Э.Шүтээн: Жазз-миний хөгжмийн хэл


Шинэ оны ярилцлагын эхний зочин том бэлэгтэй ирлээ. Эх орондоо удаан хугацаанд ирээгүй түүнд Улаанбаатарын зарим зүйл сонирхолтой санагдсан байх. Харин миний сонирхлыг түүний шинэ бүтээлүүд татаж байсан юм. 20 гаруйхан насандаа эрдмийн мөр хөөхөөр буурал Европыг зорьж хил хязгааргүй жазз хөгжмийн ертөнцөд хөл тавихаар явсан гэвэл зарим нь төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Эрдэнэбаатарын Шүтээнийг хэлж буйг таамаглана. Европын жазз хөгжмийн талбарт нэр нь түгж яваа түүнийг Монголд ирэхэд нь уулзаж ярилцсанаа хүргэе.

-Таван жилийн дараа, жавар тачигнасан цагаар эх орондоо ирлээ. Эндээ хэсэг хугацаанд тохинох уу?

-Уран бүтээлийн ажлаар цөөн хэдэн хоногоор ирсэн. Удахгүй буцна аа.

-Сошиал орчинд тантай найзалсан болохоор уран бүтээл, тоглолтын талаарх мэдээг би андахгүй. Германы хотуудад хийх аялан тоглолтын талаарх зарыг саяхан харсан. Тэгэхээр та Герман руу буцаж очоод аялан тоглолтоо үргэлжлүүлэх үү?

-Хэдэн сарын өмнө эхэлсэн аялан тоглолтын үргэлжлэл гэж ойлгож болно. Би өнгөрсөн оны есдүгээр сард “Rising sun” нэртэй анхны цомгоо гаргаж тэр үеэс л аялан тоглолтоо эхлүүлсэн юм.  Төлөвлөснөөр бол аялан тоглолтоо ирэх зун хүртэл үргэлжлүүлнэ. Миний хувьд бүх зүйл одоо л эхэлж байгаа учраас энэ эрчээ алдахгүй урагшлахыг хүсэж байна. Надад урам хайрладаг,  тусалж дэмждэг найз нөхөд, хамтлагийнхан маань байгаа болохоор урагшлах урам зориг дүүрэн байна.

-Та оролцох арга хэмжээ, тоглолтоо төлөвлөдөг зуршилтай.  Хэдийгээр одоо дөнгөж шинэ он эхэлж байгаа ч та төлөвлөгөөндөө ирэх жилийнхээ ажлыг тусгачихсан яваа болов уу? 

-Гярхай ажиглажээ. Германд ажиллаж, амьдарч байгаа болоод ч тэр үү ажлаа төлөвлөөд сурсан байна. Одоо бол 2025 оны зургадугаар сар хүртэлх төлөвлөгөөгөө гаргасан. Төлөвлөсөн ажлын хажуугаар оролцох гэнэтийн тоглолтууд орж ирэхийг бодолцсон. Али­вааг төлөвлөхдөө чөлөөт ца­гаа хүртэл бодолцдог. Цаг хуга­цаа миний хувьд маш их үнэ цэнтэй болохоор зүй зохистой ашиглахыг хичээдэг. Жишээ нь, би нийтийн унаанд явахдаа сошиал мэдээ, постоо шинэчлэн оруулдаг.

-Та гурав дахь магистраа хамгаалахаар суралцаж бай­гаа. Тоглолт, хичээл, бэлт­гэл гээд цаг зарцуулах зүйл  мунд­даггүй учраас цагийг ягштал баримтлах нь аргагүй юм байна?

-Би гурав дахь магистраа соёл урлагийн менежерээр хамгаалахаар сурч байна. Яах ч аргагүй шалтгаанаар, аялан тоглолт гээд жилийн чө­лөө авсан. Германд анх ирж байсан таван жилийн өмнөх­тэй харьцуулахад миний амьд­ралд олон зүйл тохиолдож, өөрч­лөгджээ. Би Монгол Улсын консерваторийн төгөлдөр хуу­рын ангийг төгссөн. СУИС-д сонгодог хөгжмийн зохиолчийн мэргэжлээр суралцсан. Дараа нь “Гёте”-гээс санаачлан зохион байгуулсан төслийн шугамаар жазз хөгжимтэй анх “танилцаж” байлаа.

-Тухайн үед төрсөн анхны сэтгэгдэл юу байв?

-Жазз бол миний хөгжмийн хэл гэдгийг л ойлгосон. Одоо үзэгч, шүүмжлэгчдээс магтаал шүүмжийг хамтад хүртэж байна. Үүндээ урамшаад удахгүй хоёр ч цомог гаргахаар төлөвлөөд ажиллаж явна.

-Таны анхны цомгийн нэрийг монголчилбол “Мандах нар”. Их бэлгэшээлтэй санагдлаа?

-Тийм ээ. Миний анхны цомогт найман бүтээл багтсан. Үүний долоо нь миний бичсэн бүтээл. Нэг нь монгол ардын дуу “Мандах нар” бөгөөд энэхүү бүтээлийн үндсэн аялгуунаас сэдэвлэж шинэчлэн бүтээснээрээ онцлогтой.

-Анхны цомог хүлээлтэд тань хүрсэн үү?

-Тэгэлгүй яахав. Миний гурван жилийн хөдөлмөр шингэсэн учраас жижиг хэсэг дээр нь ч гэсэн их анхаарч ажилласан. Одоогоос яг хоёр жилийн өмнө цомгийн бичлэгт орж байжээ. Түүнээс өмнө нэгээс хоёр жилийн хугацаанд хөгжмүүдээ бичсэн гэхээр ямар их цаг хугацаа зарцуулсан нь ойлгогдох болов уу. Дээр нь цомгоо танилцуулснаас хойш хүмүүсийн гаргаж байгаа хариу үйлдлийг хараад үнэхээр сэтгэл дүүрч байна.

-Жазз хөгжим бол тод  өнгө. Таны хувьд  анх Германд очоод жазз хөгжмийг мэдрэхэд ямар өнгө санаанд орж байсан бол?

-Монголд байхдаа жазз хөгж­мийг нэг л өнгөөр, нэг л өнцгөөс хардаг байж. Товчхондоо хүний хэлснээр төсөөлдөг байсан гэх үү дээ. Германд очоод жазз нэг өнцгөөр хязгаарлагдахгүй. Жазз гэдэг үгийн дотор мянга мянган өөр зүйлсийг ойлгох боломжтой юм байна гэдгийг мэдсэн. Энэ урсгалаар бүтээл хийдэг уран бүтээлчдээс гадна олон хамтлаг байдаг, тэднээс их зүйл сурахыг хараад л ойлгосон. Үндсэндээ Германд очсон эхний жил өдөр болгон шахуу өөр өөр тоглолтуудыг үздэг байлаа.

-Таны хувьд жаззын ертөнц сонирхолтой байж. Харин бэрхшээлтэй зүйл нь юу байв?

-Би Германд англи хэлтэй л очсон. Магистраа хамгаалах зорилготой байсан учраас болчих байх гэж бодсон хэрэг. Багш нар ч надад тийм ойлголт өгсөн байлаа. Гэтэл газар дээр нь очиход хүмүүс герман хэлээр л ярьж байсан. Тиймээс эхний жилдээ герман хэл сурах хэрэгтэй юм байна гэж бодсон доо. Коронавирусийн үе таарсан болохоор өөрөө өөртэйгөө ажиллах боломж ч надад олдсон юм. Дээр дурдсан хугацаанд олон хөгжим бичсэн. 

-Бүх зүйл хөгжим, уран бүтээлтэй холбогдоход хоосон орон зай үгүй байсан мэт санагдах юм. Гадаадаас ирсэн оюутанд шийдвэрлэх асуудал цөөнгүй байсан болов уу?

-Анхны магистраа тэтгэлэгтэй хамгаалсан болохоор асуудал бага. Хоёр дахь магистраа хувийн сангийн тэтгэлэгтэйгээр хамгаалсан. Заримдаа тэтгэлэг хүрдэггүй байсан учраас долоо хоногт хоёр удаа ч юм уу ажил хийдэг байсан. Гэхдээ би мэргэж­лээсээ тэс өөр ажил хийе гэж бодоогүй. Үүнийгээ боломж болгоё, туршлага судалъя гэж бодсон. Тэгээд тайзны ард ямар үйл явдал өрнөдгийг сайн мэдэхгүй учраас энэ чиглэлээр ажил хийхийг хүссэн юм. Бодол ч ажил хэрэг болж ийм ажлыг гурван жил шахуу хугацаанд хийсэн.

-Энэ үед та Хамбург хот руу явсан уу?

-Соёл урлагийн менежерээр сурахын тулд Мюнхэнээс Хам­бург хот руу явсан. Хамбург мюзиклээрээ алдартай хот. Тэнд би Тина Тёрнерын мюзиклд ажилласан нь их туршлага болсон.

-Таны амьдрал яг аялал шиг юм аа. Бас олон өнгөтэй?

-Нэг талаараа тийм. Герман улсад байгаа мөртлөө хотууд хоорондоо маш том ялгаатай. Нэг хэлээр ярьдаг ч өөр улсад ирсэн юм шиг мэдрэмж төрүүлдэг. Хүмүүсийнх нь байгаа байдал, хотын уур амьсгал тэс өөр са­нагддаг. 

Энд л би зөв цагт, зөв хүмүүс­тэйгээ уулзсан. Эхний магистраа төгсөхдөө төгсөлтийн цомог гаргадаг. Энэ нь нэг талаараа ирээдүйн карьерт нь бэлдэж өгч байгаа юм уу даа.  Хэрхэн цомог гаргадгийг мэдрүүлэх зорилготой ажил юм шиг санагдсан. Тэр шалгалтын хүрээнд хамтлагийнхаа хоёр гишүүнтэй танилцсан. Коронагийн үеэр хүмүүс өөрсдөө камер худалдаж аваад лайв хийдэг байсан. Тийм нэгэн тоглолтыг үзэж байгаад хамтлагийнхаа саксафончийг олж харж байсан. Хувь хүн, хөгжимчний тал дээр ч бидэнтэй нийцэж байсан. Ингэж хамтлаг маань бүрдсэнд баяртай байдаг. Бид нэг нэгнээ дэмжсэн эерэг хүрээллийг бий болгож чадсан. 

-Таны аав Г.Эрдэнэбаатар, Мон­голдоо ганц Дуурийн театрын найруулагч. Ийм нөөлөг ноён нуруу байх нь танд их урам болдог байх?

-Манай аав миний ажил, уран бүтээлд оролцдоггүй. Мэдээж би багадаа Дуурийн театрт дэлхийн  сонгодог бүтээлүүдийг  үздэг байсан. Энэ нь надад тусалсан байх. Багаасаа оркестрын дуугаралт ямар байх вэ гэдгийг дасал болтлоо сонссон.

-Багадаа ямар уран бүтээ­лийг илүүтэй шохоорхдог хүүхэд байсан бэ?

-Утсан хөгжмийн ансамбльд дуртай байлаа. Бас оркестртой төгөлдөр хуурын бүтээлүүдийг их сонсдог байсан.

-Улс орон дахь төгөлдөр хуурчийн үнэлгээ, ертөнц харилцан адилгүй. Та үүнийг хилийн дээс алхаад  мэдсэн байх?

-Монголд одоо ямар болсныг сайн мэдэхгүй. Германд бай­гууллагын зүгээс янз бүрийн бодлогууд явуулдаг. Байнгын үзэгчтэй байх бодлогыг хэ­рэгжүүлдэг. Ямар ч тоглолт болсон хүрэлцэн ирж үздэг үнэнч хүмүүс байна. Ер нь ажиллаж байгаа систем нь ондоо. Нэг хотод л гэхэд хоёр, гурван театр 10 гаруй концертын танхим, өдөр болгон шахуу өөр өөр тоглолт болдог учраас өрсөлдөөн их­тэй. Байгууллагууд дунд өр­сөлдөөнтэй. Үзэгчид татах бодлогод ихээхэн анхаарал хандуулдаг. Сурталчилгаагаа олон сувгаар цацдаг. Тэгэхээр харьцуулахад хүндрэлтэй л юм. Манай улс нэг л Дуурийн театр, филармонитой шүү дээ. Дээр нь хүмүүсийн нийтийн боловсрол ялгаатай болохоор ямар нэг урлагтай холбоотой хүмүүс сонирхдог. Гэтэл Германы бараг хүүхэд бүр ямар нэгэн хөгжмийн зэмсэг тоглож сурдаг. Тийм болохоор нийтийн хөгжмийн боловсрол тэс өөр түвшинд. Тийм хүмүүс насанд хүрэхээрээ өөрийн эрхгүй сонгодог хөгжим сонирхдог.

-Ойрын төлөвлөгөөнд тань Монголд тоглолт хийх бодол байгаа юу?

-Ирэх аравдугаар сард тоглолтоо хийхээр төлөвлөөд байна. Ажил хэрэг болгоод илүү дэлгэрэнгүй ярина аа. Да­раагийн цомог оркестртой гарч ирж байгаа. Би хөгжмийг нь бичсэн. Миний байгуулсан 20 хүний бүрэлдэхүүнтэй оркестр Германд байдаг. Би хөгжмийн зохиолч болон удирдаачаар нь ажилладаг. Төгөлдөр хуур тоглодоггүй, өөр хүн бий. Би удирдаачаар сураагүй болохоор энэ чадвараа дээшлүүлэхэд анхаарна, хувийн хичээл авна.

-Олон зүйлд өөрийгөө турших юм аа?

-Эргэн тойрныхоо хүмүүсээс урам авч, шинэ зүйл хийх хүсэл эрмэлзэл их байдаг. Надад сурах зүйл их байна. Энэ нь Германд байх шалтгаан. Тиймээс ойрын хэдэн жил Монголд ирэх төлөвлөгөөгүй байгаа. 

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №001/24580/


0
angry
0
care
0
haha
0
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 2 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 2 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 2 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 2 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 2 цагийн өмнө
SDY Calling you... 2 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 3 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 3 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 3 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 3 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22