Б.Хэрлэн: Аливаа алдаа эндэгдлээс зөвхөн тогтолцоо л сэргийлж чадна


Удирдлагын академийн доктор, дэд профессор Б.Хэрлэнтэй ярилцлаа.

 

-"Өнөөгийн монголчуудын үнэт зүйлс", "Төрийн албаны үнэт зүйлсийн өөрчлөлт" зэрэг таны судалгааны ажил байдаг. Төрийн албаны үнэт зүйлсийн өөрчлөлт гэж юуг хэлж байна вэ?

-Үүнийг төрийн албанд зүтгэж байгаа хэн боловч ажил хэргээ явуулахдаа баримтлах зарчим, итгэл үнэмшил гэж ойлгож болно. Ерөнхий утгаар нь төрийн албаны үнэт зүйлсийг дотор нь ардчиллын, ёс зүйн, мэргэшсэн байдлын, хүний төлөөх гэж дөрөв багцалж авч үздэг. Тухайн цаг үеийнхээ хэрэгцээ шаардлагаас үүдэн эдгээрийн эрэмбэ, ач холбогдол нь өөр болдог. Монголын их эзэнт гүрний үед ард олноо “Хөл хөсөр, гар газар” байлгаж амар амгалан амьдруулахыг эрхэмлэн зорьж, хаад түшмэд нь ард олон нийтээр “Нар мэт үл ялгаж, нуур мэт үл голж” хичээн харьцах тухай захиас сургаал түүхэн материалуудад их таардаг. Энгийнээр хэлбэл, олон түмнийхээ төлөө, хэнийг ч болов үл ялгаварлан адил тэгш харьцах сэтгэлийг гол болгож ирсэн Монголын төрт ёсны эртний уламжлал бий. Харин 1990 оноос хойш 30 гаруй жил дэлхий нийтээр өрнөсөн ардчиллын гурав дахь давлагааны нөлөөгөөр ардчилал, хүний эрх, эрх чөлөө, нийгмийн эрх тэгш байдлыг дээдлэх зарчмуудыг төрийн албанд хэрэгжүүлэхээр өөрчлөлт хийж байна. Төр төвтэй төрийн албаны тогтолцоог иргэн төвтэй төрийн тогтолцоо руу шилжүүлж, ард түмний засаглах эрхийг хангах зорилготой. Энэ бол яахын аргагүй төрийн албаны үнэт зүйлс төдийгүй төрийн албан хаагчийн хандлага, арга ажиллагаа, менежментийг хувьсган өөрчлөх үйл явдал юм.

-Таны өгүүлэн буй ардчиллын гурав дахь давлагааны хаялга Монголд хэрхэн орж ирэв, ард түмний засаглах эрх хэрхэн хангагдаж байна вэ?

-1990 оны хувьсгал бол ардчиллын гурав дахь давлагааны Монгол дахь тусгал. Улс төр, эдийн засаг, нийгмийн хүрээний суурь шинжтэй шилжилтүүдтэй зэрэгцэн төрийн албанд дэлхийн чиг хандлагыг дагасан өөрчлөлтүүд хийж эхэлсэн. Төрийн албыг улс төрөөс хараат бус байлгах замаар иргэд болон төрийн албан хаагчдыг улс төрийн нөлөөнөөс хамгаалах, намын харьяаллаар ялгаварлалгүй адил тэгш хандах зарчмын санааг Төрийн албаны тухай хуульд хуульчлан заалаа. Иргэдийн оролцоог хангах зорилгоор 2008 онд Сайн засаглал хөтөлбөрийг баталлаа. 2012-2016 онд иргэдийн шууд оролцооны үзэл санааг хэрэгжүүлэх 1111 төв, Иргэний танхим, Орон нутгийн хөгжлийн санд хуваарилсан мөнгийг иргэдийн шууд саналд  үндэслэн зарцуулдаг болов. Харин сүүлийн хэдэн жилд төрийн албыг иргэн төвтэй болгоход цахимжилт чухал нөлөө үзүүлж байна. Цахим Монгол зорилтын үр дүнд “ХУР, ДАН” системүүдийг мэдэхгүй, е-mongolia, e-barimt, e-gazar гэдэг апп утсандаа суулгаагүй хүн бараг байхгүй. Хэн нэг танил талаа хайж гүйлгүй, явдал чирэгдэлгүйгээр, дэмий баахан бичиг цаас гэхгүй төрийн олон үйлчилгээг түргэн шуурхай авдаг боллоо. Онцгойлон тэмдэглэмээр өөрчлөлт бол хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн бодитой, идэвхтэй, шууд оролцоог хангахад чиглэсэн Зөвлөлдөх санал асуулга, ялангуяа Цахим парламент, D-parliament төслүүд юм. D-parliament системээр өнгөрсөн оны аравдугаар сард НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг таван хувь болгох саналыг 104791 хүн дэмжсэн дүн гарсныг санаж байгаа байх. Ард түмэнд хууль санаачлах бололцоо, боломж хуулиараа олгогдоод байгааг  ухааруулсан том алхам болсон.  Ард түмний засаглах эрхийг хангахад чиглэсэн эдгээр өөрчлөлт төрийн албаны үнэт зүйлсийн хувьслыг авчирч байна. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль батлагдлаа. Ардчиллын үнэт зүйлсийн зэрэгцээ ёс зүйн үнэт зүйлсэд онцгой анхаарал хандуулах шаардлага тулгамдсаныг илтгэж байна.  Мэдээж энэ бүх өөрчлөлтийн үр дүн төрийн албаны тогтолцооны гол элементүүдийн зохицуулалт, тэдгээрийн хоорондын нийцэл, хамгийн гол нь менежментээс ихээхэн хамаарна.

-Иргэдэд төрийн дунд шатны албан хаагчдын талаар таагүй ойлголт их байдаг. Хүн чанаргүй, мөнгөтэй талд шийдвэр гаргадаг гэх мэт?

-Төрийн албан хаагчдыг сургадаг байгууллагад 26 дахь жилдээ багшилж байгаа хүний хувьд би дийлэнх төрийн албан хаагч хариуцсан ажил албандаа эзэн болоод сэтгэлээ зориулж яваа гэж боддог. Харин цөөн хэдэн хүнээс  болж нэр нь сэвтээд байна уу даа. Үүнийг саяхны “Хөгжлийн банкны хэрэг”, “Нүүрсний хэлэлцүүлэг” зэргээс Монгол даяараа харлаа. Зарим нэг төрийн албан хаагч нэр холбогдоод байгаа төрийн албаны нэр хүндэд халгаатай алдаа зөрчилд төрийн удирдлага, менежментийн үүднээс нухацтай хандах хэрэгтэй.

-Сүүлийн 30 жилийн алдаа онооноос үүдэлтэй төрийн нэр хүнд унаж иргэдийн итгэл алдарсан.  Төрд итгэх иргэдийн итгэлийг яаж сэргээмээр юм бэ?

-Энд гурван гол асуудлыг хөндмөөр байна. Нэгдүгээрт, Шатлан захирах соёлтой, захирах захирагдах зарчимтай, босоо тогтолцоотой төрийн албан хаагчид дээд удирдлагынхаа бодлого, шийдвэр, хууль дүрмийг яг таг гүйцэтгэж ажилладаг. Угаасаа төрийн байгууллагын үйл ажиллагааны онцлог нь энэ. Бидний хийсэн судалгаагаар манайд шатлан захирах, хууль дүрмээр удирдах соёл, авторитар удирдлага илүү хүчтэй байгаа дүн гарсан. Учир шалтгааныг нь хувь албан хаагчаас хайхын зэрэгцээ төрийн албаны тогтолцоотой холбон авч  үзэх хэрэгтэй байгаа юм. Хоёрдугаарт,  Төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтцийг оновчтой болгох хэрэг байгаа нь хэд хэдэн судалгаанаас харагддаг. Гуравдугаарт, Төрийн албан хаагчид сэтгэлгүй боллоо гэж ярьж байгаа нь төрд итгэх итгэл ерөнхийдөө суларч байгаагийн шинж. Үүнээс уламжлаад төрд итгэх итгэл гурван гол зүйл дээр тогтдог гэдгийг өгүүлэхэд гэмгүй мэт. Нэгдүгээрт,  Төр, засгийн чадамж, тухайлбал, эрүүл мэнд, боловсрол, нийтийн тээвэр, нийгмийн халамж гэх мэт төрийн үйлчилгээгээрээ иргэдийнхээ аж амьдарлыг ая таатай аваад явах чадвар. Хоёрдугаарт, Шударга байдалд итгэх итгэл. Төрийн албан хаагчдын хууль бус үйлдэл, зөрчилд ямар арга хэмжээ авч байгааг иргэд харж байгаа. Саяхны “Хөгжлийн банк”, “Ногоон автобус”, “Нүүрсний хэрэг”-т буруутай нь тогтоогдвол хэн байхаас нь үл хамааран хуулийн дагуу хатуу шийтгэл ногдуулж чадах нь уу, үгүй юү гэдгийг иргэд  харж байна. Дээр нь шударга хуваарилалтын талаарх иргэдийн итгэл. Баялгаасаа олсон орлогоо бүх монголчуудын сайн сайхан амьдралд зарцуулж байна уу, үгүй юү гэдгийг харж дүгнэж суугаа. Гуравдугаарт, Төр засгийн аливаа шийдвэр хэсэг бүлэг хүний эрх ашгийн төлөө бус гагцхүү улс орон, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө гэсэн сэтгэлээс гарч байгаа гэдэгт итгэх итгэл. Жишээлбэл, жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа улсын төсвийн хэмжээ ард түмний амьдрал ахуйд наалдаж байна уу, үгүй юү. Улсын төсөв (нэрлэсэн үнээр) 1995 онд 149 тэрбум төгрөг байсан бол 19 жилийн дараа 2024 онд 22.4 их наяд болж 150 дахин өсжээ. Энэ хэрээр эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, дэд бүтэц, нийгмийн хамгаалал сайжрав уу, бид бүхний аж амьдрал дээшлэн дэвжив үү гэж харж байгаа юм. Магадгүй, зарим бага насны хүүхэдтэй ээж аавууд манай хүүхдийн сургууль гурван ээлжээр хичээллэдэг, нэг ширээнд гурвуулаа суухаа больсон, хүүхдийн цэцэрлэгийн  сугалаанд хожвол бөөн аз гэдэг байсан үе түүх болсон гэх байх. Өөр нэг хэсэг нь бүх нийтээрээ үр шимийг нь хүртэх цахилгаан станц, төмөр зам, үндэсний үйлдвэрлэл гэх мэт томоохон төсөл, хөтөлбөрүүдээ шийдээд явж чадав уу гэж асуух болов уу. Хүн болгон өөрийнхөөрөө дүгнэж байгаа байх. Тэгэхээр төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэхийг зорьж байгаа бол менежментийн хувьд төрийн албан хаагчийн чадвар, ёс зүйн асуудлыг ярихаас гадна дээрх асуудлыг нь орхигдуулалгүй, заавал хамтад нь авч үзэх хэрэгтэй юм.

-Нийгмийн сэтгэл зүй тогтвор­гүй болчихлоо. Энэ нь улс төрийн намуудад маш том олз болоод байна гэж ярих болж.  Хаосаас гарсан уу бид?

-Нийгмийн сэтгэл зүй тогтворгүй болоход өнөө цагийн хөгжил, хувьсал их нөлөө үзүүлж байна. Хуучнаараа ажиллаж амьдрах аргагүй, тодорхойгүй, хувьсамтгай, эргэлзээтэй цаг үе ирлээ гэж  XXI зууны судлаачид, улстөрчид тэмдэглэдэг. Дэлхий нийтийн хөгжлийн энэ чиг хандлагаас гадна бидэнд өөрийн гэсэн асуудлууд байна. 1990 онд социализмаас ардчилалд шилжсэн. Улс төр, эдийн засагтай харьцуулбал нийгмийн сэтгэлгээний шилжилт өөрчлөлт өнөөг хүртэл үргэлжилсээр байна уу гэж боддог. Хуучин тогтолцооны сэтгэлгээ инерцээ өнөөг хүртэл хадгалсаар, ардчиллын үнэт зүйл, үзэл баримтлал бидний сэтгэлгээнд хөдөлбөргүйгээр хэлбэржиж хэвшиж амжаагүй. Олон ургальч үзэл, ил тод байдал, ардчилал, хүний эрхийн ойлголт нь цэгцрээгүй, ардчилсан нийгмийн харилцааны хэм хэмжээ нь бүрэн хэлбэржээгүй байна. Нийгмийн оюун санааны хаос байсаар байна. Энэ нь улс төрийн намуудын ухуулга сурталчилгааг цензургүй болгох том хөрс суурь болж байна. Улс төрийн өрсөлдөгчөө намнахын тулд хиймэл оюун ухааныг ашиглаж хэлээгүй, хийгээгүй зүйлийг хийсэн мэт болгож, эрээ цээрээгээ алдах нь монгол хүний төрөө дээдлэх, ирээдүйдээ итгэх сэтгэлийг үгүй хийж байгаа нь харамсмаар. Өнөөдөр бараг хүн бүр ухаалаг утастай. Хормын төдийд сайн муу маш их мэдээллийг ямар ч шүүлтүүргүйгээр хүлээн авч эсвэл бусдад түгээж нийгмийн сэтгэлзүйг савлуулж байгаа нь үнэн. Хамгийн их сэтгэл хөдөлгөсөн тэр зүйлийг үнэн мэтээр хүлээж авч, удалгүй дараагийн сенсацыг бас үнэмшээд л. Уг нь монгол хүн юм худалдан авахдаа яс чанарыг нь гараараа имэрч шүдээрээ зулгаах нь холгүй шалгадагсан. Үүнтэй адил мэдээ мэдээлэлд шүүлтүүртэй хандаж байна бид. Ер нь бол нийгмийн сэтгэл зүй нь бидний сэтгэл санаа, оюун санааны эрүүл мэндэд маш их нөлөөтэй, ялангуяа  улс орны хөгжлийн гол түлхэц болох нийгмийн капиталыг бэхжүүлж эсвэл сарниулах асар их нөлөөтэй зүйл гэдгийг санаж хувь хүн хийгээд төр засаг энэ тухай асуудалд хянамгай хандах хэрэгтэй цаг үе ирсэн гэдгийг хэлэх хэрэгтэй.

-Бид жижиг орны иргэд учраас гэх яриа ялангуяа гадаад харилцаанд их гардаг л даа. Монгол Улс жижигхэн юм уу эсвэл Монголын улстөрчид жижигхэн юм уу гэх бодол төрөх нь бий?

-Асуудлын хүрээ, харах өнцгөөс хамаараад энэ асуултын хариу өөр өөр байх.  Хүн төрөлхтний түүхийг сөхөхөд дэлхийн хамгийн том эзэнт гүрнийг хоёронтоо байгуулж,  гандаж бас мандаж явсан түүх Монголынх. Хөгжлийн социалист замналыг сонгосон хоёр дахь улс Монгол. Ардчиллыг хулганы хамраас цус гаргалгүй тайван замаар хийсэн түүх бас Монголынх. Ийм түүхтэй улс үндэстэн яаж жижиг байх вэ. Газар нутгийн хэмжээ, нэг хүнд ногдох газар нутаг, нэг хүнд ногдох байгалийн баялаг гээд харьцуулбал яаж биднийг жижиг гэх юм бэ. Магадгүй хүн амын тоо, эдийн засгийн чадавх ялангуяа дэлхийн эдийн засагт эзлэх хувь хэмжээгээрээ жижиг буурай гэх байх. Тэр тусмаа олон улс үндэстэн дамнасан том корпорацуудтай хэлэлцээрийн ширээнд суухад жижигхэн дээ цөөхөн дөө бид гэж бодогдох л байх. Гэвч монголчуудын хэлдгээр эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг гэгчээр байдаг болов уу. Гэхдээ оюун ухааны чадамжаараа дэлхийд эхний 7-9 т жагсдаг ухаалаг, урлаг спортын амжилтаараа дэлхийн тавцанд бусдын дайтай яваа ард түмэнтэй, хоёр том зах зээлд хамгийн ойр байрлалтай ийм улсыг яаж жижиг гэж хэлэх юм бэ. Гагцхүү эв эеийг хичээгээд явахад харин ч цомхон хүчээр хөгжих боломжтой улс орон гэж боддог.

-Нийгмээрээ хүчтэй удир­дагчийн эрэлд гарсан шиг санагдана. Гэтэл өнөөгийн бидэнд хүчтэй чанга удирдагч хэрэгтэй юу?

-Монголын нийгэмд зангарагтай удирдагчийг хүсэмжлэх сэтгэлгээ өнөөдөр ч хүчтэй байгааг социализмын авторитар дэглэмээс улбаатай гэж үзэх хүмүүс бий. Нөгөө талаар 1990 оноос хойш өрнөсөн тогтолцооны шилжилтийн улмаас амьдрал бүхэлдээ амаргүй болж ирлээ. Дээр нь шударга бус явдал гаараад ирэхээр хүчтэй удирдагч бүхнийг шийдээд өгөх юм шиг санаж байгаа юм. Яг л айл гэрт асуудал үүсэхэд аав ээжийнхээ амыг хардаг шигээ чанга удирдагчийг хүсэж байна. Азийн барометр судалгаанд ийм үр дүнгүүд гарсан байдаг. Гэхдээ зөв, зангарагтай гэсэн удирдагч олон түмний төлөө, ард түмний өмнөөс гэж попроод л хамаг эрх мэдлийг гартаа төвлөрүүлээд, дур зоргоороо улсын эрх ашгийн төлөө бус хувийн цаашлаад хэсэг цөөнхийн төлөө ажиллаад эхэлбэл яах вэ. Ийм асуудал хаана ч гардаг. Бид өнгөрсөн гучин жилийн туршид нэг намыг нөгөөгөөр, нэг хүнийг өөр нэгнээр сольсоор ирлээ. Тэгэхээр хүчтэй удирдагчийг зөв, гагцхүү улс орны эрх ашгийн төлөө ажиллуулах тогтолцоо хамгийн чухал байна. Учир нь элдэв алдаа эндэгдлээс зөвхөн тогтолцоо л сэргийлж чадна. Голын ус голдирлоо дагаж урсдаг шиг хүний амьдрал тогтолцооныхоо дагуу явдаг. Тэгэхээр удирдагч хүчтэй, зангаргатай байна уу, үгүй юү гэхээсээ илүүтэй тогтолцоо ямар байна вэ, хийгүй, хийдэлгүй болгох арга зам юу байна гэдэг дээр бид ажиллах хэрэгтэй байна.

-Өнөөгийн парламентын засаглал яг оновчтой засаглал мөн үү?

-Парламентын засаглалын хөгжлийн түвшин тухайн улс орны ардчиллын түвшинг илэрхийл­дэг гэж боддог. Сонгууль нь иргэ­дийн сонгох, сонгогдох эрхээ эдлэх нөхцөлийг хэр хэмжээнд бүрдүүлэв, хууль тогтоох болон парламентын бүрэн эрхийн хүрээнд гарах шийдвэрүүдэд иргэд санаа бодлоо тусгах боломжоор хэр хэмжээнд хангаг­дав гэдэг нь улс орон бүрийн хувьд адилгүй. Манайд энэ талаар давуу нь ч бий, дутуу нь ч бий. Олон нийтийн өргөдөл гомдлын D-парламент, Цахим парламент системүүд хууль тогтоох үйл явцад тус нэмэр болж байна. Үүний дээр хоёр танхимтай парламенттай болчихвол мэргэшсэн улс төрчдийн боловсруулсан хуулийн төслийг ард түмний төлөөлөл болсон гишүүд шүүж тунгаана. Яг онь холбоход онох нь баараггүй байдаг шиг хийгүй хууль гарна даа.

Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №001/24580/ 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22