-Багшийн жендерийн хэвшмэл ойлголт сурагчдын мэргэжил сонголтод нөлөөлж байна-
Г.Нямсүрэн
“Хөөрхөн Зүрх” ТББ эмэгтэйчүүдийн эдийн засгийг нэмэгдүүлэхэд мэргэжил сонголт хэрхэн нөлөөлж буй талаар “Сурагчдын мэргэжил сонголтод жендэрийн хэвшмэл ойлголт нөлөөлөх нь” хэмээх чанарын судалгааг хийжээ. Судалгаа нь өнгөрсөн оны 7-11 сарын хооронд үргэлжилсэн байна. Тус судалгааг Канадын гадаад хэргийн яамны дэмжлэгтэй Азийн сангийн хэрэгжүүлж буй “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд хийсэн байна. Бид “Хөөрхөн зүрх” ТББ-ын төслийн ажилтан Х.Эгшиглэнгээс судалгааны талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Судалгаанд хэчнээн сурагчид хамрагдсан бэ?
-Бид нийт 68 сурагчаас судалгаа авсан. Мөн сурагчдын асран хамгаалагч багш нараас асуулга авсан. Судалгааг Улаанбаатар хот Говь-алтай аймгийн төвийн болон хотын захын алслагдсан сумдын сургуулийн сурагчдыг хамруулсан. Судалгааны үр дүнгээр богино хугацааны нөлөөлийн ажил хийсэн. Бид судалгаа хийгээд орхиогүй. Судлагааны үр дүнгээ танилцуулахолон талын санал зөвлөмжийг авах зорилгоор иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллага, болон төрийн байгууллагын төлөөлөл, боловсролын байгууллагуудад танилцуулсан. Түүнчлэн бид 20 цуврал постер, 2 богино видео хийж цахим хуудсаараа дамжуулан 300 гаруй мянган иргэнд хүрч чадсан байна. Судалгаа нь үндэсний хэмжээнд төлөөлөхүйц биш ч нөхцөл байдал ямар байгааг ерөнхийд нь харахад суурь болж байна.
-Судалгааны үр дүн юуг харуулж байна вэ?
-Судалгаа маань хагас бүтэцлэгдсэн ярилцлагын аргаар авсан. Хүүхдүүдийн бодит кейс гарч ирсэн. Жендэрийн хэвшмэл ойлголт хүүхдүүдийн мэргэжил сонголт нөлөөлж байна уу гэвэл тодорхой хэмжээнд Тийм гэж хариулсан. Гэхдээ хүүхдүүд хэвшмэл ойлголтыг сөрж мэргэжлээ сонгох хандлагатай байгаа. Гол нөлөөлж байгаа хүчин зүчин зүйл нь багшийн хандлага байна. Тухайн багш жендэрийн хэвшмэл ойлголттой байгаа эсэхээс хамаараад сурагчдын мэргэжил сонголтод тодорхой хэмжээнд нөлөө үзүүлдэг байна.
-Багш нарт ямар хэвшмэл ойлголт нөлөөлж байна вэ?
-Багш нарын хувьд охидод зөөлөн ур чадвар төрөлхөөс байдаг учраас эмч багш зэрэг мэргэжил тохиромжтой гэж үздэг. Харин эрэгтэй хүүхдэд логик сэтгэлгээ, хурдан шийдвэр гаргах чадвар өндөр учраас илүү техникийн чиглэлийн мэргэжил сонгох нь дээр гэсэн хэвшмэл ойлголттой багш ярилцлага өгсөн. Цалин бага, карьерын өсөлт бага салбар руу эмэгтэйчүүдийг сургаж хөдөлмөрийн зах зээлд гаргаж байна. Энэ нь эргээд эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхид сөргөөр нөлөөлөх хандлагатай байна. Иймээс багш нар руу чиглэсэн бодлогоор нөлөөлөх ажил хийх шаардлагатай байгаа нь харагдаж байна. Багшаас гадна гэр бүл эргэн тойрны жендэрийн хэвшмэл ойлголтын улмаас мэргэжилд хүйс хамааруулж байна. Цаашид энэ судалгааг гүнзгийрүүлж улсын хэмжээнд авах боломжтой гэж бид харж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна