Монголын үндэсний урлагийн их театр туулай жилийн уран бүтээлээ отголж “Ардын дуу мину” нэртэй кино концерт дэглэн, найруулснаа Тусгаар тогтнолын ордонд нээлтээ хийн үзэгч олны хүртээл болголоо. Кино концертод үндэстэн, ястан угсаатны түүх домогтой холбоотой ардын дуунуудыг Үндэсний урлагийн их театрын урын сангаас сорчлон оруулжээ. “Ардын дуу мину” кино концерт хоёр ангитай бөгөөд эхний ангийг нь урин дулаан зуны дэлгэр цагт дүрсжүүлж авсан бол хоёр дахь анги нь өвлийн улиралд авснаараа онцлог ажээ. Арга хэмжээг Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Батмэнд хөтлөн явуулж, Үндэсний урлагийн театрын ерөнхий удирдаач, уран сайхны удирдагч Урлагийн гавьяат зүтгэлтэн Намхайн Буянбадрах нээж үг хэллээ. Тэрбээр тус арга хэмжээнд хүрэлцэн ирсэн урлаг соёлын алдартнууд, театрын ахмад уран бүтээлчид, урлаг судлаачдад хандан мэнд дэвшүүлээд “Манай театрын хамт олон 70 гаруй жилийнхээ түүхэнд үндэсний дуу бүжгийн тоглолтоороо дэлхийн 60 гаруй орноор айлчлан тоглосон төдийгүй олон улсын уралдаан тэмцээн, наадамд тогтмол оролцож Монгол орноо сурталчлан, таниулах үйлсэд үнэтэй хувь нэмрийг оруулсан юм” гэдгийг тодотгон өгүүлээд, тус кино концертын талаар “Үндэсний урлагийн их театрын үе, үеийн уран бүтээлчид, найруулагч, уран сайхны удирдаач, хөгжмийн зохиолч, хормейструудын хүчээр урын сангаа баяжуулдаг. Мөн уран бүтээлчид өөрсдийн эрэл хайгуул, хичээл зүтгэлээр урын сангаа ямагт баяжуулсаар ирсэн. Бидний өнөөдөр та бүхэнд толилуулах кино концерт маань театрын урын сан болоод уран бүтээлчдийн хувийн урын санд байх бүтээлүүдээс бүтсэн байх болно” гэж өгүүлэв. Өчигдөргүй өнөөдөр гэж байдаггүй. Ахмад уран бүтээлчдийн өвлүүлж үлдээсэн арвин их урын сан, өв соёл Үндэсний урлагийн их театрыг их болгожээ. Тийм ч учраас тэд театрын дуун ангийн хамт олноо Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын нэрэмжит болгосон биз ээ. Нээлтийн арга хэмжээнд театрын ахмад, дунд, залуу гурван үеийн төлөөлөл хүрэлцэн ирсэн нь нэг талаараа гурван үеийн уулзалт боллоо гэж хэлэхэд буруудахгүй. Монгол түмний уламжлалт Сар шинийн баярыг угтаж үндэсний дуун их сан хөмрөгөөс дээжлэн өргөх “Ардын дуу мину” ардын дууны тоглолтыг мөн өргөн барих юм. Үндэсний урлагийн их театрын дуучдын бүтээл “Ардын дуу мину I, II” кино концертод дуулсан үндэстэн угсаатны дуунуудаас энэ тоглолтод эгшиглэх юм байна.
50 жилийн цаанаас дуурсах аялгуу
Мартагдах шахсан ардын дуунуудыг сэргээн дуулж оруулснаараа онцлогтой тус кино концертыг Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Ширмэнтуяа санаачлан зохион байгуулж театрын дуун ангийн хамт олны хичээл зүтгэлээр бүтжээ. Ерөнхий продюссер Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Ширмэнтуяа кино концерт хэрхэн бүтсэн талаар “Дэлхий нийтээр цар тахлын хөл хорионд орсон хүнд бэрх цаг мөчүүдийг бид туулж гарсан. Хүн бүр гэрийн хорионд орж ажил, сургуульдаа явж чадахгүй байлаа. Тэр үед л тэртээ тавиад жилийн өмнө Ардын дуу бүжгийн чуулгын уран бүтээлчдийн оролцсон бүтээл болох “Манай аялгуу” нэртэй кино концертыг МҮОНТ-ийн алтан фондоос бид үзэж, ийм сайхан уран бүтээл хийх ёстой юм байна гэдэг сэдэл түүнээс төрсөн. “Ардын дуу мину”кино концертын нэгдүгээр ангийг хийчихээд орхиж болохгүй уламжилж хийх ёстой гэж бодсоны үндсэн дээр гурван жилийн дараа “Ардын дуу мину” кино концертынхоо хоёрдугаар ангийг хийхээр болж өвлийн хүйтнийг үл ажран дуусгалаа” хэмээн догдлон өгүүлж байв. Нээлтийн арга хэмжээнд ирсэн ахмад үеийн төлөөлөл болсон Монгол Улсын Гавьяат жүжигчин Ц.Өлзий-Орших “Манай залуу үе санал санаачилгатай, мэдрэмжтэй ухаалаг ажиллаж байна. Үндэсний дуу уран бүтээлээр ийм кино концерт хийх ажил тасраад байсан гэхэд болно. Дээр үед бид ардын дуугаар сэдэвчилсэн кино концерт хүртэл хийдэг байлаа. Сүүлийн үеийн залуус нийгмээ дагаад түргэн сэтгэдэг, юмыг их амархан тогтоодог сайхан авьяаслаг уран бүтээлчид болсонд нь сэтгэл хангалуун, баярлаж явдаг даа. Залуу дуучид өөрийн нутгийн чигийн ястан, угсаатны дуунуудыг маш сайхан дуулсан байна. Ардын, уртын дуунууд, домог болсон гайхалтай уран бүтээлүүдийг хүний сэтгэлд хүртэл амилуулж чадаж байгаад нь талархалтай байна. Ялангуяа Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Ширмэнтуяа “Манарч байгаа шил”-ийг дуулж байна. Сонсоод нулимс гарч байна. Тэр үеийн амьдрал ахуй, нутаг орон, хүмүүсийн хүмүүжил нүдэнд харагдах шиг боллоо” хэмээн нулимс цийлэгнүүлэн хүүрнэж байв.
