"Эрдэнэт"-ийг хөгжүүлсэн илгээлтийн эзэд


/"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ахмадын нэгдсэн зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүд Арын эгнээний зүүн гар талаас: Д.Адьяа, Д.Байгал,  урд эгнээний зүүн гар талаас: Ц.Цэдэвмаа, Х.Дармаа, Х.Долгоржав нар. /


"Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ахмадын нэгдсэн зөвлөл нь тус үйлдвэрээс өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмадуудыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, тэднийг эрүүлээр урт наслах зам мөр, арга барилд чиглүүлэх зорилгоор хөдөлгөөний хомстлоос хамгаалах, эрүүл аж төрөх арга барилыг сурталчилж, Ахмад настны тухай хуулийн хүрээнд ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Ахмадын нэгдсэн зөвлөл 2935 гишүүнтэй. Нэгдсэн зөвлөл нь бүтцийн нэгжийн ахмадын зөвлөлүүдийн 28 дарга, удирдах зөвлөлийн таван гишүүн, хяналтын зөвлөлийн гурван гишүүн, нийт 36 хүний бүрэлдэхүүнтэй ажлаа зохион байгуулж, 14 хоногт нэг удаа шуурхай зөвлөлдөж ажлаа явуулдаг. 

2023 онд "Эрдэнэт үйлдвэр"-ийн 45 жилийн ойг угтаж, үйлдвэрийн захиргаатай хамтран 10 гаруй  ажлын төлөвлөгөө гарган, хэрэгжүүлсэн байна. 

Энэ ахмадууд бол Эрдэнэтийг бүтээсэн илгээлтийн эзэд юм. Тэд өнөөдөр өндөр насны тэтгэвэртээ гарсан ч салбартаа уригдаж, мэргэжлээрээ ажиллаж, мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллаж байна. Басхүү “Эрдэнэт” үйлдвэртэйгээ эргэх холбоотой ажиллаж, зохион байгуулж байгаа арга хэмжээнд идэвхтэй оролцсоор иржээ. Үүнийг Ахмадын нэгдсэн зөвлөлөөс  үйл ажиллагаа гэрчилнэ.


Х.Долгоржав: Бид ахмадуудаа ганцаардуулахгүй, хамт олонтой байлгахыг зорьж ажилладаг  

“Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ахмадын нэгдсэн зөвлөлийн орлогч дарга Х.Долгоржавтай ярилцлаа

-Та “Эрдэнэт" үйлдвэрт хэдэн жил ажилласан бэ? 

-Би “Эрдэнэт” үйлдвэрт 20 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан. Ажиллаж байсан Хүний нөөцийн захиргаатайгаа одоо ч холбоотой байдаг.  

-Ахмадын нэгдсэн зөвлөлийн 3000 орчим гишүүнтэй ажиллахад ачаалал их байдаг уу?-Ачаалал их. Анх энэ ажлыг хүлээж авахад 1040 гишүүнтэй байлаа. Одоо 3000 хүрээд байна. Шинэ он гарлаа. Бүх гишүүдийнхээ мэдээллийг шинэчилнэ.  

-Танд ахмадуудын бүртгэл, лавлагаа бэлэн байдаг байх? Хүмүүс бие биеэ их сурагладаг уу?-Миний ажлын гол чиглэл бол ахмадуудын судалгаа. Бүх судалгаа, чиглэлийг би бүрдүүлж архивласаар ирлээ. Энэ бүртгэл маань байнга шинэчлэгдэнэ. Ажлын, хувийн шугамаар “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаж байсан ахмадуудаас сураглахад утасны дугаар, гэрийн хаягаас эхлээд асуусан зүйлийг нь гаргаж өгөх боломжтой. Хэн хаана төрсөн, ямар албан тушаал эрхэлж байсан, “Эрдэнэт" үйлдвэрт хэдэн жил ажилласан, одоо хаана амьдарч байгаа вэ гээд бүхий л лавлагааг бүртгэлдээ багтаасан.  Үүнээс гадна цехүүдийн Ахмадын зөвлөлийн дарга нартай байнгын холбоотой байдаг.  Шаардлагатай ажил гараад аль нэг цехийн Ахмадын зөвлөлийн дарга руу залгахад утсаа авахгүй байж болно. Гэхдээ тэр хүн маань эргээд заавал залгаж, ямар асуудлаар залгасан талаар хариу асуудаг. Өнгөрсөн хугацаанд бид хоорондоо ажил хэргийн төдийгүй, найз нөхдийн дотно холбоотой явж ирлээ.  Бид “Эрдэнэт" үйлдвэрийн Ахмадын нэгдсэн зөвлөл пэйж хуудастай. Ямар нэг арга хэмжээ болох талаарх мэдээллийг  энэ пэйждээ байршуулдаг. 

-Ахмадуудаас ямар хүсэлт их ирдэг вэ?

-Нийгмийн хариуцлагын хүрээнд манай “Эрдэнэт" үйлдвэр ахмадууддаа маш ээлтэй ханддаг.  Ахмадын нэгдсэн зөвлөл ч ахмадуудтайгаа байнгын эргэх холбоотой ажилладаг. Тиймээс ахмадууд маань нийгмийн асуудлаар хандах нь харьцангуй бага. Харин энэ үйлдвэрт олон жил ажиллаад өндөр насны тэтгэвэртээ гарсан ахмадууд хөдөлмөрийн бүтээмжээ төр, засагтаа үнэлүүлсэн нь ховор байдаг. “Эрдэнэт" үйлдвэрт нэг насны ажил, амьдралаа зориулж зүтгэсэн ахмадууд маань төрийн одон, медальд тодорхойлуулах хүсэлтийг тавьдаг. Тухайн ахмадууддаа хаана хандаж, ямар бичиг баримт бүрдүүлэх талаар хуулийн хүрээнд л зөвлөгөө, заавар өгнө. Манай үйлдвэрийн журамд “Ахмадууд өөрийн ажиллаж байсан цехийн захиргаа, хүний нөөцөөр дамжуулан тодорхойлолтоо үйлдвэрийн захиргаанд хүргүүлэх” заалттай. Энэ талаар чиглүүлж өгнө.  Зарим тохиолдолд орон сууц хүссэн, хүүхдээ ажилд оруулах талаар санал хүсэлт ирүүлдэг. Энэ нь бидний шийдвэрлэх асуудал биш болохоор тайлбарлаж өгдөг.

-Ахмадууд  ер нь хэр идэвхтэй оролцдог вэ?

- Ямар нэг арга хэмжээ зохион байгуулахад идэвхтэй хэсгийн дунд өрнөөд байдаг нь үнэн. Зарим маань хүүхэд харна, эмнэлгээр явж байна гэнэ.   Ахмадуудын маань  зарим нь чих хатуутай. 2-3 утасдаж хэлүүлнэ, зарим нь цаг хугацааг нь дөхөхөөр дахиад хэлээрэй гэнэ. Бид энэ бүхэнд төвөгшөөдөггүй. Ахмадуудаа ганцаардуулахгүй, уйтгарлуулахгүй, хамт олонтой байлгахын төлөө л ажиллаж байгаа. Харин хэн нэг нь бие өвдөх, ар гэрт нь асуудал үүсэхэд ахмадууд маань маш идэвхтэй оролцдог. 


Д.Нороврэнцэн: Амьдралын минь бахархал болсон “Анхдагч” хэмээх нэр

/Тээвэр ложистикийн төвийн ахмад/

-Би Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат хүн.  Аав маань хэдийгээр цэргийн нисгэгч хүн боловч төмөр замд машинистаар ажилладаг, ээж маань төмөр замд сумчин хийдэг байв. Багаасаа л аав, ээжийнхээ ажилд хамжиж төмөр замд ажиллаж эхэлсэн болохоор дунд сургуулиа дүүргээд төмөр замын инженер мэргэжлээр суралцаж төмөр замтай хувь заяагаа холбосон нэгэн. 

Наушкаас нааш 5903 дахь километрээс Улаанбаатар төмөр замын 1118 километр зам эхэлдэг. Улаанбаатар төмөр замын 1118 километр гол төмөр замд замчдыг бэлдэх ажилд амьдралаа зориулжээ. Тухайн үеийн МАХН-ын төв хэвлэл “Үнэн” сонины 1975 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн дугаараас Эрдэнэт хотын бүтээн байгуулалтын талаарх мэдээг анх олж уншсан. Ингээд МАХН, МХЗЭ гэдэг хоёр том байгууллагын илгээлт авч "Эрдэнэт үйлдвэр"-ийн их бүтээн байгуулалтын талбарт хөл тавьсан даа. Ирээд ЗСБНХУ-ын барилга трестийн удирдах газрын удирдлага, мэргэжилтнүүдийн орчуулагчаар ажилласан. Дараагаар нь  Зөвлөлтийн сургалт комбинатын орлогч захиралын албыг хашиж байгаад ерөнхий захирал нутаг буцах болоход албыг нь авч үлдсэн. 

Энэ үеэс эхлэн "Эрдэнэт" үйлдвэр, хотын бүтээн байгуулалтад хэрэгтэй мэргэжлийн, мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх, залууст орос хэл заах зэрэг боловсон хүчин бэлтгэх ажилд 34 жил багшийн ажил хийжээ. Нийт 37 мэргэжлээр 30-аад мянган мэргэжил, мэдлэгтэй боловсон хүчин бэлтгэж өгсөн байна. Тухайн үеийн ЗХУ, Хамтын нөхөрлөлийн орнуудад болон "Эрдэнэт" үйлдвэрт хэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх ажлыг Зөвлөлтийн сургалт комбинатаар хийж эхэлснээр 45 жил улиран оджээ. Энэ сургалтын төвд ахлах орчуулагч инженер, узель сургагч, инженер багшийн ажлыг давхар хийж байлаа. 
Тухайн үед МАХН, МХЗЭ-ийн гишүүд улс эх орны өнцөг булан бүрд хүн хүч хэрэг болсон газар очиж ажилладаг байлаа. Би МАХН-д 1968 онд элссэн хүн. Тийм ч учраас Монголын төмөр замаас намын хороон дарга Банзрагч, Намын хянан шалгах хорооны дарга Шагдар, Санхүү хэлтсийн дарга Чунт, Төмөр замын техникумын захирал Даян мөн миний бие орсон таван хүн Эрдэнэт хотын бүтээн байгуулалтад томилогдсон. Тэр багийн нэг гишүүн болж ажилласандаа одоо ч бахархдаг. Анхдагч гэх энэ нэр амьдралын минь бахархал болсон доо. Бүтээн байгуулалтын эдгээр он жилүүдэд Ю.Цэдэнбал гуай “Эрдэнэт" үйлдвэр бол боловсон хүчин үйлдвэрлэлийн газар юм” гэж хэлсэн байдаг. Энэ үг манай хамт олонд зориулагдсан мэт санагддаг.

Р.Сэргэлэнбаатар: “Эрдэнэт" үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд ахмадуудаа маш их дэмждэг

/Ус хангамжийн цехийн Ахмадын зөвлөлийн дарга/

-Би 1990 оноос “Эрдэнэт” үйлдвэрийн Энергийн цехэд ажилласан. Одоо Ус хангамжийн цех болсон. “Эрдэнэт” үйлдвэр оросуудаас  Ацетилен кислородын  үйлдвэрийг авсан юм. Тэр үед нь  анхны монгол ажилтнаар орж байлаа. 
2016 онд тэтгэвэртээ гараад, байгууллагынхаа Ахмадын нэгдсэн зөвлөлд орсон. Ахмадын зөвлөлийн даргын сонгуульт ажил дөрвөн жилээр сонгогддог. Хоёр дахь удаагаа сонгогдоод ажиллаж байна. Ахмадын зөвлөлийн ажил сараар хуваарь гарна. Цех болгон сард нэг удаа цуглаж,  ахмадууддаа мэдээлэл өгнө. Тэтгэвэртээ гарсан ч хамтын ажиллагаа байнга үргэлжилнэ. Энэ нь хамт олон дотроо байна гэсэн үг. Манай үйлдвэрийн ахмадууд насан туршийн боловсролоо эзэмшсэн байдаг. Тиймээс зарим ахмадууд мэргэжлээрээ өөр байгууллагад зөвлөгөө өгнө, хувиараа ажил эрхэлнэ. Ахмадын зөвлөлөөс жилийн төлөвлөгөөг гаргаж, аялна, алхалт хийнэ гээд төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулна. 
“Эрдэнэт” үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд ахмадуудаа маш их дэмждэг. Гэр хороололд амьдардаг ахмадууддаа түлээ нүүрсний хөнгөлөлт үзүүлнэ. Бидэнд ажилласан жилээс шалтгаалан сар бүр 140-218 мянган төгрөгийн нэмэгдэл тэтгэвэр олгодог. Ахмадын баяр, Цагаан сараар 100 мянган төгрөг, жилдээ сувилалд эмчлүүлэхэд 300 мянган төгрөг олгодог. 
“Эрдэнэт”-ийн 45 жилийн ойгоор хамт олон маань ажиллаж байсан цех дээр нь ахмадуудаа хүлээн авч уулзсан. Үүнд ахмадууд маш их баярлаж, нэг өдрийг хамт олонтойгоо сайхан өнгөрүүлсэн. 
Манай үеийн ахмадууд залуугаасаа ном, сонин их уншдаг байсан. Хэдийгээр цахим сайт,телевизийн мэдээ үздэг ч унших дуртай. Сонин байнга уншдаг.  “Монголын үнэн” сониныг захиалан, шуудангийн хайрцгаар илгээж байгаад их баяртай байгаа. “Монголын үнэн” сонин олон нүүрээр хэвлэгдэн, уншууртай нийтлэл хэвлэгдэн гаргаж байна. 

Ж.Оюунчимэг: “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд залуучуудын холбоотой хамтарч 370 гаруй мод тарилаа

/Засвар механикийн заводын  Ахмадын зөвлөлийн дарга/

-Би "Эрдэнэт" үйлдвэрийн энэ том нэгжийн Ахмадын зөвлөлийн даргын албыг 2016 оноос эхлэн найм дахь жилдээ хашлаа. Өмнөх дарга маань энэ албыг надад өгөхдөө “Чамайг ахмадуудынхаа төлөө идэвх чармайлттай ажиллаж чадна гэдэгт итгэж байна” гэж хэлсэн итгэлийг нь алдахгүйг хичээн ажиллаж байна. Засвар механикийн завод нь машин механизм үйлдвэрлэлийн механик, тоног төхөөрөмжийн засвар, цутгуурын цех гэдэг хоёр том үндсэн цехтэй том үйлдвэр. Би энэ заводод диспетчер, аккумлятор цэнэглэгч зэрэг ажил хариуцан хийж байгаад тэтгэвэртээ гарсан. 
Манай зөвлөл нийт 312 ахмадтай.  Заводын захиргаатай хамтарч ахмадуудынхаа нийгмийн тулгамдсан асуудалд байнга анхаарч ажилладаг. Энэ нь манай ахмадын зөвлөл, завод тэтгэвэрт гарсан ахмад ажилтныг хооронд нь холбож ажиллах үүргээ сэтгэл гарган хийж байгааг харуулах болов уу. Саяхны жишээ гэхэд л заводын захиргаа, эрчим зүйн алба, ерөнхий эрчим зүйчид хандан хүсэлт гарган сайн үйлсийн аян зохион байгуулж, өвчин зовлонтой таван өндөр настны нийгмийн тулгамдсан асуудлыг шийдэх мөнгөн тусламжийг гэрт нь хүргэж өглөө.  Хүний амьдралд тохиолдох жам ёсыг бид сөрж дийлэх биш. Өчигдөрхөн би тайлангаа харж суухад буяны ажилд долоон сая 865 мянган төгрөг цехийн ахмадууд дундаасаа цуглуулж өгсөн байна.  
Бид жилийн эхэнд заводын захиргаа, хүний нөөц, эмэгтэйчүүдийн зөвлөл, залуучуудын холбоо, үйлдвэрчний эвлэлтэй хамтраад хийх ажлынхаа төлөвлөгөөг гаргадаг. Улиран одсон жил "Эрдэнэт" үйлдвэрийн 45 жилийн ойн хүрээнд Засвар механикийн заводын гурван үеийн уулзалтыг “Хангай” амралтын газарт зохион байгууллаа. Уулзалтад ажил мэргэжлээс шалтгаалах өвчнөөр чөлөөнд гарсан ажилтнуудаа хамруулаад нийт 400 гаруй ахмад оролцсон. Мөн арванхоёрдугаар сарын 24-нд зохион байгуулсан шинэ жилийн арга хэмжээнд 123 ахмад хүрэлцэн ирсэн. Сар бүр манай ахмадын зөвлөл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ахмадын нэгдсэн зөвлөлийн байранд цугларч ахмадууддаа хийсэн ажлынхаа тайланг тавьж, хойшид хийх ажлаа танилцуулдаг уламжлалтай. 
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Залуучуудын холбоотой хамтарч 370 гаруй мод тарьж цаашид мод тарих ажлаа уламжлал болгохоор шийдээд байна. Заводын үйлдвэрчний эвлэлтэй хамтарч “Би дуунд дуртай” гэдэг караоке тэмцээн зохион байгууллаа. Жил бүрийн төлөвлөгөөт ажлууд тогтсон хугацаандаа явагдахаас гадна ирэх жилд зохион байгуулах ажлын төлөвлөгөө гарсан байгаа. Урд нь зохион байгуулдаг байсан уулын явган аяллын маршрутаа өөрчилж заавал шинэ маршрут зохиохоор ярилцаж байна. Энэ нь гэртээ хүүхэд хараад суудаг ахмадуудыг  нийгэмшүүлж хамт олных нь дунд оруулах зорилготой. Ингэснээр ахмад настны биеийг чийрэгжүүлж, сэтгэл санааг нь өргөж өгдөг ач холбогдолтой гэдэг нь батлагдсан зүйл.  

Г.Буянжаргал: Ахмадын зөвлөл ахмадуудын амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн олон ажил зохион байгуулдаг

/Соёл, урлагийн цогцолборын Ахмадын зөвлөлийн дарга/ 

-Би Булган аймагт ажиллаж байгаад 2013 онд “Эрдэнэт” үйлдвэрт ирж, Соёл, урлагийн цогцолборын даргаар ажилласан. Дараагаар нь “Эрдэнэт”  үйлдвэрийн музейг  байгуулахад зөвлөхөөр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. 
Уул уурхайн үйлдвэрлэл эрхэлдэг томоохон компаниудаас “Эрдэнэт” үйлдвэр нийгмийн хариуцлагаа маш сайн биелүүлдэг. Энэ үйлдвэрт ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан ахмадуудад нийгмийн дэмжлэг, туслалцаа үзүүлдэг онцлогтой. Уул, уурхайн компаниуд тэр бүр туслалцаа дэмжлэг үзүүлдэггүй. 
“Эрдэнэт” үйлдвэрийн Ахмадын нэгдсэн зөвлөл  ахмадуудын амьдралын чанарыг сайжруулах, дундаж наслалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг зохион явуулдаг. Тухайлбал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байна. Амралт, рашаан сувилалд явуулж байна. Ахмадуудын дунд “Үүргэвчтэй аялал” зохиож байна. Үүнээс гадна цехүүд тус бүрдээ  дотоод хуримтлалтай. Тухайлбал, манай Соёл, урлагийн цогцолборын  Ахмадын зөвлөл 50-аад ахмадтай. Бид  сар бүр 10 мянган төгрөг, жилдээ 120 мянган төгрөгийн хуримлтлал үүсгэж байна. Энэ хуримтлалаасаа ахмадуудаа удаан хугацаагаар эмнэлэгт хэвтвэл тусалж, дэмжинэ.  Гэр бүлийн гишүүд нь нас барвал дэмжлэг үзүүлнэ. Үүнийг тэр бүр үйлдвэрийн захиргаанаас өгөөд байх боломжгүй юм. Ер нь үйлдвэрийн болон цехийн захиргаа тодорхой хэмжээний нийгмийн дэмжлэг, туслалцаа үзүүлдэг. 


Эх сурвалж: Монголын үнэн сонин №003/24582/ 


0
angry
0
care
0
haha
5
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22