Балетын шинэ дүр


Бүх цаг үеийн, магадгүй хамгийн гунигтай хайрын түүхийг өгүүлсэн Францын хөгжмийн зохиолч  А.Аданы “Жизель” балетын үзэгчдэд хүрсэн он тоолол XIX зууны дунд үед хамаарна. Цаасан дээр тэмдэглэн үлдэхдээ Францын эзэн хааны хөгжмийн академийн театрт 1841 онд энэхүү гунигт хайрын түүхийг олонд хүргэсэн гэсэн байдаг. Тэгэхдээ Виктор Хюгогийн “Фантомууд” найраглалыг уншсан Францын урлаг судлаач эрхмийн сэтгэл машид хөдөлсөн нь “Жизель” балетын цомнолыг бичихэд цучил болсон гэх. Энэ магадгүй хүн бүхний мэдэх эхлэл байх. Дэлхийн сонгодог бүтээлийг тэр цагаас хойш олон орны балетмейстерүүд өөрийн тайзнаа амилуулсан нь үзэгчдийн хүртээл болжээ. 


Хоёр бүлэгт балетыг Монголын Дуурь, бүжгийн эрдмийн театрт тавьсан үе нь 1979 он. Тэр цагаас “Жизель” бүжгийн жүжигчдийн хүсэл мөрөөдөл, бас шалгуур болсоор өнөөдрийг хүрчээ. Балетын утга санаа, мэдрэмжийг бүжгийн уян налархай, яг л салхи мэт хөнгөн хийгээд жүжигчилсэн байдлаар хүргэх хялбар бус. Гэхдээ энэ давааг давж, шалгуурт тэнцэхийн тулд балетын жүжигчид чамгүй зүйлтэй тулгардаг. “Жизель” балетыг Монголд 2022 онд шинэчлэн тавьсан. Шинэчилсэн тавилтыг Дуурь, бүжгийн эрдмийн театрын ерөнхий балетмейстер Д.Дашлхагва хийсэн юм. Чамгүй хэл ам дагуулсан “Жизель”-ийн шинэчилсэн хувилбарыг Дуурь, бүжгийн эрдмийн театр шинэ оны эхэнд үзэгчдэдээ хүргэж байна. Тэгэхдээ энэ удаад хоёр өөр өнгө аястай Жизелийг харах нь. 
Дуурийн театрт “Жизель”-ийг олон удаа тавьсан. Бүгд л өөрийн гэсэн онцлогтой. Харин үзэгчид хэний найруулгаар, уран бүтээлчдийн ямар бүрэлдэхүүнтэйгээр бэлтгэн хүргэхээр зэхэж буйг тодруулдаг. Яагаад гэвэл  найруулагчийн арга барил, балетчины уран чадвар болгон харилцан адилгүй, өөрийн өгөгдөлтэй. Шинэ оны эхэнд буюу нэгдүгээр сарын 27-ны өдөр тоглох  “Жизель” балетын Жизелийн дүрд Монгол Улсын Гавьяат жүжигчин О.Анужин, Альбертын дүрд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан А.Эрдэнэболд гоцолно. Удаах өдрийнх нь тоглолтын Жизельд Дуурийн театрын балетын жүжигчин Г.Нямцэрэн, Х.Галтулга нар тайзнаас үзэгчидтэйгээ мэндлэх юм. Тэднээс энэ дугаарт Гантулгын Нямцэрэнг онцлон хүргэж байна.     


Цав цагаахан, яг л далавчаа дэвэх хун шиг үзэгдэх балетын жүжигчид охидын нүдэнд сахиусан тэнгэр шиг харагддаг. Тиймээс “Том болоод яг л тэдэн шиг болно” чинээ санадаг болов уу. Тэдгээр охидын зарим нь мөрөөдөлдөө хөтлөгдөн бүжгээр хичээллэнэ. Харин заримынх нь бодол шохоорхол төдийхнөөр замхардаг. Энэ цагийн Жизельд бэлтгэгдэн буй Г.Нямцэрэн багадаа  их хөдөлгөөнтэй хүүхэд байжээ. Тиймээс аав, ээж нь түүнийг балетаар хичээллүүлэхээр шийдэж таван настай охиноо бүжгийн студид хөтлөн оруулсан гэдэг. Багын хөдөлгөөнтэй, дэгж дэрвэх охиноо ирээдүйд балетын жүжигчин болно чинээ тухайн үед санаагүй биз. Айлын ганц охин учраас эвлэг зөөлөн, эвсэл хөдөлгөөнтэй болгохыг хүссэн байх. Энэ нь ч талаар болсонгүй. Охинд урлагийн орчин таалагдсан уу, балетаар тууштай хичээллэжээ. Монгол Улсын Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэгийн бүжгийн сургалтад долоон настайгаасаа хамрагдаж балетыг илүү мэргэжлийн түвшинд суралцах боломж бүрджээ. Дуурийн театрын нэгэн эд эс нь байсан багшийгаа харахаас гадна өдөр бүр уйгагүй дасгал сургуулилалтаа хийх театрынхаа балетын жүжигчдийг хараад Г.Нямцэрэнгийн зорилго улам тодорсон гэлтэй. Дурдан буй үед тэр Х.Гэрэлчимэг багшийнхаа удирдлагад балетаар хичээллээд гурван жил өнгөрсөн байв. Энэ л үед түүнд томоохон боломж олдсон нь мэргэжлийн балетын жүжигчин болох үндэс болжээ. ОХУ-ын Пермь хотын балетын сургуульд суралцах хүүхдүүдийг сонгон шалгаруулж байгааг сонссон Г.Нямцэрэн шалгалт өгөөд үзэхээр шийдэж. Дүн танилцуулахад түүний нэр тэнцсэн 12 хүүхдийн дунд байв. 


Арав гаруйхан настай алгын чинээхэн охин гэрээсээ холдож үзээгүй. Гэсэн ч их зориг гарган балетын жүжигчин болохоор ОХУ-ыг зорив. Тухайн үед Пермь хотын балетын сургуульд сурах хүүхдүүдийг Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Алтантуяа хариуцан явжээ. Орос хэл мэдэхгүй хүүхдүүдэд багш нь олон талаар нөмөр нөөлөг болно. Гэхдээ л дөнгөж гадаад хэл судалж байгаа болохоор хичээлээ ойлгоход бишгүй л хүндрэл бэрхшээл тулгардаг байв. “Орос хүүхдүүд цаанаасаа л балетад зориулагдсан юм шиг төрөлхийн өгөгдөлтэй. Харин бид тэднээс биеийн галбираараа ялгарна. Бас орос охид их шартай. Сургуулийн нэрэмжит тэмцээнд оролцоход тэднээс сурах зүйл их байсан” хэмээн Г.Нямцэрэн ярив. “Багшийн эрдэм шавьд” гэдэг. Хэдийгээр багш нь хатуу чанга байсан ч түүнээс сурсан зүйл олон. Хүний үг даахаас эхлээд хэр баргийн зүйлд бууж өгөхгүй тэсэж үлдэх сэтгэлийн хатыг тэдэнд суулгасан бололтой. Аав, ээждээ хөтлүүлээд бүжгийн стидиэр алхан орж байсан тавхан настай охины мөрөөдөл 13 жилийн дараа түүнийг Дуурийн театрын зүг хөтөлжээ. 


Г.Нямцэрэн төгсөх курстээ өвдгөндөө гэмтэл авчээ. Сургуулиа төгсөж Монголд ирээд удаагүй хагалгаанд орсон нь түүний хувьд бас нэгэн эхлэл болсон байх. Дуурийн театрт ажиллаж, бас удаан хугацаанд хол байсан гэрийнхэнтэйгээ цагийг өнгөрүүлэх боломж гарчээ. Хэдийгээр өвдөгнийх нь гэмтэл бүрэн илааршаагүй ч балетын нийтийн хэсэгт гарч бага багаар формдоо орсон байна. Балет бол залуу насны урлаг. Тоглолтоос тоглолтын хооронд хөвөрсөөр цаг хугацаа улирна. Тиймээс цаг хугацаатай уралдаж насны залууд уралдаан тэмцээнд орж, ур чадвараа сориод үзэхэд гэмгүй. Г.Нямцэрэн анх 2019 онд Буриад улсын Улан-Үд хотод болсон Орос, Япон, Еразийн балетын анхдугаар тэмцээнд амжилттай оролцож гуравдугаар байрт шалгарч байв. 2022 онд БНСУ-д зохион байгуулсан KIBC тэмцээнээс хүрэл медаль хүртсэнээс гадна Москвагийн олон улсын тэмцээнд оролцжээ. Түүнээс хойш хэд хэдэн тэмцээн уралдаанд оролцоод амжжээ. Энэ талаар Г.Нямцэрэн “Тэмцээн уралдаанд оролцохоор хүн аливаа зүйлийг арай өөр өнцгөөс харж эхэлдэг. Өөртөө дүгнэлт хийж гоцлооч болох зорилго тавьсан” талаараа ярьсан юм. 
Түүний анхны гоцолсон балет Л.Минкусын "Дон Кихот". Одоо тэр А.Аданы “Жизель”-ийн гол дүрийг бүтээхээр тайзнаа гарах гэж байна. Г.Нямцэрэн Жизелийн дүрийг 2023 оны зургадугаар сард анх бүтээж байв. Тухайн үед балетын хөдөлгөөн бүрийг анхаарч нямбайлан гүйцэтгэжээ. Харин энэ удаа бүжгээс илүү жүжиглэлтэд анхаарч байгаагаа хэлсэн. Тэр жүжгийн утга санааг хүмүүст ойлгуулах нь чухлыг өнгөрсөн хугацаанд ухаж мэджээ. Г.Нямцэрэн хүссэн Жизелиэ амьдруулахын тулд амралтын өдрөөрөө ч тоглолтдоо бэлтгэж байна. Өмнө нь тайзнаа гарсан Жизелиүдийн онцлогийг судалж өөрийн гэсэн дүрийг гаргахаар ажиллаж байна. Түүнээс бүтээхээр шамдан буй дүрийнх нь тухай тодруулахад  “Балетуудаас П.Чайковскийн “Хунт нуур”, А.Аданы “Жизель” балетын дүр хамгийн хүндэд тооцогдоно. Ялангуяа “Жизель” жүжиглэлт талаасаа хүнд. 2023 оны зургадугаар сард би анх “Жизель”-д гарч байсан. Тэр үед дөнгөж хөдөлгөөнүүдээ сураад тайзан дээр гарсан. Энэ удаа илүү жүжиглэлт талаас нь харж үзэгчдэд хүргэхийг хичээж байгаа”-гаа дурдаж байлаа. 


Зууны манлай, Ардын жүжигчин Ю.Оюун гуайгаас эхлэлтэй дэлхийн сонгодог бүтээл Жизелийн дүрийг амьдруулахаар бас нэгэн шинэ дүр тодорч байна. П.Чайковскийн “Хунт нуур” “Щелкунчик”, Л.Минкусын “Дон Кихот”, “Пахита”, А.Хачатуряны “Спартак” болон Ж.Чулууны “Уран хас”, Э.Чойдогийн “Чойжид дагина”, А.Батдэлгэрийн “Тэнгэрийн ташуур” зэрэг дэлхийн сонгодог болон үндэсний балетын жүжгүүдэд гол болон туслах дүрүүдийг бүтээсэн Г.Нямцэрэнтэй танилцаад түүний ертөнцөөр багахан хугацаанд аяллаа. Удахгүй тэр шинэ “аялал”-д гарна. ОХУ-ын Пермь хотод болох Оросын алдарт балетчин Екатерина Сергеевна Максимовагийн нэрэмжит олон улсын балетын "Арабеск” тэмцээнд оролцохоор хойд хөршийг зорих гэж байна.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №003/24582/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 2 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 2 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 2 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 2 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 2 цагийн өмнө
SDY Calling you... 2 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 2 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 3 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 3 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 3 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22