“Орфей” театрын найруулагч М.Батболд гурван жилийн дараа Драмын театртаа ирлээ. Монголын алтан үеийн, гарамгай жүжигчдийн нэг Ардын жүжигчин Г.Мягмарнарангийн хүү болох түүнийг 2019 онд сургуулиа төгсөөд ирэхэд ах нар нь тийм ч найрсгаар хүлээн аваагүй. Тиймээс тэр шийдвэр гарган шинэ театр байгуулж, баргийн аавын хүүгийн зүрхэлж барьдаггүй зохиолыг тайзны бүтээл болгохоор зориг шулуудсан юм. Үр дүнд нь алдартай аавын нэрээр бус эзэмшсэн мэргэжил, найруулсан бүтээлээрээ нэрлүүлж өдгөө өөрийн гэсэн үзэгчдийн хүрээллийг бий болгожээ. М.БАТБОЛДТОЙ уулзаж, энэ цагийн бодлоос нь хуваалцахаар зорин очлоо.
Аавыгаа л баярлуулах гэсэн юм
-Улсын драмын эрдмийн театрт эргэж орсноос чинь хойш бид анх удаа ярилцах гэж байна. Өөрийнхөө байгуулсан театрт нэлээд хэдэн бүтээл дээр ажиллаж найруулагчаар хүлээн зөвшөөрөгдсөн таныг ууган театртаа эргэн ороход үнэндээ гайхаж байлаа. Та хувьдаа юу гэж тунгаав?
-Аавыгаа л баярлуулах гэсэн юм. Драмын театр бол миний аавын 50 жил ажилласан, гэр бүлтэй адилхан халуун дотно мэдрэмж төрүүлдэг газар минь. Аав маань намайг Драмын театрт ажиллуулахыг хүсдэг байсан. Тиймээс ийм шийдвэр гаргаж, миний ажилд орох тушаал 2023 оны нэгдүгээр сарын 1-нд гарсан. Гэхдээ үүнээс өмнө хэд хэдэн хүнээс Драмын театрт ажиллах санал сонсчихсон байсан юм л даа.
-Ажилд орох санал тавьсан гэж та хэнийг хэлж байна вэ. Тодорхой нэрлэж болох уу?
-Драмын театрын ерөнхий найруулагч, тухайн үеийн театрын уран сайхны удирдаач Н.Ганхуяг болон захирал Д.Цэрэнсамбуу дарга надад театрт ажиллуулах хүсэлт тавьсан. Тэдний хүсэлтийг ч хүлээн авч театртаа эргэж орохоор шийдсэн юм. Эргэж гэж тодотгож байгаагийн шалтгаан нь би 2019 онд сургуулиа төгсөж ирээд Драмын театрт орж нэг жил ажилласан. Гэхдээ тухайн үед хүссэн стилиэрээ, дуртай уран бүтээл дээрээ ажиллахаар өөрийн хүсэлтээр ажлаасаа гарч байлаа.
-2019 оноос хойш Драмын театрт өнөөдрийг хүртэл ажилласан бол нэг өөр хэрэг. Харин театраасаа гарснаар танд Драмын театрыг гаднаас нь харж, дүгнэх цаг хугацаа, орон зай олдсон нь нэг талаараа боломж болжээ, тийм үү?
-Гаднаас нь ч, дотроос нь ч харах боломж олгосон. Хийх юм маш олон байгааг ойлгуулсан гэж бодож байна. Драмын театрын байр байшин, ач холбогдлыг нь бодсон ч улсын онцгой бүс болно. Уран сайхны бодлогын хувьд дэлхийн театрын урлагийн хөгжил, хэмнэлд нэгдэж өрсөлдөх боломж байгаа хэдий ч тэр хэмжээнд хүрч ажиллаж чадахгүй байна. Хүн хэрэгтэй газраа байх ёстой гэж би боддог. Тиймээс өөрчлөлт хийхэд гар бие оролцъё гэж шийдсэн. Наад зах нь театрын уран бүтээлчид ажиллах боломжгүй нөхцөлд ажиллаж байна. Үндэсний хэмжээний хоёр том байгууллага нэг тайзыг хувааж уран бүтээлээ хийж байгаа нь эмгэнэл. Юу гэхээр театрыг өөрийн үндсэн нөхцөлөөрөө ажиллах боломжийг үгүй хийж байна. Удаах асуудал нь автомашины зогсоол. Өнөөдрийн нөхцөлд зогсоол байхгүй бол театрыг хүмүүс зорьж ирэхгүй. Театр наймхан жилийн дараа 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Түүнээс өмнө хийх зүйл асар их байна.
-Та хэсэг хугацаанд бие даан ажилласнаар орчин цагийн үзэгчдийн юу хүсээд байгааг олж мэдсэн. Тэгэхээр театрт ирээд хийх эхний алхам, уран бүтээлийн сонголт бүгд өнгөрсөн хугацааны туршлагатай чинь холбогдох байх?
-Бид үзэгчдээ зөв оношлох ёстой. Би өнгөрсөн хугацаанд нэлээд хэдэн бүтээл дээр ажилласан. Үнэнийг хэлэхэд, тэдгээрийг зорин ирж үздэг хүмүүс Драмын театрт ирэхгүй. Юу гээд байна вэ гэхээр орчин цагийн театрын үзэгчид илүү сэтгэлгээ шаардсан, гоо зүй, агуулгын хувьд мэргэжлийн түвшинд хийсэн бүтээлийг сонгон үздэг болсон. Үзэгчдийн оюуны талхыг бэлтгэж байгаа бид тэднээс өмнө алхаж, хөгжилд хөтлөх ёстой. Тэдний хүсэлд нийцэх бус үзэгчдийг дурлуулах хэмжээний шинэ хэмжигдэхүүнийг театр бүтээх шаардлагатай юм. Энэ шинж чанарынхаа хувьд Драмын театр хоцронгуй байсан. Бид үүнийг өөрчилнө. Гэхдээ өөрчлөлт нэг л өдөр бий болчихгүй, цаг хугацаа шаардлагатай. Өөрчлөлт аажмаар явагдахдаа дотроосоо мутацлагдах ёстой.
Найруулагч гэдэг цаазын тавцан дээр өөрийгөө гаргаж бусдын өмнө дотоод сэтгэлээ уудлан шүүлтэд ордог мэргэжил
-Драмын театр танаас өмнө ч найруулагчтай байсан. Одоо ч байгаа. Тиймээс тэдэнтэй санаа бодол нийлж ажиллах шаардлагатай. Гэтэл та өөрчлөлт, дахин шинэчлэх талаар яриад байдаг?
-Драмын театрт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрдөг хүн олон бий. Тэдний нэг нь манай ерөнхий найруулагч. Нэгэн үед театрын урлагийг босгож ирсэн нь маргахын аргагүй энэ хүний гавьяа. 2000-аад оноос өнөөдрийг хүртэл театрын урлагт хийсэн өөрчлөлтүүд ерөнхий найруулагчтай холбогдоно. Найруулагчийн надад таалагддаг өнцөг нь өөрийгөө өөрчлөх, шинэчлэх, дахин шинэчлэгдэхэд юу шаардлагатайг залуучуудаас сонсдог нь. Бас хамтарч ажиллахад эв зүйтэй байдаг. Гэхдээ найруулагч бүр өөрийн гэсэн чиг шугамтай. Хэн нэгэн нь нөгөө хүнийхээ уран бүтээлд орох нь зарчмын хувьд бүдүүлэг. Түүнээс биш би найруулагч нарыг шүүхгүй. Тэднийг үзэгчид л шүүнэ. Үзэгчид тэдний бүтээлийг тавган дээр гаргаж ирж тавиад хэн нь сайн, хэн нь хулгай хийдэг, хэн нь үзэгчдээс хоцрогдсон сэтгэлгээтэй гэдгийг ялгаад өгдөг. Тэгэхээр найруулагч гэдэг бол цаазын тавцан дээр өөрийгөө гаргаж бусдын өмнө дотоод сэтгэлээ уудлан шүүлтэд ордог мэргэжил шүү дээ. Тиймээс найруулагчид нэг нэгнээ дүгнэж шүүх ёсгүй, шаардлага ч байхгүй. Яагаад гэвэл, тэднийг аяндаа үзэгчид шүүнэ.
-Тэгвэл та хамгийн түрүүнд ямар бүтээл найруулж үзэгчдийн шүүлтэд орохоор шаналж байна?
-Хамгийн түрүүнд үндэсний бүтээл хийх бодолтой байна. 2025 онд Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ой тохионо. Одоо бол Хубилай хааны тухай жүжиг хийх хүсэлд бүрэн автагдчихаад байна. Зохиолчтойгоо судалгаандаа орчихсон явна. Их Монгол Улс байгуулагдсан түүхэнд Монгол Улсын хамгийн оргил хаанчлал Хубилай хааны үед байсан. Ийм хэмжээний, асар өндөр амжилт бүтээлийн оргил дээр байгаа хаан хүний эмзэглэл, зөрчил, мөн энэ цагийн Монголын түшмэл, дэлхийн асуудлыг бодож байх үеийн геополитик бол найруулагчийн хувьд онцгой боломж гэдгийг харсан. Тиймээс Хубилай хааны тухай уран бүтээл хийх нь миний хувь тавилан гэж бодон зориглоод ажилдаа орж байна.
-Хубилай хааны тухай бүтээлээ 2024 онд үзэгчдэд хүргэх үү?
-Энэ ондоо багтааж хийгээд 2025 онд жүжгээ нээхээр төлөвлөж байна.
-Таны нэг онцлог байна. Бэлэн байгаа жүжигчдийн бүрэлдэхүүн дээр оноож ажиллах бус, хэний ч бодоогүй жүжигчнийг гарган ирдэг. Жишээ нь, таныг “Гэм зэм” жүжигт Гавьяат жүжигчин П.Эрдэнэзааныг оруулж ирнэ чинээ санаагүй. Тэгэхээр Драмын театрт ч гэсэн энэ арга барилаараа ажиллах уу?
-Найруулагчийн эрх чөлөө хязгааргүй. Уран бүтээл, зохиолын амбиц найруулагчийн эрх чөлөөг залж өгдөг. Энэ үүднээс гаднаас том том жүжигчин урилгаар авах, театр дотроосоо цоо шинэ жүжигчин гаргаж ирэхийг үгүйсгэхгүй.
-Ингээд харахаар та эрсдэлээс эмээхгүйгээр шийдвэр гаргадаг хүн юм байна?
-Найруулгын шийдэл гэдэг асар нарийн зүйл. Мэргэжлийн бус хүнд эрсдэлтэй. Маш их судалгаанд үндэслэн хийдэг. Тэгэхээр найруулгын шийдэл нь тухайн жүжгийн стиль бас зохиолынх нь хэв маяг. Нэмээд хувь уран бүтээлч буюу Батболд найруулагчийн стиль. Эдгээр нь нийлж байж сая нэг шинэ хэв маягийг үүсгэдэг. Тэр нь хаанаас ч ирсэн дайралтыг даван туулах хэмжээний зорилго, чиглэлээр жигүүрлэгдсэн хүчтэй байх ёстой. Түүгээр найруулагчийн эр зориг хадгалагдана. Үүгээрээ уран бүтээлчдэд ч цочроо өгнө. Ингэж байж найруулагч хүн өөрийн шийдлийг баталдаг. Гэхдээ найруулгын шийдлийг бодох амаргүй. Харин бүх зүйлийг даван туулсны дараах мэдрэмж амттай байдаг. Би л гэхэд ийм хэмжээний боловсролыг олж авахын тулд зургаа, долоон жил хөдөлмөрлөсөн байна.
-Драмын театрын ажлаа дөнгөж эхлүүлж байгаа болохоор ухаж асуугаад олигтой үр дүнд хүрэхгүй нь. Тиймээс “Орфей” театрын шинэ оны бүтээлийг асуухаар шийдлээ. Нууцлаад байгаа зохиолоо задалж болох уу?
-Агуу Станиславский олон театр байгуулсан байдаг. Олон театр байгуулах тусам уран бүтээлчид хөгжинө. Үүнийг сэргэн мандалт гэдэг. Энэ үүднээс найруулагч хэдэн ч театр байгуулж болно. Хэдэн ч театрт давхар ажиллаж болно. Энэ бол тухайн найруулагчийн эрх чөлөө. Энэ үүднээсээ би “Орфей” театраа урлаг судлаач, продюсер Т.Ариунчимэгтэй хамтарч байгуулсан. Олон сайхан залуус театрт маань ажилладаг. Бид 2024 оны эхний бүтээлээрээ Жорж Орвеллын “1984” романыг барьж аваад байна. Шинэ бүтээлээ ирэх дөрөвдүгээр сард үзэгчдийн хүртээл болгоно. Цаг үеэ олсон энэ романыг одоо л тайзны бүтээл болгох ёстой. Бид хувь хүний үзэл санааны эрх чөлөө гэдэг ойлголтоо алдаж болохгүй. Эрх чөлөө гэдэг үзэл санаа. Үзэл санаа нь эрх чөлөө. Үзэл санааны эрх чөлөө гэдэг ойлголтыг тунхагласан роман бол “1984” юм. Энэ бол орчин үеийн сонгодог роман, дэлхийн бэстселлер бүтээл.
Ийм айдас, боломжгүй нөхцөлд ажиллах нь өөрөө кайф, адреналин
-Үүгээр уран бүтээлийн асуултаа өндөрлөөд өөр зүгт чиглүүлчих үү. Мягмарнарангийн хүү, найруулагч Батболд гэж дуудуулах нь нэг талаараа танд цензур тогтоогоод байх шиг. Хувь уран бүтээлчээс илүү танд наалдах шалгуур шиг болчихжээ?
-Ер нь л хүмүүс намайг Мягмарнарангийн хүү гэдэг. Өөрийн гэсэн нэргүй юм шиг л. Харин одооноос л Батболд найруулагч гэж дуудаж эхэлж байна. Мягмарнарангийн хүү гэдэг нэрийг даваад найруулагч Батболд гэж дуудуулахын тулд жирийн нэг найруулагчийн хөдөлмөрлөхөөс хоёр дахин илүү хөдөлмөрлөх ёстой. Тэгэхээр одооноос л хөдөлмөрийн үр дүн бага сага харагдаж байна. Цаашдаа аавыг хүмүүс “Батболд найруулагчийн аав” гэж дуудуулахыг сонсмоор байна шүү дээ /инээв/. Ер нь том уран бүтээлчийн хүү байна гэдэг өөрөө ял. Тусдаа орон зайгаа бий болгох асар хэцүү. Нэлээд хөдөлмөрлөж байж багахан өөрчлөлт мэдрэгдэнэ.
-Ардын жүжигчин Г.Мягмарнаран таны уран бүтээлд хэр оролцдог вэ?
-Аав бол тэр чигээрээ туршлага шүү дээ. Санал солилцох үе байна. Аав маань орчин үеийн театрын урлагийн талаар их сонирхоно. Залуучууд юу сонирхож байгааг мэдэх гэж эрэл хайгуул хийдэг. Миний хувьд 70, 80-аад оны сонгодог бүтээл, уламжлагдаж ирсэн чиг хандлага, голч ухааныг ааваасаа авдаг. Дандаа ярихгүй ч хааяахан жинтэйхэн үг хэлчихдэг хүн дээ.
-Та найруулагчийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд олон төслийн ард гарлаа. Муза атгалаа. Ингээд бодохоор зарим талаарааа дутуу дулимаг байгаа ч салбартаа үзэлцээд ялаад гараад ирсэн мэдрэмжийг танаас л асуух байх. Өнгөрсөн хугацааны туршлагадаа суурилан ном бичих бодол байдаг уу?
-Би ном бичнэ. Бүр өөрийнхөө тухай кино ч хийе гэж боддог. Гэхдээ цаг нь болоогүй байна. Одоо би ид хийж бүтээх насан дээрээ байна шүү дээ. Энэ үед ямар мэдрэмж төрдөг гээч. Эрсдэлд донтдог юм байна. Өөрт тухтай, тааламжтай бүсээсээ гарч эрсдэлээс эрсдэл рүү тэмүүлж байгаа нь хүнийг хөгжүүлдэг. Яг үнэндээ намайг анх сургуулиа төгсөөд ирэхэд театрын урлаг хаалгаа тайлж өгөөгүй. “Фауст” жүжгийг надаар хийлгээгүй. Намайг хүлээн зөвшөөрөөгүй нь тэр хаалгыг өшиглөж орж ирэх боломжийг олгосон. Намайг хурцалсан. Хэрвээ тэр үед надад “бэлэн хоол” өгсөн бол өнөөдрийнх шиг Батболдыг хүмүүс харахгүй байсан биз. Би хэн ч биш болох байсан. Черчилль “Шувуу хүчтэй салхины урдаас нисэж байгаа үедээ өндрөө авдаг” гэж хэлсэн байдаг. Тэгэхээр хүн эрсдэлтэй, боломжгүй нөхцөлд орвол өндрөө авдаг юм байна. Одоо илүү том эрсдэл рүү орох гэж байна.
-Айхгүй байна уу?
-Яалаа гэж, донтчихсон юм чинь... Ийм айдас, боломжгүй нөхцөлд ажиллах нь өөрөө кайф, адреналин байхгүй юу. Энэ нь надад амьд оршиж байгааг минь мэдрүүлдэг.
-Найруулагчийн хэмнэл нэг төслөөс нөгөө төслийн хооронд үргэлжилж байна. Харин хувийн амьдрал, боловсролдоо анхаарах боломжийг өөртөө гаргаж өгөх цагаа төлөвлөсөн үү?
-Би эхнэр, хоёр хүүхэдтэй. Эхнэр маань намайг ар гэрийн бүх ажлаас чөлөөлсөн. Тийм учраас энэ хугацаанд бүх зүйлээ уран бүтээлдээ зориулж байна.
-Ярилцлагаа энд хүрээд амттай дээр нь өндөрлөе. Таныг зорилгынхоо захад хүрэхээр дахин уулзъя, цаг гаргасанд баярлалаа.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №003/24582/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна