Б.Жавхлан: Улсын төсөв, төлбөрийн тэнцэл 1990 оноос хойш түүхэндээ хоёр дахь удаагаа эерэг гарлаа


Дэвшилтэт бодлогын хүрээлэн, Дэвшилтэт социал демократ клуб хамтран зохион байгуулдаг “Бодлогын зочин”-д УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан уригдан оролцлоо. Түүний ярилцлагыг хүргэе. 

-Манай улсын эдийн засаг өсөж, цаашид ч нэмэгдэх төлөв ажиглагдаж буй талаар судлаачид ярьж байна. Эл асуудалд улсын төсөв мөнгө төвлөрдөг яамыг удирдаж буй хүний хэлэх үг, байр суурь чухал болов уу? 
-“COVID-19” цар тахлаас өмнөх гурван жилийг оруулаад сүүлийн зургаан жилийн нөхцөл байдлыг харах хэрэгтэй. 2016, 2017 оны үед ОУВС-гийн нарийн, хүнд нөхцөлтэй тусламжуудыг авч байсан. Тухайн үед хөтөлбөрт хамрагдаж, нийтдээ 700 гаруй сая ам.долларын бодлогын зээл авч байлаа.  Хэрэв бид үнэхээр бодлогын алдаа гаргаж, цаашаа явах боломжгүйд хүрсэн бол олон улсын хяналт дор тэр алдаагаа засаж залруулахаас өөр сонголт байхгүй. Ингээд ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсанаар манай улс 2019 онд 7.7 хувийн эдийн засгийн өсөлттэй байсан. Мөн оны сүүлээр дэлхий нийтийг хамарсан цар тахал гарсан тэр үед 2020 оны төсвийг баталчихсан байсан. Тиймээс сонгуулийн дараа буюу 2020 оны наймдугаар сард төсвийн тодотгол хийсэн. Тухайн тодотгол хийх үйл явцад би гар бие оролцсон. Энэ үеэс ковидын төсөв эхэлсэн гэж болно. Ингээд 2021 оны нэгдүгээр сарын 26-нд Л.Оюун-Эрдэнэ сайдын Засгийн газар байгуулагдаж, тэр үед би батлагдчихсан төсөв хүлээж авахад эдийн засгийн өсөлт цөмөрчихсөн,  4.6 хувь хүртэл унасан байсан. Гэхдээ зөвхөн манай улс биш дэлхий нийтээрээ ийм уналтад орсон. Тухайн үед өнөөх өрийн хямралаасаа бүрэн гараагүй байсан үе. Гэсэн ч бид өөрсдийн боломж бололцоондоо тулгуурлан хөдөлж эхэлсэн. Хамгийн эхний зорилт бол эрүүл мэндээ бас эдийн засгаа аврах байсан юм. Нэг өдөр хөл хорио тогтооход л 30 тэрбум төгрөгийн орлогоо алддаг байлаа. Манай улсын эдийн засгийн том вакцин болсон нүүрсний экспорт 2019 онд 39 сая тоннд хүрч байсан бол 2021 онд 18 сая, 2022 онд 32 сая, 2023 онд 69 сая тонныг экспортолсон. Манай улс дэлхийн улс орнуудаас жил хагасын өмнө буюу 2021 оны зургадугаар сард хилээ нээсэн. Энэ нь эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх бодлого, зорилтын үр дүн байсан. 

 
-ОХУ, Украин хоорондын дайн манай улсын эдийн засагт нэлээд сөргөөр нөлөөлсөн ч эцэст нь өсөлттэй гарлаа. Үүнийг ямар үзүүлэлтээр бататгаж хэлэх вэ? 
-2021-2022 онд эдийн засаг унасан нь Орос, Украины дайнтай холбоотой. ОХУ хилээ баруун талаараа хаасан нь манай улсын хил хойд талаараа хаагдсанаас ялгаагүй.  Манай улс хэрэглээний эдийн засагтай. Инфляцыг тооцдог 360 төрлийн бүтээгдэхүүний 51 хувийг бүтнээр нь, 15 хувийнх нь орцыг авдаг. Үндсэндээ бидний хэрэглээний 65-70 хувь нь импортоос хамааралтай. Дайнтай холбоотойгоор нарийн хязгаарлалт тогтоосон нь бидэнд нэлээд хүнд цохилт өгсөн. Уул уурхай зогсонги байдалд орох хэмжээнд хүрсэн.  Бүтээгдэхүүн гаргаж авахад ашигладаг бүх төрлийн тэсрэх, дэлбэлэх бодисоо хойд хөршөөсөө авдаг. Тухайн үед зургаан сарын хугацаанд бид зөвхөн нөөцөөрөө тэссэн. Үе үе нефтийн бүтээгдэхүүний хязгаарлалтад орж байлаа. Гэсэн ч бид экспортоо сэргээх арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлсэн. Ингэснээр 2020 оны жилийн эцэст эдийн засаг тав, 2023 онд 6.9 хувийн өсөлттэй гарсан. Манай улсын төсвийн болон төлбөрийн тэнцэл 1990 оноос хойш түүхэндээ хоёр дахь удаагаа эерэг гарлаа. Энэ хоёр үзүүлэлт хоёулаа эерэг гарсан нь эдийн засаг тогтворжиж буйн хамгийн том жишээ. 
-Эдийн засгийн энэ өсөлтийг цаашид айл өрх, иргэдийн амьдралд хэрхэн, яаж хүргэх вэ. Төсөв, мөнгөний бодлогын уялдаа, инфляцын түвшин гээд олон зүйл хөндөгдөж таарах болов уу?
-Эдийн засгийн өсөлтийг өрхийн түвшинд хүргэх зорилго бол өрхийн орлогыг үнийн өсөлтөөс давуулах явдал юм.  Ер нь мөнгөний болон төсвийн бодлогын огтлолцол хагас жилээс хойш байх болов уу гэж харж байна. Өөрөөр хэлбэл, инфляц одоо арван хувиас доош орсон, цаашид энэ хэвээр байвал бодлогын хүү буурна. Ингэснээр бизнесийн түвшинд эдийн засгийн сэргэлт бий болж, үүгээр дамжин өрхийн орлого нэмэгдэх боломж бүрдэнэ. 
Улсын төсөв 2022 онд 2.3 их наяд төгрөгийн алдагдалтай гарах байсан бол нэг орчим их наяд төгрөгийн алдагдалтай гарсан. Давсан 1.4 их наяд төгрөгөө мөнгөний хатуу бодлоготой нийцүүлж, нийлүүлэлт хийлгүйгээр хумьж алдагдал руугаа оруулсан. Харин 2023 оны тухайд бид төсвийн тодотголоо 1.9 их наяд төгрөгөөр хийсэн. Үүнийг мөн хуульчилсан 1.6 их наяд төгрөгийн алдагдлаа нөхөж, бүрэн санхүүжүүлсэн. Ингээд 763 тэрбум төгрөгийн нэмэхтэй гарсан. Гэхдээ цар тахлын дараах энэ эдийн засгийн сэргэлт маань хэврэг гэдгийг олон улсын байгууллагууд сануулж, анхааруулж байгаа. Тиймээс энэ онд бид эдийн засгийг тогтворжуулах, хадгалах зорилтын хүрээнд ажиллана. Өрхийн орлогын түвшинд хамгийн их хямрааж буй асуудал бол үнийн өсөлт.  Цар тахлаас үүдэн үнийн өсөлт бий болсоор өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бүх бараа бүтээгдэхүүний үнэ дунджаар 50-60 хувиар нэмэгдсэн. Гэтэл цалин, тэтгэвэр тэтгэмжийг бага багаар нэмсэн ч өрхийн энэхүү орлого маань үнийн өсөлтөө гүйцэхгүй байна. Тиймээс бодлогын хүү болон эдийн засгийн өсөлт нэмэгдэж байж инфялц тодорхой хэмжээнд буурна. Бид алдагдлаа бууруулж, мөнгөний бодлоготойгоо уялдуулах замаар инфляцыг хязгаарлана. Ингэхийн тулд ДНБ-ээ задалж хараад ямар хэсэгт, аль салбарт дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгаагаа тодорхойлох хэрэгтэй.  2023 оны эдийн засгийн 6.9 хувийн өсөлтийн 80 хувийг уул уурхай болон түүнийг дагасан салбарынхан бий болгосон. Гэтэл татвараа төлж цалин авдаг 1.2 сая  иргэний зөвхөн 135 мянга нь энэ салбарт хамаардаг. Үндсэндээ цаана нь үлдэж буй 90 орчим хувьд нь эдийн засгийн өсөлт мэдрэгдэхгүй байна гэсэн үг. Энэ нь уул уурхайн бүтээгдэхүүнээ түүхийгээр нь экспортолж буйтай холбоотой. Хэрэв цаашид арга хэмжээ авахгүй бол эдийн засаг дахиж унах эрсдэл өндөр. Тийм учраас одоо байгаа эдийн засгийн өсөлтөө уул уурхайн бус бусад салбар руу чиглүүлж байж, дараагийн хямралыг даван туулах, өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. 

 
-Засгийн газраас зарлан хэрэгжүүлж буй  Шинэ сэргэлтийн бодлого хэзээ үр дүнгээ өгөх вэ?
-МАН-ын 30 дугаар Их хурлаар Шинэ сэргэлтийн бодлогыг анх зарласан. Бид урт хугацааныхаа бодлогыг буюу “Алсын хараа-2050” гэдэг баримт бичгээ боловсруулж баталсан. Энэхүү зорилтод хүрэхийн тулд эхлээд эдийн засгийн хэмжээний зургаан хүчин зүйлд анхаарал хандуулж, хэрэгжүүлэх ёстой болж байгаа юм. Тодруулбал, Шинэ сэргэлтийн бодлогод боомт, эрчим хүч, аж үйлдвэр, ногоон хөгжил, төрийн бүтээмжийн, хот хөдөөгийн сэргэлт гэсэн зургаан асуудал багтаж байгаа. Эдгээр бодлого, зорилтын хүрээнд гурван жилийн хугацаанд ажиллахад бид яаж асуудлаа зөв олж харж, оношоо зөв тогтоож чадсан юм бэ гэдэгт өдөр өнгөрөх тусам улам илүү итгэлтэй болж байна. Энэ зургаан хүчин зүйл маань хоорондоо уялдаа холбоотой. Нэг нэгнээсээ хамааралтай, нэгнийгээ дэмжиж хамтдаа урагшлах бодлого. Энэхүү бодлогыг 2030 он хүртэл хэрэгжүүлэхэд хамгийн багадаа эдийн засгаа дөрөв дахин тэлэх, нэг хүнд ногдох үндэсний орлого гурав дахин нэмэгдэх боломжтой. Гэхдээ бид 2023 оны хурдаа хадгалж, урагшлах юм бол 2030 оноос ч өмнө энэ зорилгоо биелүүлэх боломж бий. 


-Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд эдийн засаг одоо ямар түвшинд хүрээд байна вэ? 
-Нэгдүгээрт, боомтын сэргэлт. Яагаад үүнийг хамгийн эхэнд эрэмбэлсэн бэ гэхээр цар тахлын үед хил, боомт хаагдахад ямар нөхцөл байдал үүссэн, үүсэж болох эрсдэлтэйг харуулсан шүү дээ. Өөрөөр хэлбэл, боомт гэдэг Монгол орны эдийн засаг, нийгмийн амьдралд хэчнээн чухал болохыг маш сайн ойлгосон. Монгол Улс 39 боомттой. Энэ бол эдийн засгийн бас нэгэн коридор. Цаад улсынхаа дэд бүтэцтэй манай улсын дэд бүтэц бүрэн угсрагдаж, нэвт хонгил үүсгэж байж бүрэн утгаараа боомт болдог. Гэтэл манай улс ийм түвшинд хүрч чадаагүй байна. Бүрэн эрхийнхээ хугацаанд БНХАУ-д хоёр удаа айлчлал хийсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс өөр байхгүй. Бид хоёр удаа айлчлал хийхдээ эхний удаад нь буруугаа хүлээж уучлал хүссэн, дараагийнх  дээр нь амлалтаа биелүүлээд очиход хандлага өөрчлөгдөж эхэлсэн. Өмнө нь гаргаж байсан бодлогын алдаа өнөөдөр бидэнд ачаалал болж байна.  Замын-Үүдийн боомт маань 24 цагийн турш үйл ажиллагаа явуулдаг болсон. Өнгөрсөн жил явган зорчигчийн,  энэ удаад ачаа тээврийн боомтоо нээлээ. Шивээ хүрэн боомтын ажиллах хугацаанд хүртэл өөрчлөлт оруулсан. Бид урд талын боомтын бүтээн байгуулалтаа БНХАУ-ын буцалтгүй тусламжаар, хойд талаа Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийж байгаа. Ер нь бүх чиглэлийн боомтуудад хөрөнгө оруулалтын ажлуудыг хийж, эхнээсээ дуусах шатандаа орж байна. Бүтээн байгуулалтын ажлууд бүрэн дууссаны дараа боомтуудын нэвтрэн өнгөрүүлэх чадвар нь ачаа тээврийн тухайд 4-5 дахин, явган зорчигчийн хувьд 2-3 дахин нэмэгдэнэ. 


-Боомтын сэргэлтийн хүрээнд аймгуудыг хооронд нь авто замаар холбосноор ямар боломж нээгдэж, улмаар эдийн засагт хэрхэн нөлөө үзүүлнэ гэж тооцоолж байна вэ? 
-Сүүлийн гурван жилийн хугацаанд энэ салбарт нэлээд хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Энэ жилд нийтдээ 2.9 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 125 төслийг хэрэгжүүлнэ. Бид одоо байгаа 7485 км автозамаа 3300 км-ээр нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тээвэр ложистикийн хоёрдугаар хөгжлийн үе шатыг эхлүүлж байгаа гэж хэлж болно. Мянганы замыг эхлүүлэхэд мянгуужингийн үлгэр гэж шүүмжилж байсан ч өдгөө зорилгодоо хүрч бүх аймгаа нийслэл хоттойгоо хатуу хучилттай авто замаар холбож чадсан. Дараагийн Шинэ сэргэлтийн бодлогын үеийн дотоодын эдийн засгийн хөгжлийг дэмжих “Таван цагариг” буюу боомтын сэргэлтийн замын бүтээн байгуулалтыг эхлүүлээд байна. Тухайлбал, Улаангом, Ховд, Улиастай, Алтайг холбосон замын ажлыг энэ жил эхлүүлнэ. Мөн Цагааннуур боомтоос Булган руу авто зам тавих бөгөөд энэ нь “Нэг бүс-Нэг зам”-ын интеграчлалын Евразийн бүс нутгийн манай улсыг дайрсан баруун хязгаарын холболт бий болно. Зүүн талдаа ч гэсэн мөн үүнтэй адил авто замын холболтуудыг хийнэ. Хэвтээ замуудын тухайд заавал Улаанбаатар хотыг дайран өнгөрөхгүйгээр зорчих боломжийг бий болгох шинэ холболт хийнэ. Харин төвийн цагаригийн тухайд аялал жуулчлалын бүс нутгийн холболтууд байх юм. Мөн төмөр замуудын холболтыг ч хийнэ. Эдгээр нь аялал жуулчлал, аж үйлдвэрийн бүс нутаг, орон нутгийн экпортолж болох, эцсийн өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх юм.


-Аж үйлдвэрийн сэргэлтийн тухайд ямар шийдэл дэвшүүлж байгаа вэ? 
-Энэ тухайд уламжлалт буюу хөдөө аж ахуй, мөн нүүрс дагасан үйлдвэрүүдээс гадна соёлын бүтээлч үйлдвэрлэл гэж маш чухал салбар бий. Энэ салбарт нэг жилийн хугацаанд ямар хэмжээний өөрчлөлт бий болгов. Аялал жуулчлал болон соёлын бүтээлч үйлдвэрлэл салшгүй холбоотой. Эдгээр салбарыг хувийн сектор, гаднын шууд хөрөнгө оруулалтад тулгуурлаж, хөгжүүлэх нь зүйтэй. Харин төрөөс юу хийж өгөх ёстой вэ гэвэл, эрх зүйн зохицуулалтыг нь бүрдүүлэхээс гадна дэд бүтцийг нь л бий болгож өгөх ёстой.  
Манай улсын эдийн засгийн одоогийн сэргэлт хэврэг шүү. Бид боомтын сэргэлтээ сайн хийсэн, түүхий нүүрсээ богино хугацаанд сайн экспортолсон. Нүүрстэй холбоотой далд байсан асуудлыг ил болгосон. Нууц гэрээг зогсоож биржийн систем рүү шилжүүллээ. Одоогоор нүүрснийхээ дөнгөж 15 хувийг биржээр дамжуулан борлуулж байхад л  ийм үр дүн гарч байна. Бид зөв зүйлийг эхлүүлсэн. Үүнийг цаашид хатуу бодлогоор үргэлжлүүлэх ёстой. Гэхдээ харамсалтай нь нүүрсээ түүхийгээр нь зарж байгаа. Ямартаа ч цаашид арван жилийн хугацаанд нүүрсээ хурдтай экспортлох л хэрэгтэй. Түүнээс цааш нүүрсээ дотооддоо боловсруулж байж гаргах ёстой. Бидний экспортолж буй бараа бүтээгдэхүүний 92 хувийг уул уурхайн түүхий бүтээгдэхүүн эзэлдэг. Тэгвэл аж үйлдвэрийн сэргэлт гэдэг маань үүний эсрэг 92 хувь дээр нь өртөг шингэсэн, эцсийн бүтээгдэхүүн гаргахыг хэлж байгаа юм. Үүний тулд бид Шинэ сэргэлтийн бодлогоо батлуулсны дараа тус бодлогыг хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө УИХ-аар батлуулсан. Тухай төлөвлөгөөн дээр Аж үйлдвэрийн сэргэлт гэсэн том хэсэг бий. Тэр хэсэгт салбарын тэргүүлэх чиглэлийн үйлдвэрүүдийн эрэлт хэрэгцээг тусгасан байгаа. Стратегийн түвшинд төр өөрөө хариуцах, одоо байгаа болон цаашид байгуулах ёстой үйлдвэрүүдийг дурдсан. “Эрдэнэт” үйлдвэрийн тухайд нэг сонирхолтой тоо хэлье. Энэ үйлдвэр 2023 онд Монгол Улсын төсөвт хоёр их наяд төгрөгийг тушаасан. Тэгвэл “Оюутолгой” 760 тэрбум төгрөг улсад нийлүүлсэн. Монголчуудыг 50 жил тэжээсэн “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь төр хариуцсанаар ямар үр дүн гарч байгааг эндээс харж болохоор байгаа юм. 


-Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан таван сэргэлтээс хот, хөдөөгийн сэргэлтийн асуудал олон нийтийн анхаарлыг нэлээд татаж байгаа? 
-Орон нутагт амьдрахад юу шаардлагатай байгааг судалсан судалгаа бий. Хүмүүс хамгийн түрүүнд эрүүл мэнд, боловсролын  чанар, хүртээмжийн асуудлыг хөндсөн байна. Тиймээс төрийн албан хаагчдыг орон нутагт тогтвор суурьшилтай ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал болж байгаа юм. Үүний тулд хөнгөлөлттэй орон сууцны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх мөн цалин урамшууллыг нэмэгдүүлэх зэрэг эхний алхмыг хийж, үр дүнд хүрээд байгаа юм. Бид түүхэндээ анх удаа төсвөөс давсан орлогод тодотгол хийж үзлээ. Энэ боломжоо ашиглаж төрийн албан хаагчдынхаа цалинг 35-45 хувиар нэмэгдүүлсэн. Ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс албан тушаалаасаа үл хамаарч аймгийн төвд ажилладаг албан хаагч 20, сумын төвийнх 40 хувийн нэмэгдэл авч эхэлнэ. Одоо ер нь төрийн албан хаагчид орон нутагт ажиллах сонирхолтой, эрэлт ихтэй болсон шүү. Орон нутагт цалин урамшууллаас гадна хөрөнгө оруулалтын бодлого барих ёстой. Үүний хүрээнд энэ жил шинээр болон үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 1300 төслийн 60 хувь нь орон нутагт хэрэгжинэ. Мөн орон нутагт хөнгөлөлт, урамшуулал үзүүлэх татварын бодлого ч хэрэгжүүлж байна. 
Бидэнд юу саад болж байна, биднийг юу хязгаарлаж байна вэ гэдгээ олж хараад, дунд хугацааныхаа сэргэлтийг хийж, цаашлаад “Алсын хараа-2050” зорилтод амжилттай хүрэх хэрэгтэй. 

 С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №003/24582/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22