Нийгмийн захиалгаар бүтээв
Үнэхээр даяаршиж байгаа нийгэмд, цахим хэрэглээний өндөр хэрэглээтэй болсон өнөө үед урлаг соёлоор дамжих өв уламжлалыг залууст, тэр дундаа хүүхэд багачуулд үзэх хэлбэрийн контентоор түгээн дэлгэрүүлэх, сурч судлах нөхцөл боломжийг нь гаргаж өгч байгаа юм. Үндэсний урлагийн их театрын хамт олон ч ийм бодлого барьж байгаа гэдэг нь урлаг судлаач А.Цэдэн-Ишийн ярианаас анзаарагдаж байлаа. Олон ястны хэл ярианы онцлог өөр байдал, түүгээр ч үл барам хувцас хэрэглэл амьдрал ахуйг “Ардын дуу мину” кино концертдоо шигтгэж өгсөн гэнэ. Кино концертод “Талын таван толгой” , “Сэр сэр салхи” зэрэг нийтээр мэдэх ардын дуунуудаас эхлээд өөлд ардын “Цагаан бичээчийн Гэндэн”, цахар түмний “Халбан халбан хийсдэг нь” гэх мэт хүн бүрийн мэдээд байдаггүй дуунууд ч олноор орсон байна. Шинэ юм гэж удаан мартагдсан хуучин зүйлийг хэлнэ гэдэг дээ. Үндэсний урлагийн их театр бол Монгол Улсад ирсэн жуулчдын төдийгүй гадаадад олон жил болсон монголчуудын орох дуртай, үзэх сонирхолтой газруудын нэг. Тэдний бүтээсэн шинэ кино концерт үзэгчдийн ч сонирхлыг татах нь дамжиггүй.
Угсаатан, ястнуудын хэл яриа, онцлогийг түүх, антропологи талаас нь эрдэмтэн мэргэдийн үгийг сонсож бүр цааш нь судлан өргөжүүлж дараагийнхаа уран бүтээлд илүү гүн гүнзгий үзүүлэх санаатай байгаа гэдгээ театрын уран бүтээлчид өгүүлж байна.
Үндэсний урлагийн их театр 70 гаруй жилийн түүхээ бичээд байгаа манай улсын урлагийн томоохон байгууллагуудын нэг. Тус театр байгуулагдсан цагаасаа хойш байгууллагынхаа нэршлийг “Эстрад концертын товчоо”, Ардын дуу, танц, үндэсний хөгжмийн ансамбль”, “Ардын дуу, танцны Улсын ансамбль”, “Ардын дуу бүжгийн улсын чуулга”, “Улсын ардын дуу бүжгийн чуулга” хэмээн хэд хэдэн удаа өөрчилж ирсэн түүхтэй. 1950 оны арванхоёрдугаар сарын нэгнийг тус чуулга байгуулагдсан түүхэн он гэж тооцвол энэ жил 74 дэх уран бүтээлийнхээ жилийг эхлүүлж байгаа ажээ. 2016 онд Монгол Улсын Засгийн газрын 129 дүгээр тогтоолоор Үндэсний урлагийн их театр гэж нэрлэсэн байдаг. Ийнхүү олон удаа нэршил нь өөрчлөгдөн ирснийг театрын бүтэц, бүрэлдэхүүн, уран бүтээлийн өсөлт хөгжил, үйлчилгээнй цар хүрээ, үйл ажиллагааны онцлог, урын сангийн баяжилт, олон улсын нэр хүндийн өсөлттэй холбож үзэх ёстой юм байна. Театраас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Норовбанзад, Д.Лувсаншарав, Л.Цогзолмаа, Монгол Улсын төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Э.Чойдог, Г.Цэрэндорж, Б.Индрээ, Монгол Улсын Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл, Д.Самбуу, Ч.Батсайхан, А.Нэргүй, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Баатаржав С.Сүхбаатар, А.Цэдэн-Иш, Соѐлын гавьяат зүтгэлтэн Ц.Дагважамц, Д.Нарангэрэл, Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Сүндэд, Д.Хоролсүрэн, Л.Чулуунчимэг, Д.Түвшинжаргал, Ц.Өлзий-Орших, Ж.Мэнд-Амар, Ц.Алтангэрэл, Г.Зоригт, С.Жавзмаа, М.Бадам, Батмөнх, Л.Идэрбат, С.Эрдэнэцэцэг, Н.Амгалан, Б.Сийлэгмаа нарын алдар цуутнууд авьяас билгээрээ тодорсон бөгөөд Монголын ард түмний хайр талархлыг хүлээсэн олон арван авьяастан төрөн гарсан билээ.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №004/24583/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна