ. Энэ бол миний санаачилсан зүйл” гэж тодотгож байгаа харагддаг. Харин танай зөвлөлийнхөнд тийм зан байдаггүй бололтой. Эсвэл энэ нь охидын зөвлөлийн дүрэмтэй холбоотой юу?
-Хийж хэрэгжүүлсэн ажлаа гадагшаа мэдээлж болохгүй гэсэн дүрэм байхгүй ч нийгэмдээ бид дор дороо хичээвэл улс эх орон минь илүү сайхан болно гэдэгт итгэдэг. Байгуулагдаад удаагүй ч бид сайн дурын 20 гаруй үйл ажиллагааг зохион байгуулжээ. Мөн охидын эрхийг хамгаалахад чиглэсэн сургалт хөтөлбөрүүдийг зохион байгуулсан. Охид маань бидний ирээдүй. Ирээдүйн охидоо би хүнлэг, энэрэнгүй, эрхээ мэддэг, шаарддаг, хэн нэгнийг ялгаварлан гадуурхдаггүй бас хамтдаа нэг нэгэндээ тус болж хүмүүжээсэй гэж хүсдэг, тийм ч учраас зөвлөөд явдаг. Манай зөвлөлийн охид мундаг. Би эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэдээ “Та нар маань мундаг сайн охин өсгөж хүмүүжүүлж байгаа шүү” гэж хэлэхийг хүсдэг. Охидын зөвлөлийн гишүүдийнхээ эцэг эх асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэдээ энэ ташрамд “Маш их баярлалаа” .
-Ярилцлагаа таны Дэвшилтэт социал демократ клубтэй хэрхэн холбогдсоноор үргэлжлүүлье. Чухам юу нь таны бодол санааг татаж ийм сонголт хийхэд нөлөөлсөн бэ?
-Хүн төрөлхтөн байгаль орчны олон даваа, нугачаа, бэрхшээлийг хамтран амьдрах замаар даван туулсаар ирсэн нь социал демократ үзэл баримтлалтай адил. Хүн өөрийнхөө л амьдралыг авч явах нь хангалттай биш, харин бусдын сайн сайхан нь миний сайн сайхан байдлыг ч бий болгоно гэдэгт социал демократууд итгэдэг. Бидний цогцлоон бий болгохыг хүсдэг нийгэм, тухайлбал, үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоос үл хамааран хүн нэг бүр хөгжин дэвшиж, мөр мөрөө түшилцэж, урагшилж ахиж байх нь Монгол Улсын Үндсэн хуульд ч, социал демократ үнэт зүйл болох эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдэлтэй ч нийцдэг. Тийм учраас Дэвшилтэт социал демократ клубийг 2022 онд байгуулалцсан. Гэхдээ клуб болон Монголын охидын зөвлөл ТББ нь хоёр өөр байгууллага.
-Бид шинэ оны эхэнд ярилцаж байна. Тиймээс таны ирэх жилийн төлөвлөгөөг сонсъё?
-Охидын зөвлөлийн охидтойгоо боломж олдвол ярилцахыг хичээдэг. Ямар асуудал тулгамдаж байна, юу болохгүй байна, эрх нь хаана зөрчигдөж байна. Цаашлаад үе тэнгийн дээрэлхэлт, шохоорхлын талаар хүртэл ярилцана. Охид маань надтай ярилцах их дуртай. Заримдаа чат бичнэ, залгана. Бүгдэд нь зөв зөвлөгөө өгөхийг хичээдэг. Учир нь, охидод тулгамдаж буй асуудал намайг жоохон байхад ч тулгардаг байсан.
Оны сүүлд бид хэлэлцээд хүүхдийн эрх хаана зөрчигддөг вэ сэдвийн хүрээнд нэвтрүүлэгт ортол үнэхээр санаанд оромгүй олон зүйлийн талаар ярьсан. Тэр үед охидынхоо ярьсан хэд хэдэн асуудлыг энэ жилдээ шийдвэрлэх түвшинд хүргэнэ гэсэн зорилго төлөвлөгөөтэй байна. Мөн хөдөө, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудад бас салбараа байгуулах хүсэл бий. Хичээвэл зорьсон зүйлдээ хүрнэ гэдэгт итгэлтэй байна.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №001/24580/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна